Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Хууль хяналтын байгууллагад шалгаж шийдвэрлэсэн хэчнээн хэрэг байгаа, хэдэн хүн холбогдон шалгуулсан, хэргийн шийдвэрлэлт шүүхээс оноож байгаа ял болон олны анхааралд байгаа зарим хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбаттай ярилцлаа.
-Тантай уулзсаных олны анхаарал татсан зарим хэргийн талаар ч лавлалгүй өнгөрч боломгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэргийн талаар асууж болох уу.Энэ хүнийг буруутгахын тулд хуулийн байгууллага мөрдөн байцаалтаа хавтгайруулан, ах дүүсийг нь хүртэл холбогдуулж байна гэх яриа байгаа шүү дээ.
-Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь "Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг "нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг.
Ингээд "Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан "MGL SB”, "MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.
Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж.
Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.
-НПГ-ын хяналтын прокурор Г.Бясманг зарим хэвлэлд өгсөн ярилцлагатай нь холбоотойгоор өмгөөлөгч О.Чулуунчимэг сөрөг зүйл ярьсан нь үндэслэлгүй гэсэн үг үү?
-Өмгөөлөгч О.Чулуунчимэг үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүйн хэрэг. Хяналтын прокурор Г.Бясмангийн ярилцлагатай холбоотойгоор тэрээр Улсын Ерөнхий прокурорын газарт мөн гомдол гаргасан. Гомдлын дагуу хянаж үзэхэд "хууль бусаар явагдсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерийн ажлын санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг нарыг сэжигтнээр тооцсон тухай” хяналтын прокурор ярилцлага өгсөн байсан. Шалгагдаж буй асуудлын талаар би дээр хэлсэн. Тэгэхээр хяналтын прокурорын хэлсэн зүйл бодит үнэнээс холдоогүй, хууль журам зөрчөөгүй мэдээлэл байсан.
-Прокурорын байгууллага хянаж шийдвэрлэсэн хар тамхи,мансууруулах бодистой холбоотой хэчнээн хэрэгт, хэдэн хүн шалгуулж байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэгт харьяаллын дагуу нийслэлийн Прокурорын газар хяналт тавьдаг. Тус Прокурорын газраас хийсэн судалгаанаас үзэхэд 2014-2016 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой 216 гэмт хэрэгт нийт 501 хүн холбогдон шалгуулсан байна. 2014 онд 61 хэрэгт 153 хүн холбогдсон бол 2015 онд 79 хэрэгт 169 хүн, 2016 онд 93 хэрэгт 196 хүнийг шалгаад байна. Эдгээрээс харахад хэрэг, холбогдогчдын тоо нэмэгдэж, залуус холбогдож байна.
Холбогдсон 501 хүний 223 буюу 44.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 429 буюу 85.6 хувь нь 19-35 насны залуус байна. Гэмт хэрэгт холбогдогчдыг насаар авч үзвэл 19-35 насны залуус зонхилж байгаа нь санаа зовоож байгаа юм. 1980-1988 онд төрсөн, гэр бүл, эхнэр хүүхэдтэй, тогтсон сайхан амьдралтай, 28-36 насны таван залуу ид хийж бүтээх насан дээрээ шүүхээс 11-13 жил хорих ял шийтгүүлэх жишээтэй. Харамсалтай нь, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг бүлэглэн үйлдэх, тэр дундаа энэ талын мэдлэг, мэдээлэлгүй хүүхэд, залуус холбогдож байгаад анхаарах хэрэгтэй боллоо.
-Холбогдсон хүмүүсийн олонх нь "мөс” хэрэглээд байна уу?
-Манай улсад мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн ажилтнууд Монголд ургадаг олсны төрлийн каннабисын тархцыг судалж, ургадаг газрыг нь хяналтдаа авчихаад байгаа боловч тухайн газраас уг ургамлыг түүж байгаад баригдах тохиолдол цөөнгүй гарч байна.
Нийслэлийн хэмжээнд 2014 онд эрүүгийн хэрэгт 13841 гр каннабис, 140.74 гр "мөс”, 15.5 гр гашиш, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт 137 ширхэг эм, 2015 онд 9808.21 гр каннабис, 344.164 "мөс”, 24.51 гр гашиш, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт 2331 ширхэг эм, 2016 оны эхний 10 сарын байдлаар 1319.16 грамм каннабис, 894.05 гр "мөс”, 51.48 гр гашиш, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт 2812 ширхэг эм эд мөрийн баримтаар хураагдсан. Үүнээс үзэхэд ихэнх хувийг каннабисын төрлийн ургамал, амфетамины сэргээгч бодис болох ICE буюу "мөс”, геройн, гашиш зэрэг бодис эзэлж байгаа. Сэтгэцэд илүү их нөлөөлдөг, хор хөнөөл ихтэй бодис, ургамлын хэмжээ нэмэгджээ.
-Шүүгч нар энэ төрлийн хэргийн талаар нэг мөр ойлголтгүй, үл ялих шалтаг гаргаад буцаагаад байдаг. Ер нь энэ төрлийн хэргийн шийдвэрлэлт ямар байна вэ?
-2014 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой 37 хэргийн 63 шүүгдэгчид ял ногдуулснаас 34 шүүгдэгч хорих ял, 29 шүүгдэгч баривчлах ялаар шийтгүүлсэн. 2015 онд 11 хүнд баривчлах, 23 хүнд хорих ял оноож, найман шүүгдэгчийн хэргийг Өршөөлийн хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон байна. Харин 2016 оны эхний 10 сарын байдлаар 92 шүүгдэгч ял шийтгүүлжээ.
Ялын төрөл, хэмжээг судалж үзвэл 68 шүүгдэгч хорих ял, 21 хүн баривчлах ял, гурав нь торгох ял сонссон байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эм, бэлдмэл, бодисын хэмжээг хэрхэн, яаж тодорхойлох нь ойлгомжгүй, хар тамхи, мансууруулах бодисын үнэлгээ хийдэг албан ёсны аргачлалтай байгууллага манай улсад алга.
Мөн эмийн найрлагыг бүрэн тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй, лабораторийн багаж нь өндөр темпертатурт халааж чадахгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах сөрөг үр дагавар үүсдэг.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна вэ?
-Мансууруулах бодистой холбоотой нөхцөл байдал хүндэрч буй энэ үед урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай.
Цагдаагийн байгууллагаас гадна шүүх, прокурор, шүүхийн шинжилгээ, хил, гааль, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол гээд маш олон салбарын нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа маш чухал. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, гадаадын сайн туршлага, аргыг судлах, суралцах, техник технологийг нь практикт нэвтрүүлэх, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний төвтэй болох, төрийн бус байгууллага, олон нийтийг оролцуулах, сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах зэрэг нэгдсэн бодлого хэрэгтэй байна.
Мансууруулах бодис хэрэглэгч, донтогчдыг эмчлэх, тэдэнд туслах, эмчилгээний арга зүй практик тогтоогүй, стандарт байхгүй, мэргэшсэн эмч ажилтан, эмчилгээний төв манайд байдаггүй. Хилийн боомт дээр хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх техник тоног төхөөрөмж хангалтгүй, хяналт шалгалт сул, мэргэшсэн ажилтан хүрэлцээгүй. Мансууруулах бодисын хор нөлөө, үр дагаврын талаар олон нийтийн дунд мэдээлэл дутмаг байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн дорвитой арга хэмжээ авч, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай.
Г.Цолмон
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин