Иймэрхүү айлгалт сонин хэвлэл болон мэдээллийн суваг бүхнээр цацагдаж
олон түмнийг цочроогоод 20 гаруй хонолоо. Сүүлдээ хүмүүс дөжирч байх
шиг. Залхсан ч юм уу, мэдэхгүй. Сар шинийн өмнөхөн өнгөрсөн сарын
27-ноос мэдээлэл бүхний эхэнд шүлхий гэсэн сэрэмжлүүлэг гарч байгаа.
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ суманд малын гоц халдварт
гэсэн нэршилд багтдаг шүлхий өвчин гарсан нь нэгдүгээр үнэн. Удалгүй тус
аймгийн Дарьганга сум, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн
Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх сумын малд уг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
илэрлээ гэдэг нь хоёр дахь үнэн. Гурав дахь үнэн нь Дорноговийн Сайншанд
суманд нөгөө өвчин ирчихэж. Энэ нь шүлхий өвчний дэгдэлт их хурдацтай
байна гэсэн үг л дээ. Шүлхий гарлаа гэснээс хоёр хоногийн дараахь
мэдээнд Сүхбаатар аймгийн сумдад 15 айлын 130 гаруй малыг устгалд
орууллаа.
Долоон аймгийн нийт малд тандалт үзлэг хийж байна. Харин
өөр аймаг сумын нутаг дэвсгэрт өвчний халдвар гарвал вакцин хүрэлцэхгүй
гэсэн яриа ч гарсан. Түүнээс арав хоногийн дараа Сүхбаатар аймагт 181
өрхийн 162586 малыг үзлэг тандалтад хамруулахад 434 мал өвчилжээ.
Эдгээрээс 381-ийг устгалаа гэж мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд Хэнтий аймгийн
Галшар суманд өвчний голомт үүсч тэнд олон арван хүн, машин техник
ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 өрхийн 32 үхэр өвчилсний 24-ийг
устгаж наймыг тусгаарлалаа гэж. Иймэрхүү мэдээлэл өдөр бүр хөвөрсөөр.
Саяхны нэг мэдээг сөхвөл гурван аймгийн есөн сумын 324 өрхийн 655 мянга
гаруй малыг үзлэгт хамруулж 831 толгой мал өвчилснөөс 657-г нь устгалаа
гээд улсын нөөцөд байсан 1.3 сая тун вакцинийг хувиарлаад дууслаа гэсэн
байв.
Энэ мэдээ вакцин дууссан. Шүлхий өвчин улам дэгдээд байна
гэсэн дохио аж. Ер нь шүлхий өвчин гарсан, түүнтэй хийх тэмцэл вакцинтай
холбоотойг мал аж ахуйн талын хүмүүс хэлж банйа. Гайхалтай нь тэдний үг
яриа дэндүү зөрүүтэй байх юм. Монголын мал эмнэлгийн холбооны
ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох ярихдаа:
-2010 оноос эхлээд баруун
долоон аймгийг шүлхийгүй бүс болгоно гэж лоозогноод малыг толгой
дараалан вакцинжууллаа гэсэн. Гэтэл өнгөрсөн оны зургаа, долдугаар сард
Баян-Өлгийд шүлхий дэгдчихсэн. Тэгвэл 10, 11 дүгээр сард халдварын
голомттой зүүн гурван аймгийн малыг вакцинжуулав л гэсэн. Гэтэл одоо
тэнд шүлхий гарч хүрээ нь тэлээд байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл авч
нөөцөлсөн вакцин идэвхгүй гэдэг нь нотлогдлоо гэж хэлэв.
Сүхбаатар
аймгийн хэмжээний үхрийг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн вакцинжуулсан
мэдээ байдаг юм байна. Гэтэл вакцинжуулснаас хойш гурван сар гаруйхан
болоход шүлхий гарсан. Уг нь вакцинжуулсан малд зургаан сарын хугацаанд
бүрэн дархлаа тогтдог юм байна. Үүнийг Ц.Өлзийтогтох ерөнхийлөгч,
-Нэг бол вакцин биш ус тарьсан. Нөгөө бол вакцинжуулалт хийгээгүйн гай гэжээ.
Үнэндээ
ОХУ-аас оруулж ирж нөөцөлсөн гэх вакцины хүчинтэй байх хугацаа ихээхэн
но-той бололтой. Вакцин үйлдвэрлэснээсээ хойш 12 сарын хугацаанд чанарын
үнэлэмжтэй байдаг дэлхий нийтийн жишиг байдаг юм байна. Тэгвэл уг
вакцины баримт бичигт хугацааг 18 сар болгон зассан байж. Иймээс вакцины
хугацаа аль эрт дууссан болж таарав. Гэтэл Улсын мал эмнэлэг, үржлийн
газрын мэргэжилтэн Д.Батсүх,
-Вакцины хугацаа ирэх сард дуусна.
Бид зааврын дагуу вакцинжуулах ажлыг хийж байгаа гэж байх юм. Тэгэхээр
вакцин хүчинтэй, хүчингүй тухай яриаг хэн нэгэн гурав дахь хүн батлах
уу. Үгүй ээ. Ердөө л вакцинжуулсан гэх мал өвчилсөн үү, үгүй юу гэдэг л
нотолгоо болно. Мал вакцинжуулах ажлыг ном журмынхаа дагуу хийсэн үү
гэдэгт хяналт тавьдаг газар ч алга. Уг нь мал эмнэлэг, үржлийн газар,
Мэргэжлийн хяналтын газар хяналт хийх ёстой гэх. Гэтэл ийм хяналт
шалгалт хийсэн тайлан, ул мөр байхгүйг хөдөөгийнхөн ярьж байна. Шуудхан
хэлэхэд хөдөөд малын эмч, мэргэжилтэн ховордож мал эрүүлжүүлэх ажил нэр
төдий болжээ. Вакцинжуулалт ямар явцтайг таахад бэрх юм. Сүхбаатар
аймгийн онцгой комиссын хурал дээр сүүлийн гурван жилд бүх малаа
вакцинжуулсан гэдэг ч шүлхий өвчин дэгдлээ. Иймээс буруутанг олж
хариуцлага тооцох тухай яриа гарсан байна. Хэн нэг зүтгэлтэй малын эмч
байгаад ч вакцин найдваргүй бол яах ч билээ.
Нөгөө талаар шүлхий
гарсан үед хийж буй тэмцлийн хэлбэр бас буруу. Шүлхий нь олон улсын
хэмжээнд мал амьтны халдварт өвчний "А” ангилалд багтдаг, богино
хугацаанд халдварлан тархдаг аюултай гэдэг нь үнэн ч манайд өвчин гарлаа
гэж хэт сүржигнэдгээс болж шүлхийн тухай мэдээллүүд цуурхал маягтайгаар
олон нийтийг дөжрөөж байна. Хашир хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд
халдварын голомттой газруудад хорио цээрийн чанд дэглэм тогтоогоод л
түүндээ хяналт сайн хийх нь чухал байдаг юм байна. Шүлхийгээр өвчилсөн
мал аяндаа эдгэрдэг тохиолдол бий гэнэ. Шүлхийг эмнэдэг малчдын
уламжлалт арга ч байдаг юм билээ. Дорнодын нэг малчин,
-Шүлхийтэй
малыг хашаанд уяад ятуу шувуу хүйдсээр цохиж алаад шатааж утахад эдгэсэн
гэж ярьжээ. Бас шүлхийтэй малын шүлс хүрсэн үс ноосыг шатааж хярвасаар
утах сайн гэсэн тухай сонслоо. Гэтэл одоо шүлхий туссан малыг захаас нь
буудаж булаад байдаг нь учир утгагүй хэрэг. Зуун үхэр өвчилөхөд арав,
хорийг нь устгаад ямар нэмэр болохов. Үлдсэн нь халдвар тээгч байгаа юм
чинь. Зарим малчин ярьж байна. Халдварт өвчтэй гээд эрдэнэт малаа буудаж
хөнөөнө гэдэг нүгэл хийж байгаа хэрэг гэж. Энэ үнэний хувьтай л даа.
Монгол уламжлал, зан заншилд шөлний хонио төхөөрөхдөө хутгаа нууж
очдогсон биш үү. Тэгвэл амьтан алдаг хүйтэн зэвсгээр малаа хороох нь
малчин хүний сэтгэл зүйд ч эвгүй юм.
Өвчилсөн малыг устгалаа гээд
халдварын голомтыг арилгана гэдэг ч худал. Малын хашаа хороо, бууц,
худаг ус бэлчээр ариутгалгүй хэвээр үлддэгээс өвчин дахин гараад байна.
Улаанбаатар хот болон бусад газруудад захирамж тушаалаар хориг цээр
тогтоож халдвараас сэргийлж байгаа нь зөв л байх. Харин бас л хэт
сүржигнэл харагдаад байгаа. Уг өвчин салаа туурайтан мал, амьтанд
халддаг ч хүнд онц аюулгүй юм. Гэтэл асар их хүн хүч, машин дайчилж
хяналт, шалгалт хийх нэрээр хөрөнгө урсгаж байна. Нөгөө л Улаанбаатарын
утаатай хийдэг хачин тэмцэл л санаанд орж шүлхийн далимаар ашиг хонжоо
хайгчид олширч магадгүй гэсэн хардлага төрөх болов.
Өнгөрсөн жил
шүлхийг дарахын тулд гурван тэрбум төгрөг зарцуулсан гэдэг юм билээ.
Тэгвэл сая Сүхбаатар аймгийн дөрвөн суманд шүлхий гарахад мал эмнэлэг,
үржлийн газраас 900 гаруй сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан
дуулдсан. Дараа нь гурван аймгийн хэд хэдэн суманд халдвар тархснаар
шаардлагатай хөрөнгийн тооцоог мэргэжлийн байгууллагууд хийж буй.
Түүнийгээ удахгүй Засгийн газраар батлуулах юм гэх. Нэгэнт гоц халдварт
өвчин дэгдсэн нь үнэн болохоор тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж таарна.
Гэтэл тэрнийг нь хэрхэн зарцуулах нь бүү мэд юм болдгийг анхаарах нь
чухал юм. Нөгөө утаа нэрээр тавьж туусан өчнөөн тэрбум шиг болох вий.
Хардаад
байгаагийн учир тэр л дээ. Ер нь жилийн жилд элдэв өвчин гарч түүнтэй
тэмцэхэд хүчгүйдэж байгаа нь Монголд мал эмнэлгийн тогтолцоог хувьчлах
нэрээр үгүй хийсний гай гэж хэлж болно. Мал аж ахуйн орон гэдгээрээ
дэлхийд гайхуулдаг атлаа малын эмнэлэггүй шахам байна гэдэг юу гэсэн үг
вэ гэдгийг төр, засгийнхнаас асууя.
Төр, засаг анхаарсан "Эрүүл
мал” хөтөлбөр хүртэл гаргасан гэх биз. Тэгвэл тэр бүхэн хэрэгжүүлэх
эзэнгүй зөвхөн цаасан дээрх хоосон үг өгүүлбэр л болоод байгаа шүү дээ.
Шүлхийн хүрээ улам тэлсээр. Вакцины нөөц дууссан. Одоо яах вэ. Нөгөө
айлгуур болсон мэдээллийн утга ердөө ийм л боллоо.
Д.ЦЭРЭННАДМИД