Булган сумын 90 жилийн ойд зориулав
Залуу халуун насанд хүн их хэнэггүй, тэнэг явах юм. Цаг хугацааны эрхээр
өөрсдөө нас ахиад ирэхээр тэр гуайг байхад ийм юм, энэ гуайг байхад
тийм юм асуугаад авахгүй юм асуугаад авахгүй дээ гэсэн харуусал сэтгэлд
үлдэх юм. Хэрвээ би мэддэг хүмүүсээ л дурсаж бичиж үлдээхгүй бол миний
дараагийн үе мэдэхгүй өнгөрмөөр санагдаад байгаа болохоор дурсамж үлдээе
гэж бодсон юм.
1. Унаа Балдан буюу Б.Балдан
Миний нагац ах Бизъяагийн Балдан 1906 онд төрсөн. Залуу цагтаа гал атгаж
галзуу барын аманд гараа хийж явсан хүн. Номтой, ухаантай, бас их
сэргэлэн юм юмтай хүн байсан сан. Цэргийн заан цолтой. Тамсагийн цэргийн
наадамд 2 удаа үзүүр булаасан. Улсын начин С.Бугандайг үнэн барахгүй юм
байна лээ гэж ярьж байсан.1939 онд цэрэгт татагдаж очоод Түвдэндорж
аваргыг түрүүлдэг наадамд барилдаж нэгийн даваанд улсын арслан хурандаа
Бэх-Очиртой таарч өдөржингөө хүлээсэн гэдэг юм. Нар шарж нилээн ядарч ,
засуул нь хормойгоо дэвсэн сууж байтал нар шингэхийн өмнө цэрэг дамар
малгайтай том биетэй хүн морьтой шуугин ирээд цулбуураа засуулд шидэж
өгөөд хувцасаа тайлахад дотуураа зодог шуудагаа өмссөн байсан.
Шингэх нарны гэрэлд орж зогсохдоо уур нь хүрч энэний цэргийн дарга нь
надад ямар хамаатай юм бэ? Өдөржин хүлээлгээд ямар их зантай нөхөр вэ
гэж бодонгуут ухасхийн хонгонд нь 4 хуруу оронгуут л дайрсан. Их том,
урт хүн сунаад л унасан. Тэгэж нэг даваад хоёрт Хангай Хайрханы
Гарамбазар заантай учраа таарсан. Би хаана нь хүрэхгүй хүн байсан шүү.
Хонгонд нь хоёр хуруу хүрээд л алдсан. Намайг аваад шидсэн гэж ирээд л
ярихад нь арслан хүн хаяад заанд унасан. Тэгсэн хэр нь заан нь их илүү
байсан гэхээр би их гайхдагсан.
1946 онд түр цэрэг тарах болж Тамсагт цэргийн наадам хийхэд манай
Булганы улсын начин С.Бугандай түрүүлж Б.Балдан ах /өндөр ах/ үзүүрлэж,
манай Аниа Г.Пүрэв, сүүлд 1954 оны улсын наадамд дөрөв давж
байсан.М.Дамбаравжаа гуай нар шөвгийн дөрөвт үлдэж Өндөр ах цэргийн заан
Аниа /Г.Пүрэв/, М.Дамбаравжаа гуай нар цэргийн начин цол хүртсэн байдаг
юм.
Өндөр ах шатар сайн тоглоно. Сумын аль сайн шатарчид өндөр ахтай ирж
шатар тоглоод 10 төгрөгөө өгөөд л явдагсан. Би ахыг та Ёндон-Осор гуайг
мэдэх үү? Алдарт шатарчин гэдэг биз дээ гэхэд Ичингийн Ёндон-Осортой би
өгөө аваатай байсан. Бараг илүү хождог байсан. Хол явж тоглосон болохоор
тэгдэг байлгүй. Тэгвэл би ч гэсэн алдарт шатарчин л юм байна гэж
байсансан.
Цагтаа багийн дарга хийж сумын аварга малчнаар олон удаа, аймгийн аварга
үхэрчин, тэмээчнээр тус бүр 1 удаа шалгарч, 1971 оны цагаан сарын
шинийн нэгнийг Монголын радиогоор орон даяр Өндөр ахынхаас нэвтрүүлж
байсан тэр үе, хойч үеийн залуусаас жил бүр холдсоор байна даа.
2. Эвэртийн Жигжид
1910 онд төрсөн Доржийн Жигжид гэж ахмад дайчин байлаа.1939 оны
Халхголын дайнд дотоодыг хамгаалахын цэрэгт салаа захирч , өөрийн
цэргүүдээ Японтой байлдаж байгаад хяналт тавьж явсан дайчин эр. Домогт
М.Экей баатарыг амь тавьж байхад дэргэд нь байсан. Халхголд гуяндаа
бууны шарх авч явсан. 1921 онд ардын хувьсгал, 1932 оны эсэргүү
бослогоос бусад дайн тулаан тулгаралтанд оролцсон амьд гэрч байсан хүн
дээ.
Би хааяа очиж хууч хөөрч нилээн юм хэлүүлж авсан. Түүнийгээ "Онц хилчин
болоогүй Хүндэт хилчин” гэсэн нийтлэл болгож хэвлүүлсэн. Бэлтгэл ахмад
цолтой данагар өвгөн байлаа. Үгийн далиманд та дотоод яамны офицер
байсан хүн. Эсэргүү нарыг барьж байв уу гэхэд Авдархараат заставын дарга
байхад норм өгч хүн барь гэдэг. Гурванзагал, Чойбалсан сумаас нилээн
хүн барьж өгч нүгэл үйлдсэн дээ. Цаг үе тийм байж, барихгүй бол өөрөө
баригдах үе байсан гэж билээ.
Д.Жигжид гуай Энгэршандын 31-р отрядын Авдархараатын заставыг анх байгуулж тохижуулсан хүн билээ.
3. Хүрээ Юндэн
Хүрээ Юндэн гуайг би харж байсан. Жижигхэн биетэй өвгөн байдаг байлаа.
Сүүлд дуулж байхад жинхэнэ зальны хүүдий, амьд домог болсон хүн байсан
юм байна лээ.
1940-өөд оны үед мандуулж явсан байдаг юм. 1945 оны намар үзэмчний Дорж
ноён албатуудаа дагуулан Монголд нүүж ирэхэд Хөгнө сум, Булган сум,
Баянтүмэн суманд хуваан суурьшуулжээ. Өвөрлөгч нар их баян хүмүүс ирсэн
гэдэг юм. Алт мөнгөн чимэг зүүлт, тарган том биетэй мал бүхий олон айл
ирсэн гэдэг. Гэтэл хүрээ Юндэн гуай торгон дээл, торгон өмд, олон
хэрэглэлтэй эмээл бүхий тарган морь унаж танилцан дотносож байгаад
хүрээ орж мал борлуулж өгнө гээд нилээд их малыг нь авч туугаад
Улаанбаатар явжээ. Хотын зүүн тал Баянзүрхийн товчоо хавьд хотруу мал
оруулахгүй хэмээн саатуулжээ. Гэтэл Юндэн гуай саатуулсан хүмүүст Балсан
загнах байхдаа. Уг нь идшийг нь дөхүүлж байгаа царай нь энэ. Манай
Балсан одоо л ирэх байх гэж ирээд ярьсан юм байх. Цаадуул нь Балсан гэж
ямар хүн байдаг юм бэ гэцгээж л дээ. Тэгэхээр нь та нар л Чой нэмээд
Чойбалсан болгоод байдаг юм биш үү? Ах дүү бид нар бол Балсан л гэдэг юм
гэхэд тэр хүмүүс саатуулаад байсан малыг нь туулцаж өгөөд хот оруулж
өгч байсан гэдэг юм.
4. Гүйдэг Мэндээ
Гүйдэг Мэндээ гэж социализмын үед ажил хийдэггүй, явган хэсэж явдаг.
Урьд нь лам байсан өвгөн явж байдаг байлаа. Бид нар хүүхэд байсан
болохоор их айна. Бас л амьд домог байсан хүн. Архинд жаахан дуртай.
Хөдөө явж байгаад айлд ороод орны хөндийд байгаа шилтэй архиа гарга гэх
юм уу, авдранд чинь тэр буланд нь шилтэй архи байна гэж байгаад
гаргуулдаг байсан гэдэг.
Манай том авга Б.Лувсандорж ахынд их ирнэ. Ахаас хамрын тамхи чихерат
өг гэж нэхээд өөрөө хөөрөгтэй тамхиа хулдаасан дээр асгаж байгаад дээр
нь тонгойж байгаад хамраараа сороод татчихдаг сонин хүн байсан.
Сүхбаатар аймагт явж байгаад замын машинд сууж Дорнод явахаар гуйсанд
жолооч нь хүнтэй гээд авахгүй байхад шарлахаад чамаас түрүүлээд гүйгээд
оччихсон байна даа гэж хэлсэн гэдэг. Нөгөө жолооч Дорнодод ирж тээврийн
товчоонд бүртгүүлэхээр ороход сайн явж ирэв үү гээд Мэндээ гуай сууж
байсан гэдэг.
5. Цоохор Дэмидсүрэн
Би амбаа гэж дууддаг. Сумынхан цөмөөрөө Дэмид амбаа гэдэг энэ өвгөн уг
нь Халхголын хүн. Хунт сумынхан дайн тулааны үед Булганы нутагт нүүн
ирэхэд гүний хийдийн цорж лам байсан тэрээр манай суманд ирж манай эмээ
Д.Должинзавтай хамт амьдарч аавд минь хойд эцэг болж амьдралд хөлөө
олоход нь тусласан их буянтай хүн байлаа. Мөн их номтой, мундаг лам
байсан. Хүний хөл тасардаггүй байнга л хөлхөж байсныг би санаж байна.
Энэ хүн надад их сайн. Миний буриад гээд л намайг 5 настай байхад мод
толгой бэлдэж, хүссэнийг минь авч өгдөг байлаа. Би солонготой шилээр
тоглоно гээд л дэлгүүрээс шинэ дуран авахуулж эвдүүлээд дотроос нь 2 шил
гардагийг авдаг дураараа хүүхэд байлаа. Манай сумын нэг үеийхэн энэ
хүнээр ажил амьдралаа даатгуулж явсан нь маргашгүй үнэн билээ.
6. Хазгар Г.Самдан
Манай Дэмид амбаагийн төрсөн ах. Бас л сайн лам байсан. Залуудаа адуучин
хүртэл хийж яваад мориноос унаж гэмтээд хөл муутай болсон. Хоёр суга
таягтай өвгөн саяхан болтол байсан. Их наргианч, залуучуудтай ана мана
үздэг хүн байлаа.
Бие нь өвдсөн хүмүүс ирээд арга засал хийлгэдэг. Арьсан дээр гарсан юмыг
үлээгээд юмуу, долоогоод л эдгээдэг. Хүний цээж рүү нулимаад эрхээрээ
шудрахад хэр барагийн хүн босоод ирдэг өвөрмөц хүн байсан даа. Би
багаасаа л амбага гэдэг манай сумынхан ч цөмөөрөө амбага гэж нэршсэн хүн
байсан. Үхэх гэж байсан олон хүнийг босгосон буянтай нэгэн байжээ.
7. Цэгмэдийн Тарва
Амбаа 1968 онд нас барснаас хойш манай эмээ (жаажаа) 1972-1973 оны үед
Ц.Тарва ахтай амьдарсан. Тарва ах 2-р бригадын хэвлэл түгээгч хийдэг. Үг
дуу цөөнтэй хүн байлаа. Бид нар тэрсхэн 5,6 –н хүүхэд зундаа Хадан
хошууны тасаг дээр очиж тээрэмдэнэ. Хүүхэд тээршаана гэж байхгүй их сайн
хүн байлаа.
Морь сайн уядаг. Гарынх нь шавь Жүгдэрнамжил ах. 1970-1980-аад онд
Тарвын хүрэн, шаргал, ухаа гээд айраг түрүүнд зоолттой адуутай хүн
байсан. Энэ хүнийг адууны угшил нь өнөө ч манайд бий.
Их шооч, хөгжилтэй, хааяа нэг зуу татаад морь яриад сууж байгаа нь одоо ч
нүдэнд харагддаг юм. Хөх Даш гуайг ярихаар ирэхэд л "за Цэнхэр Дашаар
юутай байна” гэдэг байж билээ.
8. Борын Лувсандорж
Манай эмээгийн хамгийн том ах Борын Лувсандорж нь 1930-аад онд Тамбовын
цэргийн сургуулийг Дандар баатартай хамт төгсөж ирээд Ардын армийн 1-р
дивизийн 1-р хорооны 1-р суманг захирч Халхголын дайны үед цэргийн дарга
бэлтгэх ажилд хүчин зүтгэж явсан дайчин эр байлаа. Түүний цэргүүдээс
Улсын баатар, армийн генерал, БХЯ-ны сайд Б.Дорж гуай, хурандаа генерал
Б.Цог гээд дуусашгүй.
Б.Лувсандорж ах ардын армид явсан баривчилгааны үед хилийн цэрэгт
шилжиж, Энгэршандын 31-р отрядыг 1938 онд байгуулагдахад анхны штабын
даргаар ажиллаж эмх цэгцэнд нь оруулж 1945 онд чөлөөлөх дайнд оролцож
явжээ.
Ар гэрийн гачигдлаар эхнэр нь нас барж 2 хүүхэдтэй үлдэж цэргээс
халагдаад Дорнод аймагтаа ирж ажиллаж байгаад 79 насандаа өөд болсон.
Том хүү Л.Жамсран нь аймагт 2 удаа үзүүрлэсэн аймгийн заан. Охин Л.Зина
нь аймгийн театрт дуучин байсан. Сүүлд нь С.Норов гэж налайсан сайхан
бүсгүйтэй сууж 10 гаруй хүүхэдтэй шуугисан өнөр айл байсансан.
Б.Лувсандорж ах нэг удаа манайд орж ирэхэд нь залуучууд үхрийн сээр
цохиод хугалж чадахгүй ядчихсан байхад аваад нар өөд өргөн харснаа
ханцуйгаараа жийрэглэж байгаад ганцхан саваад хуга цохиход сээрний
толгой ханын шийрэнд очиж тогтож байсан. Уг нь их жижиг биетэй, шавилхан
хүн байсан шүү дээ.
9. Борын Өлзий
Миний эмээ (жаажаа)-гийн яг дээд талын ах Б.Лувсандорж ахын төрсөн дүү.
Бас л 1939, 1945 оны дайнд оролцож явсан. 1936 оноос Байшинтын цэргийн
ангийн зэвсгийн дарга байгаад хээрийн сургуульд их сум зарцуулж эсэргүү
бодлого гаргасан гэж хэлмэгдэн таван жилээр шийтгэгдэж 2 жил суугаад
гарч ирсэн. 1945 оны чөлөөлөх дайнд сайн оролцсон гэгдэж 1946 онд "Алтан
гадас” одонгоор шагнагдаж байсан. 3-н Алтангадас, хоёр хөдөлмөрийн
хүндэт медальтай хүн байсан. Их тайван дөлгөөн, уурлаж бухимдах нь бага,
радио их сонсдог хүн байсан.
Та эсэргүү гэж хэлмэгдсэн юм байна шүү дээ. Улсаас хэлмэгдлийн мөнгө өгч
байна. Хөөцөлдөж ав л даа гэхэд "Намайг барьдаг дэд жанжин Лувсандоной
чинь өөрөө эсэргүү байсан юмаа” гээд хөдөлж өгөөгүй хүн дээ.
Ганц хүүтэй. Хүү нь Ө.Ганхуяг гэж Дорноддоо нэртэй эмэгтэйчүүдийн эмч байгаад залуугаараа өөд болсон доо.
Ө.Ганхуяг ахыг жаахан байхад гартаа хөтлөөд явж байхад нь ах чулуу аваад
конторын цонх хагалж орхиход "Хөөе Ганхуяг, хөөе” гэж байгаад
хагалуулчихдаг байсан гээд хүмүүс манай ажааг шоолдогсон.
10. Г.Пүрэв
Миний ээжийн хойд эцэг Ониудай гэж нэршсэн цэргийн начин Г.Пүрэв гэж
өндөр нуруутай, төв газар байсан бол их спортлог маягийн хүн байлаа.
Өмнөговийн Овоотод 5 жил цэргийн алба хаасан ахмад хилчин. Армийн
аваргын кросс гүйлтэнд цэрэг бакаалтай уралдаж рекорд Тавхай,
Агваандугар нарын дараа 3-р байранд орж байсан. 1946 онд Тамсагийн
цэргийн наадамд шөвгийн дөрөвт үлдэж цэргийн начин болж байсан хүн. Бид
нар 7-р ангид байхдаа 60 шахсан Аниатай уралдаад гүйцэлгүй алдаж байсан
удаатай.
Угсаа гарал сайнтай тайж хүн байлаа. Огцом түргэн ууртай ч гэсэн сайхан
сэтгэлтэй, сайн хүн байсан. Гарын дүйтэй. Нэгдлийн мужаан хийж мод
харуулдахад зомголоор нь бид нар тоглодог байсансан.
11. Иш гуай
Их дөлгөөн зантай, өндөр шар өвгөн байлаа. Манай ангийн Батжаргал чухам л
Иш гуай, Долгор гуай хоёрын баастай бурхан нь байсан юм. Хүссэнийг нь
авч өгч, хүрэлцэхээр нь эрхлүүлдэг байсан. Лав л уур уцаараас хол хачин
сайхан хүн байсныг л санаж байна.
12. Ц.Дашдондог ах
Нэгдлийн жолооч байсан Ц.Дашдондог ах манай аавын найз. Аавыг өнгөрсний
дараа би Дондог ахад очиж үнсүүлээд нулимс гардаг байсансан. Аав шиг
минь нөмөр нөөлөгтэй их гоё хүн байлаа. Ил цагаан сэтгэлтэй тэр нь
гаднаасаа мэдэгдсэн хүн байсан.
Жаахан халахаараа Үүл гижигдэн найгасан Арын номин шугуй гэж ирээд л
дуулна. Анжгай Цэгмид, Буяннэмэх хоёрт буруу эрхэлсэн хэрэг хийсэн хүн
гэж ирээд л ярина.
Дондог ах нэг удаа тээвэрт хөдөө явж байгаад замд илбэнх таарч л дээ
зогсож байгаад маневилаа барьж очоод цохиж алсан гэдэг. Хөдөлдөггүй
зогсож байгаад цохиулдаг хачин амьтан шүү гэж ирээд ярьж байсныг нь
санаж байна. Эхнэр нь Сүрэн эгч. Намайг ороод очихоор сүйд болж цай хоол
гэдэг хүн байсан даа. Хүү Д.Ганхуяг нь миний багын найз. Одоо ч намайг
очихоор ирж уулзаж л байдагдаа.
13. О.Лхагваа
Оргийн Лхагваа гуай бол уран сайханч, хуучирчин, жүжигчин, мужаан,
дизельчин хүн. Их наргианч, маш хөгжилтэй. Үеийнхэн дотроо онигооны эзэн
байсан байх. Гарын таван хуруу жүжгийн эмч, Арвайхээрийн талд жүжгийн
халзан Тавхай гээд олон жүжигт тоглосон мундаг хүн байсан. Их том ширүүн
дуутай ч их зөөлөн хүн байж билээ. Өглөөний цайндаа ааруул, хурууд,
өрөм, элсэн чихэр хийж аягаа тавьдаг. Манай З.Хатанбаяр амжиж орох л юм
бол аваад идчихдэг. Түүнд нь огт уцаарладаггүй хүн байсан. Олон
хүүхэдтэй. Хүн амын тоогоор Пүрэв эгчээс "Манай нөгөө гадуур гүйгээд
байдагийг чинь хэн гэдэг билээ” гэж асууж байсан нь миний багын найз
Л.Жаргалсайхан.
14. Шар Дамдин гуай
Миний л мэдэхийн шар Дамдин гуай тракторын жолооч байгаад автомашины
жолооч болсон голдуу даргын машин барьж байсан. Аав маань нэгдлийн
орлогч дарга болохоор хааяа хөдөө Дамдин гуайтай явна. Дамдин гуай сайн
анчин. Өнгийцтэй газар очиж буугаад буудчихаад машиндаа ирж хялганын
толгой зангидаж тэмдэглэсэн дошинд очиж алсан тарвагаа авдаг байсан. Аав
тарваганаас нь шулж, Дамдин гуай Сэдэд гуай нартай хамт боож идээд
ирдэг байлаа. Надтай том хүн шиг ярина. Би нь балчирдаад юм асууж
шалгааж мэддэг ч үгүй байж дээ. Миний мэдэхийн л сум нэгдлийн даргын
машин барьсан хүн байлаа.
15. Ц.Шадавравжаа
Автономийн үеийн Богд хааны цэрэг цавчаа Цэгмид гэж цагаан морьтойгоороо
алдаршсан сэлмийн эрдэмд сайн цэрэг эрийн хүү Шадавравжаа бол унаган
Булганы хүн. Шадавравжаа гуай их сонин түүхтэй. 1939 оны дайны өмнө
цэргээс халагдаад дотоод яаманд тусгай үүрэг гүйцэтгэдэг байсан гэдэг.
Олон удаа хил гарч тусгай даалгавар гүйцэтгэж яваад эмгэг олж түүгээрээ
1968 онд нас барсан. Нутгийнхан бүгд л мэддэг ч огт ярьдаггүй байсан
санагддаг юм. Хөгшин нь Ш.Алтангэрэл гуай. Өндөр гоолиг биетэй, их
цэмцгэр авгай байж билээ.
Ш.Алтангэрэл гуай урт нарийн гаансанд улаан тамхи нарийхан ороогоод татдаг хүн байсан санагддаг.
16. Д.Даш ах
Сумынхан бүгдээрээ л Гө Даш гэдэг байлаа. Гражийнхан бол машин, трактор
засахдаа Даш ахаар боолт чангалуулдаггүй тас мушгидаг гэдэг байсан.
Гартаа бүлтэй сумын заан хүн байсан. Үг цөөнтэй. Хүн цаашлуулахдаа сайн
хүн байсан юм шиг байдаг. Нэг удаа тарвага боож байхад нь аймгийн ТУГ-ын
дарга Ойдов гуай дээрээс нь бууж л дээ. Тэгэхэд Даш ах нөгөө боож
байсан туламаа аваад дороо хийгээд хормойгоороо хучаад суучихсан гэсэн.
Ойдов гуай Даш чи бос наад тарвагаа гаргаад ир гэхэд "Дарга минь нуух юу
байх вэ? Би муу өвчтэй хүн. Ингэж суувал эдгэнэ гэсэн ардын эмнэлэг
хэрэглэж байгаа царай нь энэ. Үхсэнд орвол хууль зөрчсөн нь дээр биз
дээ” гээд хөдөлж өгөөгүй гэдэг. Ойдов гуай ч ядаад машинтайгаа хөдөлж
яваад далд ороход нь Даш ах босоод тарвагаа гаргаж "Халуун золиг байна
шүү. Сайн угаачих. Ангийн хишиг хүртэнэ ээ хө” гэж байсан гэдэг юм.
Эхнэр нь Очирсүрэн эгч. Их дөлгөөхөн хүн байсан.
17. Д.Нанжий
Гараажийнхан шүлэгтэй. Тэрэнд нь
Жижиг биетэй Нанжий
Жингэнүүр дуутай Бадраа
Долоон нуруу Дондог
Доголон маягийн Жигжид гээд гардагсан.
Нанжий гуай ГАЗ-51 машин барьдаг байсан. Эхнэр нь Б.Янжмаа эгч. Олон
хүүтэй. Том хүү Ганболд Гансүх нартай тоглоод тэднийд эсгэсэн чавганы
бараашгийг нь хулгайлж уудаг байсансан.
18. Л.Далхаа
Намайг ухаан орохын Далхаа ах кино механикч байсан. Сүүлд нь жолооч болж
нэгдлийн засварын ледушка машин барьдаг байсан. Өндөр биетэй спортонд
дуртай өндөрт харайдаг хүн байлаа.
Гэр хорооллын дунд оройхон Далхаа ахыг ирэхээр хүүхдүүд шавж, айлын
пингийн ард киноны дэлгэцийн цагаан даавууг нь татаж өгч харанхуй
болоход кино үздэг байлаа.
19. Балбар гуай
Манай сумын ганц буриад өвгөн байлаа. Нэгдэлд мужаан хийдэг. Хөгшин нь
Дуламсүрэн гуай. Их тайван хоёр хүн байсан санагддаг. 1945 оны дайнд
оролцож цэргийн хүндэт медалиар шагнуулснаа 1986 онд ахмад дайчид
бүртгэхэд надад хэлж, дээш нь уламжилж байж авахуулж өгч байсан. Том
модон гаансанд тамхи татаж, хааяа зуу татаад үеийн өвгөцүүлтэй яриад
сууж байдаг оргинал буриад хэв шинжээ харуулсан хүн байсан даа.
20. Жаахан Л.Төмөр ах
Жинхэнэ Саруул гүний хүн. Жижигхэн биетэй, тракторын жолооч байснаа
сүүлд больж кино механикч болсон. Сумын клубт үдэшлэг болно. Тэнд Төмөр
ах, Нямаа эгч хоёр жинхэнэ од нь ордог байлаа. Ямар л ая тоглоно, тэр
бүжгийг хийнэ. Одоогоор бол олон талтай, арван бүжгийг номоор нь хийдэг
байсан байх. Төмөр ах морь уяна. Лав л нэг алаг морь хэд айрагдсан
санагдаж байна. Хамгийн сүүлд өнгөрөхөөсөө өмнө хүүхэд гуйх хэцүү юм
гээд азарга уяж өөрөө унаж, уралдаж ирж л байсан юмдаг. Нямаа эгчийг
өнгөрөхөд эхнэрийнхээ дүүтэй суулаа гэж хүмүүс муучилж байсан. Харин
Төмөр ах л жудагтай эр хүн тулдаа сүүлд төрсөн хүүхдүүдээ надтай ярьж
байгаад бүгдийг нь өөрөөрөө овоглож үлдээсэн. Алсын хараа нүнжиг гэж
аргагүй л Төмөр ахаас л гарна л даа. Төрсөн дүү нь худаг усны Л.Болд гэж
байсан. Болд ах хааяа архи ууж агсан тавина. Болд ах том биетэй л дээ.
Гэхдээ Төмөр ахаас айх гэж сүйд болно. Төмөр ах зоддог байсан байх. Ахад
битгий хэлээрэй гэдэг байсан даа.
21. Дугар ах (нягтлан)
Дугар ах зузаан линзэн шил зүүдэг болохоор хүмүүс ёлтон Дугар гэнэ. Их
наргианч, хөгжилтэй хүн байсан. Ямар ч байсан нэгдлийн санхүү хавиар их
онигоотой байсан юм гэдэг. Санхүүгийнхээ хэдийг өдөөж байгаад онигоонд
оруулдаг байсан гэж байгаа.
Хөгшин нь Ч.Ишиг жаажаа. Сумаараа л Ишиг жаажаа гэдэг. Аймгийн 2
удаагийн аварга, сумын бол их олон удаа аварга болсон байх. Аймгийн
депутат байсан. Их хүндтэй хүмүүс байлаа.
22. Мундаг шуу С.Дугар ах
Сайн эрийг мэдье гэвэл
Санжаагийн Дугартай уулз
Сайхан хүүхэн харъя гэвэл
Сангын Банзрагчийг хар гэдэг байсан гэдэг.
Дугар ах аймгийн начин цолтой. Залуу давилуун явах үедээ хэцүү нэрт
газар яваагүй бол улсын цол элбэг авах сайхан бөх байсан даа. Хоёр гарын
шуу нь хэрийн аавын хүү тэсэх аргагүй байснаас л "мундаг шуу” гэж
нэрлэгдсэн байх. Хоёр гарын алгаа шуудагныхаа ард арчиж байгаад "Иш чүү”
гэж дайраад эгэм тахим мэх хийдэг. Нэг л хийсэн байхад хаяж дуусдаг
байсан. Би ч залуу байхдаа 2 удаа барилдаж үзсэн. Хурууных нь үзүүрт л
явааад өгч байсан.
Хүүхдүүд нь аавынхаа энд хүрч барилдахгүй л байна. Бат-Эрдэнэ л аймгийн
арслан болсон. Манай Батболд бол дэмий гонзгой л доо. Нэг л гоё нуруу.
Батсуурь гайгүй. Бага шар Батхүү бил үү дээ уг нь Бат-Эрдэнэ шиг амжилт
гаргах ёстой бөх шинж агуулсан хүүхэд дээ.
1978 оны сумын наадамд улсын начин "ноёны бөх” Ж.Жигмэддорж, Булган
аймгийн арслан Н.Бадарч нар ирж барилдахад Дугар ах барилдсан. Шөвгийн
дөрөвт сумын заан "мангар” Т.Төмөргарьд ах цуг үлдэж улсын начин
Ж.Жигмэддорж Дугар ахыг авч, Бадарч арслан Төмөргарьд ахтай тунасан.
Сумаараа өөрийн 2 бөхөө дэмжээд л.
Дугар ах сурсан эгэм тахимаа хийж талбайн баруун хойноос зүүн урагш
элдэж байгаад түс хийтэл хаядаг юм. Гарьд ах Бадарч арсланг шуудагдаж
хавираад зэрэг шахам унадаг юм. Хүмүүс Гарьд давсан гээд л. Бадарч
арслан би давсан гээд л. Гэтэл Дугар ах "Гарьдаа өгчих өгчих. Үес нь нэг
нүхээр цувуулчихна аа хө” гээд Гарьд ахыг тахим өгүүлээд, үзүүрт өрж
байгаад Булган уулынхаа зүгт хаяна гээд зүүн урдаас баруун хойшоо мөн
нөгөө эгэм тахим буюу харваж суйлах мэхээ хийж "түс” хийтэл хаячихаад
инээж явсан, жинхэнэ гүндүүгүй, хэнэггүй сайхан эр хүн байлаа.
23. Бадраа ах
Сумын наадам болж морь ирээд цоллох болоход сумын узелээр морь цоллооч
Ч.Бадраа төв асарт ирнэ үү гэж дуудаад л. Мөн ч сайхан. Жил бүрийн
наадмаар энэ дурсамж сэтгэлд харвадаг юм.
Самосвал машин барьж сумын нэгдлийн хамаг л газар шороо, хог новш зөөж
явсан яаруу тэвдүү юм шиг хурдан түргэн алхаж бас хурдан хурдан ярьсан
хүн байлаа. Морь сайн уяна. Бадраагийн халзангууд гэж айраг түрүүнээс
салдаггүй угшил байсан. Одоо ч дуулдахаа больсон байна лээ. Эхнэр нь
М.Дэнсмаа эгч. Нэг хэсэг суманд Дэнсмаагүй хурим гэж байхгүй гэж
яригддаг байсныг бодоход хурим найрын ёс жаяг сайн мэддэг байсан байх.
24. М.Баатарсүх
Цэргийн начин М.Баатарсүх гэж жижигхэн биетэй ч хурдтай, цээж бяр
сайнтай хөл чангатай байсан юм болов уу өмсөх мэх сайн хийдэг хүн
байсан.
Өмнөговийн отрядын халагдах цэрэг байхдаа цэргийн наадмын 5-ын даваанд
аймгийн арслан болж сүүлд аймагт 3 түрүүлсэн Арсланбаатар ахтай тунаж
барилдан өмсөх мэхээрээ начин цолыг гуядаж авсан гэдэг.
Баатар ахтай би олон барилдаж үзсэн. Барьцтай барьцгүй, баруун зүүнгүй
золгож, их хөдөлгөөнтэй уран барилдаан гаргадаг байж билээ.
25. Овоохой Б.Дондог
Банзрагчийн Дондог гэж бас л сайхан хүн байлаа. Агт манах хүүтэй,
Анагаахын дундад авгтайтай, цэргийн начин цолтой, Зуу татахаас буцахгүй л
хүн дээ гээд явж байдаг байсан даа. Мөн л цэргийн алба хааж байхдаа
уурган дэгээ мэхээр цол хүртэж явсан гэдэг юм.
26. Адуучин Д.Ням гуай
Ардын Их Хурлын депутат, аймгийн аварга адуучин явсан хүн. Даруухан
элдэв зангүй хүн байлаа. Хөгшин нь Нансал гуай. Хүн амьтантай ижий ахай
болсон дуу шуутай хөгшин байлаа. Ганц хүү нь манай ангийн Н.Ганхуяг.
Эрхлэнэ гэдгийг үзүүлж байсан хүн дээ.
27. Ц.Гончиг гуай
Дээхэн үеийн бичиг үсэг сайтай, тухайн цагтаа боловсролтой явсан хүн.
Булган сумын нарийн бичгийн дарга, Хөлөнбуйр сум 1945 онд байгуулагдахад
бас нарийн бичгийн дарга байсан. Төрийн ажилд нухлагдсан мундаг хүн
байсан. Би Ц.Гончиг гуайтай хуучилж нэг нийтлэл бичиж байсан. Хүн нь их
дөлгөөхөн ноён нуруутай хүн байсан даа.
28. Г.Совд гуай
Хүмүүс орхоодой Совд гэдэг. Тугийн сүмд шавилж байсан. Жинхэнэ тугчин
овгийн хүн. Лав л их ой сайтай. Хол ойрын юм хуучилдаг хүн байлаа.
Залуучуудтай үеийн юм шиг л үзэж тарж байдагсан.
29. Бууч Пүрэвжил
Нэгдэл дундын үйлдвэрт гагнуурчин байсан. Намартаа Дая, Гурван нуур,
Хүйсийн цагаан өндөр, Ханангийн худагт очиж тарвагачилдаг, олон
хүүхэдтэй, жижгэвтэр биетэй хүн байсан. Их олон тарвага алаад арьсыг нь
дэлгэсэн байдаг байсан. Би 1980-1981 онд ан хийх хорхой ороод
мотоциколтой явж байхдаа орж тарваганы мах идээд гардаг байсан. Лав л
явуулын надад тээршаасан маягтай ханддаггүй, хаяанаасаа түмпэнтэй мах
хийж авчраад өгдөг байж билээ.
Хар Содравжаа гэж хүний ганц хүү гэдэг. Хүүхдүүд нь Баруундөрөө овогтой болсон гэж дуулсан. Мундаг анчин хүн байсан.
30. Дамбачоймбол гуай
Сумын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Нэгдэлд хариуцлагатай алба
хашдаг хүн байлаа. Их няхуур, нямбай. Жил бүр бөхийн комисст ажиллаад
баахан зодог шуудаг барьчихсан явдагсан. Би сумын 70 жилийн ойн өмнө
Гончиг гуай, Дамбачоймбол гуай, Сэдэд гуай нартай хуучилж "Төрийн
ажилтан” гэсэн нийтлэл хэвлүүлж байсан. Маршалыг нас барах үед цагаан
сарыг хориглож, эмгэнэлийн хурал хийсэн гэнэ. Тэр хурал дээр намын дарга
тарган Шинуу гуай Монгол улсын хөшөө баатар гэж хэлээд хүмүүсийг
уйлуулах биш инээлгэж байсан гэж дурсдагсан.
31. Д.Бэхбат гуай
Дээхэн үед багийн дарга хийж байсан Д.Бэхбат гуай сонирхолтой хүн
байлаа. Морь сайн уядаг. Бэхийн ухаа азарга гэж хурдан азарга сумын
наадамд хэд хэд түрүүлсэн. Ямар нэг юм ярихдаа биеэр үзүүлдэг. Эмнэг
сургаж байсан тухайгаа ярихдаа сандалтайгаа үсрээд, ингэж унаад гээд
хажуу тийшээ унаад өгдөг байсан гэдэг. Хүү Мятавдорж нь нэг өвөл хотод
аваачиж өвөлжүүлээд ирсний дараа нутгийн өвгөчүүлд спортын төв ордонд
бөх үзсэн тухайгаа яриад ингэж дэгээ ороогоод гээд гэрийн багананд дэгээ
ороож байсан гэдэг.
32. Баргын Ширбазар
Жамсрангийн Ширбазар гэж бас л боловсролтой хүн байсан. Аймгийн яаманд
бичээчээр очоод морины явдал дунд хэвлэсэн мэт таталж бичдэг байсан тул
"Монголын махан машин” гэж нэрд гарсан гэдэг.
Сүүлд дотоодыг хамгаалахад ахлах байцаагч болоод ид баривчилгааны үед
ажиллаж байсан нь бурууд тооцогдсон гэдэг юм. Харин ч манай ах Б.Өлзий
"Хэрвээ баргын Шир байгаагүй бол би ч буудуулсан байсан. Намайг
баривчлаад нэг шөнө 3 машинд хүмүүсийг ачсан. Гэтэл Шир таараад наад
машинаасаа буу. Энэ машинд суу. Манай сумаас өөр хэн байна? гээд өөр нэг
хүний хамт машин сольж суулгасан. Гэтэл миний сууж байсан машинтай
хүмүүсийг шууд буудсан. Нөгөө машинтай хүмүүс нь 10 жилтэй явсан. Манай
машинтай хүмүүс 5 жил авсан байсан. Манай Шир ч их буянтай хүн шүү” гэж
байсан юм.
33. Аавын цээж Дашзэвэг
Манай сумынхан аавын цээж л гэнэ. Жижигхэн биетэй өвгөн байсан.
Даалуугаар нүх шахахад их мундаг. Бараг л хожих нь их байсан байх. Цээж
гуай нилээн хэтрүүлэгтэй, тэрийгээ их уран гоё ярина. Хүмүүс Цээж гуай
худал ярьдаг гэдэг. Би мэддэггүй байсан юм. Гэтэл 1986 оны 11-р сард
Улаан нуурын Шандад иргэний хамгаалалтын ажлаар бригадын төвд Дүнгэнэдэг
Чулуунбаатар ахтай хамт очиж хонох болов оо. Чука ах оройхон "Цээж рүү
орж өдөж байгаад яриулъя” гээд дагуулаад орлоо. Ороод чиний даалуу
мэддэг гэж юу байдаг юм гэж өдөж байгаад нүх шахав аа. Хэд хожигдоод
чиний сайн эр явсныг энэ хүүхэд мэдэхгүй гэж байна гэвэл тамхиа асааж
аваад ингэж ярилаа.
-Та нар ямар мэдэхгүй биш. Манайх энэ Улааннуурын шандад нутаглаж байхад
нэг намар би тэссэнгүй. Нөгөө муу хар морио шавхрааж унаад баруун аймаг
гардаг юм. Явж байгаад нөгөө алдартай 70 түмэн адуутай Доной баяны
адуу, Донойн хөндийдөө байхад очдог юм. Оройхон харж байгаад сайн хурдан
гэснээ тасдаж аваад гарлаа даа. Бөөн тоос, адуу малын пижигнээн болоод
хүмүүс яав ийв гэдэг юм байгаа биз. Арван тавны цагдаа бөөнөөрөө элдэж
гарлаа. Сэлгээ морьгүй гарсандаа харамсдаг юм. Гүйцэгдэх маягтай болоод
зарим адуугаа хаяад л хөөгөөд байлаа. Сүүлдээ бүр ойртоод ирэхээр нь
ганзагнаасаа аргамжны сур аваад аль сайн адууг нь толгойд нь ногтлоод
холбож гарлаа. 81 адуу хэлхээд аргамж дууслаа. Холбоотой адуу ч цагаан
тоос хадаагаад тасарч, тэр чигтээ явсаар нутагтаа ирлээ. Муу ээж маань
нүүгээд Ногоон толгойд ирчихсэн. Олон чингэлэг тэргээ хэлхсэн байна.
Гаднаа ирээд ногтны холбоосоо тайлаад уяад байсан. 80 дахь морины
хүзүүнд 81 дэх морины толгой зүүлттэй байна аа гэхэд Чука ах тэр нь яаж
байгаа билээ гэвэл цаанаас нь чоно идчихсэн байхгүй юу даа гэж билээ.
Би хүүхэд байхдаа хүзүүнээс нь холбосон 3-н моринд л ядардаг байсан. 81 ч арай дэндэнэ ээ гэж бодоод учиргүй инээж билээ.
34. Сахал Бажаа буюу Бат-Очир
Бажаа хүн их цаашлуулна. Ялангуяа залуучуудтай их үзэлцэнэ.
М.Хүдэрчулуун ах цэргээс халагдаж ирээд холбоонд ажиллаж байхад нь өвөл
орой орж ирээд элдвээр өдөөд байж л дээ. Холбоо хаалаа гэж гараад гаднах
цоож нь их хүйтэн болохоор "Мэлхий” гээд гарт нь атгуултал нэг муухай
хашгираад ухаан алдаад уначихсан юм байх. Айдаг юмандаа хүн өвөл мэлхий
байхгүй гэж бодохгүй, хүйтэн юм бариулахад л унаж байсан гэдэг.
35. Согтуу Бажаа Бат-Очир
Уг нь бага эмч мэргэжилтэй хүн юм гэсэн. 1978 онд МҮЭ-ийн спартикиадын
бүсийн тэмцээн Булганд болоод хаалтанд нь тэмцээнд оролцсон сумдын
залуучууд барилдаж би 8-р ангийн хүүхэд 2 билүү 3 даваад унасан. Хүмүүс
надад баяр хүргээд сүйд болоод л, үнсээд л. Гэтэл согтуу Бажаа ирээд
үнсэх нь гэж бодтол алгаддаг юмаа. Гайхаад хацраа дараад хартал "Чи ямар
Наваансүрэн заан уу? эргэж хараад хаана унах вэ гэж харж байдаг. Эргэж
харахдаа хүн аль хүртэл барилдах вэ гэж хардаг юм мэдэв үү” гэж билээ.
Сүүлд дуулахад согтуу Бажаа өөрөө сумын начин хүн юм гэсэн.
36. Повой Д.Содном
Ах дүү хоёр Повой байсны том нь Содном гуай. Сайн анчин. Олон хүүхэдтэй.
Хөгшин нь Аяа эгч гэж хангинасан хүн байсан. Би Содном гуайтай нэг удаа
цуг анд явсан. Мотоциклтой, өнгийцтэй газар зогсож ганцхан буугаад
ирэхдээ 6 тарвага буудчихаад, ганц хотил алсан байснаа энэ хэрэггүй ээ.
Жижиг амьтан гээд хаячихаж байсан.
37. Повой Д.Рэнцэн
Дамдины Рэнцэн гуай 1945 оны чөлөөлөх дайнд оролцоод улсын хил гарсны
дараа хижиг өвчнөөр олон цэрэг өвчилсөнд багтан өвдөж үхэлгүй амьд
гарсан байдаг юм. Ид залуу идэр байх үедээ ингэж 16 кг хүрээд данснаас
бараг хасагдаж байсан гэдэг. Намайг анд сургасан хүн. Мундаг буудна.
Тарваганд явна. Ганц сум алдчихвал хэдэн өдөр үглэдэг. Хайран юм гээд л.
Хэрэв шарх хийгээд алдсан бол амьтан зовоочихлоо гэдэг байсансан.
38. Г. Лувсан
Сумаараа ёж Лувсан гэдэг энэ хүн сумын худалдаа бэлтгэлийн ангид ня-бо
байсан. Худалдааны тэргүүний ажилтан. Манай аавын найз. Хүү Л.Ганхуяг
(Галя) нь бид нар нэг ангийн багын найзууд.
Лувсан гуай их ёжтой, лут шүүмжлэгч хүн. Хөгшин нь Ханд эгч. Удам
сайтай. Дорнод байтугай зүүн аймагт алдартай Дэчин гэгээний ганц охин.
Дэчин гэгээн бие нь өвдсөн хүнийг ташуураар гуядаад эдгээдэг хүн байсан
гэдэг. Мөн архи их уудаг. Согтдоггүй байж. Учир нь ямар ч архийг ганц
үлээгээд ус болгочихдог. Түүнийгээ уучихдаг байсан гэдэг.
Дэчин гэгээн нэг удаа морьтой давхиж явтал аймгийн прокорурын 2 настай
охин нас бараад оршуулж яваатай таараад шууд бууж, хайрцагийг нь
онгойлгож хүүхдийг нь гаргаж ирээд өрөөлдөж хөл гараас нь сунгаж татаад,
сэгсэртэл хүүхэд хахаж цацаж ирээд амьсгаа авч уйлжээ. Гэтэл гэгээнтэн
амьд хүүхэд булж нүгэл үйлдэх гэдэг яасан хачин хүмүүс вэ гэж
загначихаад давхиад явчихсан гэдэг. Юун оршуулга байхав болоод бужигнаад
явчихсан байх л даа. Тэнд аймгийн хамаг удирдлага, шүүх, цагдаа,
дотоодыг хамгаалахынхан явж байсан гэдэг юм.
Ид баривчилгааны үе байсан боловч Дэнчин гэгээнийг бариагүй байдаг юм.
Албан шахалтаар сүүлд барьсан ч ял оноогоогүй үлдээж, гэгээнтэн нэг шөнө
би өөрөө явлаа гээд хоноод хорьж байсан гэрээс нь гэрэл цацраад алга
болсон гэж хүмүүс ам дамжин ярьдаг байсан.
Лувсан гуай даалуу сайн тоглоно. Аавын нэрэмжит тэмцээнд 2010 онд
түрүүлээд хожигдсон тоглолтууддаа хожих байсан юм гээд харамсаж
суусансан.
39. Хургын Банзрагч
Аймаг даяар алдартай бариач Банзрагч гуай социализмын үед манай аймагт
хорьж чадаагүй 2 хүний нэг нь дээ. Нөгөө нь Баян-Уулын зартай бөө Цэрэн
гуай. Банзрагч гуай дээр өвчтэй зовлонтой хүмүүс их ирнэ. Үзээд
чадахыгаа эмчлээд явуулдаг байсан. Лав л 1977 оны хавар Дашбалбараас
билүү дээ нэг ахыг ах дүү нар нь авчирсан. Явж чадахаа болиод түрдэг
тэргэн дээр хэвтүүлээд Банзрагч гуайд үзүүлэхээр ирж байсан юм. Банзрагч
гуай гэртээ авч үлдээд хөл дээр нь босгоод явуулсан. Сүүлд нөгөө ах
эргэж ирээд нэг сайхан зуны пин барьж өгсөнсөн.
Банзрагч гуай манайхаар их орж ирнэ. Бид нар хөзөр даалуу тоглоод байж
байхад таараад зүүн гарынхаа долоовор, дунд хуруугаар хөзөр, даалууны
араас тэмтрээд ямар мод байгааг шууд хэлдэг байсан. Нөгөө гараараа үз л
дээ гэхээр үзэж өгдөггүй байсан юм.
Хүүхэд байхдаа зээр янзагалж чадахгүй байгаатай таарч хоёр хуруугаараа
татаж гаргаж өгөөд хүн барьдаг болсон гэж хүмүүс ярьдаг байсан.
Тэрээр 1939 оны Халхголын дайнд оролцож Баянтүмэнээс Халхгол руу эм
тариа хүргэж өгөх ажилд явж байгаад Японы бөмбөгдөлтөнд өртөж гэдсэндээ
шархдаж байсан хүн. Тэрийгээ хүмүүст янз бүрээр ярьдаг байсан гэдэг.
40. Мундаг Жамсран
Том биетэй, будлиугаараа алдартай хүн байв. Түр цэрэгт татагдаад
жагсаагаад та нарын дунд онц буудагч байна уу гэж асуухад байна гэжээ.
Хаана онц буудагч болсон бэ гэхэд Боон, Сэрвэнгийн бурхи зээрний онц
буудагч гэсэн гэдэг.
Цэргүүд түргэн авч жагсахад ганцхан Жамсран гуай хоцордог байж. Нэг удаа
хамгийн түрүүнд жагсаад, ямар баларсан нь винтовоо орхичихоо вэ? гэсэнд
харин өөрөө л буугаа орхиж жагсаад баларч байсан нь тэр байжээ.
41. Хандаа гуай
Манай сумынхан хамаргүй Хандаа гэдэг их сайхан хүн байсан. Том дуутай,
хүүхэд ялгалгүй ярьж байдаг хүн байж билээ. Ан хийдэг байсан байх орны
нь хөндийд маузер буу байж байдаг. Залуудаа шаггүй барилдаж явсан гэдэг
юм.
Хөгшин нь Бишээ гуай. Их сайхан зантай. Бишээ гуайг байхад тэднийх хүний хөл тасардаггүй айл байсан.
42. Дүрвэд Р.Сүхээ гуай
Уг нь Увсын хүн. Залуудаа хэрэгт орж, нутаг заагдаад манай суманд ирж
бүдүүн Гаагаатай суугаад эндээ амьдарсан. Хөдөлмөрийн баатар Р.Пүрэвийн
төрсөн ах Р.Сүхээ гуайн явсан газар инээд наргиан тасардаггүй байлаа.
Социализмын үед 1976 онд Рагчаа дарга АИХ-ын депутатад нэр дэвшээд
Булган суманд ирэх болоход сум нэгдлийн дарга Д.Алтангэрэл Хаданхошууны
овоог буулгах даалгаврыг ерөнхий зоотехникч Ц.Жигжиджав гуай, Р.Сүхээ
гуай хоёрт өгчээ. Хадан хошуунд очоод овоо буулгах болоход мэдээж Сүхээ
гуай л буулгах болж таарч. Гэтэл Сүхээ гуай – Ээ бурхан тэнгэр овоо уул
минь би буулгаж байгаа биш Дувдайн Алтангэрэл буулгаж байгаа шүү гээд
буулгасан гэдэг. Харин дараа нь нэг шөнө морьтой очоод өөрөө босгочихсон
юм гэсэн.
43. Илгэн Шинж
1976 оны 7 сарын эхээр Ц.Тарва ахтай морь цагааруулж байгаа нь энэ гээд
Хулсаншандад явж байгаад мундаг Жамсран гуайн гадаа Жүгдэрнамжил ах бид
нар Шинжнагва гуайтай таардаг юм. Тарва ах За Шинж минь даага бариад
уралдах нь уу гэхэд үс ноосоо хаяж байгаа тарган хээр даага хөтөлж
явснаа энийг уяж наадмаар түрүү авна гэж байна. Амжих уу гэхэд болгоно
доо, хусран даага хүчтэй байгаа гэлээ.
Тарва ах Жүгдэр ахаас энэ даага хурдлах уу гэхэд мэдэхгүй ээ. Наадам
болоход 10 хүрэхгүй хоног үлдээд байхад ийм тарган даага уралдана гэхэд
хэцүү гэж байсан.
Наадмын урд өдөр сумын төвд Хэрлэн голд морьдоо усалж байтал Шинж гуай
нөгөө даагаа усанд угааж байна. Их гоё гялтгасан хээр даага харагдана.
Ц.Тарва ах энэ даага түрүүлж магадгүй шүү. Үгүй дээ л айрагдана гэж
байна. Гэтэл Шинж гуай түрүүлүүлнэ шүү. Чи хараарай л гэлээ.
Даага ирэх үед Ц.Тарва ах, Шинж гуай, Жүгдэр ах нар хамт байж байтал
хээр даага бараг л 100м тасраад орж ирлээ. Шинж гуай Жүгдэрээ морь
хурдлуулахад ухаан бас ордог юм ш дээ гээд мордоод даагаа тосоод
давхисан. Тарва ах манай Шинж ч дааганд үнэхээр эрдэмтэй хүн дээ гэж
байсансан.
44. Н.Сэдэд гуай
Сумын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан төр захиргааны мундаг
ажилтан байсан. Ширээгийн рашааныг дотор таван цулд гаргууд шүү гээд
өвөлдөө хүртэл мөсийг нь хайлуулж уудаг байсан гэдэг. Сумын наадмын
бөхийн комиссын дарга болдог байсан байх. Наадмаар хэдэн өвгөцүүлтэй бөх
барилдуулаад л явж байсансан. Цэргийн бүртгэл бүртгүүлэхэд хүмүүсийг
нохой алуулж, сумын төвийг нохойг цэгцэлдэг байлаа.
45. Жоожоо П.Жамъян
Жорлон Пунцагийн хүү Жоожоо Жамъян, Жоожоо Жамъянгийн хүү Жо Ганаа.
Жамъян гуай байгаа газар дуу шуу, наадам наргиан хадаж байдаг байлаа.
Хөгшин залуу гэхгүй бүгдтэй нь л наргиан хийж явдаг хүн байсан. Жижигхэн
биетэй, шаламгай хүн байлаа. Морь сайн уядаг. Жамъянгийн шаргал гээд
айраг түрүү хүртдэг байсан санагдана. Эхнэр нь Сэржийн Банзрагч эгч.
Бааяа эгч сайхан бүжиглэнэ. 1968 онд аймгийн аварга бүжигчин болж 1971
онд ардын хувьсгалын 50 жилийн ойн бүх ард түмний урлагын үзлэгт бүжгээр
хүрэл медаль хүртсэн 50 жилийн ойн концертонд оролцож явсан хүн.
Жамъян гуайн шүд нь өвдөөд нойргүй хонож л дээ. Бааяа эгч ганц муу яс
өвдөхөд юун сүртэй юм гэж. Дараа нь Бааяа эгчийн шүд өвдөөд уйлахад нь
Жамъян гуай юун сүртэй юм. Нэг муу яс өвдөхөд гэсэн гэнэ. Баяа эгч ий
чамайг даа гээд гутлаа аваад шидэж байсан гэдэг.
46. Эх оронч М.Гэндэн
Энэ хүний тухай илүү юм бичих хэрэггүй биз. Халхголын дайны үед том
жижиг 60 гаруй удаагийн тулгаралтанд орж, амьд хэл олзолж явсан дайчин
эр. Хилийн цэрэг татан буугдсаны дараа энх цагийн бүтээн байгуулалтанд
гар бие оролцож, Хэнтий аймгийн Гал командын дарга, 1959 онд атар
эзэмших аянд оролцож Чойбалсан сумын Хэрлэнгийн сангийн аж ахуйд атрын
бригадын дарга явсан. Хилийн цэрэг дахин байгуулахад Сүмбэрийн отрядын
Хэрээ уул, Дэгээ голын заставын даргаар ажиллаж байсан бэлтгэл хошууч.
Улсын баатар болох болзол эрт хангасан, эх оронч гэж алдаршсан,
Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2-той сүрдмээр
буурал байсан даа. Хөгшин нь манай нагац эгч Д.Хандсүрэн. Ханд эгч
Хэрлэнгийн САА-д трактор барьж байсан гэдэг юм.
2014 онд Халхголын ялалтын 75 жилийн ойн өмнө Сүмбэрийн 24-р отряд,
ХЦ-ийн 0198-р ангийн Буйрын заставыг М.Гэндэн ахын нэрэмжит болгосон нь
бахархалтай.