Эрх барьж байсан намаа УИХ болон нийслэл, аймгийн сонгуульд унагасан АН-ын фракцуудын ахлагч нар, тэдний үеийнхэн буюу ардчиллыг өмчирхөгчид намаа ч өмчлөлөөсөө тавихгүй гэж үзэж тарж байх шиг.
Наадмын дараа 7 дугаар сард нэг орой ҮЗХ-гоо хальт хуралдуулан намынхаа Их хурлыг АН-ынхаа төрсөн баярын өдөр болох 12-р сарын 6-аар товлосон шийдвэр гаргаад эргэж хуралдахаар болсон. Гэвч түүнээс хойш ҮЗХ-ны хурлаа хоёр дахин хойшлуулаад байна.
Энэ удаа ирэх баасан гариг буюу 9 дүгээр сарын 16-нд хурлаа хийхээр товлоод байна. Гэвч уг хурал ахиад л хойшлох магадлалтай байгаа сурагтай. АН-ын хөгшин залуу, нөлөөтэй, нөлөөгүй бүхий л гишүүдийн хүсэл эрмэлзэл нь намын даргыг сонгохоос илүүтэй намынхаа дүрэм, журамд өөрчлөлт, шинэчлэл хийж фракцийн тогтолцооноос илүү нэг бүхэл том цул хүч болох гэж тодорхойлж байгаа.
Хэдийгээр ийнхүү үзэж байгаа ч яг цаг нь тулахаар бүгд л намын даргын асуудалд ач холбогдол өгч буй нь тодорхой байна. Тэгэхээр АН-ынхан яагаад ҮЗХ-гоо байсгээд хойшлуулаад хуралдахгүй байгаа тухай хувилбарууд ч яригдаж байгааг тоймлон та бүхэнтэй хуваалцья.
АН-ын энэ удаагийн ялагдлын эхлэл Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн Засгийн газар”-ыг сөрөг хүчнийхэнтэй хамтран унагасан явдал тавьсан гэдэг бол хамгийн ойлгомжтой энгийн бодомж.
Тэгвэл тэрхүү үйлдэлд АН-аас шууд болон шууд бусаар оролцсон хэдэн хүнийг намаасаа хөөх шийдвэрийг тус намын Ёс зүйн хороо уг явдал болсоны маргааш нь гаргаж байсан билээ. Гэвч АН-ын ҮЗХ уг асуудлыг хэлэлцэлгүй тэднийг хөөлгүй өнөөг хүрч ирсэн. Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-ын намаас УИХ-д өргөн барьсан бичигт АН-аас ганцхан Ж.Батзандан гишүүн гарын үсэг зурсан байдаг.
Харин УИХ-аар уг асуудлыг хэлэлцсэн хурал дээр АН-ын МоАХ фракцийнхан шууд огцруулах кноп дарсан бол "Шонхор” фракцийнхан чуулганы хуралдаанд орж ирээгүй. Х.Баттулга, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Р.Амаржаргал, Ж.Бат- зандан, Д.Батцогт, М.Зоригт нар.
М.Зоригт бол тэрхүү чуулганы хуралдаан дээр бүр "Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй”/Н.Алтанхуягийн зээ дүүгийн нөхөр Дэнзэн гэдэг залуу АН-ын фракцуудын хоорондын дайнд хохирогчоор тодорсон түүхийг та бүхэн юу андах, /сэтгүүлч// гэсэн бичиг ширээн дээрээ тавьчихсан суусан. Тэгвэл долоон гишүүн нь хуралд орж ирээгүй. Эндээс л АН-аас тэдгээр гишүүдийг хөөх шийдвэр дуншсаар ирсэн.
Гэвч тэднийг хөөчих юм бол АН эрх баригч байхаа болих байснаас асуудлыг хойшлуулсаар байсан юм. Эдүгээ ч уг асуудлыг хэлэлцэж нэр бүхий эдгээр гишүүдээ АН-аас хөөх юм бол тус нам УИХ-д бүлэггүй болж, хэдэн сул гишүүнтэй л болох юм. Учир нь эдүгээ АН-аас парламентад 9 гишүүн байгаагаас .
Тэгэхээр АН-ын ҮЗХ энэ эмзэг асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулахаас аргагүй юм. Гэтэл АН-ын одоогийн хүчин төгөлдөр байгаа ҮЗХ-ны 60 гаруй хувийг Н.Алтанхуягийн талынхан буюу Алтангадас чигийнхэн бүрдүүлдэг учир асуудлыг хүч түрээд явчих магадлал өндөртэй.
Ийм байдал үүссэн учир ҮЗХ-гоо хуралдуулахгүй удаа дараа хойшлуулаад байгаа хэрэг. Нэгдүгээр хувилбар энэ. Дараагийнх нь АН-ыг хэн ирэх дөрвөн жилд залуурдах тухай асуудал. Үүн дээр фракцуудын тэмцэл, мөн шинэ хуучны тэмцэл байх шиг.
АН-ын фракцууд намдаа байхаар намынхаа зовлон, төрд нам нь гарахаар төрийн зовлон болдог тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ ярьж байсан. Үнэхээр ч тийм.
АН сонгуульд ялагдсанаас хойш ганц л хүн хариуцлагыг хальт хүлээсэн нь тус намын дарга, УИХ-ын даргын тамгыг давхар атгаж байсан З.Энхболд. Тэрбээр сонгуулийн дараа ажлаа өгсөн ба одоо АН-ын даргын үүргийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түр орлож байгаа. Тэгвэл АН-ын даргад нэр дэвшүүлэхээр болон дэвшихээр олон хүн санаархаж байна.
АН-ын Их хурлыг зарлаад завсарласан ҮЗХ-ны хурал дээр Б.Баабар нэр дэвших хүсэлтэй УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн тухайд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "С.Эрдэнийг намын дарга болгочихоод шоронд эргэж очиж байх гэж байгаа юмуу” гэсэн билээ.
Тэгвэл түүнээс гадна одоо тус намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Д.Эрдэнэбат бас албан ёсоор тамга атгах хүсэлтэй гэх. Энэ дунд ганц л хүн албан ёсоор "Би намын даргад өрсөлдөнө” гээд ажлаа өгсөн нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга асан П.Цагаан. Тэрбээр хэдий фракцийн эрх ашгаар асуудалд хандахгүй гэж байгаа ч түүний цаанаас Ерөнхийлөгч тодорч харагдаад байгаа тухай шуугисаар байна.
С.Эрдэнэ "Шонхор” фракцийнх бол Д.Эрдэнэбат МҮДН-ынх. Харин П.Цагаан өөрөө үгүйсгэсэн ч Ц.Элбэгдоржийн фракц. Тэгвэл Ц.Элбэгдоржтой өнгөрсөн хавраас хойш тууштай тэмцэхээ илэрхийлсэн Н.Алтанхуяг болон түүний Алтангадасынхан, Х.Баттулгын МоАХ, тэднээс салж шинэхэн фракц байгуулаад буй Г.Батхүү, Лу.Болд нар ч намын даргын суудлын төлөө өөрсдөө болон фракцийн нөхдөө зүтгүүлж яваа. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл уг нь тэдний дунд явсан ч түүнийг С.Зоригийн хэрэгт албан ёсоор шалгаж эхэлсэн тул жагсаалтаас хасагдаж байна.
Э.Бат-Үүлийн хувьд "Е” үсгээр эхэлсэн албан тушаалыг ардчиллын эхнээс хүсч ирсэн ч ийнхүү хүсэхэд хясах гээч болон дахин бархирсан нь энэ. /Өмнө нь түүнийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байхад нь найзууд нь сайхан амарчих гэж явуулчихаад хор найруулаад Ц.Элбэгдоржийг дэвшүүлчихсэнд бухимдахдаа бархирсан билээ. /Сэтгүүлч//
Тэгэхээр фракцууд намдаа зовлон болж байгаа нь тун ойлгомжтой хэрэг. Энэ дунд арай эрүүл саруул харагдаж байгаа нь "Нэг-Ардчилал”-ын Лу.Гантөмөр. Гэвч түүнийг хүлээж авах нь юу л бол. Эндээс АН-д шинэ хуучны тэмцэл хүчтэй явж байгаа гэсэн дараагийн хувилбар гарч ирж байна.
Үргэлжлэл бий...
О.Хуяг
gereg.mn