Орон нутгийн хамтын санхүүжилттайгаар АДАПТ төслийн хүрээнд Дорнод аймаг, Матад сумын Сүмийн булаг, Хөх усны булаг, Хөлөнбуйр сумын Хадны булаг, Булган сумын Шанагын булаг, Баянтүмэн сумын Хулстайн булаг, Гурванзагал сумын Мэлхийн булаг зэрэг нийт 6 булгийн эхийг хашиж хамгааллаа.
Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийн хүрээнд 2023 онд зорилтот аймгууд болох Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад булгийн эхийг хашиж хамгаалах ажлууд хийгдэж байна.
Хөрсний усны түвшин газрын гадарга руу дээшлэн ил гарсныг булаг гэнэ. Хуурай, гандуу уур амьсгалтай манай орны хувьд булаг нь хүн, малын ундны усны маш чухал эх үүсвэр болдог. Булгийн ус нь голуудын эх болон том жижиг гол горхид цутгаж голын урсацыг тогтворжуулдаг.
Булгийн эхийг хамгаалснаар бэлчээрийн усан хангамж сайжирч, хөрсний чийг нэмэгдэн, ургамал ургах таатай нөхцөл бүрддэг байна.