-Та бид хоёр өмнө нь нийгэм улс төрийн хүрээнд ярилцаж байсан. Харин одоо хоёулаа боловсролын сэдвээр яриагаа эхлүүлье. Удахгүй хичээл эхэлнэ. Эцэг эхчүүд юуг хүсэн хүлээж хүүхдээ сургууль соёлд явуулж байгаа гэж та боддог вэ? Хүн болгон заавал их дээд сургууль руу тэмүүлэх шаардлага байна уу?
-Эхлээд энэ асуудал дээр заавал нэг асуулт тавигдах ёстой байдаг. Эцсийн эцэст заавал яагаад энэ хорвоо дээр сургууль гэж байдаг юм. Сургууль гэдэг юм гэнэт тэнгэрээс буугаад ирчихээгүй нь мэдээж. Эсвэл гэнэт нэг хүн гарч ирээд за сургууль байгуулна гээд байгуулчихаагүй. Хүн төрөлхтний хөгжлийн явцад яагаад ямар зорилготой сургууль гэдэг юм байгуулагдаад тэр нь явсаар байгаад Монгол оронд хүрээд ирсэн юм гэдэг асуулт руу зайлшгүй орох ёстой. Ерөөсөө эрт дээр үед эрэгтэй хүүхэд аавынхаа мэргэжлийг аваад аав нь малчин байсан бол малчин болоод, адуучин байсан бол адуучин болоод явдаг байсан түүх бий. Тэгээд яваандаа тэр үйл явц цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байдаг. Хүн төрөлхтний эртний түүх бичлэгээр анхны сургуулиуд эртний Грект үүсэж бий болсон байгаа юм. Эртний Грекийн философич Аристотель тэр сургуулыг байгуулхад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Тэр үед хүүхдийг төр улс нийгэмд хэрэгтэй хүн болгож сургаж хүмүүжүүлхийн тулд яах ёстой юм гэдэг асуултыг тавьсан байгаа юм. Тэрэнд ярихдаа ерөөсөө хүүхдийг гурван төрлөөр сургая гэж шийдсэн. Нэгдүгээрт ухааныг нь сургана, үүнд математик, алгебр, геометр зэрэг тооны шинжлэх ухаан орсон. Хоёрдугаарт сэтгэлийг нь сургана гэж. Энэ нь зөв уярдаг, зөв юмыг хайрладаг, зөв юманд баярладаг, гэх мэт сэтгэлийн боловсролыг олгох ёстой. Тэр сэтгэлийн боловсрол нь болохоороо дуу хөгжим юм. Гуравдугаарт хүн эрүүл чийрэг бие бялдартай болох ёстой. Тэгэхийн тулд биеийн тамирын хичээл орох ёстой. Одоо бид нарын ярьдаг хөнгөн атлетикийн хичээл оруулж байж тухайн хүнийг гоё сайхан бие бялдартай болох ёстой явдал юм.
За ийм гурван төрлөөр анхны сургуулиуд байгуулагдаж байсан. Тэгээд англиар school гэж нэрлэдэг оросоор школа гэж нэрлэдэг энэ хүн төрөлхтний сургууль явсаар байгаад Монгол оронд орж ирсэн байдаг. Монгол улс анх энэ школыг танхим гэж нэрлэж байгаад дараа нь сургууль гэж нэрлэдэг болсон. Мэдээж энэ асуудал Монголд том хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Тэр нь юу гэхээр анхны соёлжсон нийгэм, Улаанбаатар хотыг байгуулахын тулд энэ нийгэмд боловсролтой мэдлэгтэй залуу үе хэрэгтэй гэсэн асуудал зүй ёсоор урган гарч ирсэн. Тэгээд бид нар чинь яасан билээ. Нөгөө сүм хийдтэйгээ зөрчилдөж эхэлсэн. Сүм хийдүүд нь болохоор манай шавь хүүхдүүдийг аваад явчихлаа, бид нар шавь хүүхдүүдээ сургууль д явуулахгүй гэж тэмцсэн. Ингээд Х.Чойбалсангийн тогтоол гарч, 16 нас хүртлэх хүүхдийг сүм хийдэд шавилуулахгүй гэсэн тушаал гарсан байдаг. Тэгээд бүх хүүхдүүдийг танхим руу явуулж сургуульд суралцуулсан.
За ингээд социализмийн нийгэмд зориулсан нийгмийн иргэншилтэй боловсролтой шинэ үеийн залуучуудыг тэр үед анх бэлдэж эхэлсэн байдаг. Өнөөдөр ардчилалын үед сургуульд хүүхдүүдээ явуулж байгаа асуудал ерөнхийдөө ойлгомжгүй болсон гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл энэ төр засаг улс орондоо зориулсан шинэ үеийн ирээдүйн залуу үеийг сургаж боловсруулах гэж байгаа тэр үүргээсээ хойш сууж үүнээс татгалзсан. Тэгээд 10 жилийн сургуулиудыг зах зээлийн системд тэр чигээр нь хаяад өгчихсөн. Тэгээд одоо юу болж байгааг хүн бүхэн мэднэ. Сургууль гэдэг бол залуу үеийг сургадаг газар биш, мөнгө олдог мөнгөний машинууд болгож хувирсан. Тэгтэл одоо 10 жилийн сургуульд хүүхдүүдээ аваачиж өгч байгаа аав ээж нар бол яг нөгөө социализмийн үеийнх шиг хүүхдээ мэдлэг боловсролтой, иргэншилтэй, ёс суртахуунтай, соёлжсон тийм сайхан хүү охин болгоно доо гэж сургуульд аваачиж өгч байгаа. Гэтэл тэр хүсэл мөрөөдөл, зорилгыг нь биелүүлэх хэмжээний тэр 10 жилийн болон их дээд сургуулиуд Монголд огт байхгүй байна. Яагаад гэвэл бүх агуулга нь өөрчлөгдчихсөн учраас. Үнэхээр өрөвдөлтэй байгаа биз.
-Та өмнө нь Монгол улсад боловсролын хувьсгал хийх хэрэгтэй гэж нэг бус удаа хэлж ярьж байсан. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?
-Ерөнхийдөө боловсролын хувьсгал хийх хэрэгтэй гэдэг маань юу гэсэн үг вэ гэвэл бүх 10 жилийн сургуулиудыг ямар ч боловсролын ситемтэй байсан гэсэн нэг ч төгрөг авдаггүй болгох ёстой. Хүүхэд хичээл сургуульд яваад боловсролтой, болно гэдэг бол төрийн үйл хэрэг байдаг. Үүгээрээ тэгш эрх үүсч гардаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл баян, ядуу ямар ч хүний хүүхэд бүгд адилхан 10 жилийн сургуултьд тэгш эрхтэйгээр үнэгүй суралцах ёстой. Энэ бол Америкт ч байдаг, Японд ч байдаг, Германд ч байдаг зүйл. Ямар ч 10 жилийн сургуульд мөнгө төлж сурдаг тийм 10 жилийн сургууль гэж хаа ч байдаггүй. Их дээд сургуульд бол мөнгө төлдөг. 10 жилийн сургууль бол хэзээ ч мөнгө төлж болохгүй. Яагаад гэвэл би түрүүн хэлсэн энэ бол төрийн үйл хэрэг, төрийн үүрэг даалгавар байх ёстой. Тэр ч байтугай 10 жилийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцас, сурах бичиг хоёрыг улсаас үнэгүй тавьж өгөх хэрэгтэй. Ерөөсөө бид нар тэгж байж улс орноо хөгжүүлж чадна.
Бид нар эх орныхоо төлөө улс орныхоо ирээдүй хойч үеийн төлөө гэж маш их ярьдаг. Тэгвэл эх орны төлөө юу хийх ёстой гэхээр энэ хүүхэд залуучуудыг үнэгүй боловсролтой болгох ёстой. Үнэтэй байвал боловсролтой болж чадахгүй. Яагаад гэвэл мөнгөний сонирхол цаана нь байгаа. Бас энэ нь сэтгэл зүйн хувьд эцэг эхчүүдэд дарамттай учраас хүүхэд сурахад маш хэцүү. Тэр нь яадаг вэ гэхээр эцэг эх нь дандаа чиний мөнгийг төлсөн гэж хэлдэг. Тэгэхээр хүүхэд эцэг эхийгээ мөнгөгүй байхад сурах бичиг авах гээд явах, хичээлийн хэрэгсэл авах гээд явах үнэхээр харамсалтай. Тэрний оронд ээж аваа болий, наад мөнгөөрөө талх ав, мах ав би яршиг тэр сурах бичгийг чинь авахаа болилоо, би тэр хичээлийн давтлаганд суухаа болилоо гэдэг. Ингээд ерөөсөө эцэг эх, хүүхдийн хооронд мөнгөн харилцаа үүсч үр дүнд нь хүүхэд ч сурч чадахгүй, ээж аав ч хүүхдээ сургуульд сургаж чадахгүй нийгэм, гэр бүлийн дотор асар том зөрчилдөөн үүсч байна. Энэ муухай зүйлийг үтэр түргэн алга болгох хэрэгтэй. Тэгээд ерөөсөө өнөөдөр боловсрол гэдэг юмыг шал өөрөөр ойлгох ёстой.
Боловсрол гэдэг бол тухайн иргэн хүн энэ нийгэмд бие зөв авч явж, хүмүүнлэг, ёс суртахуунтай, хүнд гай болдоггүй, хүнд худлаа ярьдаггүй, ямар нэгэн шуналгүй, тийм өв тэгш хүн болгох тийм зорилготой болгох ёстой зүйлийг хэлдэг. Яагаад гэвэл өнөөдөр энэ улс орон дэлхий дахин цоо шинэ шаардлагуудтай болчихоод байна. Тэр утгаараа бид нар ерөнхийдөө өнөөдөр энэ улс орондоо зориулж зөв иргэн хүнийг л бэлдэх шаардлагатай болчихоод байна. Тэгээд бүх 10 жилийн сургуулиудад Монгол хэлийг заавал заах хэрэгтэй. Бүх хичээл Монгол хэл дээр байх ёстой. Гадаад хэлийг бол ерөнхийдөө дахин ярилцах ёстой. Англи хэл, орос хэл, хятад хэл энэ гурван хэлний аль нэгийг сонгодог сонголттой болох ёстой. Яагаад гэвэл хөрш орос, хятад орны хэлийг монголчууд заавал сурах ёстой. Тэгж байж бид нарын улс орны цаашдын эдийн засаг, улс төр нийгмийн асуудлуудад зөв харьцаа үүснэ. Тэгэхгүй дан англи хэл сураад байх юм бол америк явах гэж байгаа юм уу, эсвэл англи явах гэж байгаа юм уу тийм л хоёр сонголтын өмнө ирчихээд байна. Англи хэлтэй байхад өөр хаашаа явах юм. Тэгэхээр энэ нийтээрээ англи хэл сурч байгаа явдал бол ерөөсөө утгагүй явдал энэ бол алдаа.
-Өөрөөр хэлбэл англи хэлийг хэт их шүтэх буруу гэж үү?
Буруу. Яагаад гэвэл зөвхөн англи, америк ,австрали канад гээд хэдхэн л орон луу явуулхын тулд л англи хэлийг сургаж байна. Тэрнээс биш дэлхийн өөр хэрэгтэй хэлүүд зөндөө байна. Яахаараа дандаа англи хэл байдаг юм.
-Монголд "дипломтой ажилгүйчүүд” гэсэн нэр нэр томьёо үүсээд олон жил болсон. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой гэж та үздэг вэ?
Ерөнхийдөө монголчууд хүн төрөлхтний мэдлэг боловсролтой их сүүлд танилцсан. Тэр нь 60-70 жилийн хугацаанд явагдсан байдаг. Жишээ нь МУИС байгуулагдаад 60, 70 жилийн л нүүр үзэж байна. Хүн төрөлхтний мэдлэг боловсролтой танилцаж явах хугацаандаа монголчууд дипломтой байх дээд мэргэжилтэй байх, ромбо зүүх нь их гоё ганган харагддаг юм байна гэсэн нэг буруу ойлголттой болсон. Тэгвэл өнөөдөр дипломтой болоод ч мундаг болохгүй, хэчнээн сайхан ромбо зүүгээд ч мундаг болохгүй тийм цаг үед бид амьдарч байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр тэр дээр үеийн социализмийн үеийн чанартай их дээд сургуулиуд Монголд тэртээ тэргүй байхгүй болсон. Яг өнөөдрийн байдлаар Монгол оронд их сургууль бол байхгүй гэж хэлж болно. Хоёрдугаарт Монгол оронд өнөөдөр их сургуулийн шаардлага ч байхгүй. Манайд өнөөдөр мэргэжлийн дээд сургуулиуд шаардлагатай.
Бас тэгээд техник мэргэжлийн сургуулиуд шаардлагатай. Дунд мэргэжлийн чадварлаг ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байна. Нэг үгээр хэлбэл 100 айл дээр байдаг хүмүүсийг мэргэжлийн болгох ёстой гээд байна. Энэ хүмүүс чинь тэр мэргэжлийн чадварлаг хүмүүс байхгүй болохоор л 100 айл руу явж байгаа ш тээ. Тийм учраас өнөөдөр тэр их сургуулийн диплом ромбоор гангардаг хүүхэд шиг зангаасаа хурдан салах хэрэгтэй. Тэгээд бодит амьдралыг арай өөр нүдээр харах хэрэгтэй байна. Өнөөдрийн Монголд ямар мэргэжил хэрэгтэй вэ гэдгийг хүүхэд залууст сайн хэлж ойлгуулах ёстой. Өөрсдийгөө авч явах чадвартай, тийм хүмүүсийг бий болгох хэрэгтэй байна. Диплом ромбо зүүдэг тэр гангарааг яаралтай болиулах хэрэгтэй. Боловсролын хувьсгал гэж яриад байдгын нэг жишээ нь энэ юм.
-Тэгвэл 10 жилийн сургуулиудыг яах вэ? Зарим хувийн дунд сургууль жилийн төлбөр нь 28 мянган ам долларын үнэтэй байна. Бас гадаад эзэнтэй, гадаад хэл дээр явуулдаг хувийн өндөр төлбөртэй сургуулиуд маш их байна л даа.
-Ер нь гадаадын хувийн 10 жилийн сургуулиуд манайд байж болохгүй юм байгаа юм. Ерөөсөө гадаад багш гадаад хэл дээр үйл ажиллагаа явуулж 10 жилийн хүүхдэд хичээл заадаг тийм жишээ дэлхийн аль ч улс оронд байхгүй. Японд яваад очсон ч, Германд яваад очсон ч цэвэр бүх хичээлээ англи хэл дээр явуудаг сургууль гэж хаа ч байдаггүй. Яагаад гэвэл тэнд үндэсний дархлаагаа сайн хамгаалдаг. Энэ нь тэр орны төрийн асуудал байхгүй юу. Төргүй оронд л ийм юм байдаг байх. Төр чинь үр хүүхдийнхээ сургууль соёлын асуудлыг өөр дээрээ авч явдаг, өөрөөр хэлбэл төр нь тэд нарынхаа өмнө үүрэг хүлээсэн байдаг. Тийм учраас тэр Туркийн сургууль, Англи сургууль, Солонгосын сургууль гэж хэзээ ч байж болохгүй. Үүнийг зөвшөөрч ч болохгүй. Яагаад гэвэл хүүхэд чинь 20 нас хүртлээ дөнгөж ухаан нь төлөвшдөг. Тэрнээс цааш тэр ухаанаараа явдаг тийм зүй тогтолтой. Тэгэхээр тэр хүүхдийнхээ ухааныг төлөвшүүлэх 10 жилийн сургуульдаа турк хэл заагаад, англи хэл заачих юм бол тэр хүүхдүүд чинь англи хүн, турк хүн болно.
Тэр хүүхдэд англи эсвэл турк руу явж амьдарсан нь дээр. Монголд амьдрах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл ухаан нь төлөвших үед нь монгол хэл, монгол амьдралыг заагаагүй юм чинь. За тэгээд монголын нутаг дээр байсан ч гэсэн дотуур байранд амьдрах юм бол бүр монголд ямар ч хамаагүй хүмүүс болно. Хэл ам нь ч гэсэн англи, турк болно. Яагаад гэвэл хэлээр дамжиж бодол ухаан хөгждөг учраас тэр. Өөрөөр хэлбэл энэ бол хүүхдэд хийж байгаа асар том гэмт хэрэг гэсэн үг. Хүүхдүүд одоохондоо мэдэхгүй байна. Бүр нарийн яривал энэ чинь үндэсний аюулгүй байдалд ч маш аюултай зүйл. Дэлхийн улс орон бүр ийм зүйлээс маш их айдаг. Бусад орны ард түмэн орж ирээд үр хүүхдүүдийн минь тархи толгойг нь угаагаад аваад явчих вий гэж айдаг.
Тэгэхэд манайх шиг тэр хүмүүсийг урьж авчирдаг тийм улс өөр хаа байна. Аа дээд сургууль бол байж болно. Яагаад гэвэл 20 нас хүртлээ монголжчихсон учраас гадаад хэлийг сурж болдог. Хуучин хүмүүс хүүхдээ орос сургуульд оруулна гэж явдаг байсан ч өнөөдрийнх шиг ийм дэндүү тархи угаасан юм арай байгаагүй. Ерөөсөө одоо байгаа энэ 10 жилийн сургуулиуд хувийн байх ч онцгүй. Төр хувийн хосолсон байх хэрэгтэй. Хоёрдугаарт 10 жилийн сургуулиуд мөнгөний машин байж хэзээ ч болохгүй. Төлбөр мөнгө хэзээ ч авч болохгүй. Өнөөдөр монголд сурах бичиг гэхэд тэр чигээрээ цэвэр бизнес болсон. Тийм учраас сурах бичиг цэвэр төрийн мэдэлд байх ёстой.
-Боловсролын тогтолцоог яаж сайжруулах ёстой вэ? Энэ талаар таны бодол санааг сонсвол.
-Сүүлийн 20 жилд энэ улс орон боловсролд дургүй, боловсролгүй хүмүүсийг төрийн дээд албан тушаалд томилдог ийм гаж тогтолцоо руу орсон. Энэ нь тэгээд өнөөдөр Монгол улсад жишиг болоод тогтчихсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Өнөөгийн Монгол улс хэр боловсролгүй тусмаа, хэр ёс суртахуунгүй тусмаа дээшээ дэвшдэг, дээд албан тушаалд очдог тийм бүхэл бүтэн тогтолцоотой улс болсон. Ийм гаж тогтолцоо нэгэнт тогтчихсон учраас боловсролын том өөрчлөлт хийнэ гэдэг Монгол улсад маш хэцүү. Өөрөөр хэлбэл бидний тэр төр гэж нэрлээд байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь ийм байдлыг хөхүүлэн дэмждэг тийм байдалтай байна. Тэд нар өөрсдөө болохоор дандаа худлаа дипломтой, худлаа докторын зэрэгтэй хүмүүс байгаад байдаг. Хэдэн онд билээ, 7, 8 жилийн өмнө билүү УИХ-ын гишүүдийн намтарыг харсан чинь бараг тал хувь нь докторын зэрэгтэй байсан.
Зарим гишүүд нь бүр философийн ухааны докторын зэрэгтэй гэж байсан, миний бүр инээд хүрч байсан. Гэх мэтчилэнгийн бид нар чинь өөрсдөө шилдэгүүдээ төрийнхөө дээр гаргаж тэд нараараа заалгаж явахгүй хамгийн боловсролгүй, хамгийн бүдүүлэг, хамгийн ёс суртахуунгүй хүмүүсээ гаргаад тавьчихаар чинь яаж боловсролын хувьсгал хийх юм. Өөрөөр хэлбэл маш хэцүү зүйл. Харин мэдлэг боловсролтой хүмүүсийгээ монголчууд номын цагаан солиотой, энэ нэг хэнхэг, номын хэнхэг туссан мэдрэл муутай амьтан гэх мэт үгээр дорoмжилж мэдлэг болoвсролтой хүмүүсээ үгүйсгээд тэнэг хүмүүсээсээ юм горьдоод суугаад байдаг нь ёстой нөгөө "бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэдгийн үлгэр болж байна.
-Сүүлийн үед зарим нэг яаманд олныг сэртхийлгэсэн хэрэг төвөг гарч улс төрийн байдал тогтворгүй байх шиг байна. Энэ боловсролгүйн гай юу ?, эсвэл засаглалын дампуурал уу?
-Үгүй яахав үүнийг өнөөгийн Монголын улс төр нийгмийн дүр зураг гэж ойлгох хэрэгтэй. Монголын өнөөгийн нийгмийн байж байгаа царай нь энэ. Яагаад ? Нэгдүгээрт боловсролын шалтгаантай, мэдээж боловсрол муутай, ёс суртахуун байхгүй яаж ийж байгаад нэг диплом авчихсан яаж ийж байгаад МУИС ч юмуу, ШУТИС-ийн ч юмуу оюутны холбоонд байж байгаад тэндээсээ улс төрийн намд ороод, тэгээд улстөрийн намаараа явж байгаад яам, агентлаг руу орж ирдэг ийм нэг зам байна. Тэр утгаараа энэ хүмүүс тэр тогтолцоогоороо улс төрд орж ирдэг. Харин ч бага орж ирж байгаа нь их сонин байна. Маш олон гарах ёстой. Гэхдээ мэдээж заримыг нь нуудаг юм байлгүй дээ. Би л тэгж ойлгоод байдаг юм. Арай арчаагүйгий нь нуучихдаг юм шиг байна лээ. Тэрнээс биш энэ бол өдөр тутмын л үйл ажиллагаа гэж би ойлгож байгаа. Үгүй гэхэд л эд нар зочид буудалд очиж зодолддог байж магадгүй л юм.
Хоёрдугаарт манай энэ нийгэмд эрчүүдийг үнэлдэг эмэгтэйчүүдийн нэг тогтсон буруу үнэлгээ яваад байна. Одоо тийм нэг булчин шөрмөстэй, хатуу ширүүн, хүн шаагаад авчихдаг, тийм нөхдүүдэд их дуртай. Бараг л аавдаа алгадуулах сайхан шүү, нэг цохиулаад авахад сайхан болчихдог ч гэх шиг сонин сонин юм их ярьдаг. Ингээд эд нар чинь бүр өөгшүүлээд онгируулаад хаячихсан. Монголчуудын нэг муухай үг байна шт. Эр хүн шиг гэдэг. Эр хүн шиг гэдэг үг чинь юув. Зүгээр л нэг хүн зодчихдог, булчин шөрмөсний хүчээр оюун ухааны хүчээр биш тийм хүнийг ойлгоод байна. Зарим эмэгтэйчүүд ёс суртахуунтай, зөөлөн, ёс зүйтэй, юмыг зөв шийдэж ухаалаг ханддаг эр хүнийг доожоогүй, нялцгай гэх мэтээр хэлдэг нь муу муухай юм гарахад их нөлөөлж байна. Бас фейсбүүк дээр хүн зодсон, дээрэлхсэн, азаргалсан ийм эрэгтэйчүүдийг зарим эмэгтэйчүүд их шүтэх жишээтэй.
Бөхчүүдийг бол асар их магтан дуулдаг. Олон ширхэг бууз идэх юм бол бас магтах янзтай. Хүчирхийллийг дэмжиж матган дуулсан шинжтэй. "Бид ялна, Монгол ялна” гэдэг үг чинь ийм хүмүүсийг өнөөдөр төрүүлж байна. Саяны тэр яамны залуу бол "Бид ялна, Монгол ялна " гэж байгаад л хүн зодоод алчихаж байна. Тэгэхээр энэ нэг муухай нийгэмд байгаа үг өгүүлбэрүүд, цэцэн үгнүүдээсээ монголчууд хурдан салах хэрэгтэй. Тийм учраас эрэгтэй хүн бол ухаалаг байх хэрэгтэй, оюунлаг байх хэрэгтэй тийм орчин үе ирчихээд байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Саяхан УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын асуудлаар ард түмнээсээ дуртай дургүй нэг юм уучлал гуйх шиг боллоо. Үүнийг юу гэж ойлговол таарах вэ? Энэ бас л Монголын өнөөгийн нийгмийн байж байгаа царай нь юу ? Та юу гэж бодож байна?
-Үүнийг бол өнөөгийн монголын сүүлийн 20 гаруй жил дэх улс төрийн намын бодит нүүр царай гэж ойлгох хэрэгтэй. Бид нар нэг хэсэг их ярьдаг байлаа шт. Төрөөс төрсөн тэрбумтан гэж. Үүнийг чинь би дараа нь засаж хэлсэн байхгүй юу. Үгүй ээ наадуул чинь төрөөс төрөөгүй, улс төрийн намаас төрсөн тэрбумтан гэж. Нам чинь төр авчихаж байгаа юм чинь. Тэгэхээр М.Энхболд гэдэг хүн бол улс төрийн намаас төрсөн тэрбумтнуудын л нэг байхгүй юу. Маш олон Энхболдууд байгаа. Ил гарч ирж байгаа нь энэ Энхболд байхгүй юу. Энэ хүн бол Монголын сүүлийн 20 жилийн улс төрийн намын цэвэр бүтээгдэхүүн. Энэнд угаасаа нэг их гайхаад байх юм байхгүй.
-Тэгвэл яагаад ийм дампуу хүмүүс төрийн толгойд байгаад байна вэ?
-Манай улс төрийн намын систем нь өөрөө ийм юм чинь ийм хүмүүс төрөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр яалт ч үгүй тийм хүмүүс тэр намаас нь гарч ирэх нь зайлшгүй. Нөгөө хэн билээ, МАН-ын нөгөө өвгөн чинь насаараа УИХ-д суусан?
-УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл үү ?
-Тийм. УИХ-ын танхимын шавар бурхан, гуулин бурхан ч юмуу, эсвэл хүн бурхан л гэх байхдаа. Тэр хүн чинь тэнд бараг бүх насаараа сууж байна ш тээ. Энэ чинь тэрний нэг бодит жишээ байхгүй юу. Тэд нар хэзээ ч залуу үе, шинэ үеийг оруулж ирж улс төрийн системээ өөрчилж чадахгүй тийм хүмүүс. Улс төр гэдэг чинь маш их динамик, маш их шинэчлэлт явагдаж байх ёстой тийм сэргэг хөдөлгөөнтэй газар байх ёстой.
Гэтэл хамгийн бүдүүлэг, хамгийн хоцрогдсон, цаг үе нийгмээсээ асар их хоцрогдсон тийм хүмүүс өнөөдөр монголын төрийг барьж байна. Улс төрийн намууд нь ч гэсэн ийм байдалтай байна. Энэ хоёр том нам бол нийгмээсээ хоцрогдчихсон тийм намууд. Тэгээд тэрнийгээ мэдэхгүй байна. М.Энхболд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл гурав бол гурвуулаа нийгмээсээ хоцрогдчихсон хүмүүс гэж ойлгох хэрэгтэй.
-Тэгвэл бусад намууд эд нараас арай дээр гэж үү? Уул нь бусад жижиг намууд шинэчлэгдээд улс төрд орж ирвэл сайхан л даа. Саяхан Германд барууны үзэл баримтлалтай нэг нам сонгуулиар гарч ирээд маш их амжилттай явж байна. Шууд эхний гуравт орчихсон. Гэхдээ ийм шинэлэг улс төрийн нам гарч ирэх боломж бололцоо манайд маш бага. Дээр нь Монгол хүмүүс аливаа юмнаас маш амархан буцдаг, маш шантрамтгай байдаг учраас ерөөсөө амжилт олохгүй байна.
Өнөөдөр Монголд хүмүүс улс төрийг албан тушаал, мөнгө хөрөнгөний төлөө л хийдэг гэж ойлгоод байна. Гэтэл бусад улс оронд жишээ нь Сингапурт Ерөнхий сайд Ли Куан Юу юу гэж хэлж байсан гэхээр " Мөнгө сонирхсон хүмүүсийг улс төрд битгий оруулж ирээрэй” гэж хэлж байсан. Ямар гоё хэлж байнаа. Тэгвэл манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр "Мөнгө сонирхсон хүнийг улс төрийн намд авахгүй” гэж хэлэх үгийг хэзээ чи бид хоёр сонсох бол ? Хэзээ ч сонсохгүй байхаа даа.
-Та нэг хэсэг Н.Энхбаяртай хамт улс төр хийж байсан хүний нэг. Н.Энхбаяр гэдэг хүн өнөөг хүртэл улс төрд оролцож явааг юу гэж үздэг вэ? Бүх л албан тушаалыг хашиж үзсэн хүн биз дээ.
-Тэр хүн одоо тийм нэг буруу хүн юм. Хүн чинь одоо яадаг юм больё гэдэг ч юм уу, алдаагаа засъя гэдэг ч юму у нэг тийм ухаантай байх ёстой. Би бол юу гэж боддог гэхээр тухайн үед нам байгуулаад нэгэнт өөрөө мэдлэг боловсролгүй хүн намайг ерөнхийдөө дэмжээд мэдлэг боловсролтой улс төрийн, онолын, философийн олон зуун ном уншчихсан оюунлаг хүнээс юм сонсоод дэмжээд хажууд нь явсан бол дээр байх байсан гэж боддог. Энэ хүн чинь өөрөө У.Хүрэлсүх, М.Энхболд нартай ямар ч ялгаагүй хүн. Уул нь энэ хүн "Н.Энхбаяр” гэж сан байгуулаад соён гэгээрэл, хүмүүнлэгийн ажил хийсэн бол арай дээр байх байсан болов уу. Ялангуяа энэ хүн залуучуудад аягүй муухай үлгэр жишээ болж байна. Өнөөдөр залуу үеийнхэн Н.Энхбаярыг хараад ямар муухай юм гэж харж байна. Тэр хүн залуучуудад үлгэр жишээ үзүүлэх тэр үүргээ ерөөсөө биелүүлэхгүй байна.
Би хэдэн онд билээ Өмнөд Солонгосын "Дэү” компанийн захирал байсан Ким Ү Жүн-ий бичсэн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” гэдэг номыг уншиж байснаа санаж байна. Тэр номыг уншиж байхад ямар гоё санагдсан гээч. Тэр хүн залуучууддаан зориулж энэ номыг бичлээ гэж хэлж байсан. Өөрийнхөө дансанд хэдэн вон байдгыг ч сонирхдоггүй гэж хэлж байсан. Тэр ямар гоё үг вэ? Дэлхийн тийм том компанийн босс тэгж хэлж байна ш тээ. Үнэхээр гайхамшигтай байгаа биз. Тэр хүн чинь өөрөө бол өдрийн хэдэн зуун сая ам долларын цалинтай байгаа. Тэгээд тэрнийгээ юман чинээ бодохгүй байна. Дараа нь тэр хүн тэртээ тэргүй тэр их мөнгөө нэг тусламжийн байгууллагад өгөх биз. Хүн мөнгөнд тэгж их шунах хэрэггүй байдаг байхгүй юу. Ерөөсөө энэ Монголын төрийн толгойд байсан бүх хүмүүс өөрсдийнхөө намтаруудаа үнэн зөвөөр бичих хэрэгтэй. Тэгж байж залуу үедээ үлгэр жишээ болох ёстой. Тэр үүднээсээ энэ нөхдүүд бүгдээрээ "Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэдэг шиг тийм ном бичих хэрэгтэй. Тэрнийг л одоо би эд нараас хүлээгээд байна. Хэзээ номоо хэвлүүлэх гээд сууж байна гэсэн сайхан мэдээ сонсгох юм, тэр сайхан мэдээг л хүлээж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn