УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдэд
хандан ил захидал илгээжээ
ҮЗХ-ны гишүүн журмын нөхөд өө!
Өнөөдөр бид хэн нэгнийг ямар нэг дарга сайд байлгах, эсвэл болиулах гэдгээс илүү чухал асуултад хариулт өгөх шаардлагатай байна. Энэ бол Ардчилсан намаа ард түмний итгэл найдварыг тээсэн ардчилсан улс төрийн хүчин хэвээр нь авч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал юм.
Юуны өмнө би та бүхэнд 1998-2000 онд юу болсныг товчхон сануулъя. Учир нь энэ танхимд байгаа хүмүүсээс тэр үед улс төрийн халуун гал тогоон дунд, тэр тусмаа УИХ-д байсан хүн цөөхөн байна. Бид ой санамжтай, залгамж уялдаатай байх учиртай.1998-2000 онд бид хоёр жилийн дотор гурван Засгийн газар сольсон, улс төрийн эх захгүй бужигнаан дунд ардчиллын алтан хараацай, журмын нөхөр маань хэрцгийгээр хөнөөгдсөн, дараа нь гурван гишүүнээ шоронд хийсэн. Эцэст нь намынхаа ялалтыг 12 жил алдсан. Энэ бол зөвхөн манай намын биш Монголын хөгжлийг хойшлуулсан он жилүүд байлаа. Ардчилсан намын хувь заяа гэдэг дан ганц намын биш Монголын хувь заяа байдаг гэдгийг бид мэднэ.
Харин өнөөдөр бид 2000 оны хавартай яг адил нөхцөл байдалд ирээд байна. Тэр үед манай намыг хагаралдуулсаар үнэмлэхүй ялалтад хүрч дарангуйллын тогтолцоо бүрдүүлж байсан улс төрийн хүчин өнөөдөр дахин улс орны хувь заяаг шийддэг болсныг бид нүдээр харж байна. Ардчилсан нам өнөөдөр түүнгүйгээр засгаа авч үлдэж чадахгүй, уналаа гэхэд байгуулж чадахгүй, улс орны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байдалд байна.
2012, 2013 оны сонгуулиар ард түмэн ийм байдал, үйл явдлын ийм өрнөлийг сонгоогүй юм. Ард түмэн илүү тайван, тогтвортой байдлыг хүссэн учраас АН олонхи болсон билээ. Манай нам бол хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ ямагт шинэчлэлийн түүчээлэгч байж чаддаг, улс орныхоо хөгжилд чухал үүрэгтэй улс төрийн хүчин билээ. Бидний бодлого, хөтөлбөр зөв байдаг. Үүнийг өрсөлдөгчид маань ч хүлээн зөвшөөрдөг. Ард түмэн ч түүний төлөө саналаа өгсөөр ирсэн юм. Ардчилсан нам хийсэн ажил, бүтээсэн үйлсээрээ хэний ч өмнө улайж ичихээргүй байдгаас сонгогчид бидэнд итгэлээ өгдөг юм. Өөр хоорондын санал зөрөлдөөнөө ужигруулан улмаар хэн нэгэн олиггүйд ашиглуулах шалтаг болдогт нь харин сонгогчид бидэнд дургүй байдаг. Бид арсалдан тэмцэлдэж нэгнээ барах тусам сонгогчдоос бидэнд өгсөн итгэлийн зээл төлөгдөхгүй, улам бүр зузаарсаар итгэлийн өр, улмаар итгэлийн дампуурал бий болдгийг бидний өнгөрсөн түүх хэлдэг шүү дээ.
Өнөөдөр АН-ын нэр хүнд ямар түвшинд хүрээд байна вэ? Та бид эсэргүүцэн тэмцэж байсан хуучин тогтолцооныхоо эрхшээлд орж манай нам өөрөө ард түмний төлөөлөл, ардчилсан гэдэг шинж чанараа алдахад хүрээд байгаа бус уу? Манай намын өмнө ийм асуултууд тавигдаж байгаа нь үзэл санаагаар биш, албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн хуйвалдаанаар бий болсон фракци бүлэглэлүүдийн үйл ажиллагааны үр дүн юм. Шаардлагатай бол эх орныхоо эрх ашгийг дээдлэн аливаа бусдыг зольж чаддаг чанар манай намд анхнаасаа байсан, одоо ч байгаа. Хувь хүн, явцуу бүлгийн сонирхлын зөрчлүүд нь бидний энэ агуу чанарыг бүдгэрүүлэн мартагнуулж, биднийг олон түмэнд муухай харагдуулж байна. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанар, хэрэгцээт байдлаа булт олондоо харуулж итгэлээр хүлээсэн өрөө дарж зээлээ төлөх учиртай бус уу!
Фракци, бүлэглэлүүдийн сандал, ширээний төлөөх тэмцлийн үр дүнд намын удирдах бүх түвшний байгууллага, бүтцүүд маань сульдан саажиж эрүүл, чөлөөтэй маргаан мэтгэлцээн өрнүүлэн оновчтой шийдвэр гаргадаг газар биш хайрцаглагдсан сүрэг болсноор Ардчилсан нам өөрөө ардчилсан бус шинжтэй болж байна. Тэгж ч харагдаж байна.
Иймд энэ байдлаас гарч АН нойрноосоо сэрэхийн тулд сураг алдарсан намын Их хурлаа хуралдуулах тухай шийдвэрийг энэ ҮЗХ нэн даруй гаргаж хэрэгжүүлэх саналыг би дэвшүүлж байна. Ингэж байж л бид зарчмын том асуудлууд дээрээ ойлголцон зам мөрөө тодорхой болгох боломжтой болох юм. Харин энэхүү ҮЗХ цаашид намын төдийгүй улсын язгуур эрх ашигт хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргах ёс суртахууны эрх бий юу гэдгээ ч бодох шаардлагатай. Шинэчлэгдэх шаардлагатай байх.
Намын Их хуралдаа бүх сум, хорооноос жинхэнэ ард түмний төлөөлөл, Ардчилсан намын эгэл жирийн гишүүдээ ирүүлж хуралдсанаар бид суурь зарчим дээрээ эргэн нэгдэж жанжин шугмаа тодорхой болгож чадна. Саяхан болсон Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны их хурал манай намын жирийн гишүүд ардчилсан зарчмаасаа ухраагүй, ард түмэн ч итгэл алдраагүй байгааг бидэнд харууллаа. Тэндээс ойрын хэдэн жил бид намд дотроо хараагүй жинхэнэ ард түмний төлөөлөл, ардчилсан өрсөлдөөнийг би олж харлаа.
Дахин тэмдэглэн хэлэхэд АН эх орон, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлын төлөөх үндэсний хэмжээний улс төрийн хүчин хэвээр байж намын Их хурлаа нэн даруй хуралдуулан суурь үнэт зүйлс, зарчмаа сэргээн тогтоох шаардлагатай байна. Тэгж чадваас бид ирэх сонгуульд амжилттай оролцон ард түмний өмнө амласан Монгол хүн 2020 хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
2015.01.20
УИХ-ын гишүүн Л.Болд