Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангийн тэргүүн А.Оюунчимэгтэй Туул голын хадгалалт хамгаалалтын талаар ярилцлаа.
Өнгөрсөн хугацаанд танай ТББ Туул голыг хамгаалах асуудалд ямар анхаарал хандуулж ажилласан бэ?
Манай ТББ 2009 оноос эхлээд Туул гол дагуу байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд мониторинг хийж, Туул голын эхийн ай савд байгаа газрыг ойжуулж байгаа ойжуулалтын улсын төсвөөс хийгдсэн ажилд мониторинг хийсэн. Өнөөдөр Туул голыг хамгийн их бохирдуулж байгаа юм нь 35 арьс ширний үйлдвэр бөгөөд тэдгээр үйлдвэрүүд дээр бид хяналт мониторингийг хийсэн. Мөн бид энэ асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, Туул голыг яг ямар аж ахуйн нэгж бохирдуулж байгааг нарийвчлан тогтоосон.
Мөн Туул голыг дагаад ямар үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа талаар хяналт шинжилгээг хийлээ. Үүний дараа бид 2017 оноос Туул голын ай савд байгаа 10 аж ахуйн нэгжийн нийтийн эрх ашгийн өмгөөллийг хийсэн. Тэндээс 4 аж ахуйн нэгжийн лиценз нь цуцлагдсан байгаа. Түүнчлэн УИХ-ын өргөдлийн байнгын хороогоор Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж байгаа түүхий эдийн олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүд болон тухайн нөлөөлөлд өртсөн иргэдтэй хамтарч хэлэлцүүлэг хийгээд УИХ, Засгийн газар мэдэгдэж, тэндээс чиг үүрэг өгөгдөн үүний үр дүнд 96 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн.
Энэхүү шалгалтын үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжүүдийн 33 нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан нь тогтоогдсон бөгөөд 66 нь ямар нэгэн байдлаар нөхөн сэргээлт хийгдээгүй нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй зарим нэгнийх нь зөвшөөрөл хууль бус байсан нь тогтоогдож татан буугдсан. Мөн Туул гол дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын мэдээллийг олж авахад МХГ, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам зэрэг 15 гаруй газраас албан ёсны мэдээлэл авахад тэдгээр мэдээллийн зарим нь бидний хийсэн энэхүү хяналт шалгалтын үед хоорондоо илт зөрж байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нэгдүгээрт тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тоон дээр ямар ч хяналт алга, хоёрдугаарт нөхөн сэргээгдсэн ажлыг хийж байгаа нэг хоёрхон аж ахуйн нэгж байгаа бусад нь ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй нь харагдсан. Бас тэр нөхөн сэргээгдсэн хэсгийн талд нь тооллого ч хийгдээгүй байсан.
Нөгөө талаас Туул голын дагуу амьдарч байгаа иргэдийн суурьшлын бүсэд элс, тvvхий эдийн олборлолт явуулж байгаа нь үнэхээр аюултай түвшинд байгаа нь харагдсан. Мөн энэ сав газар малчид малаа маллаж, Дэвшилт сангийн аж ахуйнхан ногоо тариалаад сууж байна. Бас Туул голын ай сав газар шувууны өндөгний аж ахуй байна. Тэр ч битгий хэл Монос ХХК-ын эмийн үйлдвэр тэнд байгаа. Түүнчлэн иргэдийн тариалж байгаа төрөл бүрийн хүнсний ногоонууд байна. Энэ бүгд нь маш их тоосжилтонд өртсөн бөгөөд үүний нэг тод жишээ нь тэнд чацаргана тариалхад тэр нь огт ургадаггүй. Мөн тэр хавьд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ харшилтай байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон. Үүнээс хамгийн ноцтой нь тэнд амьдарч буй хүмүүсийн дотор эрхтний асуудал орж байна.
Ялангуяа тэдгээр хүмүүсийн дунд ходоод, элэг цөс, уушигны өвчлөл маш их байгаа нь энэ судалгаагаар тогтоогдсон. Ингээд бид төр засагт хандаж УИХ-ын гишүүн А.Сүхбаттай хамтран "Хууль ба ус” гэсэн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ хэлэлцүүлэг дээр бүх мэргэжлийн болон ШУ-ны байгууллагууд өөр өөрсдийн илтгэлийг тавьсан. Бид мөн Хан-Уул дүүргийн 11, 12 -р хороонд сууж буй иргэдийн эрүүл мэндэд Туул гол яаж нөлөөлж байгааг судалж энэ талаарх илтгэлээ Нийгмийн хөгжлийн хүрээлэнд тавьсан. Өнөөдөр манай Засгийн газар байнга л агаарын бохирдол яриад байдаг, гэтэл энэ тоосжилт чинь 4 улиралтай байдаг.
Тийм учраас энэ нь өөрөө маш ноцтой асуудал юм. Нөгөө талаас УБ хотыг хүнсээр хангадаг хүнсний үйлдвэрүүд тэнд байгаа нь маш том эрсдэл дагуулж байна. Тэгэхээр нэгэнт суурьшлийн бүс байгаа л бол төрөөс иргэдэд дэд бүтэцтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр боломжийг нь хангаж өгөх ёстой юм. Харамсалтай нь энэ үүрэг шаардлага өнөөдөр зөрчигдөж байна. Хамгийн наад захын жишээ дурьдхад Хан-уул дүүргийн 13-р хорооны иргэн н.Отгонбаатар гэгч хүний 9 настай хүүхэд Туул голын цүнхэл дотор орж сэлж байгаад нас барсан тохиолдол гарсан. Дээр нь тэнд амьдарч байгаа малтай иргэдийн мал байнга тэр цүнхэл рүү ороод зарим нь үхэж байна, зарим нь ч бүр чичрээд дагжаад аймшигтай дүр зураг харагдаж байна.
Бид ч бас газар дээр нь заримыг нь очиж үзсэн. Зарим иргэд тэр нүхэнд унасан малын дотор эрхтэн тухайлбал уушиг нь хар хөх болсон байдаг гэж ярьж байна лээ. Энэ юуг хэлж байна гэхээр Туул гол ингэж өнөөдөр аймшигтай бохирдсон болохыг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр Туул голын нөхцөл байдал бодит байдал дээрээ ийм л байна. Дээр нь УБ хотыг анхнаасаа барилгажуулахдаа дэд бүтцийг нь огт анхаарч ирээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилгаа барьчихаад дэд бүтцээ яриад байдаг. Энэ чинь юуг хэлээд байна гэхээр саваа бэлдээгүй байж саалиа бэлдэж байна гэсэн үг. Ийм байдалтай байгаа болохоор энэ Туул гол чинь байнга бохирдолтой байхаас өөрө аргагүй юм.
Тэгээд тэнд амьдардаг хүмүүс тэр бохир заваан уснаас ууж, мал нь тэнд бэлчихээр экологийн бүрэн хямралд орж байгаагийн дохио. Саяхан НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч манай улсад ирээд манай улсын хүн амын 1 сая гаруй нь баталгаат ундны усаар хангагдаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хийгээд явсан. Дээрээс нь Туул гол бол УБ хотын хүн амын 60 хувь нь амьдарч байгаа стратегийн ач холбогдолтой 7 аймаг, 9 дүүрэг дамжсан 747 км урт гол урсч байгаа ийм чухал гол байхад бид өнөөдөр ямар ч ач холбогдол өгөхгүй байгаа нь төр өөрөө энэ иргэд ард түмнийхээ цаашдын хувь заяанд огт санаа зовохгүй байгаагын тод илрэл юм.
Тэр ч бүү хэл бид 2030 он гэхэд манай улс тэртээ тэргүй ундны усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байхад үүнийг огтхон ч ярихгүй байна. Өнөөдөр Монгол улс далайтай биш, том том гол мөрөн маш бага тэгээд хүн амын 60 хувь нь Туул гол дагуу амьдарч байгаа нь ундны усны асуудлыг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй гэсэн үг юм. Харамсалтай нь энэ бүх хэлж ярьж байгаа юм ерөөсөө хэрэгжиж ирсэнгүй өдийг хүрлээ. Уул нь УИХ, Засгийн газраас энэ талаар холбогдох шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл ямар ч ажил хийгдээгүй өдийг хүрлээ. Мөн эдгээр байгаль орчны гэмт хэрэгт хяналт тавьж байх ёстой байгууллагууд нь ерөөсөө ажлаа хийхгүй байгаа нь туйлын харамсалтай байна.
Туул голыг бие даасан хуультай болгох ёстой гэж олон жилийн өмнөөс ярьж хэлж ирсэн. Энэ талаарх таны бодол санааг сонсоё.
Ер нь Монгол улсын газар нутгийн гуравны нэг дээр л гадаргын ус байдаг. Тийм байхад бид өнөөдөр Туул голд зориулж ганцхан хууль гаргаж яагаад болохгүй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол улсын хүн амын 60 хувь нь энэ жижигхэн голын хажууд орших УБ хотод амьдарч байгааг ерөөсөө анзаарахгүй байна. Энд улсын маань нийслэл байна, төрийн бүх байгууллагууд байна, гэтэл яагаад Туул голд зориулсан хууль журам гаргахгүй байгаа юм бэ. Би бол үүнийг заавал байх ёстой гэж үздэг. Тийм хууль байснаараа энэ Туул голыг хамгаалах ёстой юм.
Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна гэхээр Туул голыг дагаад түгээмэл тархацтай ашигт малтмалыг ухаж байгаа энэ зохисгүй байдлыг нэн даруй зогсоох ёстой гэж хэлмээр байна. Энэ бол хуульгүйгээс ийм байдалтай байгаа. Хоёрдугаарт авлига ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд тэнд үл хөдлөх хөрөнгө маш ихээр барьж байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг хэн барьж байна гэхээр эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүс барьж байгаа нь ойлгомжтой. Хэрвээ анхнаасаа Туул голыг хамгаалах хууль журам байсан бол ийм юм болохгүй байх байсан. Өнөөдөр гадны улс орнуудыг аваад үзье. Тэнд хэзээ ч Монгол шиг голынхоо эрэг дагуу байшин барилга барьж, уул усаа бохирдуулахгүй. Ийм түүх ч тэдгээр улс орнуудын түүхэнд байхгүй. Тийм учраас өнөөдөр бид үнэхээр юм хийж чадахгүй бол бусад орны туршлагыг даган дууриах ёстой. Өнөөдөр тэрбум гурван зуун сая хүн амтай Хятад улс гол усаа хайрлаж хамгаалж болоод байхад бид ингэж чадахгүй байгаадаа ичих хэрэгтэй. Тийм учраас бид болон манай байгаль хамгаалагчид ,ТББ-ууд Туул голыг хамгаалх хуультай болоосой гэж хүсч байна.
Туул голын бохирдол өнөөдөр ямархуу төвшинд байгаа вэ?
Дэлхийд хамгийн их бохирдолтой долоон гол байдаг. Тэгвэл манай Туул гол тавдугаарт нь эрэмбэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа ойгомжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өнөөдөр ямар аюултай нөхцөл байдалд байна вэ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Би нэг жишээ хэлье. Би Бээжин хотод очоод савалсан цэвэр усыг яаж худалдаж байгааг нь харсан. Тэнд түрүү сард үйлдвэрлэгдсэн цэвэр ус арай хямд, харин шинээр үйлдвэрээс гарсан цэвэр ус илүү үнэтэй зарагдаж байна. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ байдаг.
Монголчууд бол аливаа усыг ууж хэрэглэхдээ энэ жил үйлдвэрлэсэн ус гэдгээр нь хардаг болохоос биш хэзээ ч ямар орчин нөхцөлд хадгалсан бэ гэдгийг нь ерөөсөө анзаарч хардаггүй. Бас өнөөдөр цэвэр ус үйлдвэрлэж байгаа тэр компаниуд нь дандаа гүний ус ашиглаж мөнгө олж байгаа компаниуд. Тэгвэл өнөөдөр Монгол улс гүний усны хэр нөөцтэй билээ. Бас эдгээр компаниудад хэзээ ч торгууль ноогдуулж байгаагүй. Тэгээд ч Туул гол өнөөдөр ямархуу төвшинд бохирдсон байгаа гэдгийг дээр дурьдсан тооноос харахад тэртээ тэргүй ойлгомжтой болно.
Туул гол дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид яаж засаж залруулах вэ?
Жил бүрийн 4, 5 сараас Сонсголонгийн гүүрнээс Туул гол тасардаг. Ийм байдалтай болоод олон жил болж байна. Яагаад гэвэл Туул голын дээд талын тэжээгддэг хэсэгт аялал жуулчлал нэртэй барилга байшин ихээр барьснаас болоод ийм байдалтай болсон. Мөн уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн бүр социализмын үеэс Туул голын тэжээл болж байсан ой модыг маш ихээр тайрснаас болж, ийм байдалтай болсон. Тэгээд үнэхээр энэ дөрвөн уулын дунд 1 сая 400 мянган хүн амьдрах ёстой үгүй юу гэдгийг бас ярих ёстой. Тэрний хөрс ус агаарын даац байна уу?
Анхнаасаа ямар ч судалгаагүй хандсанаас болж ийм байдалд хүрсэн нь нууц биш. Нөгөө талаас жилд 40 мянган автомашин оруулж ирж байгаагаас Туул гол маш ихээр бохирдож байна. Ялангуяа хар тугалга бол хүүхдэд маш ихээр илэрч байгаа. Үүнийг анхнаас нь бодож тооцоолоогүйгээс болж ийм гамшгийн хэмжээнд хүрээд байна. Тийм учраас тэртээ тэргүй УБ хот энэ хүн ам зүйн асуудлаа нэн даруй шийдэж, нийслэлийн эрх зүйн байдлын шинэчилсэн хуулийг яаралтай гаргах хэрэгтэй.
Туул гол дагуух хамаа намаагүй газар олголт болон нийслэлд байгаа арьс ширний үйлдвэрүүдийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ?
Арьс ширний үйлдвэрүүдийн хувьд гэвэл техник технологио өөрчилж шинэчлэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл ямар ч химийн хор хэрэглэхгүйгээр арьс ширний үйлдвэрлэл явуулж болно гэсэн үг юм. Хэрвээ өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх гэж байгаа бол "Уучлаарай нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэнтэй агаар нэг явдал болно”. Энэ нь нэг үгээр хэлбэл тэр арьс ширний үйлдвэрийн бохир шингэн нь арай өөр газар очсонтой ямар ч ялгаагүй гэсэн үг юм.
Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийг яах вэ? Тэр бас Туул голыг бохирдуулж байгаа шүү дээ?
Төв цэвэрлэх байгууламж бол анх 1964 онд ашиглалтад орсон. Тэгэхээр энэ байгууламж Туул голыг бохирдуулах нь угаасаа ойлгомжтой. Тийм учраас наад байгууламжийн чинь баас шээс нь хүссэн хүсээгүй хүчин чадлаа дийлэхгүй гадагшаа хальж урсаад байнаа л гэсэн үг. Тэгэхээр яаж ч бодсон УБ хотын хүн амыг цөөрүүлхээс өөр арга байхгүй.
"Хотхон нэртэй хогийн цэгүүд” олширсон гэдэг. Үүнийг яаж шийдвэл зохих вэ?
90 оноос хойш ардчилалын буянгаар ийм хогийн цэгүүд бий олноороо бий болсон. Тэр барилгууд нь ямар ч цэвэр бохир усны шийдэлгүй обьектууд байдаг. Тэгээд тэр барилгуудаас гарч байгаа баас шээс нь Туул голд хаягддаг. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүсийн хийсэн ажил. Тэр хүмүүс үүнийгээ өөрсдөө засах ёстой.
Туул гол дагуу аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар ярина уу?
Барууны улс орнууд гол нуурынхаа дагуу аялал жуулчлал хөгжүүлсэн жишээ олон байдаг. Гэхдээ мэдээж гол нуураа хамгаалж, спортын чиглэлээр хөгжүүлсэн байдаг. Түүнээс биш манайх шиг ийм аймшигтай байдлаар гол нуураа бузарласан улс байхгүй. Тэгээд тэдгээр улс орнуудад дугуйн зам, явган хүний зам гээд маш зөв байдлаар түүнийгээ шийдсэн. Гэхдээ гол мөрнөөсөө аль болох хол цэцэрлэгт хүрээлэн барьж, аялал жуулчлал хөгжүүлэх бодлогоор үүнийгээ хэрэгжүүлсэн байдаг. Ийм байдлаар гадны улс орнууд гол нуурынхаа дагуу аялал жуулчлал хөгжүүлсэн өдий төдий жишээ байна.
Ж.Батдорж