-Өнөөдрийн байдлаар 576 хууль үйлчилж байна-
УИХ-ын нэгдсэн чуулган өндөрлөж, энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Харин УИХ-ын намрын чуулган хаахад ердөө хоёр сарын хугацаа бий. Энэ хугацаанд зайлшгүй батлах ёстой хэд, хэдэн хуулийн төсөл Хууль зүйн байнгын хороонд цуглараад байна. Жишээ нь, 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан Эрүүгийн хуулийг шинэчилж, мөн Зөрчлийн хуулийг баталсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай, Хохирол барагдуулах сангийн тухай процессын хуулийн төслүүдийг заавал энэ парламентын хугацаанд батлагдах шаардлагатай болсон. Мөн сонгуулиас зургаан сарын өмнө батлах ёстой Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай зэрэг 30 гаруй хуулийн төсөл Хууль зүйн байнгын хороонд хүлээгдэж байна.
2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдсэн энэ удаагийн УИХ-ын гишүүд 2012 онд 17, 2013 онд 38, 2014 онд 23, энэ оны арванхоёрдугаар сар хүртэл тус тус 48 хуулийн төслийг батлаад байгаа юм. Харин эдгээрээс ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх 15 хууль, хэд хэдэн тогтоол бий. Ингээд зарим хууль, тогтоолын талаар хүргэж байна.
1.Хүүхдийн мөнгө авахдаа өрхийн бүртгэлээ заавал шалгуулаарай
Өнгөрсөн сарын 13-ны өдөр УИХ Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төлсийг баталсан юм. Ингэснээр хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ялгавартайгаар олгохоор болсон билээ. Тухайлбал, төсөвт 200 гаруй тэрбумыг суулгадаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хассанаар ирэх оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэрээр нийт 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар болсон. Энэ нь хүүхэд бүрт хүрэлцэхгүй учир 0-18 насны, өрхийн амьжиргааны 1-17 дугаар бүлгийн хүүхдүүд сар бүр 20 мянган төгрөг олгох юм.
Танай өрх хэддүгээр бүлэгт хамрагдаж байгааг мэдэхийн тулд эхлээд хорооны нийгмийн ажилтантайгаа холбогдож хүсэлт өгөх юм байна. Ингэснээр нийгмийн ажилтан тухайн хүсэлт гаргасан өрхийн гэрт очиж, үнэлгээ хийх аж. Энд цалингийн хэмжээ нэг их нөлөөлөхгүй бөгөөд цахилгаан бараа ихтэй бол өрхийн хамрагдах бүлгийн хэмжээ дээшилж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Хэрвээ амьжиргааны бүлэг тодорхойлох судалгаатай санал нийлэхгүй байгаа бол дахин нийгмийн ажилтантай холбогдон дахин үнэлгээ хийлгүүлэх боломжтой аж. Ингэсэн тохиолдолд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс дахин өрхийн үнэлгээ хийж өгөх юм байна. Дашрамд дурдахад, 7-15 дугаар бүлэгт 294 мянган өрх багтдаг аж.
2. Хувиараа "цэцэрлэг” ажиллуулах боломжтой
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247.104 хүүхэд байгаагаас 61.585 нь нийслэлд байдаг байна. Харин тэдгээрээс 21400 хүүхэд буюу гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа бий. Гэвч, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах ямар ч боломжгүй байгаа юм. Тиймээс УИХ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өнгөрсөн долдугаар сард баталсан билээ. Энэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх тул иргэд заавал цэцэрлэг гэлтгүй хүүхэд харах, хүүхдээ бусдаар харуулах бүрэн боломжтой болж байгаа.
Тухайлбал, хуульд зааснаар та хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан (Боловсролын яамны сургалтад тав хоног хамрагдана), бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байх ёстой юм. Мөн өөрийн, түрээсийн, зээлийн аль нь ч байсан хамаагүй, хүүхэд байх стандарт (хуульд зааснаар) хангасан л бол гурвуулаа нийлж, дээд тал нь 15 хүүхэд харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг хүн таван хүүхэд харах боломжтой. Мөн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм. Халаалт, цахилгааны зардлын тухайн хүүхдэд ногдох хэсгийг эцэг, эх хариуцах бөгөөд сард 12100 төгрөг байхаар одоогоор тооцоод байна. Түүнчлэн эцэг, эх асран хамгаалагчийн сайн дурын үндсэн дээр үзүүлэх нэмэлт төлбөрийг хуулиар хязгаарлаагүй байгаа юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 30 гаруй мянган хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах судалгаа гарсан юм. Мөн үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний эцэг, эх ажлын байраар хангагдах боломжтой байна.
3.Худалдан авсан барааныхаа 2 хувийг хэрхэн эргүүлж авах вэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг зохицуулж байсан гурван ч хууль ирэх оны нэгнээс хүчингүй болж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх гэж байна.
Манай улс 1993 онд худалдааны татвартай байсан бөгөөд НӨАТ-ын тогтолцоог 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр цагаас хойш НӨАТ татварын орлогын багагүй хэсгийг бүрдүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн онд 1.4 их наяд орчим төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ татвар Монгол Улсын нийт орлогын 21.9 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.
Нөгөө талаасаа НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч төлдөг тул энэ нь биднээс гарч буй шууд татвар гэсэн үг. Заримдаа бидний авсан бараа, үйлчлүүлсэн үйчилгээний татварыг дундын бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээд төлөхгүйгээр нуун дарагдуулдаг. Ингэснээр бидний төлж буй НӨАТ татвар болж очихгүй байх тохиолдол байдаг гэж судлаачид үздэг юм. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг өгснөөр хяналт сайжирна гэж үзэж байна.
Харин 10-50 сая төгрөгийн жилийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байна. Ингээд бид НӨАТ төлөгч газраас бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдаж авахдаа НӨАТ төлсөн өөрсдийн хувийг авч үлдээд, цахим санд (Энэ сайтыг албан ёсоор зарлана) бүртгүүлэх ёстой юм. Худалдан авалт хийсэн бүтээгдэхүүн бүрийн 10 хувь нь НӨАТ бөгөөд үүний 20 хувь буюу үнийн дүнгийн хоёр хувийг бид дараа жилийн эхний өдрөөс эхлэн буцаан авах боломжтой юм. Мөн жилийн хугацаанд худалдан авсан барааны нийт үнэ, түүнээс өгсөн татвар зэргийг давхар хянах боломж бүрдэж байгаа. Түүнчлэн НӨАТ төлөгч иргэд нэг удаа урамшууллын сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө хожих боломжтой юм. Тиймээс та ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд худалдан авах бүрдээ НӨАТ төлсөн баримтаа хадгалаарай.
4.Нийтийн сонсголд та зөвхөн сонсогч байх уу
Өнгөрсөн долдугаар сард баталсан Нийтийн сонсголын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Социализмын үед бас сонсгол гэж байсан, тэр нь зөвхөн дарга нарын хийсэн бүтээсэн, хийж байгаа зүйлсийн талаар ярьдаг байсан тул ийм сонсгол хэрэггүй гэж иргэд үзэж байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын хууль нь "...төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад...” чиглэгдсэн гэж байгаа юм.
Ингээд сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн сэдвээр явуулж болох юм. Мөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглосон байгаа юм.
Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болох бөгөөд бусад асуудлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь эсвэл Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Орон нутгийн ИТХ-ын зэрэг гишүүд сонсгол явуулах хүсэлт гаргаж болох юм. Харин үүнд нь иргэд оролцох хүсэлтээ сонсгол болохоос таваас доошгүй хоногийн дотор гаргах ёстой бөгөөд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагаанд биеэр оролцож болох юм.