Эрт үед юм даа, "Элсний 13-ууд” гэх нэртэй Зөвлөлт Холбоот Улсын кино гардаг байж. Түүнд коммунист 13 этгээд тулалдсаар байгаад бүгд үхдэг тухай гардаг. Энэ киноноос үүдэж Ардчилсан эвслийн 13 эсэргүүг "Элсний арван гурав” гэж нэрлэсэн. Дараа нь МАХН дотор намаа шинэчлэх санаатай 13 хүн нэгдсэн нь бас л энэ нэрийг хэвлэлийнхэнээс авч байв.
Энэ жил мөн л МАН дотроос 13 хүн Г.Уянгатай нийлж Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барилаа. Тэднийг "Уянгын 13” гэж нэрлэвэл зохихоор байна. Тэгээд ч АН-ын бүлгийн дарга "Уянгыг хормойдсон МАН-ынхан” гэж егөөдсөн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Г.Уянга толгойлж, 18 гишүүн дагаж гарын үсгээ зурсан. 20 гэсэн ч гишүүн Р.Амаржаргал нэрээ татсан. Энэ бол шинэ сэдэв биш бөгөөд хэн бүхний ярьсан, хэлсэн, өргөн барьсан, хийсэн болгоныг шүүмжилдэг гэдгээрээ алдартай Г.Уянгын бараг гурван сарын өмнө эхлүүлсэн улс төр юм. Тэр энэ албан бичгээрээ УИХ дахь нам, эвслийн бүлгийг өчигдөржин хуралдуулж, заримыг нь хүлээлгэж чадлаа.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг өглөө эрт хуралдав. Эвслийн дарга Н.Энхбаяр болон МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралд оролцжээ. Мөн огцруулах бичигт гарын үсэг зурсан бүлгийн гурван гишүүнээсээ мэдээлэл авч, нэлээд хэлэлцээд огцруулахыг дэмжихгүй гэж олонхоороо шийджээ.
Мөн АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь бүлгийнхээ дарга Б.Гарамгайбаатар болон гишүүн Г.Батхүү, Н.Батбаяр, С.Баярцогт нартай өрөөндөө уулзав. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан зарлан хуралдуулж, хэдхэн минутын дотор өглөөнөөс хойш ирц бүрдэхгүй байсан Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах нөхцөлийг бүрдүүллээ. Тодруулбал, тус байнгын хорооны гишүүн Н.Батцэрэг гадаадад томилолттой тул түүнийг хасаж, оронд нь гишүүн Г.Батхүүг байнгын хорооны гишүүнээр сонгов. Энэ бүгдийг хүч түрэн шийдүүлсэн гэж УИХ-ын дарга З.Энхболдыг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр буруушаав. Тэрээр энэ тухай "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц Н.Батцэрэг гишүүн байхгүйгээс бүрдэхгүй байсан. Гэтэл УИХ-ын дарга чуулган хуралдуулж байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хууль зөрчин, хүч түрж баталлаа. УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолттой яваа. Гадаадад томилолттой хүн бичгээр саналаа гаргах боломжгүй. Тийм бичиг өгөөгүйг намынх нь гишүүд ярьж байна. Түүнийг эзгүйд байнгын хорооны гишүүнээс чөлөөлж өөр байнгын хороонд харьяалуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны дэгийн хуулийг ноцтой зөрчиж байна. Дэгийн хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй аливаа асуудлаас завсарлага авах эрхтэй. Манай намын бүлгээс энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан боловч хүлээж авсангүй. УИХ-ын дарга дэгийн хуулийг ноцтой зөрчлөө. Дэгийн хууль хэрэгжихээ больсны жишээ энэ боллоо” гэв.
Дараа нь байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэв. Өглөө ирэхгүй олон цаг бусдыгаа хүлээлгэсэн Г.Уянга гишүүн ба түүний нөхөд ирцгээв. Гэвч тэдний хийж буй улс төр явуургүй болох нь сүүлчийн шийдвэрээс харагдав. Г.Уянгатай нийлж Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан "Уянгын 13” буюу МАН-ын бүлгийн 13 гишүүн огцруулах үндэслэл, түүнд дурдсан Оюутолгойн гэрээний талаар сайн мэдээлэлгүй, уншиж, судлах шаардлагатай байгаа гэв. МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах тухай өмнө нь хэлэлцэж байгаагүй бөгөөд 13 гишүүн тус бүртээ өөр, өөр үндэслэлээр гарын үсгээ зурсан юм байна.
МАН-ын бүлэг энэ тухай саналаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлж, ажлын тав хоногийн завсарлага хүслээ. Яагаад асуудлыг ухаж судлаагүйгээр огцруулах бичигт гарын үсэг зурсан бэ гэсэн асуулт гарч ирсэн ч байнгын хорооны дарга хуулийн дагуу тэдний бүлэгт завсарлага өглөө. Иймд Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногийн пүрэв гаригт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Ингээд "Уянгын 13” ба Ерөнхий сайдын асуудал бүтэн долоо хоног сунжрахаар болов.
Ерөнхий сайдыг УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн гишүүн Г.Уянга үзэж байгаа юм. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа. Иймд Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байна гэж үзэж тогтоолын төслийг санаачилсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
М.ГАН