Тэр бол ЖИНХЭНЭ АТАМАН. Бас миний амьдралдаа тааралдсан анхны засанд /Засан хүмүүжүүлэх газар. сэтг/ хүмүүжээд гарч ирсэн хүн. Д.Сэлэнгэ Шувууны хүүхдүүдийн нэг. Шувуун фабрик хэмээх жижигхээн тосгоноос төрсөн алдартныг бид мэдэх юм. Та яг зөв санаж байна! Алдарт Дамбын Хишигээ, Алтны магнат Ц.Мянганбаяр тэндхийнх. Манай ярилцагч энэ хоёр эрхэмтэй болон "Ар хударга” киногоор нийгэмд тэсрэлт хийгээд буй зохиолч, найруулагч Д.Болдбаатар нартай нэг анги, дотно найзууд.
Амьдралынхаа 16 жилийг нарсанд үдсэн тэрбээр саяхан найзынхаа уран бүтээлд шоронгийн атаманы дүрээр гарч ирсэн. "Юун жүжигчин хаанаас гараад ирэв ээ. Тэр хэсэг үнэхээр cool” хэмээн үзсэн хүн бүр шагшив. Би ч бас бүтэн жил тойрон шинэ монгол кино үзэж байгаа хэрнээ энэ жүжигчнийг огт хараагүй юм байна гэж гайхан бодсон. Аргагүй сониуч зандаа хөтлөгдөн энэ хүний намтрыг сонссон цагаас эхлэн ярилцлага авахаар зориг шулуудав.
Атаманууд, далд ертөнцийн амьдрал, жинхэнэ мужик эр хүний мөн чанар, хамгийн гол нь хүн чанар нэвт үнэртсэн ярилцлагч байлаа. Дөнгөж үрээ тэврээд байсан залуу аав найзыгаа өмгөөлөн хүнтэй нударга зөрүүлж улмаар хохирогч амиа алдсанаар нэг л өглөө "Хүн амины хэрэгтэн” хэмээх цол зүүн 20 жилийн ял сонсон хаалттай ертөнцөд очжээ.
Чухам тэнд түүнийг юу хүлээж байсан бэ? Бидний мэдэх, мэдэхгүй жинхэнэ эрчүүдийн ертөнц ийм л байдаг болов уу гэсэн бодол төрлөө. Хачирхалтай нь наранд нарсанд байдгаас илүү аймшигтай хүмүүс олноор амьдарч байгаа юм байна гэсэн бодол түүнтэй ярилцахад төрөөд байв. Бид магадгүй дунд нь амьдарсаар байгаад хэзээ ч энэ тойргийг гаднаас нь, өөр газраас ирсэн хүний нүдээр харж үзээгүй учраас мэддэггүй, дасан зохицсон байх л даа.
-Ингэж нэг жинхэнэ атамантай уулздаг юм байж. Уучлаарай, шууд хэлсэнд. Би хоёр утгаар хэлж байгаа юм шүү. Сүүлийн хоёр жил манай кино урлагийн сэргэлтийн жил байлаа. Дэлгэцийн бүтээлүүд ч олон гарлаа. Кино болгон атамантай, жүжигчид хэрэндээ энэ дүрийг үзүүлэх гэж чармайсан. Таны тоглолт хамгийн үнэн, халуун нь байсан. Жихүүдэс төрсөн шүү. Гэтэл та амьдрал дээр ч жинхнээсээ атаман байж.
-/инээв/ Амьдрал дээр жинхэнэ атаман гэж хэлэхэд … Ер нь миний хувийн бодол л доо. Хүн өөрийгөө хамгийн түрүүнд үнэлж байх ёстой. Би ер нь хувь хүн өөрийгөө үнэлж байж бусдад хүндлэгдэнэ, бусдаас хүндэтгэл ирнэ гэсэн дүрэмтэй л дээ. Хүүхэд байхын тэгж боддог сон. Өөрийгөө дорд үзэх дургүй. Аль болохоор юмыг бүтээх юмсан, би чадна гээд. Би багаасаа хөдөлгөөнтэй өөрөө бүгдийг хийх гэж оролддог хүүхэд байсан. Тэр утгаараа хүний доор орж явахыг хүсдэггүй. Дээрэлхүүлэхийг боддоггүй. Би дээрэлхүүлдэггүй гээд хүн дээрэлхээд байхыг боддоггүй. Өөрөө ер нь амьдрал дээрээ энэ дүрмээ ягштал баримталж явдаг.
Кинонд дүр бүтээсний тухайд ах нь яг жүжигчин болно гээд төлөвлөчихсөн юм байхгүй. Багын маань найз, энэ киноны зохиолыг бичсэн Болдбаатар гэдэг залуу бид хоёр нэг жижигхэн тосгонд хар багаасаа тоглож өссөн. Одоо хүртэл бид сайхан найзууд. Найз маань кино хийж надад энд тоглож дүр бүтээх завшаан олдсон. Тийм тохиолдлоор, санамсаргүйгээр кинонд тоглосон. Энэ магадгүй хувь зохиол юмуу, юу ч гэмээр юм.
Хүүхэд байхын жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байлаа. Багаасаа театр дугуйланд яваад бэлтгэж байсан. Тэгээд жүжиг, драмын жүжиг энэ тэрд тоглодог. Тухайн үед УБДС кино драмын ангидаа хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан. Яг бидний төгсөх жил элсэлт авдаг жил нь таарч би их баярлаж байсан. Маш их бэлдсэн. Харамсалтай нь би сургуулиа төгсөж чадаагүй л дээ. Яг хонхны баярын өмнөх өдөр авто машины осолд орсон. Хүний амьдрал чинь сонин байдаг юм байна ш дээ. Бүх юм өөрчлөгдсөн. Жүжигчин болох мөрөөдөл маань ч байхгүй болсон. Гэхдээ угийн цаанаасаа сэтгэлд нэг юм байдаг болохоор, шингэсэн хүсэл байдаг байсан л даа.
– Энэ дүрийг гаргахад танд хэр ойр дөт байсан бэ?
-За ер нь тэр тал дээр маш ойрхон байсан л даа. Хялбар байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл би өөрөө яг тийм амьдралыг үзсэн, биеэрээ туулсан. Багагүй хугацаанд, бүр үзэх үзэхдээ. Тийм болохоор өөрийн мэдэлгүй сэтгэл дотор тэр орчны байдал хүнд яг суудаг. Тэр үеийн бухимдал, хорсол юу байдаг юм, бүхий л юм байдаг л даа.
Тэгээд тэр газар /Засан хүмүүжүүлэх газар. сэтг/ чинь түмэн янзын ааш, характертай хүмүүс байдаг. Тэр бүгдтэй сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэдэг шиг дүрэм үйлчилдэг, бичигдээгүй хууль байдаг гэж хэлж болно. Яг тэр байдлаар, ямар ч хүн амьдарч байгаа орчиндоо дасан зохицох хэрэгтэй болдог. Хүссэн хүсээгүй хүн тэнд яг үнэн дүр төрхөө гаргана. Янз бүрийн багтай хүмүүс нь тэнд хүчээр тийм байдаг. Өөрөө хүсээгүй хэрнээ, хувь хүн нь тийм хүн биш мөртлөө тийм дүрд байх шаардлага гардаг. Бас хэрцгий байх хэрэгтэй. Гэвч тэр МАСК-ны цаана хувь хүн нь шал өөр хүн байдаг. Зөөлхөн сайхан сэтгэлтэй, хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлтэй, хүн чанартай тийм хүмүүс байж л байдаг.
-Таныг Дамбын Хишигээтэй найз гэж дууллаа. Уучлаарай, шулуухан асуучихад хэрэг төвөгт орох шалтгаан найзаас чинь болоогүй биз?
-Намайг тэр утгаараа хэрэг төвөгт орооцолдож хэл ам таталж явдаг гэж ойлгож болохгүй. Би түрүүхэн ярьсан, энэ кино хийсэн залуу, Хишигээ бид нар чинь нэг тосгонд Шувуун фабрикт өссөн. Тэр холбоо яг тэндээс үүсэлтэй. Бид багын найз, нэг ангийн хүүхдүүд. Тэр гудамжны тоосыг хамт бужигнуулж өссөн. Тэр утгаараа одоо хүртэл бид харилцаатай.
Хүндэлж явдаг, хар багын нэг ангийнхан гэдэг чинь бас цаанаа нэг өөр байдаг ш дээ. Хоорондоо холбоогүй байхын аргагүй. Тийм утгаараа найз нөхөд байгаа юм. Хэцүү нэртээр орж гарч явахад тэнд найзтайгаа бас таараад. Хар талхаа хувааж идээд л жаргал зовлонгоо хуваалцаад ярилцаад л явж байсан.
-Тэр хүн та хоёрын ер нь хэн нь атаман бэ?
-/инээв/ Энийг бол би хэлдэг юм биш л дээ. Хэн нэгэнд яаж харагддаг юм тэр утгаараа.
-Манайхан ер нь ингэж ярьдаг даа. Энэ хэзээ ийм байсан юм, доожоогүй л байсан даг гээд л. Ер нь эрчүүдийн ертөнцөд хэн байх нь багадаа тодорхойлогдчихдог юм биш үү?
-Ер нь тэгдэг л дээ. Үе үеийнхэн л тэгж ярьдаг, тэгж үнэлдэг. Тэгээд яахав дээ цаг хугацааны уртад юм байр нь солигдоод, нийгэмд эзэлж байгаа байр суурь гэдэг ч юм уу. Хөрөнгө чинээ, эрх мэдэл юу байдаг юм, танил тал ийм хүрээндээ дээшээ болчихсон. Хувь хүнийхээ хувьд эр улс шиг хоорондоо барилцаж аваад бяр чадлаа үзэхлээр эсрэгээрээ нөгөөтөх нь илүү байдаг гэдэг ч юмуу. Тийм тохиолдол байна л даа. Тэрийг тэгээд хүмүүс яаж юугаар нь үнэлж байгаагаас болно ш дээ. Тэрүүгээр нь л одоо энэ нь илүү хүчтэй, тэр нь илүү хүчтэй гэх юмуу.
-Дамбын Хишигээ атаман гэгддэг ч их нууцлаг. Найз нөхөд нь гэж урд нь хүн гарч ирж байгаагүй. Тэр утгаараа таниас сонирхоод асуугаад байгаа юм. Тэр ер нь ямар хүн бэ?
-Багын найз, ангийн маань хөвгүүний хувьд өнөөдөр сайхан бизнес эрхлээд сайхан нэр хүндтэй бүр манлай уяач, монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Модун группийн захирал гээд зөндөө л олон гуншинтай байна. Тэр утгаар нь би найзаараа бахархдаг. Үнэлж хүндэтгэж явдаг. Сайхан ш дээ, хүн чинь хэн нэгнээр бахархаж явах сайхан. Тэр тусмаа багын найз, ангийнхаа хүүхдээр бахархахгүй өөр хэнээр бахархах юм бэ.
Тийм болохоор би найздаа нэг ч муу юм бодож явдаггүй. Нэг ч муу үг хэлэхийг хүсэхгүй байна. Хүн болсон хойно алдаа оноотой сайнтай муутай хүнд муугаар хэлэгдээд явж л байгаа биз. Тэгж байж л аливаа юм чинь оршин байдаг хойно. Би хувь хүнийх нь хувьд бол эр хүн гэж боддог. Багын л цагаан цайлган хүнд тусархуу хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан ш дээ. Зүггүй дэггүй, бидний үеийнхэн бүгд л тийм байсан. Гэхдээ бүгд л сурлагатай бол сурлагатай урлагтай бол урлагтай. Одоо юу гэж хэлдэг юм, тэр үед багш нар маань савдаг элээ шиг гэж хэлдэг байсан. Юм юм руу үсчиж байдаг. Чадахгүй мэдэхгүй юм гэж байхгүй. Манай найз чинь маниас өмнө кинонд тоглочихсон хүн шүү дээ.
-Тийм үү? Дамбын Хишигээ ямар кинонд тоглосон юм?
-Хоньчин Найдан гээд кинонд морь унасан нэг сайхан баян айлын дэггүй хүүхэд болж "Чигчий хурууны чилээ гаргахгүй байж чи муу одоо юу гээд байгаа юм?” гээд яриад явдаг хэгжүүн хүүхдийн дүрд манай ангийн 5, 6 хүүхэд шалгуулаад бид зэрэгцээд зогсож байлаа. Халимаг үсийг маань сөхөж үзээд, халзан болвол ямар төрхтэй байх бол гэж үзэж байсан байх. Тэвэг тоглодог уу гэхэд бид нар бүгд тэвэг тоглодог. Гүйж харайдаг уу, бүгд чадна. Морь мал унах уу бүгд унана гээд л.
Хишигээ багадаа биднийг бодвол биерхүү хүүхэд байсан. Би үеийнхнээсээ хоёр насаар дүү сургуульд орсон. Их жижигхэн хүүхэд байлаа. Тэгээд Хишигээ маань тэнд шалгараад тоглоод ирсэн. Зуны амралтын дараа нээх жүжигчин шиг халзан толгойтой нөхөр гүйгээд гайхуулаад бид нарт кинонд тоглосноо ярьж байсан. /инээв/
-Тэгвэл Мянганбаяр багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Мянганбаяр маань Шувуун фабрик тосгонд харьцангуй бид нараас сүүлд ирсэн. Бид өлгийтэйгөөсөө авахуулаад ясли цэцэрлэг сургууль гээд явж байхад Мянганбаяр гурав билүү дөрөвдүгээр ангид орох жил ирж байсан. Багын Мянганбаяр чинь бас их биерхүү хүүхэд байсан. Биерхүүчүүдийн тоонд Хишигээ, Мянганбаяр эд нар чинь орно, тэр үедээ л зузаан зузаан нөхдүүд байсан.
-Шинэ хүүхэд ирсэн юм чинь мэдээж зодолдоно биз дээ?
-Мэдээж тийм юм байлгүй яахав. Нэг анги болохоор нээх удаан тэрсэлдээд байхгүй л дээ. Нэг баг болчихоод өөр гадна дотноос ирсэн, дээд доод ангийн ах дүү нар чинь бас хялайна. Тэгэхээр чинь бид нийлж зодолдоно. Заримд нь хамт зодуулна. Ингэж өссөн. Бас анги дотроо би Мянганбаяртай маш их ойрхон өссөн.
-Мянганбаяр одоо бол монголын толгой баян, "тасарчихсан” хүн болоод байна. Багадаа ямархуу хүүхэд байсан бэ?
-Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Тэр ер нь багын л тийм, би хувьдаа тэр залууг ёстой жинхэнэ толгойгоороо явж байгаа гэж боддог. Би эцэг эх, ах дүү нарыг нь мэднэ. Хур хөрөнгө байхгүй. Хүүхэд байхын манай ангийн гавал сурагчдын нэг байсан. Физикт үнэнч, яг л физикийн хүн болно гээд явж байсан. Тэрүүгээрээ ч дагнаж, ямар муудаа л МУИС-ийн физикийн факультетыг алтан медальтай төгсөх вэ дээ. Багшлах эрхтэй, ОХУ-ын Дубна гэж хотын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар явж байсан.
Би тэр үед наймаа бизнес хийгээд бүр зорьж Дубнад очдог байлаа. Тэгээд л хөөрхий, эрдэм номын мөр хөөгөөд үзлээ. Ингэж амьдрахгүй юм байна гэж ярина. Хөлтэй нь хөлхөж хөлгүй нь хөлхөж наймаа хийж байсан үе ш дээ. Тэгэхэд яг миний муу найз хятад питрук өмсчихсөн нөгөө гахай цүнхийг чинь үүрээд наймаандаа явж байсан үе. Тэр үеэс нь би мэднэ.
Төд удалгүй Монгол газар компани байгуулаад санаа нийлсэн хэдэн найзтайгаа нийлээд. Надад хүртэл хар багаасаа бие биенээ мэднэ, нийлж нэгдэж юм хийх ёстой гээд санал тавьж байсан, найз маань. Тэгээд тэр зүтгэлийн үр дүнд монголын алтны магнат хүртэл болж явлаа ш дээ.
-Та хамт бизнес хийсэн үү?
-Би яг хамтарч бол хийгээгүй. Зүгээр найзтайгаа байнга харилцаатай, би өөрөө ч тусдаа бизнес хийгээд өөрийнхөө хийх юмаа хийгээд явж байсан л даа.
-Уучлаарай, нууц биш бол та яг ямар хэргээр аавын хаалга татах болсон юм. Багагүй хугацаанд суусан гэж сонссон.
-Нууцлах юу байх вэ. Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг тэ? Би яагаад ийм бардам байгаа гэхээр би хулгай дээрэм, хүчин ч юмуу ямар нэг жигшүүрт хэрэг хийж тэр газрын хаалга татаагүй. Би хэн нэгний найз байхыг хүсэж хэн нэгэнтэй нөхөрлөж байгаад үгүйлэгддэг найз нь байхыг хүсэж явдаг тийм л хүн.
Тэр утгаараа нөхөрлөж явдаг найзынхаа өмнөөс найзыгаа өмөөрч хүнтэй маргалдаад тэр нь сүүлдээ зодоон болоод нөгөөдөх маань бид нарын зодолдсоны улмаас гэмтэл бэртэл аваад тэрнээсээ болоод нас барсан. Тэгээд нэг л өдөр, хэдхэн хормын дотор хамаг юм орвонгоороо эргээд гэмт хэрэгтэн, тэх тэгэхдээ бүр алуурчин гэж нэр зүүгээд явсан даа.
-Тухайн үед танай найзууд томроогүй байсан юм болов уу. Туслах боломж байгаагүй юу?
-Тэр чинь 94 он, одоогоос 21 жилийн өмнө шүү дээ. Хишигээ, Мянгаа хоёр дөнгөж бизнес эхлээд ёстой хөл гараа олох гээд явж байсан үе. Гэхдээ тусалсан, тусалсан. Тэрийг ёстой бардам хэлнэ. Би одоо хүртэл боддог, найз нөхөд ах дүү нартаа хэлж явдаг. Хүний нөхөд гэдэг тийм агуу хэн нэгний нөхөр, найз байх өөрөө хэн нэгэнд үгүйлэгддэг, тийм л найз байхыг хичээж яваарай. Тэрэн шиг агуу юм гэж ер нь ховор шүү гэж хэлж захидаг. Өөрөө амьдрал дээр би биеэрээ үзсэн.
Хамгийн ойрын жишээ хамт хэрэгт холбогдсон найзыгаа бодох юм бол харьцангуй би ах дүү байхгүй. Ганц эгчтэй миний эцэг эх аль хэдийнэ бурхан болчихсон байсан. Би өөрөө дөнгөж гэр бүл болоод миний муу охин ой хэдхэн сартай, аав болоод удаагүй байсан үе. Бүх юм миний нуруун дээр бууж ирсэн тийм үе.
Тэгээд тийм хэрэгт ороод ирэхээр хүнд цохилт болж байгаа юм л даа. Ялангуяа миний эхнэрт маш хүнд цохилт. Тэгэхэд надад тус болох ах дүү байхгүй байлаа. Ганц ядарсан эгч маань л гүйгээд байдаг. Миний муу эхнэр л нялх хүүхдээ тэврээд гүйж байсан тэр үед миний сайхан найз нөхөд намайг орхиогүй. Яг хамт байсан. Ард маань үлдсэн эхнэр хүүхэд, эгчийн маань дэргэд байж тусалж байсан.
Би учиргүй бурхан шүтдэггүй л дээ. Гэхдээ заавал нэг шүтэж бишрэх юм хүнд байх ёстой байдаг юм байна. Би тэгэхэд найз нөхдөө шүтсэн. Баярлаж явсан, дотроо би нэг л өдөр энэ савнаас гардаг л юм бол, гарна ч гэж бодсон заавал нөхдийнхөө энэ тусыг хариулна даа гэж бодсон. Тэднийхээ дэргэд байж чадна даа гэж өөрөө өөртөө амлаж явсан. Одоо тэгээд яг тэр утгаараа хичээж явна. Нэг найзынхаа Болдбаатарынхаа энэ уран бүтээлийг дэмжээд кино эхнээс нь авахуулаад дуустал нь дэргэд нь хамт байлаа.
-Та тэр газар хэдэн жил болоод гарч ирлээ?
-bi 16 амьдарч байсан.
-Ер нь торны цаана амьдрал яг ямар байдаг юм. "Ар хударга” кинон дээр ч гэсэн тэрийг их нарийн гаргаж байх шиг байна лээ. Энд дуртайдаа хэн ирчихсэн байх вэ дээ. Архинаас ч юмуу жижигхэн алдаанаас болоод ирдэг. Тэгээд хүн эвдэрдэг гэдэг ч юмуу нарийн ширийн юм их үзүүлсэн кино. Ер нь торны цаана яг ямар ертөнц байдаг юм бол?
-Тэр мэдээж хүн болгонд нээлттэй байдаггүй, хаалттай ертөнц. Тэр утгаараа хүнд янз янзын бодол сэтгэгдэл төрүүлдэг л дээ. Нээх тэрийг сайн сайхнаар ярих боломжгүй. Тэр ертөнцийн амьдралыг сурталчлах маягаар ярих гэсэнгүй. Яг үнэнийг хүсэж байгаа тийм тохиолдолд цөөн үгээр хэлэхэд тэр бол хаалттай ертөнц. Тэр хүсээд байх ертөнц биш. Бичигдсэн бичигдээгүй янз бүрийн дүрэм тэнд үйлчилж байдаг. Тэр утгаараа юм юмны, хүний чанар шалгана. Ялангуяа эр хүний жудаг, чанар, тэсвэр тэвчээр бүх юмыг шалгадаг тийм л газар. Ер нь хойш хойш залуу үед сургамж болгоод хэлэхэд хүсэх газар биш шүү л гэж цөөн үгээр хэлмээр байна.
-Та тэр хэцүү нөхцөл байдлыг яаж даван туулсан бэ? Юу нь хүчтэй нөлөөлж байв. Та өөрөө дотооддоо их хүчтэй хүн гэдэг нь надад мэдрэгдэж байна. Кино үзсэн бүх хүн яг тийм бодолтой үлдсэн.
-Би нээх баяр хөөртэй тийшээ явсан гэхэд худлаа ш дээ. Хэн ч тэрийг хүсэхгүй. Дотроо бол маш их шаналаж харамсаж бас хорсож тийм байдалтай л явсан. Хэн тэрэнд дуртай байх вэ дээ, тэр тусмаа 20 жилийн ял сонсоод явна гэдэг бол аймшиг. Ёстой нөгөө боож үхэж босож хараймаар гэмээр.
Гэхдээ хамгийн гол нь би нэг юманд л итгэлтэй байсан. Би хүн алаагүй. Би хүн амины хэрэг хийгээгүй. Тэртэй тэргүй хугацаатай юм дуусна. Надад миний эхнэр хүүхэд байна. Намайг хүлээж байгаа хүмүүс байгаа. Сайхан найз нөхөд минь миний ард байна. Нэгэнт хийсэн үйлийн үр эдлэх ёстой юм байдаг юм бол үүнийг би дийлж гарч ирнэ гэсэн бодолтой аль болохоор цаг хугацааг яаж богинохон товчилж болох вэ гэж бодсон.
Тэр бүх боломжийг ашиглаж би давж дийлж гарах ёстой. Тэгэхгүй бол ганц олдсон амьдрал, насыг гутарч гуниад толгойгоо шааж суугаад барахгүй ш дээ. Тийм болохоор би тэрнээс холдож цаг хугацааг товчлохын тулд өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл сурах боломж юу байна тэр бүгдийг эрэлхийлж байсан.
Тэр газар чинь бас сайхан сайхан залуучууд байдаг юм ш дээ. Торны цаана л гэхээр дандаа хүний шаарууд байдаг юм биш. Ээжийгээ, эгчийгээ ахыгаа дүүгээ өмөөрөөд тэнд гэмт хэрэгтэн болчихсон сайхан залуучууд зөндөө байдаг. Харамсмаар, бүр арай ч дээ даанч дээ гэмээр. Хүнээрээ байгаад тэр газар эвдрэхгүй юмсан гэж хүсэж явдаг залуусыг би нэгтгэж байлаа.
Би хойно оюутан байсан болохоор орос хэлний зах зухтай. Орос хэл сурах сонирхолтой залууст орос хэл заадаг байлаа. Англи хэлтэй залуугаар нөгөө залуучуудад англи хэл заалгана. Хөгжим дуу сонирхдог залуучуудыг нэгтгээд хамтлаг байгуулж байлаа. Ах нь бүр хамтлагийн ахлагч хийж явлаа. Бидний үед тэр банзан гитар гэдэг юмыг чинь тоглож чаддаггүй хүн байгаагүй. Би багаасаа хөгжим дуунд их сонирхолтой байсан. Тэр утгаараа тэрийгээ хөгжүүлээд тэр газар бас яг мэргэжлийн мундаг хөгжимчин хүнээр даралтат хөгжим гэдгийг заалгуулаад өөрөө тоглож сурлаа.
Энэ байдлаар тэр бүх нөхцөл байдалтай би нэг ёсондоо тэмцэж сатаарах, цаг хугацааг алдахгүй ашиглах ёстой гэж бодоод. Тэрний хүчинд л би ер нь тэр урт цаг хугацаа тэр газрын хүнд хэцүүг давж гарсан гэж боддог.
Эцсийн эцэст бас нэг үг хэлэхэд сэтгэл зөв бол заяа зөв гэж үг байдаг. Хамгийн гол нь зөв байх ёстой. Тэр газар би ядарсныг нь дээрэлхдэггүй байлаа. Задарснаас нь айж ичиж явсангүй. Ингэж явахад тухайн газраа эсрэг тал гэж ярихаар Засангийнхан, хүчний байгууллага байх нь байна шд. Эд хүртэл яг зөв юмны төлөө яриад байхаар бас яаж ч чаддаггүй л байхгүй юу. Үнэн юм, зөв юм гэдэг тийм хүчтэй байдаг. Би тэгж яваад зарим нэгэнд нь муу хэлүүлж байсан байх. Зарим нэг нь аргагүй үнэн юм шүү гэж сайшааж байсан байх.
-Таныг яг тэр кинон дээр гардаг шиг анх очиход чинь дарамталж байсан уу?
-/инээв/ Тэр бол мэдээж ш дээ. Ганц надад биш хүн болгонд үзэх ёстой юм гэж байдаг. Манай киноны текстэн дээр хүртэл байгаа, "Учрах ёстой тавилан уулзах ёстой хүн гэж байдаг” гэдэг шиг үзэх ёстой юм гэж зайлшгүй байдаг байхгүй юу. Тэрийг тойрч гарахгүй. Заавал ч үгүй туулж дайрч гардаг юм. Тэглээ гээд Америк, Хятад кинон дээр гардаг шиг би тэнд нисээд эргэлдээд явна гэж байхгүй. Хүлээн зөвшөөрөх, үзээд туулаад гарах ёстой юмыг зайлшгүй үзээд гарах ёстой л бол ёстой эр хүний тэсвэр тэвчээр юу байдаг юм хийгээд л тэрүүгээр харуулдаг байхгүй юу.
-Таныг байх хугацаанд найз Дамбын Хишигээ тань хэр удаан суулаа. Та хоёр хамт байсан уу?
-Намайг суух хугацаанд миний найз гурван ч удаа орж гурван ч удаа гараад явчихсан байх аа. Нээх удаан суудаггүй. Бид хоёр хорих ангид удаан хамт байгаагүй. Дээд талын хугацаа хагас жил хамт байсан байх аа.
-Гэхдээ хагас жил ч бас урт шүү.
-Би өөрөө харьцангуй удаан нөгөө газар байсан болохоор надад тэр урт санагдахгүй байгаа байхгүй юу.
-Тэр хүнийг Халхын атаман гэдэг ш дээ. Яг атаман мөн юм уу. Шулуухан хэлээч?
-Би зүгээр шударга хэлье. Нэг хүнээр тэрийг хязгаарлахад утгагүй л дээ. Хүчирхэг байж болно. Хүчирхэг, эрх мэдэлтэй, мөнгөтэй, хөрөнгөтэй, хүрээлэлтэй, тэр утгаараа хүчирхэг хүчирхэг. Би бол тэрийг мэднэ.
-Та нэртэй атаманы найз гэдэг утгаараа тэнд арай бонустай хоригдох уу, эсвэл тэр хүн таны найз гэдэг утгаараа тэнд бонустай байх уу?
-Би хувьдаа хэнээс ч хамааралтай хэн нэгний ивээл дор байхыг хүсдэггүй. Ер нь хүсээ ч үгүй, тэр газар. Гэхдээ хүссэн хүсээгүй хамааралтай байх нөхцөл байна. Хүмүүс мэдээж сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл гэдэг утгаар хэн нэгний найз нөхөд байх гэдэг. Тэрийг би өөрөө мэдээгүй, хүсээгүй байж байхад тэр надад нөлөөлсөн л байж таарна.
Сэлэнгэ гэж энэ залуу Дамбын Хишигээгийн найз шүү, Сэлэнгэ гэж энэ залуу энэ хоёр тийм юм байна лээ гэж хоёр хүн чимээгүйхэн яриад ингэхэд тэр бол мэдээж нөлөөлнө. Тийм юм бол байгаа би тэрийг өөрөө ч мэддэг. Надад мэдрэгдэж байсан үе бий. Тэглээ гээд би нээх аа би тийм биш гээд явахгүй шд. Надад бас тэр мэдээж таатай л байж таараа.
Тэрнээсээ илүү би тэр жижигхэн тосгон, Шувуун фабрик гэдэг нутгаараа бахархдаг. Бид чинь Шувууны хүүхдүүд шүү, тэр тусмаа нэг ангийнхан нэг үеийн хүүхдүүд гэдгээрээ бахархдаг. Яг тэр утгаараа бид хэцүү нэртэд ч гэсэн Шувууны хүүхдүүд зовхи нь өөдөө цоглог явна шүү гэж хэлүүлж байгаа. Тэр утгаараа Хишигээгийн нэр нь намайг дагадаг байлгүй яахав, тэрийг үгүйсгэх аргагүй.
-Манайхан чинь улс төрийнхнөө барьж хийдэг моодтой болоод байгаа. Таныг байх хугацаанд хэн хэн орж гарав, таарч байсан байх. Тэд үнэхээр шоронд тусдаа халамж эдлээд тансаг байж байгаад гараад явчихдаг юм уу. Эсвэл адилхан дэглүүлэх үү?
-За тийм улсуудаас байсаан, байсан. Одоо энэ хорих ангиудыг болохоор бид чинь лагерь гэж ярьдаг. Бидний үед урдчилан хорих төв, Ганц худаг гэж байлаа. Тэнд намайг хоригдож байх үед тухайн үедээ УИХ-ын гишүүн байсан халзан Баттулга, буриад Энхбаатар, казино Байгаль гээд нөхдүүд орж ирж байсан. Тэд чинь бас хүн л юм чинь. Хурлын гишүүн байх нь хамаагүй тэр тусмаа эр хүн л юм чинь.
Тус тусдаа өөрийн гэсэн ааш араншин характер байгаа. Тэр нь ч тэр газар илэрч танигддаг байхгүй юу. Нөгөө газар мэдэгдэхгүй байсан ааш араншин, харагдахгүй байсан өнгө төрх чинь үндсэн мөн чанар нь тэнд л гарч ирнэ. Янз бүрийн байдлаар жаахан өлсөж цангаад сэтгэл санаа хямраад л дарамтанд ороход хүн яаж байна. Төрөлхийн араншин гэдэг юмыг тийм үед нууж хаах аргагүй.
Би яг нэг камерт байж үзээгүй. Сонсож дуулдах нь, бид нар чинь нарлагаа салхинд гараад тааралдана. Яг мэдээж нийгэм мөнгөтэйд нь арай өөр хандаж үйлчилдэг. Илт байсан, арай л өөр байгаад. Тэрний чинь эсрэг нам зогсоогоод тэр мууг нь байхгүй болгож чаддаг улсууд хэн байдаг юм, бид нар л байдаг.
Тэнд хоригдож байгаа арай зүггүй дэггүй талдаа гэх хүмүүс тэрийг хийнэ. Нэг камерт яаж л бол яаж шоглоно ш дээ. Үнэн дүр төрхийг нь харуулна шд. Тэрэнд хүртэл мэдээж тэд чинь нөгөө л мөнгө, тодорхой хэмжээний төлбөр төлөөд тэрнийхээ хүчинд дарамтлуулахгүй байх ая тухтай байх нөхцлөө хийж байна л даа. Шударга хэлэхэд яг тийм байдаг. Энд Засан талаас хүртэл оролцоно, оролцож байгаа ш дээ.
-Ер нь бол мөнгөтэй хүн хоригдвол зовохгүй л юм байна тийм үү?
-Ер нь тийм. Сүүлд бол ер нь тийм болсон. Лагерьт хорих ангиудад очиход хүртэл тийм байдалтай. Тэрийг бол шударга хэлнэ.
-Та хүн дарамталж мөнгө авч байсан уу?
-Үгүй. Би хэзээ ч хэнийг ч дарамталж байгаагүй. Би энийг бол бардам хэлнэ. Би өөрөө хүүхэд нас маань тийм баян чинээлэг өсөөгүй. Гэхдээ би багаасаа дүүрэн өссөн.
Манайх ёстой нөгөө алтан дундчууд гэдэг шиг айл байсан. Гэхдээ миний эцэг эх ажилтай, амьдралтай. Би дороо дүүгүй өсчихсөн болохоор их тийм дүүгийн хүслэн, хүний хань хүсдэг байсан. Хавь ойрынхоо үеийнхнээс дээшээ доошоо би их олон найзтай байлаа. Гэр дотроо пурхийлгээд л долоо хоног идэх байсан төмпөнтэй боорцгоо хоёр өдөрт дуусгаад хаячих жишээний. Миний ээж аав ч гэсэн сайхан улсууд намайг их ойлгодог байсан л даа.
Одооныхон бол тэрийг буруу яриад байдаг юм л даа. Эрх хүүхэд байсан байх нь гэж. Үгүй. Айлын бага, ганц хүү эрх байдаггүй ш дээ. Би ухаан орсон цагаасаа өөрийнхөө бүх юмыг өөрөө хийдэг байсан. Гэрээ цэвэрлэнэ, манайх чинь хашааны айл. Үнээ малтай, хашаа хороогоо цэвэрлэнэ, ус түлээнд өвөл зунгүй явна. Эрх хүүхэд тэгэх үү?
Гэхдээ миний ээж аав надад юу хэрэгтэй, би юу хүснэ, тэр тоглоом, унадаг дугуй юу байдаг юм надад бүгдийг нь авч өгч байсан. Ухаантай байхгүй юу. Би багаасаа номын цагаан солиотой гэж болохоор тийм хүүхэд байсан. Тухайн үед номын сайн нөхөр Нацагдоржийн тэмдэг гэдэг юмыг чинь бүгдийг нь авсан. Тэгэхэд өөр миний үеийн хүүхдүүдэд тийм боломж байхгүй. Хүссэн дугуйгаа авч чадахгүй номоо авч чадахгүй байгаа хүүхдүүд надад бас атаархаад л. Манай Сээгий бол айлын эрх хүүхэд ёстой гоё юмаа гэж боддог байсан байх. Одооны эрхтэй тэс өөр шд.
Ах нь нэг л юм хэлье. Багадаа эцэг эхийн хайр халамж үзэж дүүрэн өссөн хүүхэд эдийн шуналтай болдоггүй юм.
-Одоо амьдрал хэр байна?
-Би одоо амьдралдаа сэтгэл хангалуун байна. Сайхан амьдарч байна. Хүн ер нь сайхан амьдрахад нээх олон юм хэрэггүй ш дээ. Би тэгж боддог. Овойж оцойсон хөрөнгө, тийм машин унах, ийм ч юм өмсөх, тэр надад сонин биш. Хүн сайхан амьдрахад хамгийн хэрэгтэй юм сэтгэлийн дарамтгүй, сэтгэлийн зовлонгүй, өвчингүй, хүссэн цагтаа хүссэн юмаа үзэж чаддаг, сонсож чаддаг, ийш тийшээ явж чаддаг агаар салхинд гарья гэвэл хэнээс ч хараат биш хамааралтай биш ингэж явах л аз жаргал ш дээ.
Үр хүүхэд маань өмсөж зүүх юмтайгаа сэтгэлийн дарамт зовлон байхгүй, өвчин байхгүй аав аа, ээж ээ гээд гүйгээд явж байна. Тэгээд л болоо. Илүү хүсээд байх юм байхгүй.
-Таны эхнэр таныг үнэнчээр хүлээсэн байх нь ээ?
-Миний эхнэр … энэ нууц биш, бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа. Эхнэр маань тухайн үедээ амьдралын шаардлагаар арга байхгүй тэр Солонгос гэдэг газар хүний нутгийг зорьж яваад 14 жил болоод өнгөрдөг намар ирсэн. Ерөөсөө ганц охинтой, өөр олон хүүхэдтэй болох тийм боломж ч байсангүй.
Ганц охин маань 22 нас хүрч сургуулиа төгсөж байна. Ганц үндсэн хөрөнгө маань, ганц амин эрдэнэ маань тэр байна. /инээв/ Сайхан ч охин сайн ч охин байгаа. Би ээжид нь их баярладаг юм, зөв сайхан хүмүүжүүлжээ. Тэр бүсгүйн гавьяа шүү дээ. Би хажууд нь өчнөөн олон жил хамт байсангүй.
Аавын үүргээ гүйцэтгэж чадаагүйдээ тухайн үедээ их бухимдаж бачимдаж явдаг байсан. Одоо тэрийгээ нөхөж, гүйцэж түрүүлэх гээд хичээж явна. Байнга охинтойгоо харилцаатай байдаг. Охиныхоо төлөө юу хийж чадах вэ тэрийгээ хийж дуусгах юмсан гэж бодоод зүтгэж явна даа.
-Одоо та ганцаараа амьдарч байна уу?
-Одоо би ганцаараа биш. Зовлон жаргалыг маань ойлгоод намайг хүн гэдэг утгаар нь сайхан хүлээж аваад надтай хамт энэ үлдсэн нас, амьдралаа хамтдаа туулья гэж хамт амьдарч байгаа нэг бүсгүй бий.
-Та хэзээ тэр газраас гарч ирсэн бэ. Гарчихаад удчихсан байхдаа кинонд дүр бүтээсэн үү?
-Тэгсэн. Би гарч ирээд 5 жил болж байна. Хүмүүс нийгэмшинэ гэж ярьдаг юм байна лээ. Би тэгж ярихад их дургүй л дээ.
Нийгэмшинэ нийгэмшүүлнэ гэж ер нь юу ч байдаг юм. Хаашаа юм, би ямар ширэнгийн ойд байж байгаад хамаг юмнаас тасарчихсан, тэгээд намайг хүн дүрсэнд нь оруулна гэж яриад байгаа юм уу тэ? Тэр надад их утгагүй санагддаг л даа. Яахав тодорхой хугацаанд, тодорхой хэмжээнд эрх хязгаарлагдмал бүх юм маань тэр Засангаас хамааралтай хараа хяналтанд байсан л юм байгаа биз. Нээх учиргүй зэрлэг балмадуудын дунд оччихсон дүүрчихсэн амьтан гарч ирнэ гэж боддог юм уу. Тэгж ярихад би их дургүй.
Эсрэгээрээ энд жинхэнэ зэвэрчихсэн балиар новш нар байж байхад тэнд жинхэнэ хүмүүс бас байдаг юм ш дээ. Бүр өмнөөс нь харамсмаар, мэдлэг боловсролтой, сайхан сэтгэлтэй, хүн чанартай, жудагтай тийм улсууд тэнд байдаг. Бүр балиар ёстой нэг хүнээ байчихсан зоосны нүхээр бүгдийг харж байгаа багтай нөхдүүд, илүү муу санаатай, илүү муу муухай бүх юм бугшсан шоронд орохгүй энд яваад байгаа зөндөө улсууд бий шүү. Хамгийн аймаар хамгийн балиар эмгэнэл ер нь тэр гэж би боддог юм.
-Та одоо ямар ажил хийж байна, хувиараа юм хийж байна уу?
-Шударга хэлэхэд яг тодорхой хийсэн юм байхгүй. Киноны ажил, найзтайгаа хамтын хөдөлмөрийн бүтээлээ үр дүнг нь үзэх гээд явж байна. Нийгэм, хүмүүст хэлэх гэсэн санаагаа хүргэж нэг ёсондоо киногоор дамжуулж ил захидал болгож бид явуулж байна.
-Танд сонирхолтой саналууд ирж байна уу. Та мундаг дотортой жүжиглэж байна лээ. Ялангуяа дуу хоолойны өнгө чинь яасан ч гоё юм. Цаашдаа кинонд тоглох уу?
-Манай кино 5-р сарын 15-нд нээлтээ хийсэн. Орой нь Gate дээр хүлээн авалт болсон. Тэгэхэд киноны уран бүтээлчид бид нартай хамтарч ажилласан зочид олон ирсэн. Тэр дунд нуух юу байх вэ, нэг хоёр санал авсаан. Кинонд зөвлөхөөр ажиллах, дүрд тоглох энэ тэр гээд нэг хоёр санал ирсэн.
-Ер нь тэгээд жүжигчин болсон ч яах вэ дээ, тэ?
-Болно, болохгүй гэдэг дээрээ биш. Би татгалзаагүй. Одоогоор надад байнгын тодорхой эрхэлсэн ажил алга. Тийм болохоор би чөлөөтэй.
-Монголд ер нь рекэт байдаг юм уу. Яг тэр кинон дээр гарч байгаа шиг. Та таарч байна уу?
-Байна аа, байна. Ер нь бүгд л мэдэж байгаа ш дээ. Мэдэж байгаа хэрнээ мэдэхгүй царайлдаг улсууд зөндөө байгаа байхгүй юу. Тийм юм бол байгаа. Урд нь ч байсан одоо ч байсаар байна, хойшид ч байх болов уу гэж бодож байна.
-Магадгүй тийм газар байж байгаад ирсэн хүмүүс байх хугацаандаа мөнгөө хураадаг ч юм шиг. Дарамталж байгаад мөнгө аваад эсвэл нэг нөлөө бүхий хүн ороход барууны кинон дээр гардаг шиг наалдаад. Гарч ирэнгүүтээ шууд гадаад руу яваад аймаар их мөнгөтэй, бараг хождог ч юм шиг. Тэрэн шиг танд нөлөө бүхий хүний дор ажиллаад яахав дээ, хүмүүсийг барьж аваад учиргүй зодохгүй ч гэсэн айлгаад рекэт хийгээч гэдэг санал ирвэл та яах вэ?
-/бодов. сэтг/ Яг шударга хэлэхэд би шууд үгүй гэж хэлж чадахгүй. Хэн надад ямар нөхцөлтэй санал тавьж байгаагаас хамаараад үнэхээр миний найз нөхдөөс хүн намайг ингээд байна туслаач гэхэд үгүй гэж хэлэх хэцүү ш дээ. Үгүй гэж хэлэх ер нь хэцүү байдаг. Нөхцөл байдлаас болно.
Тэгж хэлснээрээ би бас шууд зөвшөөрнө гэж хэлж байгаа юм биш. Юм гэдэг олон талтай. Хэн нэгэн, ёстой тэгж байвал тэгүүлж байвал таарсан шаарнууд новшнууд зөндөө л байдаг ш дээ. Тийм новш нар зөндөө. Тэгээд ингээд орхиход зөөлдөхөөр новшнууд байдаг. Тэр утгаараа ёстой таарсан хариуг нь өгөх л ёстой байдаг. Энийг нээх хүмүүс харгис хэрцгий талаас нь бодоод байх юм биш л дээ. Би л хувьдаа тэгж боддог юм. Олон ч санал нийлэх хүмүүс бас байгаа гэж бодож байна.
-Анзаарсан бол таны багын найз таны бахархдаг Шувууны хүүхдүүдийн нэг Мянганбаяр жаахан асуудалтай, компани нь татан буугдлаа. Өөрөө усанд хаясан чулуу шиг л нам гүм ч юм шиг. Та ер нь уулзсан уу?
-Өнгөрдөг жилийн 8 сард манай Шувуун фабрикийн маань 50 жил, сургуулийн 50 жилийн ой болсон. Тэрүүгээр анги хамт олноороо ангийнхаа багштай бид нар нутаг усаараа очоод уулзалдсан. Хамгийн сүүлд Мянгаатай тэгж уулзалдсан байна. Яг тэр хийж байгаа бизнес, хэл амны талаар тодорхой нарийн бол би мэдэхгүй. Нээх сонирхож яваагүй.
Гэхдээ би найздаа нэг л юманд итгэлтэй байгаа. Хэзээ ч миний найз хамраараа газар шаагаад явчихаар хүн биш л дээ гэж бодож итгэж байгаа. Итгэл найдвараа амархан алдаж гээх тийм хүн биш гэж бодож байна.
Тэрэндээ хүрсэн байхад бид бол хэзээ ч хаяхгүй, найз нөхөд өө. Яг тийм хэцүү үед нь дэргэд нь байж чадна л гэж бодож байгаа шд. Ихэвчлэн өөртөө хэрэгтэй үедээ хэн нэгнийг санаж хүсэж хэрэглээ маягаар ханддаг найз нөхөд бас байдаг л даа. Жаргахаараа тэгээд мартчихдаг. Үгүйлдэг юм, найз нөхөд гэдэг чинь. Өөрөө хэн нэгний хэрэгтэй үгүйлэгдсэн цагт дэргэд нь байж чадахыг хүний найз гэнэ ш дээ.
-Гэснээс сүүлд нэг Мунзүй Нямдорж гэж хүн гарч ирээд тэр чухам атаман юм шиг болоод байсан. Тэр хүний талаар та ер нь юу мэдэх вэ?
-Тэр хүний талаар хувь хүнийх нь хувьд бол танина. Мөрдөн хорих төвд ч хамт байлаа, хорих лагерьт хүртэл хамт байлаа. Тэрнээс хойш нэг ч таарсангүй. Бид тааралдаагүй хориод жил болж байна. Тэрний ямар ажил үйл эрхлээд юу хийж яваад яадаг яадаг тэр хэл ам янз бүрийн асуудал надад ерөөсөө сонин биш. Би сонирхдоггүй. Тийм ойрын харьцаа байхгүй. Мэдэж танихын хувьд бол танина, мэднэ.
-Таны харж байгаагаар одоо монголд хамгийн том нөлөөтэй атаманууд гэвэл хэн хэн байна?
-Би чамд яг үнэнээсээ хэлье. Надад тийм атаман сонирхож явах хүсэл ерөөсөө байхгүй. Зав ч байхгүй. Тэр хамаа байхгүй. Бид төрсөн нь үнэн, үхэх нь үнэн. Миний амьдралд хэн нь атаман байх ер сонин биш. Тэрний талаар хөөцөлдөж сонирхож явдаг улс тийм чухал бол тэрийг … гэдэг л асуудал байх. /инээв/
Надад юу чухал вэ гэвэл би үлдсэн амьдралдаа сайхан амьдарч энэ олон сайхан найз нарыгаа болж өгвөл чадвал бүгдийг нь баярлуулж амжих юмсан л гэж бодож явна. Энэ л хамгийн чухал байна. Тэгээд үр хүүхдээ тархиндаа мэдлэгтэй хүн шиг хүн болоосой, өвдөж зовохгүй, сэтгэлийн шаналалгүй яваасай гэж бодож байна. Миний охин сайн ханьтай болоосой гэж л бодож яваа. Энэ л надад илүү чухал.
-Таны байсан газар битгий хэл цэрэгт явахаараа хүн эвдэрдэг ёстой хүн биш болчихдог гэх юм. Бараг залуус тэрнээс болоод цэргээс зугтаад байх шиг. Ер нь хүн орчноосоо хамаарч яг эвдэрдэг юмуу. Ний нуугүй хэлэхэд би тантай уулзахаасаа өмнө эмээж, биеэ барьж сандарч байлаа. Гэтэл уулзахад та үнэхээр ертөнцтэй гайхалтай хүн байна аа, юун эвдрэх. Та мөнгөгүй эгэл ардын хүүхэд тэгэхээр нарсанд тансаг, эрх ямба эдэлсэн байх учиргүй. Яаж хүнээрээ үлдэж чадав аа?
-Тэр маш буруу. Би энэнтэй санал нийлдэггүй. Би нэг ийм бодолтой байдаг. Байгалиасаа удам судраасаа сайн муу гээд хүний характер янз бүр байдаг. Би хувьдаа сайн хүн бол хэзээ ч муу хүн болдоггүй гэж боддог. Муу хүн бол тэр муу хүн хэзээ ч сайн хүн болохгүй. Энэ үнэн шүү.
Муу хүн мянган машин тэрэг, эд хөрөнгө, сайхан хувцас хунар, сайхан байр оронтой сайхан ажил төрөлтэй байлаа гээд тэр хүнийхээ хувьд хэзээ ч сайн хүн болохгүй. Юу үнэн, тэр үнэн. Үнэхээр сайхан сэтгэлтэй, жудагтай, хүн чанартай, хүний мөстэй хүн яаж ч ядарч яваад яаж ч архидсан, уруу дорой болоод гутарч гуниад орон шоронд ороод тэр хүн хэзээ ч муу хүн болохгүй.
Тэр утгаар цэрэгт яваад тэр хүн эвдэрдэг, шоронд яваад тэр хогын шаар болоод гарч ирдэг тэр шал худлаа. Тэрэн шиг худлаа юм байхгүй.
Бидний үед 3 жилийн алба хаадаг байсан. Одоо ганцхан жил яваад тэнд юун эвдрэх. Тэгвэл тэр өөрөө л новш байсан байна шд. Тэгж эвдрээд сонин болоод элдэв юм сураад ирж байгаа бол тэр өөрөө л уг үндсэн характер хүнийхээ хувьд тийм муу арчаагүй новш л байсан байна.
Үгүй, эсрэгээрээ бид нарын үед жинхэнэ цэрэг шиг цэрэг болж ирдэг байлаа. Тэнд үзэх юмаа үзнэ. Эр хүн бас зодуур нүдүүр үзнэ. Бүр үг байдаг байсан ш дээ. Шинэ цэргийн амь ширэн юунаас бөх гэж. Тэгж хатуужиж бид нар эр хүн болдог.
Бидний үед аавдаа алгадуулж суран тэлээгээр ороолгуулж өсөөгүй хөвгүүд гэж байхгүй. Одоо юу вэ бараг алгадвал хүний эрх юу байдаг юм хүчирхийллийн эсрэг төвд хандана ч гэх шиг солиороод. Утгагүй ш дээ, тэгж нялцгайруулж нялхруулж ерөөсөө болохгүй.
Ухаантай, юм ойлгох хүн бол тэрийг ёстой учирлаад хэлэх битгий хэл алгадаад хэлсэн ч хүлээж авна. Ойлгохгүй нь мянга эрхлүүлээд толгой дээрээ насаараа өргөж яваад ч юу ч ойлгохгүй. Яг л тийм байдаг. Тэрний горыг үзсэн олон эмгэнэлтэй, харамсалтай амьдралын түүх байдаг биз дээ.
-Таны бодлоор таны тодорхойлолтоор жинхэнэ эр хүн гэж яг хэнийг хэлэх вэ. Та бол цэрэгт ч явсан аавын олон хүүхдүүдтэй ч байсан. Одоо нийгэмтэйгээ хөл нийлүүлээд маш хурдтай гарч ирж байгаа авьяастай дотортой хүчирхэг хүн.
-Би жинхэнэ эр хүний яг гол үзүүлэлт, мөн чанарыг цөөн үгээр л хэлнэ. Заавал тэр хүчтэй, заавал тэр барилддаг, заавал тэр ноцолддог байх албагүй. Тэр заавал гоё бие хаа бодибилдингийн тамирчин булчин шөрмөс нь зангирсан, эсвэл тэр заавал мундаг боловсролтой УИХ-ын гишүүн байх албагүй.
Эр хүн гэдэг хэн байх ёстой вэ? Тэр хэн нэгний өмнөөс яг өвдөж чаддаг, яг өөрөө өмнөөс нь өвдөж чаддаг. Өвөртөө байгаа зоосоо тэр ядарсанд өгч чаддаг. Өөрөө алхаад явж чаддаг тийм хүнийг л эр хүн гэнэ. Эр хүн гэдэг чинь тийм л байх ёстой. Хүний өмнөөс өвдөж чаддаг, хүний өмнөөс дуугарч чаддаг. Хэн нэгний өмнөөс нэг муу ядарсан нөхрөө өмөөрөөд дуугарч чаддаг, хэлдэг. Өөрийгөө золиослож хүний өмнөөс дуугарч чаддаг.
Өгье гэвэл ганцаасаа гэж үг байдаг. Яг тэрэнтэй адилхан. Тэгж байж эр хүн байна, тэгж байж хэн нэгнээс илүү гэдгээ харуулна. Эр хүн өөрийгөө би хүчирхэг би ухаантай гэж ярих дуртай бол хэн илүү хүчтэй, илүү ухаантай, хэн нэгнийг уучилж өршөөж чаддаг вэ гэдгээс харагдана. Үгийг нь сонсож чаддаг буулт хийж чаддаг байх хэрэгтэй. Илүү гэдгээ тэгж л харуулдаг байхгүй юу.
Тэгэхгүй нэг үг хэлэнгүүт нь үсэрч очоод цохиод хоёр үг хэлэнгүүт нь тийшээ очиж муулаад. Миний ганц дургүй юм хүний үгийг хүнд зөөж дамжуулж ярьдаг улсууд байдаг ш дээ. Эр хүний хувьд хамгийн арчаагүй зан. Хүний үгээр хүнийг үнэлж дүгнэдэг, бас хамгийн хогын юм тэр. Хүн өөрт нь яаж хандсанаар хүнийг дүгнээд бусдад тэгж ярьдаг байхгүй юу. Энэ ийм ш дээ гээд. Тэрийг нь хүлээж аваад өө тийм үү гэж ойлгодог бол бүр тэнэг.
-Ярилцлага хийх санал тавихад танд ярихыг бодсон, үүнийг л хүмүүст хэлчих юмсан гэж хүссэн зүйл байгаа байх. Яг одоо нийгмийг та гаднаас нь ирээд харахад бас хэлчихмээр юм байсан байх л даа.
-Киноны тухай бол зөндөө хүмүүс ярьж байгаа байлгүй дээ. Би заавал энд ярих гээд яахав. Тэд надаас илүү сайхан ярьсан гэж бодож байгаа. Гэхдээ би товчхон хэлэхэд сэтгэл хангалуун байгаа. Энэ киноны хамт олон залуучуудаар үнэхээр бахархаж байгаа. Ийм сайхан залуучуудтай нэг баг болж ажиллаж байгаадаа маш их баяртай байна.
Дүүтэй ингэж ярилцаж суусных төгсгөл болгож үг хэлэхэд би одооны залуучуудаар бахархдаг, үнэхээр сайхан. Бидний үетэй харьцуулахад хамаагүй эрт биеэ даагаад цаанаа сэдэж байгаа юманд үнэндээ ярих юм байхгүй. Би бахархдаг, манай залуучууд мундаг байна.
Нэг юман дээр л эмзэглэдэг. Би зүгээр нэг л жишээ хэлье. Ажлын шаардлагаар хааяа интернэт кафед орохоор тэнд сурагчийн дүрэмт хувцастай хүүхдүүд 3, 4-өөрөө энд хорь гуч гарсан залуус суугаад янз бүрийн насныхан байна. Манийн үеийн ганц нэг хүн суух жишээний. Би ч өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй. Би залуу гэж боддог. Зуугийн тал ч хүрээгүй байна. Тэгэхээр чинь залуу байгаа биз дээ? /инээв/
Юм хийгээд сууж байхаар яг миний өөдөөс харсан хэдэн хүүхдүүд тэнд хөөх би бүр хоёр чихээ бөглөчихмөөр. Юу юу ярьчихав аа, тэр нэг юмыг тоглохын хооронд чинь. Бие биенийгээ миний найз аа, хөөе гэж нэрээр нь хэлж байгаа нэг ч хүүхэд тэнд алга. Одоо би бүр чамд хэлж чадахгүй байна ш дээ. Би тэр газар хүртэл п … гэж хэлдэг үгийг ёстой тоотой унагааж байсан. Хүсдэггүй. Нөгөө газар чинь хоорондоо гал хамаа, миний хамаа гээд нялуун ярьдаг. Манай залуучууд нэгийгээ хайр аа хайр аа, миний хайр аа гэх нь аягүй чихэнд чийртэй байдаг байхгүй юу.
Надад хиймэл санагддаг. Яг тэрэнтэй адилхан тэгдэг байтал чинь, тэр хүүхдүүд, тэд бидний ирээдүй ш дээ. Хөөрхөн хүүхдүүд, сургуулийнхаа хувцастай бие бие рүүгээ ерөөсөө хэдхэн секундын завсарлагатай муухай үг урсаад л урсаад л. Зэрэгцээд 30-аад хориод насны залуус бас нөгөө үгийг урсгаад. Тэнд нэр хэлж байгаа нэг ч хүн алга. Нэр битгий хэл би өөрөө юм хийж чадахаа болиод хэсэг чагнаж нөгөөдүүлийг чинь хараад.
Тэр газар сонсоогүй муухай үгнүүдийг би сурагч хүүхдүүдийн амнаас энд сонслоо. Хараад байхад намайг хүн гэж тоож байгаа юм алга. Бидний үед ахмадууд үг хэлэх нь битгий хэл нэг эвгүй харах харцыг бид мэдэрч хүлээж авч чаддаг байсан. Би тэрэнд дотроо гутсан.
Би хэлвэл хэлэх байсан л даа. Хөөе муу золигнууд минь наад үгээ болиод өгнө үү гэж хэлэх л байсан. Хэлвэл бараг өөдөөс юм яриад, хараагаад энд нэг ах загнаад байна гэх юмуу. Би энэнд эмзэглэж байна. Яг ийм, нэг жишээ хэлэхэд л ийм байна. Энийг одоо юу гэж хэлэх вэ. Би энийг юутай холбож ярихаа мэдэхгүй байна. Би ямар мундаг сэтгэл судлаач, хүүхдийн сэтгэлзүйч биш. Энийг яах ёстой юм бол? Ийм л байна даа, ахын дүү.
Бид ийн яриагаа өндөрлөлөө. "Танд фэйсбүүк байгаа юу?” "Бий, бий, манай киноны Болдбаатар бид хоёрын залуугийн гоё зураг байгаа шүү, тэрийг оруулаарай” гэж ах аминчлан захив. Харин би ахад алдартай жүжигчин болоорой гэж захив.
Тэр чадна аа, үнэхээр хүмүүс тэр дүрийг хараад алга нижигнүүлэн ташиж байсан. Аливаа мэргэжлийн эзэн мэргэшдэггүй, анхнаасаа, цаанаасаа заяагдмал төрдөг гэж боддог. Д.Сэлэнгэ ах жүжигчин болохоор төрсөн хүн. Хожуу эхэлсэн ч алдартай болсон олон хүн байдаг шүү дээ.
Түүнтэй ярилцсаны дараа яагаад ч юм таньдаг, бүх түүхийг нь мэдсэн хүний нүдээр "Ар хударга” киног дахиад нэг үзэх хүсэл төрөв. Бас л бодрол, өөр мэдрэмж төрөх байх. Д.Сэлэнгэ ах дахиад нэг кинонд тогложээ гэх мэдээ ирэх тэр мөчийг тэсэн ядан хүлээе.
Хүчирхэг, дайчин, жинхэнэ эр хүн, амьдралын нугачаа бүрийг давсан түүний цаашдын амьдралд чин сэтгэлээсээ аз жаргал хүсэе. Энэ ярилцлагаас насан туршдаа бодож явах зүйл залуу хүний хувьд их байлаа. Эрчүүдийн ертөнц өө гэж … Гайхалтай юм шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Ярилцсан У.Цахирмаа