Монголд телевиз бий болсоор 49 жил өнгөрч, одоо олон телевизтэй боллоо тэгтэл ......
Бодлоо хэлье. Ардчилсан нээлттэй нийгэмд тэр эрх чөлөө бүгдэд байгаа. Сэтгүүлч мэргэжил эзэмшсэн болохоор бүр ч хэлж ярих эрхтэй. Би гуч гаруй жил телевизэд ажиллажээ. Ганц хоёр удаа мэдээ бичсэнийг эс тооцвол бусад бүх хэлбэрийн бичлэгээр нэвтрүүлгийн зохиол бичиж өөрөө чадан ядан "хийжээ".
Барагцаа тоо бол 3000 орчим юм байна лээ. Нормальный ажиллаж ноормоо биелүүлдэг хүнд бол энэ тоо гурван ажилтаны 25 жилийн ажил.Тэгэхлээр би гурван хүний ажил хийсэн байна. Телевиз үүнийг маань баялаг гэж үзэхгүй бол би өөртөө баялаг гэж үзээд залуу хүмүүст бодлоо хэлэх эрхтэй гэж бодож явдаг юм шүү.
Даанч цөөн бичих юм. Телевизийн ажил онцлогтой. Зурганд явах эвлүүлж суух хоёр нь ярвигтай хамаг цаг хугацаа авдаг. Тийм учраас зөвхөн миний хувьд сууж бичиж болон эрдмийн зэрэг дэв хийж чадсангүй. Энэ яахав. Одоо олон нийтийн сүлжээ гэж нэг сайхан юм бий болсон. Ойлгож ухаарсан хийгээд таниж мэдсэн ээ залуустай хуваалцаж нэг оролдьё. Өнгөрсөн цаг хугацааны шаардлага гэж ойлгож байгаа.
1.Юуг сайн юуг муу гэж үзэх бэ.
Эхлээд хөтлөгчдийн тухай ярья.
Хөтлөгч бүр царайлаг байх албагүй. Гэхдээ царай муутэй байх бас зохимжгүй. Найруулагчид харж байж шийдэх чухал ажил. /Продюсер гэж ойлгож болно. / Нас бол бас чухал биш ээ. За гол юм аа өгүүлье.
Намайг залуухан редактор ажлаа эхэлж байхад Б.Цэенханд гуай ирж орой унших баримтат киноны болон уран сайхны киноны текстээ миний гараас авдаг байлаа.
Энэ зарчимч нэвтрүүлэгч эгч Монголын телевизийн урлагт анх хөл тавьсан цөөн хэдэн уран бүтээлч нэвтрүүлэгчдийн нэг. Цэенханд гуай дэргэд минь сууж байгаад унших текстийн үг өгүүлбэр бүрийг нягтлан харж, заавал цаг гаргадаг байлаа.
Тэгээд гадаадын киноны нэр усны дуудлага, үгийн өргөлтийг заавал асууж тэмдэглэгээ хийдэг байсан юм. Тиймгүйгээр орсон кино бараг байхгүй. Их олон засвартай, уншихад орооцолдож мэдэх найруулгатай өгүүлбэрийг харж харж байгаад ингэвэл яасан юм бэ гэж асуудаг байв. тэгээд засдаг байв.
Би туршлгага муутай байсан болохоор бүр сайжруулж засч өгсөн гэдэгтээ эргэлздэг. Гэхдээ хамт сууж янзлахад сайхан байсан.Над сургамжтай байлаа. Дикторуудын өрөөнд тэр үед гадаад нэр томьёо хэрхэн зөв дуудаж хэлэх толь бичиг байв. Яахав Зөвлөлтийн үеийнх болохоор Орос хэл дээр кирилл үсгийнх байсан. Маш их тустай байсан юм.
Мэргэжлийн байгуулагад мэргэжлийн нэр томьёоны лавлах болон толь бичиг заавал байх хэрэгтэйг тэгэхэд ойлгож байлаа. Одоо Орос толь бичгийн хэллэг дуудлагыг жаахан өөрчлөх шаардлагатай болсон Гэхдээ л бид нэгэнт кирилл бичигтэй болохоор нийт нэр томьёоны 70 гаруй хувийг тэр тэр дүрмээр уншмаар санагддаг.
Германы Мюнхен хотыг англи галигаар мюнихь гэж уншихаар боловч Мюнхен гэж унших нь одоохогдоо зөв байх биз ээ. 90 ээд оны нэвтрүүлэгчдээс Цэенханд гуай Нарантуяа, Бямбаа нарын дараа С.Чимгээ Ичинхорлоо зэрэг залуу бүсгүйчүүд ирж байв.
С.Чимгээ мэдээлэл нийтлэлийн нэвтрүүлэгт, Ч.Ичинхорлоо урлаг урансайхны нэвтрүүлэгт илүү тохиромжтой мэт санагддаг байв. С.Чимгээ өөртөө чамбай шаардлага байнаг тавьж чаддаг уран бүтээлч шиг санагддаг. Магадгүй Цэенханд гуайгаас энэ зан чанарыг өвлөсөн байж мэднэ..
Илүү дутуу зан үгүй, ажилбал ажлаа ажил л л гэж хардаг чамбай тодорхой нэвтрүүлэгч. Их тод хэллэгтэй, унших текстээ болж өгвөл заавал гүйлгэж нягталж харчихдаг. Одоо HD Монгол телевизэд очсон болохоор чухам яаж ажиллаж байгааг мэдэхгүй байна.
Тэдний залуучууд дэргэдээ суралцах хүнтэй болсон шүү Үүнд эргэлзэхгүй байна. Би нэг удаа англи хэлээр ирсэн тексттэй баримтат киноны текст өгч С.Чимгээгээр нэг бус удаа орчуулуулж байсан. Хэл сурья гэсэн эрмэлзлэл байсныг ойлгож байлаа. Төгс биш юм аа гэхэд тун дажгүй хийж өөрийгөө дайчилж байсныг тэмдэглье.
Энд хоёр бүсгүйн нэр дурьдаад нөгөөг нь орхиж байгаа биш ээ. Чимэддамбын Ичинхорлоо бол манай сайн нэвтрүүлэгч. Онцлог хийгээд ур чадварынх нь үнэ цэнийн тухай өөр сэдэвээр ярина. Энд мэдээний хөтлөгчийн зарим чанарын тухай өгүүлж байна.
"Ийгле" / Eagle / телевизийн нэввтрүүлэгч Төгсжаргал одоо Цэенханд гуай энэ хоёрын хэв байдлыг санагдуулдаг. Их тод хэллэгтэй, эфирт байхдаа олон удаа инээмсэглэх, дуу хоолойг хиймлээр засах зэрэг хүний сонирхол илт татах үйлдэл хийдэггүй тийм авир гаргадаггүй төлөв байж чаддаг нь хааяа тэднийг санагдуулж байдаг.
Мэдээний шуурхай байдалд зохицсон бас итгэл үнэмшил төрүүлж чаддаг хөтлөгч байж магад. Мэдээг хөтлөгч унших, сурвалжлагч редакторууд унших гэдэг өөр ойлголт өөр өөр шаардлага. Тэгэхлээр мэдээний хөтөлбөрийн үндсэн хөтлөгчид нь Цэенханд гуай шиг байвал зүгээр санагдсаар байна.
Ийм зан аягтай хүн хүмүүсийн анхаарлыг маяглаж аяглаж татдаггүй чухал үнэлэмжтэй учир мэдээний нэвтрүүлэгт нүүр царай өнгө төрх илэрхийлэхээс гадна үйл явдлын бодит байдлыг үнэмшүүлж итгүүлж байдаг. Мэдээний хөтлөгчдөөс гадна чадварлаг сэтгүүлчид ч мэдээний хөтөлбөр авч явах сайн жишээ туршлага олон байна. Энэ тухай ажиглалтаа дараагийн сэдэв болгож бичнэ.
1991 оны зун Москвад Цагаан ордон руу дайрч төрийн эргэлт болж Ельцений хүч ялахад Митькова гэдэг мэдээний хөтлөгч бүх дэлхийн анхаарлын төвд байж мэдээний редактор-сэтгүүлчийн хөтлбөр авч явах чадварыг харуулж байлаа. Энэ тухай одоо ч ном товхимол сурах бичигт жишээ болсоор байдаг. сэтгүүлч редакторууд хөтлөх бол тэд тод хувцаслаж, будаж гоёхыг чухалчилдаггүй . Эрэгтэй залуу хөтлөгчид нэлээд болжээ.
UBS телевизийн мэдээний хөтөлбөрийг хааяа Анхбаяр гэж залуу хөтөлдөг. Царай зүс дуу хоолой нь яах аргагүй телевизэд тохирох. Гэхдээ хэтэрхий цэмцгэр зурсан зураг хуар шиг харгдаж бас уншихдаа бага зэрэг уянгалуулах гээд байдаг нь үзэж сонсоход сайнгүй санагддаг. Гэхдээ маш богино хугацаанд ахиж байгааг үзлээ. Сайн байна.
Тэнд Ж.Баяр болон Энхтуяа зэрэг туршлагатай уран бүтээлчид дэргэд нь байгаа тул засч хүмүүжүүлж байгаа. Ж.Баяр бол багаахан үглээ мэт боловч хүмүүст их бүтээлч шаардлага тавьж чаддаг мэргэжлийн чадалтай найруулагч, Залуучууд үгийг нь сургалт гэж хүлээж авмаар юм. Би залуугаас нь мэднэ.
Эрэгтэй хөтлөгч мэдээ уншихад нүүрээ өнгөлөн будах үсээ хэт "гельдэх" ямарч өөгүй зураг мэт харагдах байдлыг өөртөө бий болгох нь онц биш ээ. Энгийн ,төлөв, бас үзэж байгаа үзэгчдэд итгэлтэй дотно харагдах хэв маяг л чухал. Маш өтгөн хүчтэй хоолойн уншилт хүссэн хүсээгүй итгэл үнэмшил төрүүлэх явдал бас байдаг..
Та бүгд "Voice qf America" богино долгионы радиогийн нэг хөтлөгчийн мэдээг сонсоорой. Түүний тослог хийгээд өнгөтэй үчирхэг хоолой өөрийн эрхгүй итгэл үнэмшил "хүссэн хүсээгүй" төрүүлнэ. Энэ мэтийг Ж.Батбаяр нэвтрүүлэгч Ю.Левитан гэж Эх орны дайны үеийн мэдээ уншдаг нэвтрүүлэгчийн нэр хэлж байгаад ярьдаг байв.
Одоо бол энд би Америкийн Гадаад сурталчилгааны нэвтрүүлгийн нэвтрүүлэгчийн жишээ хэллээ.
Ер нь хүний төрөлх чанар нь л байгаагаараа харагдаж байвал зөв мэт. Үзэгч маш гярхай, бас мэдрэг. Хэн гоёж байна хэн, аяглаж байна,хэн дууриах гээд байна гэдгийг анддагүй. Уншиж байгаа сэдвээ ойлгосон уу ер нь түгээмэл мэдлэг хэр "товарищ" вэ гэхэд л хэсэг уншихыг нь ажихад мэдэгддэг. За энд нэр дурьдаж байгаа эрхэмүүд бүгд уран бүтээлийн "сэхээтэн" хийгээд оюунлаг хүмүүс учир юу юугүй буримдаж эмзэглэхгүй байх гэж найдна.
1980 аад оны дунд үед Харцага, Норовринчен, Б.Чулуунбат, Доржбат гээд олон нэтрүүлэгч радиогоос ирж телевизэд мэдээ уншиж байлаа. Зөвлөлтийн Төв телевизэд Игорь Кириллов, зэрэг дуу хоолойны уянгтай өнгө хүчтэй байдалд дулдуйдаж уншдаг нэвтрүүлэгчдээр мэдээ уншуулдаг байв.
Монголын радиод олон жил оршсон ирсэн шаардлага тийм байв. Энэ уламжлал байгаад л байгаа. Өнөөдөр Бямбацогт,Ганбаатар, Чоглоонамжил, Цоодол гээд Норовринчен,Чуулуунбат, Цэенханд гуайн дэргэд өсч өндийсөн залуус болохоор тэдний манера / хэв маяг / баттай суусан нь уншилтаас нь тодорхой ажиглагадана.
Мэдээ олон янз. Сэдэв нь ч олон янз. Төрийн мэдээлэл засгийн газрын болон олон улсын байдлын мэдээг өөр өөрт нь тохирсон маягаар уншдаг. Ямар ч юм байлаа, царайндаа юу юугүй инээмсэглэл тодруулан унших нь зохимжгүй. Хоолойгоороо тоглож унших нь бас үнэхээр зохимжгүй ээ. Бас хүн айж үхэр цочихоор сүртэй унших дэмий. Юм юм өөрийн зохист хэмжээтэй.
Сүүлийн үед гарч ирсэн залуу телевизүүдэд эрэгтэй хөтлөгч толгойн өвчин болоод байх шиг байдаг. Тэд дуу хоолойгоо зориуд өнгө оруулж шахаж хүчлэх бас төлөв болон сүрлэг байдалд тоглож байгаа зэрэг нь сайн ажиглавал мэдэгдэнэ.
Үндэсний Радио Телевизийн ах нараа дуурайх байдлаар эхэлдэг. Ууган мэдээлийн хэрэгсэл олон жил үзэл суртлын байгууллага байсан учир мэргэжил бүрт тэрүүний хэв маяг тод ул мөр үлдээжээ. Одоо арилж байна. Нэвтрүүлэгч мэдээ уншина гэхлээр л хоолойгоо шахаж хөмсөгөө зангидан, цээжин биеэ барьж суу гэсэн заавар заалт байхгүй ээ.
Бидэнд ойр байдаг Оросын телевизийн жишээ хэзээ ч хэрэг болсоор байгаа. Зөвлөлтийн үеийн Игорь Кирилловын уншилт өнөөдрийн РТР-ийн мэдээний нэвтрүүлэгч эрэгтэйчүүдийн уншихыг харьцуулахад илт өөрчлөгджээ. Манайд ийм өөрчлалт эрс тод ажиглагдахгүй байгаа. Бид үзэл суртлын мэдээллээс ангид байхыг эрмэлздэг. Энэ цаг үеийн хөгжлийн шаардлага тийм.
Тэгэхлээр залуу телевизүүд нь мэдээний үндсэн хөтөлөбөр унших залуучууд сонгох бол мэргэжлийн нэвтрүүлэгч хийгээд чадалтай туршлагатай найруулагч сэтгүүлчдээр шалгуулж байж дадлагжигчаар авсныхаа дараа тодорхой сургалтад хамруулж байвал зүйтэй юм.
Ахмадууд багшилж байгаа олон жишээ бий. Онох нь ч алдах нь ч байна. Сайн "педагог" биш бол олон жил ажилласан хүмүүс ихэнхдээ олон жилийн дурсамжаа яриад л хичээл дуусгадаг. Ингэж боломгүй. Шинэ телевизийн залуучуудад мэргэжлийн мастер сургалт бас зөвлөмж хэрэгтэй. Чин сэтгэлээсээ уйгүй ажиллах багш-тренер, педагог манай улсад тун дутмаг болжээ.
Ингэхлээр кабелийн болон хувийн арилжааны шинэ телевизийн захирал продюсерүүд сургалтад анхаарахдаа тайзны яриа, сэтгүүл зүйн онол, текст унших дадлага чадвар зэргийг чухалчлах хэрэгтэй. гурва дөрвөн жилийн өмнө UBS телевизийн Энхтуяа багш баахан залуучууддаа сургалт явуулж байсныг мөн ETV телевиз анх байгуулагдахдаа маш их сургалт треннинг явуулж байсныг санадаг.
Ер нь сургалтыг "педагог" -сурган хүмүүжүүлэгч сэтгэл зүйч багш нар олж бэлтгэж заалгавал илүү үр дүнтэй. Тийм шаардлага хангах "багш" нар олонтой болбол Монголын телевизүүдийн мэргэжлийн ур чадварын зэрэг дэв ахина. Урагшилна.
Нэг удаа залуу үзэгчид хошууран үзэж байгаа HD Монгол телевизийн ярилцлагад ортол өмнөөс яриа эхлэх хөтлөгч залуу маань -Та чинь юу билээ найруулагч... ммм соёлын тэргүүний бил үү юу билээ мм... гээд "шепий" авах гээд хөнгөн найрсаг инээмсэглэхэд нь ярилцах сонирхол шууд унтарч байж билээ.
Ёолк,Цагаандалай, Бадамсамбуу Цоодол бид мэт нь бүх монголчуудад биш юм аа гэхэд телевизийн мэргэжил нэгтнүүддээ танил л байх ёстой байгаа юм. Бид залуу байхдаа Радиогийн болон Телевизийн ахмадууд мундагуудаа биширч шүтдэг айж эмээдэг байлаа. Тэднийг ажиглаж харж дагаж суралцсан. Тэр явдал бодогдож байсан юм. Иймд залуу хөтлөгчид мэр сэр байна.
Үнэндээ телевизийн салбарт багш олон байвч "педагог"- сурган хүмүүжүүлэгч ховор байна л даа. Манай ахмад нэвтрүүлэгч Нарантуяа Радио Телевизийн сургуульд багшилж байна. Их уйгагүй сайн тулж ажиллаж байх шиг санагддаг. Гэхдээ ганц юм даа. ..
/Үргэлжлэл бий...../
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргал
http://sonin.mn/news/easy-page/65515