Монгол-Германы хамтарсан "Орхон" археологийн шинжилгээний анги 1200 гаруй жилийн өмнөх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос гайхалтай олдворуудыг нээж илрүүлсэн тухайгаа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол-Германы хамтарсан "Орхон” экспедици 2007 оноос хойш Орхоны хөндий дэх Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык буюу Хар балгаст археологийн судалгаа хийж, өнгөрсөн зун судалгаа, хайгуулын ажлынхаа үр дүнд түүхийн хосгүй үнэт олдворууд илрүүлжээ.
Ордон хот буюу археологчдын "Цитадель” гэж нэрлэдэг цайзат байгууламж нь 35 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий асар том хотын гол хэсэг болж байв. Ордон хотын үлдэгдэл өнөөдөр ч тал нутгийн дунд алсаас бараантан сүр бараатай харагддаг. Тэгш дөрвөлжин хэрмийн овгор нь бараг 12 метр өндөр.
Шавар шороо үелүүлэн дэлдэж хийсэн энэхүү хиймэл тавцан дээр барьсан барилгын чуулбарыг Монгол-Германы хамтарсан экспедици хэдэн зуны турш малтаж дундад эртний уран барилгын өвөрмөц зохион байгуулалтыг илрүүлээд байна. Тэрхүү барилгын чуулбар нь голдоо задгай хүрээ бүхий байсан бөгөөд түүний гол төв хэсэгт худаг байсан ул мөрийг судалгааны ангийнхан нээж олжээ.
Худаг хамгийн багадаа 12 метр гүн байсан төдийгүй ёроолд нь хүрэхэд одоо хүртэл устайгаа байжээ. Худгийн модон байгууламж тун сайн хадгалагдаж үлдсэн байна. Мөн худгийн ёроолоос маш сайн хадгалагдсан янз бүрийн олдворууд гарчээ.Тухайлбал, малтлагын явцад нангиад бичгээр "Зургаан хөг, найман аялгуу, 10 тэнгэрт дуурсахуй” хэмээх утгатай хонх олдсон нь 1200 жилийн дараа дуугарахад хөг эгшиг нь алдагдаагүй байгааг археологчид онцолж байв. Түүнчлэн алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай урт модон шонгийн хугархай хоёр ширхэг олдсон нь нүүдэлчдийн rap урлал урлагийн өндөр түвшинд хөгжиж байсныг харуулж буйг археологчид хэлж байна.
Төслийн Герман талын удирдагч, доктор Кристина Франкен "1200 жил худгийн ёроолд хэвтэж байсан хонх дуугарч байхыг сонсоход үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байлаа. Монголын хот суурины археологийн судалгааны түүхэнд ийм нойтон, устай нөхцөлд малтлага хийсэн бараг анхны тохиолдол болов уу" хэмээв.
Мөн худгийн ёроолоос, унагасан боловуу гэхээр ваар сав хэд хэд гарсан нь маш сонирхол татахуйц мэдээлэл өгчээ. Нэг вааран дээр Уйгурын хааны ургийн тамга сийлээтэй байгаа нь худаг он цагийн хувьд хотын амьдрал нэн идэвхтэй өрнөж байсан цаг үед холбогдох бөгөөд хэрэглэгчид нь хааны ордонтой холбоотой болохыг гэрчилж байна. Тэрчлэн худгийн ёроолд тунасан нойтон шаварт органик гаралтай материалууд хадгалагдан үлджээ. Нойтон шавар дотроос нарийн сийлбэртэй модон эдлэлийн үлдэгдлүүдийн зэрэгцээ, метр гаруй урт хэмжээтэй, чий будагтай хоёр модон шонгийн хугархай олдсон нь одоо ч гялалзсан хар өнгөө тэр хэвээр хадгалжээ. Чий будагтай модон шонгийн дээр модны шилмүүс, ургамлын дүрс бүхий гоёмсог хээг цоолборын аргаар маш сайхан урлаж гаргасан байна.
"Хэрэв ийм олдворууд ерийн нөхцөлд, газрын хөрсөнд байсан бол ингэж сайн хадгалагдахгүй, харьцангуй богино хугацаанд ялзарч алга болдог. Иймээс малтлагаар ингэж сайнаараа гарч ирэх нь ховор тохиолдол юм. Хар балгасын олдворууд нь археологичдын хувьд аз тохиосон хэрэг байлаа. Эдгээр олдвор нь Монголд VIII-IX зууны үед оршин тогтнож байсан эртний Уйгурын материаллаг соёлыг тольдон харах боломж олгож байна. Уйгурын хааны үед сууж байсан нийслэл хотод гар урлал өндөр түвшинд хөгжиж байсан, гэхдээ Хятад зэрэг бусад орны соёлын нөлөөг хүртэж байсныг зарим олдворууд гэрчилж байна” хэмээн МУИС-ийн доктор У.Эрдэнэбат ярилаа.
Малтлагын дараа, ялангуяа туйлын эмзэг модон эдлэлүүдийг зохих нөхцлийн дор удаан хугацаанд хадгалж хамгаалахад сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын нарийн төвөгтэй үйл ажиллагаа, тодорхой хэмжээний төсөв санхүү шаардагдаж байна. Герман, Монгол, Японы нарийн мэргэжлийн сэргээн засварлагчид хамтран эдүгээ Улаанбаатар хотноо Соёлын өвийн төвд авчран хадгалж байгаа Хар балгасын олдворуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Сэргээн засварлах үйл ажиллагаа дууссаны дараа археологичид олдворуудыг цаашид нарийвчлан судалж дундад эртний Уйгурын ертөнц ба хөрш зэргэлдээх соёлуудын харилцаа холбооны асуудлын тухай шинэ мэдлэгт хүрнэ хэмээн найдаж буйгаа хэллээ.
Montsame.mn