Оны өмнөхөн уламжлал ёсоор эрх баригч нам сонгуулийн хуулийг өөрчлөв. Манай хамгийн тогтворгүй хууль бол “Сонгуулийн тухай” хууль. Гэхдээ хуулинд нэг сүрхий зарчмын засвар хийдэггүй, мөнгө тараахгүй, худалдаж авч болохгүй гэх мэт тунхагийн шинжтэй онцын ач холбогдолгүй заалтуудыг солихоор халхавчлан голдуу тойргийг томсгох, эсвэл багасгах гэсэн хоёрхон хувилбарыг л хуульчилдаг.
Энэ жилийнх онцлогтой, эрх баригчид эрдэж голдуу жижиг мажоритар хувилбарыг сонгоод унадаг бол МАН болгоомжилж тойргоо томсгов. Савалтаас айж буй хэрэг л дээ. Яагаад айв?
МАН
Өмнөх сонгуульд жижиг мажоритар системээс үүдсэн савлалтаар МАН үнэмлэхүй эрх барьсан авч Ерөнхийлөгчийн сонгуулиар буцаж “иппон” шидүүлээд хаширчихсан хэрэг. Үүнээс болж 65 нь 32:33-аар хуваагдаж, Засгийн газраа солиод өнөө тулхтай хүчин гэдсэндээ хөлөө жийлцэж, шившгээ дэлгэлцсээр сонгуулийн хугацааг барав. Энэ алалцаан дунд нэг гишүүнээрээ тахил өргөчихсөн. Бүтэн тойрог төлөөлөлгүй сонгуулийн хагасыг барсан ч Л.Оюун-Эрдэнэ чирч яваа.
ЖДҮ, 60 тэрбумын хэрэг, С.Баярын хэрэг гэх мэт нийгмийг шуугиулсан томоохон хэргүүдийг шийдэж чадаагүйн дээр Засгийн газар нь ч хоёр хуваагдаад ажлаа нэг чигт явуулж чадахгүй байгаагаас юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй эмх цэгцгүй төр барьсан жилүүд өнгөрлөө. Хааяа нэг сэлэм гозолзоод алга болдог болж.
Хэдий “60 тэрбумтаны хотын бүлэглэл” дарагдсан мэт авч ЗГ-ын дотоод хагарал нийтэд ил болсоор... Настангуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн өрийг тэглэсэн шийдвэр гарч байхад Сангийн сайд нь юу ч мэдээгүй сууж байв. Тэгээд эрх баригч намынхаа шийдвэрийг сөрж, “Төсөвт тодотгол хийхгүй” гэх мэт амиа хоохойлсон мэдэгдэл жиргээд л сууж байв. Гэтэл үнэндээ Засгийн мөнгийг нь Ч.Хүрэлбаатар барьж, түүгээр засаглаж байсан ба кабинетийн сайд нараа дарамталж, далд нөлөөгөө нутгийн ах Ц.Нямдоржтой элбэн тогтоогоод байсан тул түүнээс Ерөнхий сайд нь хүртэл шийдвэрээ нууж байжээ. Хөөрхий У.Хүрэлсүхэд сэлэм л оногдсон хэрэг. Эдийн засгийн байдал тааруу, экспорт нэмэгдсэн гэж бавах гэхээр валютын ханш нь хоёр дахин өсчихсөн, гадаад өр 5 тэрбумаар нэмэгдсэн, 2016 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт 1%-тай л байна. Ямар хэрэлдсээр амжсангүй ээ, одоо алаад өгнө гэлтэй биш... Юу ч хийсэнгүй. Ядаж байхад Дарханы замыг хуулаад дуусгасангүй, орон нь Налайхын замыг тавьсан гэж гөрдлөө ч 10 хувьтай нь тэнцэх урттай. Налайх хотын нэг тойргийн хавсарга бол Дархан бие даасан тойрог, дээр нь зам дагуух тойргууд эсрэг савна.
МАН-ын рейтинг ялангуяа хотод “0” заасан бөгөөд сонгуулийг жижиг мажоритариар явуулбал судалгаагаар Сонгинохайрханаас Сумъяабазар, Баянголоос Ганбаатар хоёр л цухуйх магадлалтай байсан юм. Энэ сүйрлийн шалтгаан нь “хотын бүлэглэл” гэгч лүд барам агаад нийслэлийн уур бухимдал, сөнөл бэрхшээл бүрийн шалтгаанд тэнд МАН-ын дотоод бүлэглэлд байгаа гэсэн ойлголт иргэдэд бат суужээ. Ийм уур амьсгал дунд хотын 20 шахам тойргоос нэг ч хүн гаргаж чадахгүй болж тун магадгүй байв. 20 тойрог баталгаатай алдсан нам ямар юмны эрх барих вэ? Дээр нь Улаанбаатар хот бол ойр орчмын тойргуудын эдийн засгийн баталгаа, нийслэлийн хандлага тэдэнд хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь Сүхбаатар аймаг хотын мах нийлүүлэлтэнд томоохон оролцоотой бол тэр хэрээр хотын сонгогчийн зан үйлд автамхай гэсэн үг ээ. Хол гэж ойлгож болохгүй.
Алдарт шударга гар Ц.Нямдорж хүртэл хотоос зугатаж, Эрдэнэтийг бараадахаар шантаажилна. 49 хувийг АН авчирсан, би засагтаа булаасан гэж хэлээд явах юм гэсэн. Түүнд нь О.Баасанхүү уурлаад байгаа байхгүй юу, түүнээс биш Монголын шилмэл хуульч, нохдын зодоон биш, хонуураа булаалдсан золбингуудын хэмхэлдээн. Мань хоёр амихандаа сонгуульд өрсөлдөөд байгаа байхгүй юу.
Жижиг мажоритар системд ойрхон үзэлцээд ганцхан хувь алдсан ч цаад 48 хувиа тавиад туучихдаг золиг шиг эд л дээ. 2016 оны баяр бахдал болсон савалгаа энэ удаад айдас болов. Тиймээс тойргоо томсгож, хотын мандатыг аль болох цөөлж, орон нутгийн тойргууддаа хүчээ хаяж эхэллээ. Хотын тойргуудаас ядаж хоёр, гурваар гарсан ч тойрог бүрээс 1-2 хүн гаргаад орон нутаг дээрээ нэмж олонх болно гэж тооцжээ. Ингэвэл аргаа барахад үсгүй хусуулахгүй, ядаж л хамтарсан ЗГ байгуулахад хамгийн нөлөөтэй тал болж чадна.
Энэ бол ямар ч институцийн бодох л гаргалгаа. Тойрог томсгосон нь хотод ялалт авах зорилгогүй, харин сайн нөхөлт хийх л зорилготой юм.
Хүк хэмээх дэд бүлэг.
Хүк бол Сүхбаатарт дэвшинэ. Дохио өгсөн, 2021 онд Ардын хувьсгалын яруу алдарт 100 жилийн ойгоор дэвшинэ шүү гэж... Тиймээс заавал жанжны нутгаас гарах хэрэгтэй. Дээл өмсөөд, сэлэм эргүүлээд давхичихна, тэгээд л Хүк Сүк болно... Гарахын тулд тойргийн хамтрагчаа намын даргын хувьд сонгох эрхтэй, цагтаа Эбэ Г.Баярсайханыг хошгируулсан шиг! Тиймээс Чинбүрэн эмчийг дуудаж уулзаад хамт дэвших санал тавьсан. Чинбүрэн эмч эрсдэлгүй тоглоомд орж байна. Ялагдсан ч Хүк гарвал буцаад ажилтайгаа. Алтан гартай эмч ажилдаа хэрэгтэй. Бас Хүкийн (Сүк ч юм уу?) ажилд ч тустай...
АН
АН бүлгээ “алж идсэн” тул сүүлийн нэг жилийг үхсэн амьд нь мэдэгдэхгүй үлгэн салган явсаар барлаа. Хамгийн хариуцлагатай, сонгуулийн өмнөх жил. С.Эрдэнэ яг Ч.Хүрэлбаатар шиг аашилж, өөрийн намын нь даалгаврыг МАН-аар гүйцэтгүүлсэн Ерөнхийлөгч рүү дайрав. Энэ яг яах гэсэн юм бол?
Ерөнхийлөгчийн нөлөө, чадавхийг ашиглаж, намаа хүчжүүлж, нэр хүндийг нь өсгөхийн оронд МАН-ын “хотын бүлгийн” хавсаргын дүрд тоглож байна. Тэртээх 62-ын бүлгийн түүх давтагдав. МАН-ын бүлгийн дэд дарга, АН-ын дарга гэдэг шиг “МАН-ын Хотын бүлэглэлийн дэд дарга” л байв. Яахав хэмжээ нь юм биз дээ. Дүүргээс хальж харах биш.
Уг нь жижиг тойргоор ороод азаар савчихна гэж тооцож байтал МАН тойргоо томсгож орхив. Хотод ялах мөрөөдөл нь замхарлаа, гэвч үүнийг зогсоохын төлөө юу ч хийж чадсангүй, бүлэг байхгүй. Орон нутгийн намуудаа эмхэлж чадаагүй тул урсгалаараа л явж байна. Гэвч ямар ч сонгуульд аз мэдэж ордоггүй, тооцоо судалгаа, хууль, түүнд нийцсэн гаргалгаа чухал.
Ц.Элбэгдоржийн унасан нэр хүнд өмхий ханхлуулсаар, ядаж байхад С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн хэргүүд сонгуулийн шоунд бэлэн зэхээний. Намын боловсон хүчний хангалт сул, азаар ялах найдлагаар жигүүрлэсэн нөхөд мөнгөө бариад гүйлдэж байснаа тойрог томсгомогц таг чиг болов. Хэн нь золионд явах бол гэсэн айдастай... бас дүүргүүддээ зодоонтой. Энэ зодоон улам лавширч орно.
Томсгосон тойрогт танигдаагүй нэр дэвшигч явдаггүй, харин танигдсан нь нэр хүнд муутай бол яах вэ? Нэг хар пиарын ая даахгүй гозойчихно. Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга хоёр амихандаа санаа зовж, хар нүүрээ угаах хэдэн саван чулуудсан ухаантай юм л даа. Жишээ нь Уянгыг “АН-аас дэвш...” гэж үүрэгдээд явуулсан нь тийм учиртай. Уг нь тэнд очих өр Уянгад байхгүй л дээ, АН-д тус болж явснаас гай болж байгаагүй. Гэтэл АН-д саван хэрэггүй гэнэ ээ... Сайн л биз. Би тэгж бусдын хирийг угаах гэж өөрийгөө бохирдуулах хэрэг байна уу? л гэж бодож байв даа.
Жижиг тойргоор орсон ч жишээ нь Баабарын “Электорат” хөдөлгөөн зэрэгцэж нэр дэвшүүлэхэд л нэг хуваагч гараад ирнэ. Ер нь АН сонгуульд ёндоо муутай байдгийн шалтгаан нь ардаа олон хуваагчтайд байдаг. МАН яаж ядарсан ч нэг цул болж ордог бол палианы нөгөө талд АН ба баахан хуваах тэмдэгтэй жижиг намууд, бие даагчид язганаж байдаг. Тэгээд хоёр фронт дээр алалцаад ялагддаг. Хувь заяа л байхгүй юу? Үүний улмаас МАН ялагдлаа ч эвсэх хүчин болж үлддэг бол АН ялагдахаараа үсгүй хусуулдаг юм л даа. Тийм болохоор л эрхбиш дөрвөн аргын тоо мэддэг инженер учраас, намын даргын зөвлөх З.Энхболд ядаж томхон хуваагчдыг нь дотроо оруулаад бүхэлдээд явчихъя, МАН-д алдаж байснаас суудлаа авдагаараа аваад Засгийн газар байгуулбал ядаж л ҮБХ-д хэдэн арван саяыг төлсөн хэдэн хүмүүсээ ажилтай болгоё гэж бодож, захиргаадахыг нь захиргаадаж, учирлахыг нь учирлаж хэдэн хүн олсон хэрэг. З.Энхболд хэт нарийвчлахаараа бутархайн таслал алдах гээд байдаг ч план дээр бол зөв л зурж байсан юм.
Прагматик, тооцоотой гишүүд үүнийг зөвшөөж байсан ч С.Эрдэнэ “Үгүй” гэжээ. Мань эр дангаараа шийдвэр гаргаж байгаа нь юу л бол... тэгээд л ингэж мангарлаад ялагдлаа угтаж байх шиг. Мөнгөө хийсгэх нь дээ, МАН дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэдэг нь өмнөх сонгуулийн хатиг бэтэг болсон 60 тэрбумын шуугианаас мултрах гэж байгаа заль, харин нөгөө талд 60 тэрбумын сүлжээ ил тод хийгдэж байна. Ялгаа нь ил тод!
У.Хүрэлсүх ЖДҮ-чин, хотынхныг дэвшүүлэхгүй гэж дөвчигнөж байхад, С.Эрдэнэ хүнгүй намдаа хүн авахгүй гэж цахдаж байна. Ийм тугнууд дэрвэж байхад армийн ялалтын салхи хаашаа эргэх нь тодорхой бус уу?
С.Эрдэнийн буруу биш, ямар ч намын лидер эмх цэгц тогтоохын тулд өөрөөрөө улаан шугам тавьдаг. Тиймээс цагтаа М.Энхсайханыг жийдэг, Элбэгдорж цахилж, Сайханбилэг савчиж, Баярцогт балиартаж, З.Энхболд шордож, Үүл үглэж, Гончигоо хутгадаг ч гадаад дотоодод явсан, гахай шувууны хэлтэй лидерүүд бужигнаж байдаг нам одоо нэг орон нутгийн нам шиг болж хувирсан юм, олны нүдэнд харагдах нь... Хар үгээр хүнгүй болчихсон юм.
АН ялбал дараагийн Ерөнхий сайд С.Эрдэнэ!? Та нар зүгээр л энэ үгийг бодчих... би илүү дутуу юм яриад яах вэ?
АН гэдэг малгай томдоод, хүүхдүүдийн үдийг хаачихаар хаашаа явж, юу хийхээ мэдэхгүй сарвалзаж байх шиг харагдах юм. Эрхбиш Ерөнхийлөгчтэй тулд малгай нь хийсчихгүй тогтоод байх шиг байна.
Үнэндээ палианы гадна гарчихаад байгаа пост МАНАН-гийн АН-ын талынхан энэ сонгуульд АН-ыг унагаад С.Эрдэнийг авч хаяад өөрийн засаглалаа тогтоох гэж тохирсон. Тиймээс намд Ерөнхийлөгчийг ойртуулахгүй байх бүхий л арга хэмжээг авч байгаа ба үүнд нь З.Энхболд хүртэл хамрагдаад ажил нь явахгүй байна. Угаасаа эрх мэдлээс салсан лидерүүд нь идэх мөнгөөр гачигдахгүй учраас гишүүн мэтийн төлөө улайрахгүй, дөрвөн жил салхинд бүжиглэнэ, харин намтай болчихвол бол өөр хэрэг ээ! Тиймээс хүлээ, хүлээ бас дахин хүлээ!
С.Эрдэнийг годройтмогц намын эрхийг аваад, муу Женког дэвшүүлэхгүй боогоод, унагана. МАН талаас нь У.Хүрэлсүхийг даллаад гаргаад ирнэ, түүний дараа улс биднийх..!
МАНАН ба бусад
МАН үнэндээ АН-аас биш Н.Энхбаяр гэдэг ганцхан хүнээс илүү айж байна. МАНАН гээд багцалчихаар хоёр том намын электорат суурь нь нэг намын суурь болж шахагдаад, үй олон жижиг нам, бие даагчид язганаад эхэлдэг.
Үүнийг МАН ашиглаж сурсан, харин ганцхан нам МАХН гэдэг нэрнээсээ илүү Н.Энхбаярын нэр МАН-ыг хувааж орхидог талтай. Тиймээс түүнийг дэвшүүлэхгүй гэж зууж байна. Уг нь “Одоо боллоошдээ” гэмээр залхмаар сунжирсан, увайгүй, дуусаад өгдөггүй, яг Солонгос сериал. Тэгээд дэвшүүлэхгүй бол мань хүн фононд харайх байх. Ахиад хэдэн хүн гаргана, бас л үгэнд нь орохгүй. Бас л субботник. Тэгээд 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь МАН-ын хуваагчаар орно. Ахиад Ганбаа? Тэгээд ЕТГ-ын дарга хавьцаа юм уу? Хэрэв тэгвэл ч МАН-ынхан гурван давхарын коридорт шагайгаар морь уралдуулах гэж байгаа аятай жагсаад хэвтчихнэ л дээ. Гэвч энэ зүүд!
Н.Энхбаярыг хүнгүй гэж бодож байвал ёстой “Ганжийн жоу, галианы бэйс”. МАН-ын нэр дэвшилтийг анаж байгаад тойроггүй үлдсэн гомдогсдыг нь цуглуулаад “Бурхан багшийн сурааль” айлдаад марш! МАХН-д хүн цөөн ч тойрог олон бий! МАН-ыг харин цөцгийн тос шиг зүсээд хуваачихна... ялангуяа хотын бүлэглэл түүнтэй найзлах хүсэл бий...
Хажуугаар нь “ШИНЭ” нам хэмээх хуваагч бий, гэхдээ АН-ынх. “ШИНЭ” нам ажиллаж чадвал бас АН-ын гомдогсдыг цуглуулаад “марш”. Харин энэ хоёр хэзээ ч эвсэхгүй...
Бас эдэнтэй ч эвсэхгүй бие даагчид бий! Тэд намуудын нэр хүнд унасан ийм үед ороод үзэхийг хүснэ. Намуудаас залхсан энэ үед МАН, АН, бас задгайгаас гурвалсан санал цуглуулж чадах хүн бие даагчаар орвол ялах магадлалтай. Том тойрог шүү дээ!
Ийм нөхцөлд сонгууль (МАН:МАХН)… (АН:ШИНЭ) гэсэн томъёоллоор өрнөнө. Учир нь хоёр том намаас өс авагсад очих учраас! Тэд ялахгүй ч хуваана гээд орчихно. Хэрэв энэ хоёр том намуудаас авахгүй бол фронтын шугам (МАНАН... ШИНЭ МАХН) гэсэн зургаар татагдана. Гэхдээ томсгосон тойрогт намын нэр хүндээс хувь хүний нэр хүнд илүү чухал байдаг. Тиймээс намууд хүний төлөө үхэлдэж байгаа юм.
Сонгуулийн дүн МАН 35, АН 26, МАХН 6, Бие даагч 4, ШИНЭ 3... тодорхойгүй 2... Ингээд АН засаг барих хөг өнгөрлөө! (МАН+ШИНЭ+...) гэсэн хувилбар гарна. Хяналт хүчтэй байх ёстой парламент гэсэн үг. АН ЗГ байгуулах санаачлага гаргах эрхгүй, тиймээс МАН-тай хэлэлцээрт орохыг эрмэлзэх нь зүй. Гэвч эхний хувилбар сая хэлснээр явна. Тиймээс тогтворгүй засаглал тогтох учраас хяналтыг чухалчилж байгаа хэрэг. Эхний засаг жил болохгүй байх аа даа! Энэ бол яг өнөөгийн нөхцөл дэхь таамаг шүү, тойргийн мандат, хуваарилалт, нэр дэвшигчийн чансаа, тооноос болж хөдөлгөөн орох магадлалтай ч хана нь энэ!
А.Баатархуяг
Эх сурвалж: baabar.mn