Америкийн кино академийн дээд шагнал
"Оскар”-ын эзэд өнөөдөр тодорно. Энэхүү наадамд олон жил нэр дэвшсэн ч
нэг ч удаагүй шагнал аваагүй жүжигчин бол Леонардо Ди Каприо юм. Тэрбээр
"Psychologies” сэтгүүлд хувийн амьдралынхаа талаар ярьсан ба тэрхүү
ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Сүүлийн үед та жүжигчний карьераасаа илүү байгаль хамгаалах, экологийн үйлст оролцох болсон. Энд хэн нэгний нөлөө бий юү?
-Хэн
ч намайг албадаагүй, хүчлээгүй. Хүүхэд байхаасаа л би байгальд хайртай
байсан. Байгаль хамгаалах ажилд би чин сэтгэлээсээ ханддаг. Байгалийн
тухай, ан амьтны тухай баримтат кино хийхээр төлөвлөсөн шүү.
-Та амьдралынхаа хамгийн чухал гэж үзсэн зүйлээ тодорхойлсон уу?
-Тэгэлгүй
яах вэ. Би амьдралынхаа хамгийн чухал зүйлийг төрөхдөө олсон. Намайг
нэг настай байхад эцэг, эх минь салсан юм. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө
салсан гэр бүлийн хүүхэд гэж бодож байгаагүй. Тэд тусдаа амьдарч байсан ч
намайг элэг бүтэн гэр бүл шиг хүмүүжүүлсэн. Аав минь миний дэргэд
үргэлж байж, тусалж ирсэн. Бурхан надад гайхалтай гэр бүл заяасан. Эцэг,
эх минь миний хувьд хамгийн чухал зүйл.
-Яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?
-Таван
настай байхдаа жүжигчин болохоор шийдсэн. Эцэг, эх минь надад чөлөө зав
өгөлгүй олон төрлийн дугуйланд сургадаг байв. Гэсэн ч би ангийнхаа
хамгийн муу сурлагатан байлаа. Тэр үед эцэг, эхээс минь бусад хүн намайг
"Толгой муутай” гэнэ. Хичээлээ ерөөсөө ойлгодоггүйгээс хүүхдүүдэд
үргэлж шоолуулна. Сургууль миний хувьд зэрлэг байгальтай адил санагддаг
байв. Таван настайдаа сургуулийнхаа жүжигт тоглосон юм. Хичээл
давтахаас арай л дээр санагдсан. Гэхдээ би учиргүй авьяастай сурагч
байгаагүй шүү.
-Тэгээд л жүжигчин болохоор шийдсэн гэж үү?
-Гэр
бүлийнхэн минь намайг авьяастай гэдэгт итгэсэн юм. Би гурван настайдаа
зурагтаар гарсан хүний үйлдлийг яг таг дуурайдаг байсан гэж эмээ ярьдаг.
Аав минь намайг дэмжээгүй бол би жүжигчин биш амьтан судлаач болох
байсан биз. Би одоо ч гэсэн аавынхаа зөвлөгөөгүйгээр жүжиглэж
чаддаггүй.
-Өсвөр насандаа таныг дэггүй нэгэн байсан гэдэг?
-Миний
өсвөр нас Лос-Анжелест хиппи амьдралаар өнгөрсөн. Би танхайчууд, хар
тамхичин, орон гэргүйчүүд холхисон дүүрэгт амьдардаг байлаа. Өсвөр насны
хөвгүүн тэр бүхний дэргэдүүр зүгээр өнгөрнө гэдэг амаргүй. Гэхдээ би 14
настайдаа амьдралдаа өөрчлөлт хийсэн. Жүжигчин болно гэсэн багын
мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн. "Магадгүй тэр үе миний амьдралын
шалгуур байжээ” гэж одоо боддог.
-"Титаник” киноны дараа таны амьдралд их өөрчлөлт гарсан байх даа?
-Өөрчлөлт
гэхээс илүү шинэ ертөнцийг нээсэн гэвэл илүү онох болов уу. "Титаник”
кино намайг нүд ирмэхийн зуур амжилтад хүргэсэн. Папарацци, шүтэн
бишрэгчид гээд миний хувьд гайхалтай байлаа. Би ч энэ амжилтдаа
сагсуурч, муу залуусын эгнээнд ойртсон шүү. Энэ бүх цэнгэлийн эцэст би
өөрөөсөө ч залхах болсон. Тэр үед эмээ минь "Одоогийн амьдралаасаа нэг
алхам ухраад юу ч хамаагүй хийж бүтээ. Чамайг чихэр болгох хялбар дүр
бүтээх хэрэггүй” гэж зөвлөсөн юм. Би эмээгийнхээ зөвлөгөөг дагаж,
дүрийн сонголтоо хийх болсон.
-Та сүүлийн үед харгис, галзуу ч гэмээр хүний дүрийг бүтээх болжээ?
-Үзэгчдэд надаас илүү миний бүтээсэн дүр чухал. Хүмүүс миний дүрүүдийг надаас дээгүүр тавиасай гэж хүсдэг.
-Алдартны амьдралаас залхах үе гардаг уу?
-Хүүхэдтэй болж жирийн хүний амьдралаар амьдрахыг хааяа хүсдэг ч эхнэр авах бодолгүй байна.
-Таныг ээжийн эрх хүү учраас эхнэртэй болохоор яардаггүй гэдэг?
-Ээж
маань миний үерхдэг байсан бүсгүйчүүдтэй сай хан харилцаатай байсан.
Жинхэнэ хайртайгаа учраагүй болоод би одоо хүртэл эхнэргүй явна.
Магадгүй би хэн нэгэнд үнэхээр хайртай байсан бол алдахыг хүсэхгүй
байсан.
-"Victorias
secret”-ийн сахиусан тэнгэрүүдээс найз охиноо сонгодгийг тань хүмүүс
гайхдаг. Энэ таны сонирхол уу, эсвэл тохиолдол уу?
-Би
бусдын адил найз бүсгүйгээ сонгодог. Хүний ёсноос гажсан зүйл үгүй
учраас гайхах хэрэггүй. Зүгээр л сахиусан тэнгэрүүд байж таардаг.
-Та хэр нээлттэй хүн бэ?
-Би өөрийгөө хаалттай хүн гэж боддог. Ямар ч нууцыг айлгүй хадгалдаг.
-Та олон жил "Оскар”-ын шагналд нэр дэвшсэн ч авсан удаагүй.
-Би
"Оскар”-т гурван удаа нэр дэвшихдээ маш их баярлаж байсан. Харин одоо
нэр дэвшсэн ч найдлага тавихаа больсон. Ер нь "Оскар”-ын наадамд нэр
дэвшсэн хүн бүр шагнал авах ёстой гэж итгэх хэрэггүй.
Х.ЭРДЭНЭЗАЯА