"Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-нд тун чиг баартай, барцадтай болж өнгөрлөө.
Арав гаруй хүүхэл бэртэж, нэг хүүхэд хүнд гэмтсэн байна. Уяачид түнжин хагарч, бие биеэ согтуу, солиотой, эрх мэдлээрээ далайлгалаа гэцгээж хэрэлдэв.
Мөн харанхуйд болсон уралдааны үеэр хүн малгүй хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнав. Ер нь бол хүний амь эрсдэлгүй өнгөрсөн нь л зол болжээ.
Засгийн газрын зөвшөөрөлгүй энэ уралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайдын зөвлөх, сайд асан П.Сэргэлэн нар зохион байгуулж, Ш.Лхамсүрэн нь "…Соёолон мордоорой” гэж команд өгч байгаа бичлэг нь цахим сүлжээгээр цацагдав.
Явж явж энэ уралдаан уяачид даварч, улсын хууль гууль болсныг л харууллаа. Монгол даяар энэ явдлыг эсэргүүцлээ. Буруутныг олж шийтгэхээр Засгийн газар ажиллаад эхэллээ.
Энэ сацуу ММСУХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, УИХ-ын дарга М.Энхболд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийв. Тэрээр "…Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан, "Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч гэсэн Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.
Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно” гэв.
Утга нь, УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд "Дүнжингарав-2018” уралдаан болдог өдөр Монголд байгаагүй, гадагшаа ниссэн байсан гэжээ.
Түүний мэдэгдлийг уншихул, эзгүйд нь дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн хоёр л "Дүнжингарав” уралдааныг "түнжин хагарав” болгож орхисон бололтой юм.
Харанхуй шөнө морь уралдуулж, унаач хүүхдүүдийн амиар наадах шахсан тэр үйл явдлын үеэр үнэндээ М.Энхболд дарга үзэгдээгүй гэж байна. Гэхдээ тэрээр Монголдоо байсан тухай зарим хэвлэлд бичжээ.
Эндээс, УИХ-ын дарга М.Энхболд "Дүнжингарав-2018” уралдаан болдог өдөр хаана байсан юм бол оо гэсэн асуулт гараад ирэв. Ийм асуулт төрсөн нь учиртай.
М.Энхболд бол УИХ-ын даргын хувиар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр гишүүн нь байдаг юм.
Ердөө энэ гурван албан тушаалтан багтдаг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын амин сүнсийг атгаж суудаг хүмүүс гэсэн үг. Тэр утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн М.Энхболдын хаагуур явж, хэнтэй уулзаж, юу хийж яваа нь М.Энхболдын бус Монгол Улсын мэдэх хэрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, М.Энхболд гэдэг хүн улсын чухал алба хашиж, төрийн тусгай хамгаалалтад Их тэнгэрийн аманд амьдардгийн хувьд жирийн иргэн бидний адилаар дуртай үедээ онгоцонд суугаад хаашаа ч хамаагүй нисчихэж болдоггүй. Хашиж байгаа албан тушаалынх нь эрх зүйн байдал энэ мэт "эрх чөлөө”-г нь хориглодог юм. Хэрвээ хилийн дээс алхахаар бол хэд хоногийн өмнө мэдээлэгдэж, хэвлэлийнхнийг дагуулаад сүйд болоод гарч өгдгийг та бид мэднэ.
Тийм болохоор ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын "Дүнжингарав-2018” уралдаан болдог өдөр гадаадад байсан гэдэгт эргэлзэх хэрэгтэй болж байгаа юм.
Тиймээс УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас "…УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 18 буюу "Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан болдог өдөр гадаадад ажиллаж байсан гэсэн. Аль улс руу хэдийд нисээд, хэзээ ирсэн бэ " гэдгийг тодруулахад "…2018 оны гуравдугаар сарын 16-19-нд БНТУ-д ажиллаад ирсэн” гэсэн хариултыг өгөв.
Энэ хариулт улам эргэлзээтэй болоод ирэв. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 9-12-нд БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхаж, Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай, бас Истанбул хотод тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзаад ирсэн. УИХ-ын даргын айлчлалын мэдээлэл цаг тухай бүрдээ УИХ-ын албан ёсны www.parliament.mn сайтад нийтлэгдэж байсан юм.
Энэ бүхний эцэст хэлэхэд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд "Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны үеэр Монголд байсан уу, үгүй юу гэдэг ард түмэнд амин чухал хамаатай эд биш. Харин Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга М.Энхболд тэр өдөр хаагуур, юу хийж явсан нь Монголын төрийн хараа хяналтын дор байх ёстой юм.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир