АН-ын дарга С.Эрдэнэ “Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байна. Цар тахлыг импортолж оруулж ирж байгаатай санал нийлэхгүй байна” гэж мэдэгдэв. Мэдээж тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн монголчуудын зарим нь коронавирусаар халдварласан нь шинжилгээгээр тогтоогдсоны дараа...
Харин АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Чимэддорж “АН-ын даргын хийсэн болчимгүй мэдэгдэл нь Үндсэн хуулийн үзэл санаа, АН-ын үзэл баримтлалын эсрэг байж боломгүй, хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл юм. Энэ мэдэгдлийнхээ төлөө АН дарга С.Эрдэнэ Монголын ард түмнээс уйлчлал гуйх ёстой” гэв.
Энэ бол зөвхөн АН-ын даргын, эсвэл АН-ын ҮБХ-ны гишүүний байр суурь биш. Үндсэндээ монголчуудын хувьд “бүх нийтийн” болоод байгаа ганц сэдэв. Олон нийтийн сүлжээнд ч, хүмүүсийн ярих яриа, харах өнцөг ч энэ хоёр дээр л төвлөрч байна. Яагаад гэвэл гадаадад яваа нь ч, эх орондоо суугаа нь ч аль аль нь амьдрах хүсэлтэй. Бас амьд үлдэхгүй байх вий гэх айдастай.
Өнгөрөгч долоо хоногт Европ тэр чигээрээ коронавируст эзлэгдчихлээ. Улс орнууд хилээ хааж, иргэддээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, цэрэг, цагдаагаар хянуулж байна. Италийн Ерөнхий сайд “Манай улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа ийм хүнд нөхцөлтэй тулж байна” хэмээн мэдэгдэв. Нэг өдрийн дотор /бямба гаригт/ 700 гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. Өдрөөс өдөрт тав, арван мянгаар нэмэгдэж байгаа халдварын тохиолдлын талаар бүр ярилт ч үгүй.
Гэтэл энэ улсад оршин суугаа манай 300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Онцгой комиссийнхон шийдвэр гаргаж чадахгүй байна. Эрүүл мэндийн сайд нь харин “Нийтийг хамарсан халдвар гарсан тохиолдолд яаж ч орилж чарлаад эмнэлэгт хэвтүүлж чадахгүй шүү” гэв. Аймшигтай заналхийлэл мөн биз.
Уг нь хорио цээрийн дэглэм эхэлнээс хойшхи хугацаанд монголчууд шиг номхон томоотой ард түмэн алга. Бос гэвэл босоод, хэвт гэвэл хэвтэж байна. Маскаа зүүлээ, гараа угаалаа, гэртээ хоригдлоо, өөр яах ёстой вэ? Одоо тэгээд "үх" гэвэл нь үхэх үү?
Уг нь тэр гадаадаас иргэдээ авчирна гээд байгаа, авчирч болохгүй халдвар тараах гэлээ гээд байгаа хоёрын чинь хооронд зарчмын нэг их ялгаа байхгүй. Нэг хэсэг нь халдварын голомтоос амьд мэнд зугтаж гарах гэж, нөгөө хэсэг нь гэртээ зүв зүгээр сууж байгаад халдвар тусаад үхчихгүй гэж л тэмцээд байгаа юм. Харамсалтай нь аль алинд нь тэр баталгаа алга.
Яагаад гэвэл Монгол Улс нэгэнт халдвартай орны тоонд багтсан. Түүнийгээ өөрсдөө гаднаас "импортлоод" ирсэн нь ч үнэн. Хамгийн гол нь коронавирусыг Монголд эмчилсэн нэг ч тохиолдол гараагүй байна. Монголд байтугай дэлхийд ч энэ вирусын эсрэг батлагдсан эмчилгээ, хамгаалах вакцин гараагүй.
Олон улсын эмч, судлаачдын үзэж буйгаар энэ вирусын тархалт хамгийн багадаа таван сар гэж байгаа. Хятад, Солонгост халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хоёр сар гаруй, гурван сарын дараа саяхнаас л "тархалтыг хяналтандаа авч эхэллээ" гэж мэдэгдсэн. Зөвхөн тархалтыг шүү дээ.
Харин Монголд илэрснээс хойш хоёр долоо хоноогүй байхад (франц иргэн Монголд ирсэн нь энэ сарын 2, илэрсэн нь 10-ны өдөр) байхад ХӨСҮТ “Хяналтандаа авлаа” гэж зарлах нь уул үзээгүй хормой шуулаа гэдэг болов. Дахиад гурван сар өнгөрөхөд нөхцөл байдал ямар болохыг тааварлах аргагүй.
Тархалтын голомт Европод шилжлээ гэсэн нь азиудыг өршөөлөө гэсэн үг биш. Нүүдлийн шувуу шиг манай дээгүүр нисээд явчихсан ч юм биш, дэлхийг тэр чигээр нь эзэлж байгаа хэрэг. Үүнийг манай дарга нар ойлгодог юм уу, үгүй юу? Дэлхий сөнөнө гээд лаа, шүдэнд бариад зуслан луугаа зугтаасан хэд шиг Монголдоо авчираад аварчих юм яриад, омогшоод суудаг.
Халдвар тэгсэн тэгээгүй Монголд тархадгаараа тархана. Харин түүнийг удаашруулах уу, улам хурдуулах нь уу? гэдэг л манай төрийнхний шийдэх ёстой асуудал. Халдварын тархалт одоогийнхоос жаахан нэмэгдэхэд л манайх эмнэлэгт хүлээж авах байтугай тусгаарлах байргүй болно. Ирэх бямба гариг хүртэл баахан монголчуудыг хилийн боомтуудаар "хөлөөр нь" оруулж ирнэ. Харин оруулж ирснийхээ дараа яах вэ?
Дахиад гурван сар тэсэх эдийн засгийн хүчин чадал манайд бий юу? Эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэх үү?
Хятадад анх халдвар гарсны дараа манай эмч, эмнэлгийн байгууллагууд "Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд бид дотооддоо барьж дийлэхгүй шүү. Сонор сэрэмжээ л сайжруулья" гэж эхнээс нь хэлж байсан. Гэтэл сонор сэрэмжээ алдсан явдал хэдийн гарч, халдвар тархаад эхэлчихлээ. Одоо тэгээд "усанд унасан хүн борооноос айдаггүй" гээд үүд хаалгаа дэлгээд суух уу? Аль нь манайд эрсдэл багатай тусах вэ? Үүн дээр л эмч мэргэжилтнүүд нь үгээ хэлж, Онцгой комиссийнхон үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Хилээ хаавал хаасан шиг хаагаад хийх ёстой ажлаа хиймээр байна. Харин бусад нь чимээгүй байг.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn