Хөгшчүүд сайхан домог, ам дамжсан ардын сургаал их хүүрнэнэ. Тээр жил Эрдэнэтэд зохиолчдын уулзалтаар явж байх үед тэндхийн нэг эмээ "Завилаа суудалтай бурхан уул байсан гэдэг, манай Эрдэнэт. Монголыг тэжээх учиртай бурхан байжээ" гэж сонирхуулан ярьж билээ. Бурхан үнэхээр хүн төрөлхтнийг тэжээдэг бол өөрөө ингэж хагасарч дундардаг байх даа гэж бодоод л өнгөрсөн.Тэгсэн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед нөгөө Монголыг тэжээж байгаа бурханыг маань ХХБ сэмхэн ханцуйлчихсан байдаг байгаа. Тэгэхдээ нөөц нь дуусч байгаа, дааж давшгүй өртэй, бараг л хаях болсон бурхныг чинь Монголдоо "оршуулах" гээд аваад ирлээ л шахуу юм ярьцгаасан. Үндсэн хууль болон хэд хэдэн хууль зөрчиж, сонгуулийн босгон дээр сортоочлоод хийчихсэн ажил юм л даа. Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш Эрдэнэтэд онцгой байдал тогтоон ажилласан. Юун сүртэй юм гэж бодож л байлаа. Гэтэл хэн дуртай нь орж гараад, юу дуртайгаа наймаалцаад байдгийг болиулж, нөгөө Монголыг тэжээж байгаа бурхан ууландаа гүнгэрваа хийсэн төдий. Тэгсэн юу болсон гэж санана. Нөгөө Эрдэнэт чинь түүхэндээ байхгүй амжилт, ашиг авчирч, бурхан хайрхны буян заяа өсдөг юм байна. Үйлдвэрийн 42 жилийн түүхэнд байгаагүй их буюу 40 шахам сая тн олборлолт, боловсруулалт хийж, өмнөх бүх өрөө дарж, хүчингүй болгочихоод байсан хуучны улс дамжсан авлагаа ч авч, борлуулалтын орлогыг 2,2 их наядад хүргэж, улсын төсөв, орон нутгийн түүнтэй адилтгах орлогод нийт 1,2 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Хуваагаад, хуйвалдаад идчихдэг л байсан болохоос бурханаа гүнгэрваанд залж байгаад хиртэй гар хүргэлгүй тордохоор буян заяаг нь булт олноороо хүртдэг л юм байна. Энэ үйлдвэр 42 жил ажиллахдаа тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, солих шаардлагатай өвгөрсөн байсныг сүүлийн гурван жилд 600 гаруй тэрбум төгрөгөөр шинэчилж, ажилчдынхаа цалинг 20-40 хувиар нэмжээ. За хамгийн баярлууштай нь дотооддоо дахин хайгуул хийхэд хөрөнгө зарснаар дахин 20 жил ашиглах нөөц нэмж тогтоон, бурхан завилгаатай Эрдэнэт хайрхан эдүгээ ирэх 60 жилд зогсолтгүй ажиллах нөөц баялагаа ил болгожээ. Нөгөө Бадамсүрэн захирал нь вирусын үеэр ажилчдаа олноор нь цуглуулж уулзаж чадалгүй сахилга журамд баригдсаны улмаас энэ мэтийн тоо баримт, тайлангаа захидлаар хүн бүрт хүргэжээ. Гэтэл юу болов. Энэ байтугай монгол хүн баярламаар тоо баримт тэнд бий. Гэсэн чинь зарим хүний шүлс гоожоод, шунал оволзоод, дахиад л сонгуулийн босгон дээр завилгаа суудалтай бурхныг маань залсан гүнгэрваанаас нь гаргаж байгаад хулгайлах гэж байна. ХХБ Хүрэлсүхийн Засгийн газартай шүүхдээд, шүүлцээд, сүүлдээ онцгой байдал тогтоосныг буруутган Үндсэн хуулийн цэц хүртэл цэмбэлзээд заргалдсан даа. Сахал Эрдэнэбилэг түрүү оны сүүлээр хоригдоод манай энхрий хайрт Ерөнхийлөгч шударга ёс тогтоох нь гэж түмнээрээ түрхрээд...гэтэл цаагуураа тохироо, наагуураа нанчилдаан явагдсан бололтой. Нэгэн цагийн жолооч, захирал хоёр бие биенээсээ холдоод хаа холдох билээ, алим хэдий том ч ангайх аманд багтдаг нь үнэн юм чинь. Модноосоо хол өнхөрдөггүй ээ гэж...аль аль нь ч биз. Ерөнхийлөгчийн бүрдүүлсэн Үндсэн хуулийн цэц Эрдэнэтийг гүнгэрваанд залж, онцгой байдал тогтоосон нь хууль зөрчсөн гээд л Засгийн газрынхаа эсрэг алхаа цохичихлоо. Гүнгэрваагүй болгочихвол тоноход амар, тонилгоход бүүр амар. Түүнтэй нь зэрэгцээд манай шахааны, шантаажны хэвлэлүүд Эрдэнэтийг муулаад, модоор цохиод, харлуулаад хажиглаад эхэллээ. Юу гээч, сонгуулийн босгон дээр завилгаа суудалтай бурхан уулын уурхайн заяагаар дахиад л тоглох нь гэсэн хар төрж байна. Хүрэлсүхийн багийг аваад шидчихвэл Эрдэнэтийг ганц ангайгаад гялс үмхээд яг таарах гээд байна. Эрдэнэтийг дахиад ч харлуулна. Бүүр их муулна. Хувааж идэх болохоороо Эрдэнэт зэргийн олон ч бурхнаа муу, муухай, хямдхан, хэврэг...гэж гоочилсоор байгаад ханцуйлдаг аргатай шүү дээ, манай яруу алдарт бүлэглэлүүд. Тэгээд төр солигдоход хэн хүчтэйг нь хэхрүүлж байгаад худалдаад авчихдаг, хуйвалдаад өөрийн хүн болгочихдог өөдгүй аргатай даа.
Р.ЭМҮЖИН