Шар
айраг уу? Сайхан бүсгүй юу? Үгүй ээ. Минийхээр, эр хүйстнүүдийн жинхэнэ
аз жаргал бол үүрэг хариуцлага ба өөрийгөө золиослохуйд оршдог юм.
Илүү
баян, аюулгүй, эрүүл, урт настай, амарч зугаацах амьдралын хэв маяг
болон материаллаг байдлын өргөн сонголттой эрчүүд урьд өмнө хэзээ ч
байгаагүйгээр аз жаргалтай байх ёстой биш гэж үү? Тийм биш. Эрчүүд,
ялангуяа дөчин зургаатай над шиг дунд эргэм насныхны хувьд дээр
дурдсанаас жаахан нь ч байхгүйгээр үл барам бүр ч долоон дор байдаг.
Учир
нь энэ насныхны сэтгэлийн хөдөлгөөн уур уцаар гэсэн ганцхан зүйлээр л
илэрдэг. Уур гадагш илрэхдээ муухай, догшин байдаг бол дотогш
хураагдахаараа хүнийг хямрааж, хумьж, заримдаа бүр хорт бодис
хэрэглүүлж, тэр ч бүү хэл амиа хорлоход хүргэдэг гэдэг. Миний мэдэх
эрчүүд, бас би өөрөө ч гэсэн хамгийн гайгүйдээ л гэхэд сэтгэл ханамжгүй
байх эсвэл үл ялиг залхсан байдалтай болж, харин хамгийн муудаа бол
уурандаа буцалж, багтрах шахдаг юм. Миний хувьд л лав өчнөөн хэмжээний
хүчин зүйлс байж, мөн төчнөөн хэмжээний хүчин зүйлс байхгүй байж л сая
аз жаргалтай байх нөхцөл бүрддэг. Хэрэв надад хэрэгтэй ганц хоёр зүйл,
тухайлбал хангалттай нойр, хийсэн зүйлийг минь хүлээн зөвшөөрөх
хүндэтгэл, аятайхан хоол, тогтмол дасгал гэх мэт байхгүй л бол би байж
яддаг.
Мөн төлөвлөсөн тов өөрчлөгдөх, нийтийг хамарсан арга
хэмжээг надад тохоох, урьдчилж хараагүй саатал хоцрогдол зэрэг дургүй
ганц нэг зүйлс тохиоход мөн л адил байж ядна. Би сайн зохицож чаддаг
байх л даа. Гэхдээ л лав аз жаргалтай болдоггүй. Эхнэр маань намайг аз
туршсан зүйл хийдэг гэж хэлдэг ч дууны өнгө нь наалинхай, ялдам бус
байдаг. Нас бие гүйцсэн эр хүний хувьд ийм аз жаргалгүй, уур уцаартай
байна гэдэг гайхмаар зүйл л дээ. Хэдийгээр ихэнх судалгаа эргэлзээтэй ч
боломжийн эрүүл хүн нас ахихын хэрээр улам бүр аз жаргалтай болох
хандлагатай байдгийг түүхийн явцад хийгдсэн судалгаанууд нэгэн дуугаар
баталдаг. Уурлах, бухимдах, уцаарлах зэргийг залуу хүний онцлог хэмээн
үздэг нь уламжлал болсон зүйл. Эрэгтэй хүн хөгшрөхийн хэрээр буурь
суудаг ч гэдэг. Гэвч тэгэхгүй л байна шүү дээ. Өнөө үед залуус нь маш
тайван байхад дунд эргэм насныхан янз бүр байна. Учир нь дөч хүрчихээд
хорин тавт шиг амьдарсаар байгаа, эсвэл тэгж амьдрахыг хичээдэг эрчүүд
олон болсон болохоор тэр юм болов уу.
Сонгодог утгаараа аз
жаргалд хүрэх хүлээн зөвшөөрөгдсөн хоёр л зам байдаг аж. Аристотель аз
жаргалыг сайн үйл бүтээснээр олж авдаг хэмээн тодорхойлсон бол Эпикур аз
жаргалыг зугаа цэнгэлээс олж авна гэжээ. Яг ингэж хэлээгүй ч энгийнийг
нь бодоод тэгж хэлсэн л гээд бодчихъё. Өнөө үед бид хоёр дахь загвар нь
өмнөхөөсөө илт давамгайлсан эрин үед амьдарч байна шүү дээ. Эндээс
өөрийгөө буруутгах, бусдын хэрэгт хошуу дүрэх, баталгаагүй үнэ цэнэ,
бусдын талаар үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг нь аливаа мэдрэхүйн таашаалд
нөлөөлдөг тухай асуулт урган гарна. Эпикурын аз жаргалын тухай загварыг
эрэгтэй хүнд зориулагдсан гэж би л лав бодохгүй байна. Сүүлийн хэдэн
арван жилийн хугацаанд эрчүүд бид чинь Эпикурын загвараар мөн ч сайн
үзэж тарсан даа.
Насанд хүрэгчдэд зориулсан Виз хэмээх комиксийн
сурталчилгаанд нэгэн ядмагхан эрийн зургийн дэргэд "Хүүхнүүд ээ, энэ зул
сарын баяраар нөхөртөө үнэхээр хүсч буй зүйлийг нь өгөөрэй... Тэр зүйл
бол дүүрэн шар айрагтай том мөөм шүү!" гэж бичсэн байв. Хөх, хонго,
хөлбөмбөг, хоолны төлөөх үндсэн дур хүсэлдээ захирагддаг эгэл жирийн
эрчүүд дээрх онигоог орчин цагт үнэн болгож амьдралд хэрэгжүүлсэн юм.
Эрчүүд бид урьд өмнөхөөс ч илүү ихээр идэж ууж, спорт, порно үздэг
болсон. Энэ бол бидэнд үнэгүй заяагдсан төрөлх араншин биш л дээ. Бага
зэргийн таашаал л гэхэд бидний хувьд шүүмжлэлээс хувь илүү байдгийн нэг
илрэл л юм уу даа. Ирээдүйн Сафари, Арманигийн хослол, аль эсвэл ганц
хуучны дарсанд хөрөнгө оруулж амьдарна гэдэг бол мөнгөө Стелла шар
айраг, эсвэл хусч азаа үздэг сугалаанд зарцуулахтай агаар нэг.
Үгүй
тэгээд, энэ бүхэн эрчүүд биднийг аз жаргалтай болгож байна уу? Би л
хувьдаа аз жаргалтай хүүхэмсэг эрчүүл, бас согтуучууд олныг харж
байгаагүй. Харин та? Эхний хундага дарс таныг аз жаргалтай болгож болох ч
гурав дахь хундага нь яах бол? Тав дахь нь, тэгвэл? Мөнгөний тухайд
дундчуул ядуусаа бодвол арай илүү, гэхдээ зөвхөн тодорхой цэгт хүртэл л
аз жаргалтай байдаг. Англид аз жаргалтай байхад жилд ердөө 50 000
паундын орлоготой байхад л хангалттай болохыг саяхны нэгэн судалгаа
харуулжээ.
Илүү их ууж, явалдаж, мөрийцөж, илүү үнэтэй гольфын
цохиур цуглуулснаараа магадгүй зарим дунд эргэм насны эрчүүд арай илүү
аз жаргалтай, эсвэл өөрсдийгөө аз жаргалтай байна гэж төсөөлдөг байх.
Гэвч бид насан туршдаа ийм байж, зугаа цэнгэл, таашаал хөөцөлдөж
чадахгүй гэх бодит байдалтай ихэнх эрчүүд нүүр тулах болдог. Бидний
нийгэм, соёлд өнөөдрөөрөө амьдар гэх сургаал ноёлж байгаа нь эрчүүдэд
даанч үйлчилдэггүй. Эрчүүд бид маргаашийн төлөө амьдрахыг хүсдэг.
Эрэгтэй хүнд зорилго, төлөвлөгөө, шалтгаан, итгэл үнэмшил, бүтэц зохион
байгуулалт, бас чиглэл хэрэгтэй. Эрчүүд бол байгалиасаа, бүр цаанаасаа л
Эпикурууд биш юм. Харин Аристотелийн хэлснээр сайн үйл бүтээхийн төлөө
эрчүүд бид тэмүүлдэг.
Тэрхүү сайн үйлийг жижигхэн боловч өдөр
тутмын амьдралаас олж харж болно. Энэхүү нийтлэлээ бичихээр өглөө
ажилдаа ирэхэд минь хамт ажилладаг Жо гэгч бүсгүй ширээнд дөхөн ирээд
"Роберт, чи эрэгтэй хүн болохоор чамд халив байгаа даа" гэв. Уг нь би
"Байхгүй байх аа даа" гээд хэлчихэж болох л байх. Гэвч үүний оронд
"Халиваар яах гэж байгаа юм бэ?" гэж асуухад Жо "Миний шил холхиод байх
юм, чангалах санаатай" гэлээ. Тэгэхэд нь би "Аль вэ, би хараадхая" гээд
шилийг нь авлаа. Би Жогийн шилний эргийг чангалчих санаатай янз бүрийн
зүйлээр оролдож арван минут хэртэй болов. Phillips-ийн жижигхээн халивны
оронд үзэгний хошуу, цайны халбага, цаасны хавчаар гээд л есөн шидийн
зүйлээр оролдсоны эцэст үдээсний төмөр эрэгний толгойд таарлаа. Минут
хүрэхгүй хугацаанд Жогийн шил холхин хөдлөхөө больсон байлаа.
Жо
талархал илэрхийлж, харин би сэтгэл ханамжтайгаар сайн сайхан, аз
жаргалын тухай бичих ажилдаа орлоо. Энэ жижигхэн үйл яагаад намайг аз
жаргалтай болгов? Зарим талаараа, ердөө л зарим нэг талаараа, Жо
эмэгтэй, харин би эрэгтэй хүн гэдэгт, нөгөө талаараа нэгэн сонин зүйлийн
учрыг олох гэж чармайн, эцэст нь түүний шийдлийг олсноор би аз
жаргалтай болж байгаа юм. Өөр нэг талаараа барагтай л бол гараа
ажиллуулдаггүй хүн гараараа юм хийснээр, хамгийн гол нь нүдний шил
минийх биш өөр хүнийх болохоор л сэтгэл ханамжийн зэрэг өсч байна. Би
хариу харалгүй тус хүргэсэн. Жо надаас тусламж хүссэн, намайг албадаж ч
болох байлаа. Эндээс надад ямар ч ашиг гарахгүй ч намайг аз жаргалтай
болгож байгаад л учир нь байгаа юм.
Жишээ нь, би мод түлээ
хагалах, гал асаах, зүлэг мод услах, гэрийнхнийхээ гутлыг тослох,
хүүхдүүддээ хоол хийж өгөх, заримдаа бусдын гадаа хаясан хогийг түүж
хаях зэрэг янз бүрийн жижиг үйлээс сэтгэл ханамж буюу аз жаргалтай
адилтгах зүйлийг мэдэрдэг. Энэ бүх зүйл доод зэрэглэлийн гар ажил боловч
манай гэр бүлд төдийгүй надад ч бас тустай, хүртээмжтэй юм.
Хэрэв
энэ бүхэн миний амьдралдаа байнга хийдэг цорын ганц зүйл байсан бол би
үргэлж аз жаргалтай байх нь гэсэн төсөөлөл надад төрдөггүй. Тиймээс л
надад дасгал хийх, ажилдаа явах, зурагт үзэх, кофейн, никотин,
согтууруулах ундаа хэрэглэх хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. Гэвч
эдгээр зүйлс байхгүй байсан бол аз жаргал бүр л хүршгүй зүйл мэт байх
байсан биз. Би тэнэг юм шиг инээчихээд сайн үйл хийх гээд яваад байгаа
юм биш л дээ.
Бурханыг би одоо хэр нь олж хараагүй. Би гэгээрсэн
гэгээнтэн бүр ч биш. Жижигхэн зүйл хийчихээд аз жаргалыг мэдэрч чадаж
байгаа минь энгийн л зүйл. Ядаж ганц удаа хувиа хичээх зангаа хаяж
бусдын ачаа тээшийг машины ар руу ачиж өгөх жижигхэн үйлдлийг хийснээр
өөр бусад үйлдлийг хийгээд ч олж авч чадамгүй маш сайхан сэтгэгдэлтэй
үлддэгийг ихэнх эрчүүд хүлээн зөвшөөрөх байх аа. Тиймээс л, эрчүүд
бидний сэтгэлийг засч, сайн сайхан болгодог учраас хүүхнүүд та нартаа
хаалга онгойлгож өгөх бид дуртай байдаг юм шүү дээ.
Эрэгтэй хүнд
өөрийгөө золиослох хэмжээлшгүй их чадвар байдаг. Зөвхөн чадвар ч бус
хэрэгцээ гэх юм уу даа. Магадгүй бүх эрчүүдэд байхгүй байх.
Гэхдээ
ихэнхэд нь бол бий шүү. Эр хүйстний өөрийгөө золиосолсон талаар
Термолейн 300 Спартакчуудаас авахуулаад Британийн тулалдаан хүртэлх олон
түүх домог байдаг. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсэгт эр хүний нэг
чухал шинж бол өөрийгөө золиослох чадвар хэмээжээ. Зөвхөн дайн тулааны
үед эх орончоор өөрийгөө золиослох бус энхийн тайван цагт ч бусдын
хэрэгцээ шаардлагыг хангах аюултай ажлыг хийхээр өөрийгөө золиослох нь
бий. Эс бөгөөс өөрийгөө улс төрийн, нийгмийн, шашны үйл хэрэгт зориулдаг
байх жишээтэй. Мөн зүгээр л хүүхэдтэй болчихоод тэдний сайн сайхны
төлөө бүх хариуцлагыг өөртөө авах нэг хэлбэр ч байна. Гэвч өнөө үед
ихэнх эрчүүд Утопи зүйл бий болгох, дайнд явах, нүүрс ухах, гүн далайд
загасчлах, гэр бүлээ ядуурлаас гаргахаар зүтгэх гэх мэт үйл хэрэгт
өөрийгөө зориулахаа байчихаж. Уг нь бүгд л сайн сайхан үйл хэрэг
мөнөөсөө мөн шүү дээ.
Дунд эргэм насны гэр бүлгүй, үр хүүхэдгүй
эрчүүд олон байгаа нь миний бодлоор, нийгэмд ч, тэдэнд өөрсдөд нь ч сайн
зүйл лав бишдэг ээ. Нэгэн шог зурагт үзүүлсэнчлэн гэрлэлт эр хүнийг
залхуу болгож, харин эхнэр нь нөхрийнхөө хамаг юмыг бэлдэж гүйдгээс
гэрлэсэн эрчүүд гоонь эрчүүдийг бодвол илүү аз жаргалтай байдаг гэсэн нь
амьдрал дээр яг эсрэгээрээ. Гэр бүлтэй эрчүүдийн үйлдэл, үйл хэрэг
тодорхой хэмжээгээр өөрөөс нь гадна бусдын төлөө байдагт л гэрлэсэн
эрчүүд илүү их аз жаргалтай байдаг юм. Би гучин гуравтайдаа аав болж
байлаа. Өнөө үеийнхэнтэй харьцуулбал залуугаараа л даа. Гэсэн ч би
түүнээс ч өмнө аав болохыг хүсдэг байсан.
Амьдралын янз бүрийн
үед дахиад нэг шар айраг уух уу эсвэл болих уу, өөрийгөө хөгжүүлэх тухай
ном унших уу эсвэл сонирхолтой триллерийг нь сонгох уу, гэртээ харьж
гэр бүлийнхэн дээрээ очихын оронд нарийн бичигтэйгээ загас наадуулах уу,
хэдэн жил хүүхдээрээ явсаар байх уу, эсвэл нэн тэргүүнд гэр бүл зохиох
уу гээд л Аристотелийн сайн үйл бүтээх тухай философи нь тэр дороо
таашаал тааламж авчрах зүйл бус гагцхүү хэцүү зүйлийг хийх тухай
философи ажээ. Өөрөөр хэлбэл хэцүүхэн сонголт юм уу даа. Гэтэл бид хэцүү
сонголт хийх туршлага гээд байх юмгүй байдаг. Бидний эцэг, өвөө нар
сүм, арми, эрт гэрлэлт, насан туршдаа мэргэших хүртлээ хийх ганц ажил,
үйлдвэрчний эвлэл, улс төрийн шалтгаан, өнөр өтгөн гэр бүлийн холбоо
гээд сайн үйл бүтээх байгуулалтай байжээ. Гэвч өдгөө эцэг хүүгийн холбоо
суларч, үгүй болсон уу гэлтэй.
Дээр дурдсан байгуулал, итгэл
үнэмшил үгүй болсноор эрчүүд ижил санаа бодолтой хүмүүстэй нөхөрлөх
нөхөрлөлийн холбоогоо ч мөн гээсэн. Хэдэн үеийн өмнө эрчүүд бусад
эрчүүдтэйгээ хамт ажиллаж, хамт тоглодог байсан. Урьд нь байнга хамт
ажиллаж, тоглосоор өдгөө ханаж цадчихсан уу гэлтэй хамтдаа ажиллахаа ч,
тоглохоо ч байж. Орчин үеийн эрчүүд бусадтайгаа нийгмийн харилцаанд орж
байгаа мэт байдаг ч огт ордоггүй. Хэдийгээр найз нөхөдтэй ч тэднээсээ
яагаад ч юм хөндий байдаг болж.
Эмэгтэйчүүдийн нөхөрлөл энгийн
байхад эрчүүдийнх тийм байхаа больжээ. Спорт, машин, дэлхий ертөнцийн
байдлын талаар буу халж суух нь эрчүүдийг аз жаргалтай болгодог. Яагаад,
ямар учраас вэ гэдгээ ч мэдэлгүйгээр зарим эрчүүд яг л тавиад оны
эхнэрүүд шиг өөрсдийгөө ертөнцөөс, нийгмээс тусгаарлачихсан байдалтай
байдаг. Дэлхий ертөнц ойлгомжгүй, толгой эргэм болохыг олж мэдээд үүнээс
өөрийгөө татаж, улмаар өширхөл дайсагналаа өдөөж суудаг биз. Найз
нөхөд, гэр бүл, хамтрагч, хамт ажиллагсадтайгаа харилцах харилцааны
чанар аз жаргалын үзүүлэлт болдгийг олон судалгаа харуулдаг. Аз жаргалын
тухай эшлэлүүд нийгмийн харилцааны ач холбогдол, түүний чухлыг онцолсон
байдаг.
Орчин үеийн ертөнцөд ганцаараа байна, цөөхөн найз
нөхөдтэй байна гэдэг нь аз жаргалгүй байгаагийн илэрхийлэл болдог. Гэвч
зарим эрчүүдийн хувьд хэт их харилцаанд орох нь эргээд асуудал үүсэх
нөхцөл болдог байна. Бидэнд ганцаараа байж, нуувчинд орох хэрэгцээ
шаардлага гардаг. Эмэгтэйчүүдийн нөхөрлөл, хов жив, буулт хийх,
тохиролцох зэрэг нийгмийн болон харилцаа холбооны ур чадвар зөөлөн
байдаг нь бидний насыг тодорхойлж байдаг. "Там гэдэг бол бусад хүн"
гэсэн Сартрын сургаалыг дагах эмэгтэй цөөхөн биз ээ.
Гайхмаар
хэдхэн тооны эрчүүд л "Хөөе, ингэхэд тэр царай муутай франц эр үнэн л юм
хэлээд байж" гэх байх. Ихэнх эрчүүдийн хувьд XXI зууны тогтмол харилцаа
холбооны диваажин үгүй болоход ойрхон байна. Гар утас дуугарахаар зүрх
зогсчих шахдаг болоод байгаа. Заримдаа нэг cap, нэг долоо хоног, нэг
өдөр хүнтэй харилцахгүйгээр тархи толгойн дахь хамаг бүхнээ цэгцлээд
авбал би гэдэг хүн аз жаргалтай болчих юм шиг боддог. Бүр шоронд ч орсон
яах вэ, тэнд ном уншиж, төмөр шахаад л... гэж боддог юм. Харин дараа нь
шорон ч бас дуу чимээ ихтэй, хүн олонтой, бужигнасан газар гэдгийг
санадаг. Эрчүүд хайр дурлалд илүү бодитой ханддаг. Бид амьдралд учир
шалтгаан байдаг шиг хайр дурлалд ч мөн учир шалтгаан байлгахыг хүсдэг.
Эрчүүд
хоорондын нөхөрлөлийн хувьд бид ахан дүүсийн холбоог үүсгэж чаддаг.
Тиймээс л бид спорт хөөдөг юм шүү дээ. Ийм ч учраас, олон хүн цэрэг
эрчүүдийг хүндэлж, басхүү битүүхэндээ атаархаж явдаг болов уу. Элдэв
ойлгомжгүй асуудал багатай нөхөр ёсны харилцаа, алба, золиос гээд
иргэний амьдралд дутагдаж байгаа зүйлс цэргийн амьдралд байдаг.
Тэгээд
яана гэж? Цэрэгт элсэх үү? Хөдөө явж түлээчин болох юм уу? Хянаж
удирдаж болохгүй зүйлс гэж байна аа. Тухайлбал, чи фашизмын төлөө тэмцэх
гэх мэт ёс суртахууны хувьд халдаж үл болох шалтгааныг эрж хайх
хэрэггүй. Оршин байдаг үгүйг нь ч мэдэхгүй байж бурханд итгэж эхлэх
утгагүй. Өвөө чинь гэр бүлээ ядуурлаас аврах гээд дэрчийтлээ зүтгэж
байсан тэр он жилүүд рүү буцан очих боломжгүй. Чиний хийж чадах зүйл бол
алдаж гээсэн байгуулал, үйл хэрэг, итгэл үнэмшлийн хадгалж үлдүүштэй
тодорхой элементүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх явдал юм. Түүнээс бус
гараар хамаг ажлаа хийн цаг алддаг хар ажилчин болох шаардлагагүй.
Тарган бөгөөд залхуугаас илүүтэй сайхан чанга биетэй цэрэг юм уу,
тамирчин болох хэрэггүй, эсвэл айхтар мундаг ном уншсан оюунлиг нэгэн
болох ч албагүй. Тэнэг, бүдүүлэг биш хэр нь тийм мэт дүр эсгэх хэрэггүй.
Эргэн тойрныхоо төлөө, дэлхий ертөнцийн төлөө хариуцлага үүрч баатар
болох ч шаардлагагүй. Дэлхийг багахан хэмжээгээр өөрчлөхийн төлөө
хувьсгалч болох албагүй. Аливаа юмсын талаар юу гэж боддог, юу хийх
хэрэгтэй талаар ганцаараа бодол болон сууж цаг нөгцөөдөг лам болох ч
хэрэггүй.
Мэдээж хэрэг, чи ёс суртахууны зарчмыг чандлан сахисан
итгэгч нэгэн болох албагүй. Юунд ч итгэл үнэмшилгүй нэгнээс ямар нэгэн
зүйлд өөрийгөө бүрэн зориулж чаддаг хүн илүү аз жаргалтай байдаг гэсэн
судалгаа бий. Яагаад юм бүү мэд, ямартаа ч дээгүүр эрх мэдэлтэн хүнийг
шүүдэг гэх итгэл үнэмшил нь эр зан төлвийг зохицуулах нөлөө үзүүлдэг
байж ч болох. Тэрхүү дээд эрх мэдэлтнийг заавал бурхан гэж нэрлэх
албагүй. Түүнийг ухамсар гэж нэрлэж болно. Хүн бүр л ухамсартай. Зүгээр л
ухамсраараа амьдарч чадвал бид аз жаргалтай байна. Харин ухамсар үгүй
бол аз жаргал ч мөн үгүй билээ.