Монголчууд бид яаж амьдарч аж төрөөд байгааг сүүлийн үед ойлгохоо болилоо. Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2016 оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын тайланд нэг өрхийн сарын дундаж бодит орлого 835.3 мянган төгрөг. Харин бодит зарлага нь 965.0 мянган төгрөг болсныг зарлан тунхаглав.
Олж байгаа мөнгөнөөсөө 130 мянга гаруй төгрөгийн илүү зарлагатай айл өрх яаж амьдраад байгаа юм бол, сонин юм шүү. Үгүй тэгээд өлсөж үхэлтэй биш, цалингаас цалингийн хооронд өр зээл тавьж, урд хормойгоороо хойдохыг нь нөхөөд л явж байгаа байх л даа.
Статистикаас харвал өрхийн орлого өмнөх оны мөн үеийнхээсээ 106.2 мянган төгрөгөөр буурсан атлаа зарлага нь нэмэгдсэн байна билээ. Цаашдаа ч тийм байх биз. Саяхны нэг судалгаагаар манай улсын нийт хүн амын 700 мянга орчим нь хагас өлсгөлөнгийн байдалтай амь зууж байгаа гэсэн тоо гарсан байна. Гэтэл сардаа 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой айл нийт өрхийн 4.6 хувийг эзэлдэг. Түүнийг хэрэглээ талаас нь харвал чинээлэг айл өрхийн 20 хувь нь ядуу доод давхаргын мөн тооны хувьтай тэнцэх айлуудаас 5.4 дахин их хэрэглээтэй болохыг тогтоожээ.
Нийгмийн тогтолцоог өөрчлөхөөс өөр гарцгүй гэж сэтгэж, Орост өрнөсөн "перестройка” буюу өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн 1990-ээд онд бүгд адил тэгш эрхтэй байсан юм биш үү.
Тухайн үед хэдийгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн механизм үйлчилж байсан боловч хөдөлмөрийн насны хүн ам бүхэлдээ ажилтай, орлоготой байлаа. Гадаад ертөнцтэй харилцах цонх хаалттай байсны горыг амсч, давснаас өөр бараагүй лангуу харж, картын бүтээгдэхүүнээр амьдарч байхдаа ч монголчууд өнөөдрийнх шиг гандуу гундуу царайлж байгаагүй юмдаг.
Гэтэл Бүртгэл, статистикийн үндэсний газрын мэдээллээр энэ оны эхний дөрвөн сард 38.6 мянган ажилгүй иргэн аймаг, нийслэлийн хөдөлмөрийн байгууллагад шинээр бүртгүүлсэн бол 31.9 мянган хүнийг ажил идэвхтэй хайхгүй байгаа гэх шалтгаанаар бүртгэлээс хассан байх юм. Нэг улирлын дотор хөдөлмөрийн нөөцөд ийм өөрчлөлт орж байхад хэд нь хаагуур, ямар ажил хийгээд байгаа нь нэг л ойлгомжгүй санагдаад байна.
Дээхнэ үед хүнтэй уулзах, айл гэрт орсон гарсан хэн нэгэнд "ажилгүй” гэж хэлэхээс ичиж зовдог байсан бол өнөөгийн залуучууд харин ч бахархах янзтай, хөгшин настай эцэг, эхийнхээ тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй нэгнийхээ тэтгэмжээр амьдарч байгаадаа зовж буй шинж ч алга. Энэ оны нэгдүгээр улирлын судалгаагаар манай улсын ажиллах хүчин /15-аас дээш насныхныг тооцдог болсон/ 1.2 сая хүн байгаа гэсэн тооцоо гарчээ.
Харамсалтай нь, ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.6 мянга /2.5 хувь/-аар буурч, ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлснээр эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо өссөн байна. Зургаан сарын хугацаанд ямар нэг ажил хийж байгаад халагдсанаас бусад тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгодог болсон нь амар хялбар аргаар амьдрах зам руу олон арван мянган залууг татан оруулж байгаатай санал нийлэх хүн цөөнгүй бий.
Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний дөрвөн сард 48 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосны хэдэн хувийг ажилгүй, ажлаасаа гарсан залууст олгосныг тодорхой тооцох аргагүй юм. Түүнээс гадна "Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны нэг сая гаруй хүүхдэд зориулан 80.6 тэрбум төгрөгийг тараасан байдаг. Энэ мэтчилэн хавтгайрсан халамж хүүхэд, залуусыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, хөдөлмөрийн үнэ цэнийг хэмжих,ойлгох хэмжүүр багассаар байна бус уу.
Үүний улмаас амар аргаар мөнгө олох, хөнгөн зугаа цэнгэл хөөх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусын тоо сараас сард, бүр өдөр хоногоор нэмэгдэж байгааг анзаарахгүй байхын арга алга. Энэ оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2880 болж, өмнөх сарынхаас 11.8 хувиар өссөн гэх мэдээлэл байна. Аз болоход хүүхэд, эмэгтэй хүн оролцсон хэрэг өмнөх оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 13.0-19.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэхдээ л гэмт хэргийн улмаас 300 орчим хүн нас барж, 3600 гаруй иргэн гэмтэж бэртсэн нь Уулын Карабах, Сирид болж буй дайн самуунаас дутаж байгаа юм алга.
Саяхны мэдээллээр монголчуудын дөрөвний нэг орчим нь өлөн зэлмүүн амьдарч, шар нар бор хоногийг өнгөрөөж байна гэх тоо баримт гарсан. Бид хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах агуу зорилготой ардчилсан Монгол Улсдаа яаж амьдраад байгаа юм бэ, хэлээд өгөөч. Үүний цаана өр зээл, амьдрах орчин, эрүүл ахуйн шаардлага, эмнэлэг үйлчилгээ гээд олон асуудал бий. Тэдгээрийг үл нуршин бид ямар мөнгөөр амьдралаа залгуулаад байгаа нь л сонин байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин