ero энтертайнментийн захирал
Л.Баатартай ярилцлаа. Цаг хугацааны хувьд бидний уулзалт түүний
бэлтгэсэн нэвтрүүлэг улс төрийн хүрээнд төдийгүй Монгол даяар шуугиан
тарьсны дараахан болсон юм.
Таныхаар авьяас гэж яг юу юм бэ?
Авьяас бол юуны түрүүнд төрөлхийн эвсэл.
Авьяастай хүн цаанаа л нэг эвсүүрхэн байдаг. Хэрэгтэй цагт дуулчихдаг,
арга хэмжээ хөтөл гэвэл донжийг нь тааруулчихна. Ямарваа зүйлийг өөрт
болоод өрөөлд хүндрэл учруулахгүй сурдаг. Хоёрт, авьяастай хүнийг хувь
тавилан нь хөтөлдөг. Хийл хөгжмийг маш гоё тоглох төрмөл авьяастай нэгэн
Өмнөговьд төрсөн байлаа гэж бодоход бас л сонин тавилан түүнийг угтана.
Хувь тавилан нь ивээвэл урлагийн бригадын машины дугуй хагарч, тэднийд
очиж таараад, тэр хүүхдийг олдог ч юм уу. Хувь тавилан нь хөтлөөгүй
хэчнээн олон гоц авьяастны авьяас билиг хаа нэгтээ орхигдож байгааг бид
мэдэхгүй. Мэдээж үүн дээр хөдөлмөр заавал байх ёстой. Энэ гурав нийлсэн
цагт тэр авьяас юм. Аль нэг нь илүү чухал уу гэж дэнсэлж, салангид
ойлгож болохгүй.
Уран бүтээлчийн хувь тавилан таныг хаанаас хөтөлж, өнөөдөртэй учруулсан бэ?
Би эмээгийн хүү. Эмээ минь надад дандаа л
дэвтэр, харандаа авч өгдөг. Би дэвтрийнхээ хуудсыг дуустал зураг зурна.
Өөрөө өөртэйгөө яриад, төсөөллөө буулгаад л. Тэр үед одоотой адил хүссэн
үедээ суваг солиод хүүхэлдэйн кино үздэггүй байлаа. Хөдөөний хүүхдүүдэд
үзэх зүйл бүр л бага байсан.
Таныг унаган хотын хүүхэд гэж бодсон?
Уг нь бол хотод төрж, өссөн. Аав, ээж хоёр
минь салж би Өвөрхангайд ээжийнхээ ээжийн гар дээр очсон. Хөдөөгийн
буйдхан амьдрал дунд хүүхэд нас минь үлдсэн.
Зургаа орхиогүй бол гэж хааяа боддог уу?
Өнөөгийн нийгмийн ороо бусгаа өөрчлөлт
болоогүй, амьдралын шаардлагаар би тэр замаасаа хазайгаагүй байсан
бол... гэж бодох үе бий. Одоогийн зураач нарын бүтээлийг харахаар би ер
нь гайгүй зураач болчих байсан юм биш үү гэж бодох үе байна шүү,
даруухан бус хэлэхэд.
Эмээгийн хүүгийн мөрөөдөл юу байсан бэ?
Хүүхэлдэйн кино зурах бол миний мөрөөдөл.
Монгол телевизийн анхны оператор Мөрөнгуа эгч миний зурахыг харчихаад
байгалиасаа хүүхэлдэйн киноны зураач болох өгөгдөлтэй хүүхэд байна гэж
хэлсэн. Хүний гарын үсгийг янз бүрийн зураг болгодог байлаа. Ерөнхийлөгч
П.Очирбат гуай, дуучид, жүжигчдийн төрсөн жилийг нь гарын үсэг болгож
зурж өгнө. Телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, "Таны гарын үсгийг яг юу
болгож зурах вэ” гэж асуугаад л, хэдхэн секундэд зураад л, хэрдээ л од
байлаа шүү дээ. /инээв/ Золоо ах намайг Өвөрхангай аймгаас олж,
оролцуулсан юм. Ингэж л би телевиз, тэр дундаа энтертайнмент урлагт
жаахан хүү байхаасаа л хутгалдсан.
Боролдой студийн зураач байх үе чинь телевизийн урлагийн хөгжлийн бас л их сонирхолтой цаг үед таарсан?
Телевизийн урлагийн шинэ өнгө төрхийг бий
болж байх үед хажууд нь байсан тэр үеэр их бахархдаг, сэтгэл хангалуун
явдаг. Ардчилал эхэлснээс хойш телевиз ч тасралтгүй хувьсан өөрчлөгдөж
эхэлсэн. On&off продакшн байгуулагдаж баруун хэв маягийг бүтээлдээ
шингээгээд л, дуучныг худгийн хажууд дуулуулж, клип хийгээд л. Рок
Мөнхсайхан "та зүрх муутай бол телевизээсээ хол суугаарай” гэж
хөтлөлтийнхөө үеэр хэлсэн нь тэр үедээ цочир сонсогдож байлаа. Нийгмээ
дагаад сэтгэлгээ нь хүртэл баригдмал байсан хүмүүс гайхаж "Юу гэж байгаа
юм бэ, хүнийг зүрх муутай бол телевизээсээ хол суу ч гэх шиг, доромжилж
байна. Өвчтэй юм уу, хаашаа юм бэ?” гэх жишээтэй. Хашигдмал
сэтгэлгээний хана туургыг давж байсан тэр үед би хамт байж, гэрч нь
болсон. Эндээс л би телевизийн урлагт суралцаж эхэлсэн. Одоо хийж байгаа
тухайгаа бус, хаанаас эхэлсэн, хэнээс суралцсан тухайгаа хүн сайн
мэддэг, мартдаггүй байх ёстой юм. Өмнө нь ургасан амьд бүхэн ялзарч
хөрсийг бордсоноор дараагийнх нь түүгээр тэжээгдэн ургадаг амьд
байгалийн хууль хаана ч адилхан үйлчилж байна. Урьд нь юу ч байгаагүй юм
шиг гарч ирж байгаа нь алдаа болдог. Нийгмийн хувьсал ч адил. Монголын
ардчилал социалист бааз суурин дээр л хөгжиж, бид өдий зэрэгтэй явж
байна.
Суралцаж байсан нь илүү азтай хэрэг. Хэрвээ хутгалдаад л зүтгэж явсан бол бас л хэцүү?
Гар бие оролцож, хийлцсэн. Гэхдээ таны
хэлснийг хүлээн зөвшөөрч байна. Яг л тэр алтан үеийнхэнтэй хамт байж,
суралцаж хичээж явснаараа тэднээс маш олон зүйлийг авч үлдэж чадсан. Бүх
зүйл бэлэн биш. Нэг талаас нь харвал хөшүүн баригдмал юм шиг боловч
сайн талаас нь харвал суралцахад илүү таатай үе байсан. Хүмүүсийн ёс
суртахуун, харилцаа одоогийнхтой харьцуулахад их өөр. Заримдаа өөрийнхөө
хийсэн бүтээлийг эргүүлээд харж суухад олон хүний арга барил, хэв
маягаас суралцаж, авч үлдэж дээ гэж өөрийн эрхгүй бодогддог. Энэ бүхнээ
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнээс биш нэг их аугаа хүн төрчихөөд, өөрөө
л сэтгээд, хийгээд байгаа юм шиг ярьж болохгүй.
Одоо зурж байна уу?
Кино, нэвтрүүлгийнхээ storyboard-ийг зурахаас эхлээд зурах шаардлага гарах л юм.
Өөрөө зурдаг хэрэг үү, найруулагч нь?
Гадныхан бидний ажиллаж байгааг хараад
гайхдаг. Найруулагч нь өөрөө storyboard-оо зураад, зургаа аваад,
хэрэгтэй бол гэрлээ тавина, зарцаа ч хийнэ. Би Германд хоёр, гурван
реклам хийж байсан. Барууныхны ажлын зарчмыг мэдэхгүй, сурснаараа л
хүний өөрийн гэхгүй ажлуудыг нь хийгээд байсан. Бодвол анхандаа намайг
"бүдүүлэг хятад байна” гэж бодсон биз. Амихандаа тэр хүнд туслаад байна
гэж би бодоод, нөгөө хүн яагаад миний ажлыг булаах гээд байгаа юм болоо
гээд гайхаад. Тэд олуулаа, хүн бүр оноосон үүрэгт ажлаа л хийнэ. Харин
бид цөөхүүлээ, хэрэгтэй цагт өөр хүний ажлыг нөхөж хийхээс өөр аргагүй
үе зөндөө тохиолдоно. Гэхдээ олон ажил хийлээ гэж цалгардахгүйгээр сайн
хийж чаддаг шүү. Монголчууд хүн бүр супер байхаас аргагүй цөөхүүлээ ард
түмэн. Хүн бүрийг эрдэнэ мэт хайрлахгүй байхын аргагүй цөөхүүлээ гэдгээ
бид хэзээ ч мартаж болохгүй.
Өмнө нь та сонгуулийн үеэр олдоггүй, үнэтэй найруулагч байсан. Одоо харин улс төртэй өөрийн биеэр хутгалдаад байна уу даа
Би сайд дарга болох гээд байгаа юм биш ээ.
Гол нь хоёрхон сая хүнийг дэлхийд байгалийн баялгаараа дөрөвт
эрэмбэлэгдэж байгаа эх оронд нь яагаад сайхан байлгаж, сэтгэл тэнэгэр
амьдруулж чадахгүй байна вэ гэдэг хэр том хэмжээний гажуудал юм бэ гэдэг
тухай л бодож бухимдаад байгаа хүн. Болно биз дээ гэсэн уужуу тайван
сэтгэлгээ биднийг улам л доош нь чирээд байна. Ардчилал ялж, чөлөөт
эдийн засагтай болсон 25 жилийн хугацаанд бид ямар байдалтай байсаар
байгаа билээ. Орос, Хятад гээд хил залгаа хөрш орнуудын хөгжил, хотуудын
өнгө төрх нь аль түвшинд хөгжсөнийг бид мэдэж л байгаа. Гэтэл
Улаанбаатар хотынхоо төв талбайгаас 300 метр алхаад гэр хорооллын
хашаанд ороход биднийг ямар амьдрал угтаж байна. Бид саяхан сумын тухай
нэвтрүүлэг бэлтгэлээ. Дараахан нь хотын гэр хорооллын тухай нэвтрүүлэг
хийе гээд явахдаа бараг л шоконд орж байна. Худгаа тойроод модон
жорлонтой, хөрснийхөө усыг шууд хэрэглэдэг. Модон жорлон нь өвөлдөө
хөлдөөд овойчихдог. Ийм амьдралаасаа бид хэзээ салах юм бэ? За болно биз
дээ гээд л яваад байдаг. Яг үнэндээ биднийг доромжилж байна.
Харин ч эсрэгээрээ бид довоо шарлуулах хувиа хичээсэн зангаасаа болоод байрнаасаа хөдөлж чадахгүй байгаа юм биш үү?
Үнэтэй цэнтэй, тансаг хорооллын байранд
хэн амьдарч байна? Хүүхдүүд нь зуны дэлгэр цагт найр наадам үзэхээс
бусад цагаар Монголд ирдэггүй. Стрессдээд байна, Итали явж дуурь үзнэ ч
гэх шиг. Гэтэл биднийг хүүхэд байхаас яаж хүмүүжүүлсэн билээ? Төрийн
сүлд өршөө гэсэн ээж, аавын залбирал биднийг төрөө дээдлэх ухаанд
сургаж, тэр хэрээр бид төрийг маш томоор хардаг болсон. Угтаа бол төрийн
хар хүн, лам хоёр нигүүлсэнгүй сэтгэлийн ухаанаараа адил байх юм.
Өөрийнхөө үйл хэргийг бусдын төлөө зориулж чаддаг зоригтой, зорилготой
байж гэмээнэ бид төрийн ивээлд жаргаж, төр нь олныхоо хүндлэлийг хүлээх
ёстой. Гэтэл өнөөдөр төрд байгаа нөхөд өөрийнхөө төлөө 90%, бусдад 10%
гэсэн хуваарилалттай. Үйлдлийг нь харахаар өөрийнхөө төлөө ч юм шиг,
ярихыг нь сонсохоор улсын төлөө ч юм шиг. Ийм бодит байдлын хажууд
хараагүй царайлаад л суугаад байж болох уу, болохгүй. Тиймээс л бид
дуугарсан.
Таны бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэхдээ энэ Баатарын огшил юм байна гэхээсээ илүү хэдэн төгрөгний өртөгтэй бол гэж хардаг?
Танаас энэ асуултыг эргүүлээд асуумаар
байна. Таны оюун сэтгэлгээ, үнэмшил мөнгө харахаараа л өөрчлөгдөх үү?
Тархи, толгой гагц мөнгөний л төлөө ажилладаг эрхтэн мөн үү. Гоё
сэтгэлгээ, шинэ санаа мөнгө өгөхөөр л харваж орж ирээд байдаг билүү?
Би нүүр бардам хэлмээр байна, 100 хувь
ямар ч төлбөр аваагүй. Гэхдээ уран бүтээл эхлүүлэхэд тодорхой хэмжээний
санхүүжилт хэрэгтэй байдаг гэдгийг үгүйсгэхгүй. "100 чухал сэдэв”
нэвтрүүлгийн анхны хөрөнгө оруулалтыг Тулга гэдэг хүн босголцсон нь
үнэн. Баатар гэдэг хүн, Херо энтертайнментийнхэн хөдлөх бүртээ мөнгө,
мөнгө гээд нүд нь улаанаараа эргэлдээд байх тийм ч ядуу хүмүүс биш шүү.
Бид реклам хийдэг. 20, 30 секундын реклам үнэлгээ сайтай ажил. Үүгээрээ
бид дөнгүүрхэн амьдарчихна.
"Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт
бол Мобиком, Мизү компанийхан ивээн тэтгэгчээр хамтран ажилладаг.
MCS-ийн Оджаргал манай нэвтрүүлэгт орсон. Би тэр хүнээс аяганы амсар
зууж үзээгүй. Юу үнэн, энэ л үнэн.
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж. Тэр сайхан бүтээлийн буян эргэж ирдэг л байлгүй дээ, хэрэгтэй цагт?
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн тухайд хэлж байх
шиг байна. Ерөнхийлөгч өөрөө мэднэ дээ. Сохор улаан зоос авахгүй
нэвтрүүлэг хийнэ гэхэд гайхаж л байсан. Яагаад мөнгө авахгүй байгаа юм
бэ гэж асуусан. Манай багийнхан таныг 100 эрхмийн нэг мөн гэж үнэлээд л
энэ нэвтрүүлгийг хийхээр болсон, та яагаад мөнгө яриад байгаа юм бэ гэж
хэлсэн.
Нэг хүний дүрийг тодотгох хөрөг
нэвтрүүлэгт мөнгөний тухай ярих нь бүр ч хэцүү. Тэр хүн надад мөнгө
өгчихвөл өөрийгөө өөрийнхөөрөө гаргах гээд байна биз дээ. "Би ч нэг ийм л
хүн дээ” гээд зүтгэх байлгүй дээ. Магадгүй намайг уран гулгадаг хүн гэж
ойлгуулах хэрэгтэй байна гээд таг хөшүүн юм байж шаардвал яана.
Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн
агуулга нь аль түвшинд байгаа билээ. Гэтэл найруулагч нь, бүтээлийн баг
нь тэр хүнээ "энэ ч тааруухан нөхөр дөө” гэсэн сэтгэлгээтэй, зөвхөн
мөнгөний үнэр дагаж хийвэл үр дүн нь ямар байх бол. Гол дүрийн
баатрынхаа сэтгэлд нэвтэрч, зарим талаараа үйл хэрэгт нь гүн бат автаж
байж хийдэг юм шүү. Ямар шампуний реклам биш дээ. Шампунь рекламдах
байсан ч гэсэн тэрийг хэрэглэж үзэж байж, өөрт төрсөн мэдрэмжээ гаргавал
илүү үнэнд нийцнэ биз дээ.
Яг үнэндээ бол би гол дүрийн баатартаа
"дурлаж” байж хийдэг. Гол дүрийн хүүхэндээ юу, хамтарч ажиллаж байгаа
хүндээ дурлаж, үнэ цэнэтэй тэр өнцөгийг нь олж харж байж надаас бүтээл
төрдөг. Би гэдэг хүн чинь шууд л бодож олоод л хийгээд байдаг нэг их сод
төрчихсөн амьтан биш. Их зовдог, шаналдаг. Хүнээс мөнгө авчихаад нөгөө
хүнийхээ бодолд хүсэлд нь нийцүүлж хийх гэвэл би шууд хайрцаглагдчихна.
Баатараас Баатарын бүтээл гарах ч үгүй. Тэгж өөрийгөө зовоож байхын
оронд өөрөө сэтгэж хийчихээд, тас гээд л цацах нь надад жинхэнэ таашаал.
Уран бүтээлчдийг тийм жижигхэн "гүйцэтгэгч гарууд” гэж үнэлж хэрэггүй.
Миний хийсэн таалагдаж байвал үнээ төлөөд ав, авахгүй бол тэр биз. Надад
реклам захиалдаг байгууллагын менежерүүд Баатараар нэг реклам
хийлгэчихээд тэрийг нь засуулъя гэвэл бөөн юм болно гэж мэднэ дээ. Би
засдаггүй. Таалагдвал ав, сэтгэлд чинь хүрэхгүй байвал мөнгөө буцааж ав
гэдэг. Захиалагчийн сэтгэлд хүрэхгүй байсан тохиолдол байхгүй л дээ.
Захиалагч, менежерүүд ихэнхдээ дунд сургуулийн дуу хөгжим, зураг
хөдөлмөрийн багш нарынхаа өгсөн гоо зүйн мэдрэмжийн хэмжээгээр бүтээлд
минь хандаад байгаагаас л үл ойлголцол үүсдэг.
"100 чухал сэдэв” нэвтрүүлгийн зохиол
өөр найруулагчийн ширээн дээр байгаад, өөр хүн хийсэн бол ингэж их
шуугиан тарьж чадахгүй ч байсан байж болох л юм?
Би мундагтаа биш, цаг хугацааны хувьд бид
хийж таарсан. Улс орны чинь хилийг долоон газраар сэтэлж мухар төмөр зам
тавьж, баялгийг нь зөөх гэж байгаа тухай сонсоод хэн дуугүй суух вэ?
Төрийн ганцхан буруу алхам эх орон, ард түмний өнөөдөр, маргааш,
ирээдүйн амьдралд ямар халгаатай болохыг бид нүдээр үзэх тавилантай
байж. Н.Алтанхуяг гэдэг хувь хүн яахын ч аргагүй атгаг санаатайдаа биш
юм аа. 25 жил анзаарахгүй орхиж, нүдээ анин тэвчиж ирсэн улс төрийн
тогтолцооны гажуудал өнөөдөр биднийг энд хүргэчихлээ. Түмэн олны залбирч
шүтдэг төр нь ч яасан эмзэг болчихсон юм. Цаг гучин минутын эфирийн
нэвтрүүлэг хийхэд л ганхаад, саваад л, сандраад л, мэдэгдэл гаргаад л,
шүүхэд өгнө, 5-6 жилийн ялтай гэж дарамтлаад. Улс төр нь өөрөө бүхэлдээ
бизнес болчихсон. Хэдхэн гэр бүлийн эрх ашиг хөндөгдөөд л ирэхээр төр
бүхэлдээ гуйвдаг, дайвдаг. Нарийн, бүдүүн цариг үнэндээ тэр л хүрээний
асуудал. Хамаг нүүрсээ урагш нь зөөгөөд байгаа хэрнээ хэдхэн хүний
халаас түнтийхээс олны амьдралд наалдаж, нялзаж байгаа юм юу ч байхгүй.
Оюунлаг дундаж давхарга олонх бол бид
тодорхой хэмжээний дархлаатай гэж сэтгэл тайван байх сан. Монголчууд 1-2
жилийн цалингаасаа илүүчилж хуримтлуулаад орох орон гэрээ, унах машинаа
бэлдчих хэмжээний дундаж амьдралтай байсан бол би ийм нэвтрүүлэг хийж
хүний уур хүргэхгүй, уран бүтээлээ хийгээд явж болох л байсан. Даанч
харамсалтай нь бид дэндүү ядуу, тэр хэрээрээ дархлаа султай байна.
Тиймээс бид бодит байдлын тухай хэлж ярьж, сануулж байх үүрэгтэй, үр
хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө. Миний хүү "Ааваа та яагаад ийм юм болоод
байгааг мэдсээр, харсаар байж тэр үед энэ тухай яриагүй юм бэ” гэсэн
асуухад би хэлэх үггүй нүүрээ улалзуулаад суумааргүй байна. Тэрний оронд
"Өвөө нь үнэний төлөө дуугарч, хэдэн жилийн ял авч байлаа” гэвэл нүүр
бардам биз дээ. Болно биз дээ, мэдэж л байгаа байлгүй, арай ч үгүй
байлгүй дээ гээд цаг хугацаа алдаад сууж боломгүй байгаа юм.
Одоо ч бид итгэсэн хэвээрээ л байна. Баатарыг нэвтрүүлэг хийснийх нь төлөө шоронд хийх юм гэнэ. Арай ч үгүй байлгүй дээ гээд л?
Арай ч хорьчихгүй байлгүй дээ, одоо танк
ачаад ороод ирнэ гэж юу байдаг юм бэ гэх юм. Яагаад ийм харалган байгаа
юм бэ? Мөнгөтэй хүмүүс юу ч хийхэд бэлэн байна. Тэд хүсвэл Баатарыг
бууны нохой, тархи угаагч, мөнгө идэгч болгож чаддаг. Бүх ажил нь шат
шатандаа завхарчихсан. Би олон сонгуулийн пиарыг хийлцсэн. Тэр хүмүүс би
яаж гоё, сайхан, сайн хүн болж харагдах вэ л гэж асуудаг. Хэзээ ч бид
яаж хөгжих вэ, би ямар үүрэгтэй вэ гэж ярьж байхыг сонсоогүй.
Та ч сайхан харагдуулах ажлыг хийлцсэн. Нэг ёсондоо хууралцаж л явсан?
Улс төрчдийн пиарыг хийлцэж, хийж явсан
минь үнэн, үгүйсгэхгүй. Өнөөдрийг хүртэл зөвхөн мөнгөө дагасан бол би
аль нэг талд нь гараад зогсож байх хэрэггүй л байсан. Магадгүй
эсрэгээрээ нөгөө талд байж болох л байсан.
Тэр нэвтрүүлэгт эрлийз гэдэг өнцөг их яригдсан. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Бас л эмзэг асуудал шүү дээ?
Бүхэл бүтэн нэвтрүүлэгт нүүр тулсан таваас
олон баримт яригдаж байхад тэр дундаас ганцхан эрлийз гэдэг үгийг нь
өлгөж авч яриад байгаагийн цаана тодорхой эрх ашиг хөндөгдөөд байгаа
эсхүл оюуны хоосрол л нуугдаж байна. Бидэнд дараагийн дугаараа гаргах
боломж олдсон бол эрлийз гэдэг учиг тайлагдах байсан. Сэтгэлгээний
эрлийз гэдэг ойлголтын тухай ярих байсан. Тэр хүмүүс Монголын төлөө юм
уу, гадны аль нэг улс орны эрх ашгийн төлөө юм уу. Эрлийз гэж яриад
Монголыг хагалган буталлаа гэх юм. Хагараад байгаа юу байна, харин ч
эвлэрч нэг асуудалд бөөнөөрөө анхаарлаа хандуулах дохио өгсөн. Тэгээд ч
нийт хүн амын дунд эрлийзүүд маш бага, тэг зууны хувиар тоологддог.
Харин шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд байгаа нөхдийн дунд
эрлийзийн эзлэх хувь бүхэл тоогоор яригдах юм билээ.
Нарийн бүдүүн гээд эхэлчихвэл дуусашгүй яриа хөврөх байлгүй дээ?
Хамгийн энгийнээр хэлэхэд нэг айлын хүмүүс нэг л сүлжээний утас барьдаг бол тэр өрхийн зардал бага тусдаг биз дээ.
Хөрш улсынхаа нэрийг дотооддоо шийдэж чадахгүй байгаа асуудалдаа нялзаагаад зарлаад байгаа нь хэр зөв юм бол?
Хэдэн мянган жилийн туршид манай улсын
тусгаар тогтнол урд хөршөөсөө айх айдас дээр тогтож ирсэн. Түүхийн энэ
үнэнээс бидэнд бүрэлдсэн дархлаа болох үндэсний үзлийг сүүлийн 10 жилд
бодлоготойгоор устгаж, үнэ цэнийг нь бүдгэрүүлэх ажил хийж байна. Бид
өөрт байгаа бахархалт зүйлээ хадгалахын зэрэгцээ гадны улс үндэстнүүдийн
сайн сайхныг хүндэтгэн үзэх үндэсний сэтгэхүйтэй ард түмэн. Сүүлийн
хэдэн жил үндэсний үзлийг хийрхүү, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст албан
хүчээр хаяглаж, муухай харагдуулах зорилготой зохион байгуулалттай
хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ бүхний үр дүнд боловсрол мэдлэгтэй хүмүүс
нь үндэсний үзэл бодлынхоо тухай чөлөөтэй илэрхийлэхээс ичдэг болж
байна. Өнгөцхөн харахад хэдэн хийрхүү хүнээс болоод бидний эх оронч,
үндэсний үзэл бүдгэрээд байна гэж хэлж болох ч цаанаа энэ асар том
бодлогоор бидний эх оронч сэтгэлгээ, зоригийг идэж, мохоож байгаа хэрэг.
Дипломат харилцаа гэдэг үгээр өнгөлөн далдлаад өнгөрүүлэх биш эрүүлээр
тэмцэх цаг болсон. Нэвтрүүлгийг дутуу ойлгоод байгаа хүмүүсийг дахиад үз
гэж хэлье. Энэ нэвтрүүлэгт хөршүүдээ муулсан нэг ч агуулга байхгүй.
Харин ч хятадууд ямар мундаг юм бэ? 100 жилийн өмнө боловсруулсан төрийн
бодлогоо орхигдуулаагүй, одоо хэрэгжүүлэх гээд зүтгэж байна. Ямар холын
бодолтой, шантарашгүй мундаг улс юм бэ л гэж хэлсэн байгаа.
Баатарыг шоронд хорих гэнэ, Баатар ард
түмнийг хагалган бутаргаж байна, хөрш орнууд руугаа дайрч давшиллаа,
эрлийз хурлийзаар нь ялгаварлан гадуурхлаа гэсэн олон л яриа байна.
Гэхдээ өөр талаас нь харвал ийм цаг үед төрж, энэ сэдвээр дуугарч, төдий
хэмжээний доргилтыг нийгэмд үүсгэнэ гэдэг хэр барагтай уран бүтээлч
бүрт олдох хувь тавиалан бас биш байх. Түүхэнд та бүхний энэ алхам
ямраар тэмдэглэгдэн үлдэхийг зөвхөн цаг хугацаа гэдэг шүүгч л дэнслэх
биз?
Ганцхан нэвтрүүлгийн дараа хагалган
бутаргах гэж байна гэх юм. Үүнээс өмнө би нийлүүлэх, эвлэлдэн нэгдэхийг
уриалсан 50 нэвтрүүлэг хийсэн. Бодоод үз л дээ, хүн өөрийн үзэл
бодлоосоо ганцхан нэвтрүүлгээс болж урвана гэж байх уу. Хагалган
бутаргах гэж тайлбарлаад л байгаа болохоос биш эвлэлдэн нэгдэхийг
уриалж, дуудаж, сануулж байгааг ойлгохыг харахыг хүсэхгүй л байна. Энэ
нэвтрүүлэг хийхэд нөлөөлсөн хамгийн том хөдөлгөгч хүч нь дуугарах цаг нь
болчихсон байсан. Нөгөө талаас нь харвал аль ч уран бүтээл тод,
тодорхой хүмүүсийн сэтгэлгээ, сэтгэл, чадварын огтлолцол дээр бүтдэг.
Хэрвээ энэ баг бүрдэж, нэгдээгүй бол ийм хэмжээний сэтгэл шингэсэн,
үнэртсэн нэвтрүүлэг төрөх нь юу л бол, эргэлзэж байна. Заримдаа би
бөхчүүдэд атаархдаг. Сайн зодог шуудагтай, өөрийн бяр ухаан бүрдсэн бол
барилдана, амжилт гаргана. Гэтэл бидний ажил гэрэл гэгээ, хөл, хөгжим,
хөтлөгч, зохиолч тэр ч байтугай өнөөдөр бороо орох, үүл гарах эсэх
хүртэл, зам түгжрээд зочин ирэх үү, үгүй юу, Лхагва ахын ааш ямар байх
бүгдээс хамаардаг. Маш олон зүйлийн торгон мэдрэмж нийлэх хэрэгтэй
болдог.
Туршлагатай пиарчин таныг ил ухамсарт
тоглолт хийж алдаа гаргалаа гэж дүгнэсэн байсан. Улс төрийн тоглолтод
туршлага дутаад байна уу?
Тэр бол тухайн хүний л бодол. Миний хувьд
тоглолт хийгээгүй. Бид баримтыг л дэлгэж тавьсан. Ярих сайхан, хэн ч
ярьж чадна. Хийж үзүүлэх ёстой. Тэгээд л хийсэн.
Яг одоо танд тийм ч амархан байхгүй л
байгаа болов уу. Ийм үед хэн таны зүрхийг үгээрээ дулаацуулж байна.
Магадгүй өшигчихийг хүсэгчид олон байна уу?
Зөрж өнгөрч байгаа хүний нүд олон зүйл
хэлдэг. Олны нүд намайг хазгай харахгүй байна. Уулзаж ярьсан хүмүүсээс ч
урмын үг, сэтгэлийн дэм хангалттай хүртэж байна. Магадгүй над руу дайрч
давшилж байгаа хүний зүрх сэтгэлд байгаа огшил, үзэл ч ахуй
амьдралаараа хүний халаасанд орчихсон хөөрхийлөлтэй байдлаа давж
чадахгүй бөхөж байгаа ч байж мэднэ. Аав минь надад нэг л зүйлийг
аминчлан хэлсэн. Царцаа Намжилын үлгэрт гардаг шиг. Олон үг хэлбэл
төөрөлдчихнө гэж бодсон уу. Магадгүй миний боловсрол мэдлэгт тааруулсан ч
байж болох юм. "Миний хүү өдөр бүрийг сүүлийн өдөр мэт амьдар” гэсэн.
Би тэр захиаснаас зөрөөгүй явж байна. Ийм зарчмаар амьдарч байгаа хүн
олон ажил амжуулахыг зорино. Нөгөөтэйгүүр хүн гомдоохыг хүсэхгүй.
Ээжийгээ үнсэхээ мартахгүй, хүнээс урмын үг харамлахгүй. Тэр хэрээрээ ч
би хэн нэгний үгэнд гомдоод, гуниглаад байдаггүй. Өөртөө дүүрэн,
өөрийгөө зориулж, зөв зүйл хийсэндээ итгэж амьдардаг.
Танай багийнхныг тойрсон дуулиан тасардаггүй. Гэсэн ч та бүхэн "салхины өөдөөс л шээгээд” байх юм?
Олны урсгалыг дагаж биш сөрж, өөрөөр
сэтгэж, нийгмийг дагуулах үүрэг уран бүтээлчдэд оноогдсон. Яах вэ,
муулаад л байвал бид амьтай л байгаа хэрэг. Бидний хийж байгаа ажил олны
анхаарлын төвд байгаа гэдгийн л илрэл. Анхаарлын төвд байхын тулд
гэхдээ судлагдаагүй, баримтгүй, худлаа зүйл хийж болохгүй. Гол зарчим
үнэн байх ёстой.
Улс төртэй холбоотой яриаг энд дуусгая.
Одоо хувь хүний чинь тухайд ярилцъя. Үндэсний бахархалт үзэл танд хэзээ
ингэж бат нот суусан юм бэ?
Аав зураг хөдөлмөрийн багш, ээж минь
монгол хэлний багш. Багш нарын гэр бүлд төрж өссөн учир би хариуцлагатай
байдалд суралцсан. Мэдээ орсон цагаас л миний аав хажууд минь монгол
ген, монген гэж ярьж байсан. Тэр хүний хажууд өсөж, хүмүүжсэн би
үндэсний үзэл, соёл уламжлал, монгол генд хүндэтгэлтэй хандаж, түүний
төлөө хийж чадах ажлаа хийхгүй, дуугарахгүй юм бол би аавын хүү мөн үү.
Тиймдээ ч би уран бүтээл бүртээ соёл уламжлал, ёс заншил, түүх, үндэсний
хэв маягийг шингээж соёлын дархлааг бий болгоход өөрийн хувь нэмрээ
оруулахыг хичээж явна.
Хүүхэлдэйн киноны зураач, клип рекламны "мангас”, киночин Баатар аавынхаа талаас удамшсан авьяастай юм байна?
Аавын минь ээжийн аав нь хүрээний анхны
гэрэл зурагчин байсан. 30 монгол залууг анх сургасан нь манай өвөө байж л
дээ. Ээж минь Сайн ноён Хан Намнансүрэнгийн удам. Бас л мундаг
сийлбэрчин удамтай.
Стресээс гарах аргаасаа хуваалцаач?
Фитнест явна, хөлсөө гаргана. Манайхан
өвдчихсөн хойноо л эм уухаа бодох юм. Улс нь хүртэл эмнэлэг барих
мөнгөний тухай л ярьдаг. Уг нь бол эрүүл амьдрах ухаанд суралцмаар
байгаа юм. Хоол хүнсээ зохицуулах, идэвхтэй хөдөлгөөнтэй байвал илүү
бага зардлаар өвчин гэдэг айхтар зүйлээс урьдчилан сэргийлж болдог
гэдгийг олон хүн амьдралаараа баталж байна шүү дээ.
Алтны дэргэд гууль шарладаг гэж та ч бас сайн мэдээлэлтэй байгаа байх, зөв хооллолтын талаар?
Ану бид нар хамтрагчид. Хэн хэндээ мэддэг чаддагаасаа хуваалцана шүү.
Нэгэнт энэ тухай яриад эхэлсэн юм чинь асуумаар байна. Яагаад Анужинг хөтлөгчөөр сонгосон юм бэ. Их эрсдэлтэй алхам байсан?
Мэргэжлийн бус л гэх юм. Чингис хаанд
диплом байсан билүү. Магадгүй Ану телевизийн урлагийн маш том төлөөлөл
болж үлдэнэ. Гайхалтай авьяастай хүн.
Та хоёр анх яаж танилцсан бэ?
Нөхөр нь надтай анх танилцуулж байсан.
Түүний сэтгэлгээ сэтгүүл зүйн шинжлэх ухаан, мэргэжлийн ёс зүй гэдэг ч
юм уу тиймэрхүү зүйлсэд хайрцаглагдаагүй байсан нь таалагдсан. Угтаа бол
шинжлэх ухаан гээч чинь хэдэн жилийн настай билээ. Баатар боловсролгүй
учир ингэж ярьж байгаа юм гэж дүгнэж болох юм. Гэхдээ л бодит амьдрал
дээр аливаа зүйл хайрцаглагдах тусмаа л утгаа алдаж, жижгэрдэг.
Та анхны амьдралаа алдаа гэж боддог уу, харамсдаг уу?
Яагаад алдаа гэж, үгүй. Тэр амьдрал минь
гайхалтай. Хамгийн учрал, хувь заяа байсан. Би тэр хувь заяагаараа
бахархдаг, амьдралын учралуудаа хэзээ ч алдаа гэж бодож байгаагүй. Би 11
эмэгтэйн дунд өссөндөө ч тэр юм уу, би эмэгтэй ертөнцөд маш их хайртай.
Эмэгтэй хүний дотоод ертөнцийн талаар мэддэг хэрнээ тэднийг зовоосоор л
байх юм даа. Бүх амьдралын түлхүүр эмэгтэй хүн. Эх хүнээс төрнө,
эмэгтэй хүнд хайрлагдана. Үнэн хэрэгтээ эрчүүд бид чинь эмэгтэйчүүдэд л
гоё сайхан харагдчих гэж хичээсээр яваад дуусдаг юм биш үү. Энэ хорвоо
чинь тэдэнгүйгээр, хайргүйгээр зовлонгийн л гариг шүү дээ. Хоол идэх
сайхан ч, ихдүүлчихвэл зовлон, идэхгүй байхаар өлсөхийн зовлон. Хайрлаж
дурлах ч адил, гоё хүүхэнд дурлахаар тоогдохгүйн зовлон, салж, хаягдах,
алдчих гээд харын зовлон.
Баатарт ямар бүсгүйчүүд таалагддаг юм бол?
Хүнийг ийм, тийм байх ёстой гэсэн тамга
дарж болохгүй. Бүсгүй хүн хүссэнээрээ л байвал сайхан. Эмэгтэй хүнийг
эрчүүд л эвддэг. Хайр байхгүй байхад хайрын биш зүйлээр орлуулах гээд.
Гэрлэлтийг юу гэж боддог бэ?
Утгагүй зүйл шдээ. Хүн байтугай дэлхий
ертөнц тэр чигтээ хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр хайр ч өөрчлөгдөж
болно. Тиймээс хос хоёр хайр бол хөдөлгөөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Би
өдөр бүр чамд нэг л янзаар очдог байвал яах вэ? Чамд юу таалагдаж,
чамайг юу хөглөж байгааг мэдэрч байх тухай юм. Хэзээ чи ийм байсан юм бэ
гээд нэгнийгээ хайрцаглаад, командлаад байдаг. Тэгэх л юм бол нэгнийгээ
дуртай цагтаа мөнгө байвал худалдаж авдаг, хөргөгч, чемодан, зурагттай
адилтгаж байгаа хэрэг болно. Хайртай хүмүүс бөгж солилцохдоо чамд насан
туршдаа үнэнч байна гэж амладаг болохоос биш чамаас хэзээ ч салахгүй
гэдэггүй. Бусдад сайхан харагдахын тулд тэр хүний амьдрал, сэтгэлээр
тоглож болохгүй. Жаргааж чадахгүй, хамт байдаггүй байж миний эхнэр гээд
олны нүдэн дээр хөтлөөд яваа олон хүн байна. Хэрвээ чиний хайр хөрж, тэр
хүнийг хайрлаж чадахгүй бол үнэнч байна гэж амласаныхаа дагуу үнэнээ
хэлж асуудлаа хурдан шийдэх ёстой.
Таныг олон нууц амрагтай гэдэг?
Нууц мөртлөө амраг гэх нэрнээсээ эхлээд л утгагүй асуудал шүү дээ.
Нууцаар амраглахыг хүсээгүй учраас хайраа дагаад амьдралын сонголтоо хийсэн үү?
Хоёр хүн бие биенээ хайрлаж байсан бол гуравдагч хүнээс болж амьдрал сарнина гэдэг байхгүй.
Гэхдээ л Анужинд хэзээ ч дурлаагүй, гоо сайханд нь татагдаж байгаагүй гэж хэлэхгүй л байгаа?
Хайр сэтгэлийн ийм асуудлыг Амбалээ эгчийн
насан дээр очоод ярих ёстой байх. Тэр хүртэл хадгалж, нууцалбал үнэ
цэнэтэй болдог. Олон зүйлийг давж чадсаны дараа, тэр цагт л тэр миний
хайр байжээ гэж л хэлэх байх даа. Бид хэтэрхий эрт тэр тухай яриад
байна. Хүний амьдрал баялаг, юу ч тохиолдож болно. Одоо ам бардам хэлэх
үг бол эмэгтэй хүн л эрчүүдийн сайн сайхан яваагийн үндэс хөрс мөн.
Ганган Төгс кино төсөл яагаад зогсонги байгаад байна?
Кино хийхийн тулд би өөрөө сайн боловсрох
ёстой, амьдрал үзэх ёстой. Ганган Төгс киноны тухайд маш сайн судалгаа,
бэлтгэл хэрэгтэй байгаа, тэр ажил явж л байна. Тэгээд цаг хугацааны
хувьд дан ганц уран бүтээлдээ сэтгэл зүрхээ өгөөд яваад байж бас
боломгүй.
Хийсэн уран бүтээлдээ сэтгэл дундуур үлдсэн үе хэр олон бэ?
Болж л өгвөл сэтгэл дүүрэн бүтээл гараасаа
гаргах юмсан гэж хичээдэг. Гэхдээ тэр бүхэнд 100 хувь сэтгэл хангалуун
байх нь бас үгүй. Гадна маш олон хүчин зүйл нөлөөлснөөс тэр үү "Би чамд
хайртай” киноны ажил түргэдсэн тал бий. Цаашдаа ямар нэгэн хиймэл сэтгэл
зүйд автаж болохгүй юм байна гэдэг бодол үлдсэн шүү.
"Татар ажиллагаа” киноны трэйлерт ёстой хулхидуулсан шүү?
Угаасаа хулхиддаг кино шүү дээ.
"Ажиллагаа” гэж байгаа биз? Хүмүүс аймаар адал явдалт кино гэж бодож
ороод инээгээд гарсан. Монголын хамгийн анхны гадаадад экспортолсон кино
юм шүү.
Эхнэрээ гол дүрийн эмэгтэйд тоглуулчихлаа гэж хүмүүс шүүмжилдэг?
Тэгсэн, тоглуулсан. Уран бүтээлчид нэг
нэгнээ ойлголцоход маш их хугацаа зарцуулдаг. Би бас Эбитэй их
ажилладаг. Харцаараа ойлголцож чаддаг учраас илүү амар байдаг юм.
Кино зохиол бичих үү?
Боддог. Гэхдээ одоо биш. Нэлээн хэдэн
жилийн дараа, хангалттай туршлага хуримтлуулсан цагт. Биеэ үнэлэгчийн
тухай кино зохиол бичнэ.
Секс мөнхийн сонирхолтой сэдэв шүү?
Секс бол урлаг. Урлаг, мэдрэмжийн дээд
хэлбэр байхгүй юу. Хийж байгаа процессийнх нь зорилгыг бодсон ч тэр, хүн
бүтээж байна. Би үүнийг бурхны бэлэг гэж боддог. Нандигнаж явах
хэрэгтэй. Хүмүүс ярьдаг, эхнэр нөхөр хоёр удаан хамт байхаараа хоорондоо
адилхан болдог гэж. Шингэнээ солилцож байгаа юм чинь аргагүй шүү дээ.
Найз бүсгүйтэй юу?
Байгаа гэхээр олон нийтэд зарлаад байгаа ч
юм шиг, байхгүй гэхээр эмэгтэй хүн сонирхдоггүй юм шиг болчих байлгүй.
Зүгээр л инээмсэглэв гээд тавьчихаарай. /чангаар инээв/.
Олныг бухимдуулж байгаа энэ асуудал ард
үлдэж та сайхан уран бүтээлдээ гаргах цагтай болж, бид тэр тухай илүү
их ярих байх гэж найдаж байна?
Би өглөө бүр босохдоо сайхан уран
бүтээлийн тухай мөрөөдөж сэрдэг. Хэдийгээр өнөөдрийн хийсэн нэвтрүүлэг
улс төрийн өнгө төрхтэй харагдаж байж болох ч би түүнийг бүтээл гэж
сэтгэж, харж хийсэн. Бидний хэдэн монголчууд соёлын дархлаатай болох
тухай байнга ярьж, түүний төлөө хүн бүр чадахын хэрээр хийх юм. Монгол
хүүхдүүд өнөөдөр Харри Потер, Халк, Наруто л ярьж байна. Угтаа бид
Гэсэр, Жангараа дэлгэцэнд бүтээж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, хүүхдүүд
маань түүгээрээ бахархаж, хүмүүжиж, соёлын дархлаатай болох ёстой. Арван
жилийн сургуулиудад монгол гэр байгаад, хүүхдүүд гэрээ барьж сурах сан.
http://nationalgeographic.mn/mod-15/i-1294/