Хүүхдийн эрхийн зөрчлийг хэн ч тоохгүй өнгөрүүлэх учиргүй. Хүн болгонд хамааралтай. Бяцхан зүрх хаана, хэрхэн шархалж байгааг харсан хүн бүр мэдээлж, тэр дагуу төр хянаж, шалгаж, хариуцлага тооцох ёстой. Том зургаараа төр хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хамгаалж байх үүрэгтэй юм. Гэтэл энэ үүргээ иргэн ч, төр нь ч хангалттай биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Яг өнөөдөр Монгол Улсад хэдэн хүүхэд зовж шаналж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Хууль хяналтын байгууллагад шалгагдсан кейсээр л барагцаалж бүдэг бадагхан таамаг, баримжаа авч байна гэхэд хилсдэхгүй. Үнэндээ хууль сахиулахын байгууллагуудын хэдэн мянгаар тайлагнах тоо нийгмийн үнэн төрхийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь лавтай.
Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Гэхдээ Улсын ерөнхий прокурорын газраас нэлээн даацтай, бодит байдлыг шинжилж, гарц гаргалгаа хайсан судалгаа хийжээ. Тус байгууллагын судлаач, прокурорууд хүүхдийн эрхийн зөрчлийн уг үндсийг илрүүлэх зорилгоор "Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил"-ийн гаралт шийдвэрлэлтийн судалгаа хийхдээ хүн нэг бүрт хандсан 70 асуулга боловсруулж 3048 материалыг нарийвчлан шалгасан байна. Судалгаанаас харахад хамгийн ноцтой нь хүүхдийн эрхийн зөрчил оройн 18:00-01:00 цагийн хооронд буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад үйлдэгддэг гэсэн үр дүн гарчээ. Уг нь хүүхэд гэр бүлийн орчинд хамгийн аюулгүй, амар тайван байх ёстой атал тэр орчинд эрх нь хамгийн ихээр зөрчигджээ. Тодруулбал, хүүхдийн эрхийн зөрчлийн 88.5 хувь нь орон гэртээ, зөрчил үйлдсэн хүний 65.8 хувь нь хүүхдийн шууд хамаарал бүхий хүн буюу төрсөн эцэг нь, 66.8 хувь нь оройн цагаар үйлдсэн байна. Мөн зөрчил үйлдэгдэхэд согтууруулах ундааны хэрэглээ ихээр нөлөөлсөн болохыг тогтоосон байна. Учир нь 3048 хүний 2034 буюу 66.7 хувь нь зөрчил үйлдэхдээ согтуурсан байжээ.
Улсын хэмжээнд 2019 онд хүүхдийн эрх зөрчих зөрчлийн 1411 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол 2020 онд 2.2 дахин өсөж 3215 болжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 1162 зөрчил бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 540 буюу 82 хувиар өсөв. Үүнээс 971 буюу 83.5 хувь нь нийслэлд, 191 буюу 16.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг аж. Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ тухай УЕПГ-ын сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаа "Судалгааны явцад зөрчлийн нийт 3048 материалыг нэг бүрчлэн шалгасан. Эндээс харахад хүүхдийн эрхийн зөрчил 88.5 хувь нь хамгийн эрсдэлгүй аюулгүй тайван байх ёстой орчинд хамгийн их эрх нь зөрчигдөж байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 65.8 хувь нь буюу төрсөн эцэг нь байгаа юм. Хүүхдийн эрхийг зөрчсөн 27-40 хүртэл насны хүмүүсийг долоо хоног саатуулж, шалгаж албадан сургалтад хамруулна. Дахиад л энэ байдал давтагдана. Гурван удаагийн үйлдлээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэж цагдан хорино. Ийм байдлаар 3048 аавыг баривчилж цагдан хорьсноор хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй. Өрөөсгөл гэр бүлд өсөх нөхцөлийг бид өөрсдөө бүрдүүлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэхийн тулд дан ялын бодлогыг чангатгаж шийтгэл оногдуулснаар энэ асуудал бүрэн дүүрэн шийдэгдэхэд бэрх. Хөдөлмөрийн чадвартай 27-40 хүртэл хүмүүсийг баривчилж сургалтад хамруулж болохгүй бол шоронд хорилоо гээд сайн үр дүн гарахгүй. Төрийн бодлого хууль тогтоомж зохицуулалт нь хангалттай ч хөрсөн дээр хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр түгээдэг ч захын хороолол, алслагдсан суманд ухаалаг утасгүй, зурагтгүй айл ч бий. Хэтэрхий алсын зайны харилцаа хүмүүст хүрэхгүй байна. Тиймээс төрийн оролцоо хэрэгтэй. Ингэхдээ тусгай үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтнуудын ажил дутаж байна. Төрийн оролцоо хороо, хамтарсан баг шаардлагатай бол эрүүл мэндийн яам ч анхаарч ажиллах ёстой” гэлээ.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин