Уг нь Монгол Үлс авлигатай тэмцдэггүй биш тэмцдэг л дээ. Бүр авлига,
албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх Авлигатай тэмцэх газрыг байгуулж,
бусдаас хараат бусаар ажиллуулах зорилгоор бүтэц, орон тоог нь УИХ-аас
томилдог болоод удаж байна. Гэвч авлига цаасан дээрх тоон үзүүлэлтээрээ
"буурсныг" эс тооцвол бодит хөрсөн дээрээ буураагүй л байна. Тэр тусмаа
төрийн байгууллагуудад. Ингэж бичлээ гээд АТГ-ынхныг ажлаа хийхгүй байна
гэж байгаа юм биш. Сүүлийн үед олны анхаарлыг татсан томоохон хэрэг ил
болж, түрүүчээс нь шүүн таслах үйл ажиллагаа явуулсан нь АТГ-тай
холбоотой юу гэвэл холбоотой. Үүгээрээ АТГ-ыг ажлаа сайн хийдэг гэж
дүгнэж болох. Гэвч тухайн хэргийг илрүүлэх процессын дийлэнх нь аль нэг
сонгуулийг угтсан эсвэл улс төрд үүссэн нөхцөл байдлаас хамааралтай
байдаг нь АТГ-ыг зарим нам эвсэл, бүлэглэлээс хараат гэх ойлголтыг
нийгэмд хэдийнэ төрүүлчихсэн.
За тэр ч яахав. Хамгийн гол нь,
бид барьж, хорьж, цагдахаа урьтал болгодгоос биш нийгмээ, төрийн
байгууллагуудаа соён гэгээрүүлэх ажлаа умартжээ. Үүнээс үүдэлтэйгээр
авлигыг өөрсдөө өөгшүүлдэг сэтгэлгээ бидэнд хэдийнэ бий болсныг хоёрхон
салбарын жишээн дээр дурдъя.
Анзаарсан бол манай яам,
агентлаг, төрийн өмчит бүх компаниудын үүдэнд "Бид авлигын эсрэг нэгдэж
байна" гэсэн бичигтэй самбар өлгөөтэй байдаг. Улсын томоохон эмнэлгүүд ч
энэхүү санаачлагыг дэмжиж үүдэндээ байрлуулдаг болсон байна лээ.
Хачирхалтай нь, үүдэн дээрх авлигын эсрэг тунхаг дотроо замхрах нь
энүүхэнд. Ялангуяа улсын гэх тодотголтой эмнэлгүүдэд. Яг л гаднаа
гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг. Жишээ нь, улсын томоохон
эмнэлгүүдэд "гар цайлгах" гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болсоор удаж
байгаа. Товчхондоо хэн нэгэн эмчийн гарыг цайлгахгүй бол улсын эмнэлэгт
үзүүлэх нь өвснөөс зүү хайхтай адилхан болсон цагт бид амьдарч байна.
Танил талаараа дамжуулаад сайн эмчээр үзүүлье гэсэн ч өнөөх "гар
цайлгах" дүрмийг дагахаас өөр сонголт үгүй.
Тухайлбал, үхэл амьдралын
зааг дээр байгаа хүнд хагалгаа хийх, хэзээ мөдгүй төрөх гэж буй
эмэгтэйг эх барих эмчийн гарыг дор хаяж 200-300 мянган төгрөгөөр
цайлгадаг бичигдээгүй хууль улсын томоохон эмнэлгүүдэд үйлчилдэг болсон
гэдэгтэй маргах хүн ховор. Үүнийг хэн нэгнийг өвчнөөс нь ангижруулах,
өөр нэгнийг амьдралын баяр баясгалан болсон шинэ хүнтэй нь учруулах
алтан гартай эмчид талархах иргэдийн "сайхан" сэтгэл гэж харж болох ч
эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн атлаа ийм жишиг
тогтоогоод явж буй нь зүйд хэр нийцэх бол. Ингэж бичсэнээрээ эмч нарыг
буруутгах гэсэнгүй. Ийм жишиг тогтсонд бид өөрсдөө ч буруутай. Юу гэхээр
эмч нарын гарыг цайлгаж байж эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой гэх
сэтгэлгээ бидэнд тогтсонтой холбоотой. Өрхийн гэлтгүй улсын эмнэлэгт
ажилладаг сувилагчид шоколад өгч байж тариагаа хийлгэдэг болсон нь үүний
ойрын жишээ.
Биднээс хамааралтай авлигын жишээ дан ганц эрүүл
мэндийн салбараар хязгаарлагдахгүй. Боловсролын салбарт ч элбэг. Жишээ
нь, ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуульд хандивын анги гэж бий.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас бүртгэлээс гадуур үлдсэн
хүүхдүүдийг элсүүлдэг энэхүү анги бараг бүх сургуупь, цэцэрлэгт бий. Нэг
хүүхдийг хандивын ангид оруулах гэж багаар бодоход 300-400 мянган
төгрөгийг тухайн сургууль, цэцэрлэгт тушаах ёстой ч эцэг, эхчүүд боломж
олдсон дээр нь хүүхдээ оруулах сонирхол их байдаг юм билээ. Хэдийгээр
хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхийг буруутгаж боломгүй
ч хандивын ангид хүүхдээ оруулж байгаа нь авлигыг өөгшүүлж буйгаас
өөрцгүй юм.
Ямар ч байсан их, дээд еургуулиудад өмнө нь
хандивын анги гэж байсныг БШУ-ы сайдын тушаалаар өнгөрсөн жил зогсоосон
байдаг. Шалтгаан нь өдөр шөнөгуй шалгалтандаа бэлдэж хангалттай оноо авч
их сургуульд орсон хүүхэд, оноо нь хүрээгүй ч хандив өгсөн хүүхэдтэй
адилхан нэг ангид орж байсан нь өнөөгийн боловсролын салбарын гажуудал
байв. Нөгөө талаар их дээд сургуулиудын удирдлагуудын бизнес болж
хувираад байсан юм. Гэхдээ салбарын сайдын шийдвэрийг энэ жил
үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Сүүлд
терийн емчийн нэгэн их, дээд сургуулийн сургалтын албаны менержер болон
54 оюутанд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн.
Шалтгаан нь
өнөөх авлигатай холбоотой. Нэг ёсондоо тухайн сургуулийн 54 оюутан нэр
бүхий албан тушаалтанд хахууль өгч дүнгээ гаргуулдаг байсан нь илэрч
шүүхийн хаалга татсан нь энэ. Илэрсэн нь энэ болохоос хэзээ хэрэг болох
нь тодорхойгүй номыг багшаасаа худалдан авч дүнгээ гаргуулдаг
бичигдээгүй хууль их, дээд сургуулиудад мөрдөгддөг нь нууц биш.
Энэ
мэтчилэн улс орны хөгжлийн гол үндэс суурь нь гэгддэг эрүүл мэнд
боловсролын салбарт авлига хэмээх зүйл аалзны тор мэт хэрснийг товчхон
дурдахад ийм байна. Хамгийн гол нь, бид энэхүү тороо өөрсдөө сүлжиж
байгаагаа мэдэхгүй суугаад асуудал байгаа юм. Тэгээд ч эмч нар, багш нар
авлига авна гэж тангараг өргөдөггүй. Эрдэнэт хүний эрүүл мэнд цаашлаад
амь насыг аврахад, ирээдүй хойчийнхоо боловсролд хувь нэмрээ оруулна гэж
тангараг өргөдөг. Иргэд ч татвар төлдгийнхөө хариуд төрийн үйлчилгээг
ямар нэгэн саадгүйгээр авах эрхтэй. Монгол хүн боловсролтой бас эрүүл
байх ёстой. Гэхдээ үүнийгээ шат шатанд нь авлига өгч авдаг байж
болохгүй. Тиймээс эмнэлгийн үйлчилгээ авахдаа, ерөнхий боловсролын болон
их, дээд сургуульд хүүхдээ оруулахдаа хэн нэгний гарыг цайлгадаг
хэвшлээ таягдан хаявал ямар бэ. Өөрөөр хэлбэл, "гар цайлгах" гэдэг
сэтгэлгээнээсээ салъя. Холбогдох хууль хяналтын байгууллага нь ч соён
гэгээрүүлэх ажлаа ном журмынх нь дагуу хэрэгжүүлье. Өөгшүүлэх биш тэмцэж
бас татгалзаж байж авлигаас ангижирна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/