Франц улс Сири дэх хэт даврагчдын байршил руу хийх агаарын цохилтоо эрчимжүүлсэн билээ. Энэ удаад Франц "Исламын улс” террорист бүлэглэл өөрсдийнхөө нийслэл гэж зарласан Эр-Ракка хот руу нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль” хөлгөөр цохилт өгөв. Францын цэргийн агаарын хүчний онгоцууд өмнө нь "Исламын улс”-ын Ирак дахь хоёр объектыг нь устгасан юм. Сирийн хойд хэсгийн Эр-Ракка хот дахь "Исламын улс”-ын дэд бүтцийг францчууд хоёр дахь удаагаа бөмбөгдлөө. Хоёр "Mirage 2000” онгоц Йордан дахь баазаас хөөрсний дараа тэдэнтэй нисэх онгоц тээвэрлэгч дөрвөн "Rafale Marine” онгоц нэгдэн агаарын довтолгоо хийжээ. Хэт даврагчдын командлалын байр, машины зогсоол, техникийн засварын газруудыг устгаж чадсан байна. Сөнөөгч онгоцны бөмбөгдөлтийн гол зорилго нь Эр-Ракка хотыг хэт даврагчдаас чөлөөлөх байлаа гэж Францын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Нисэх онгоц тээвэрлэгч дөрвөн "Rafale Marine” Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт хамгийн багадаа дөрвөн сар байж, цэргийн ажиллагаанд оролцоно гэж Францын хэвлэлүүд мэдээлжээ. "Rafale Marine” онгоц тээвэрлэгч дээр 18 сөнөөгч онгоц, найман ширхэг дуунаас хурдан довтлогч онгоц "Dassault Super-Etendard”, тэрчлэн хоёр радарын илрүүлэгч онгоц "Hawkeye” байгаа аж.
Нисэх онгоц тээвэрлэгч дээр нисгэгч, далайчин, маханикчдаас бүрдсэн 1.9 мянган хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль” нь нийт 40 онгоцтой. Энэ хөлөг онгоц Францын цорын ганц онгоц тээгч хөлөг юм. Онгоц тээгч байлдааны бүсэд очсоноор Ирак, Сири дэх террористуудад цохилт өгөх Францын хүчийг эрс нэмлээ.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 26-нд буюу маргааш Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг Москвад хүлээн авч уулзахаар болжээ. Удирдагчид терроризмтой хийх тэмцлийнхээ үйл ажиллагааг зохицуулах талаар ярилцана гэж Кремлиэс мэдээллээ. Түүнчлэн Елисейн ордон мэдээлэхдээ Олланд, АНУ-ын Ерөнхийлөгч Обама нар
Вашингтонд хэлэлцээр хийнэ гэв. Эдгээр уулзалт, террористуудтай тэмцэх ажиллагааны талаар олон улсын лидерүүд, сонин хэвлэлүүдийн байр суурь ийм байна.
"Liberation”: Олон улсын том эвсэл бий болно
Олон улсын том эвсэл байгуулахын төлөөх Франсуа Олландын санаа аажмаар бодит байдал руугаа дөхөж байна гэж Францын "Liberation” сонин онцолжээ. Францын Ерөнхийлөгч Олланд АНУ, ОХУ хоёр том гүрний удирдагчидтай уулзаж цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэх гэж байгааг тус хэвлэл мэдээлээд "Том гүрнүүд цэргийн хамтын ажиллагаагаа аль хэдийнэ бэхжүүлээд эхэлчихсэн байгаа” гэв. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгааг ажиглагчид хэлсэн юм. Гэхдээ Башар Ассадтай холбоотойгоор АНУ, Орос, Францын хооронд үүссэн зөрчил арилж байна гэдгийг Ассадыг үл харгалзан Сирийн ирээдүйг төвхнүүлэх гэсэн энэ тэмцэл баталж байгаа гэхэд нэг их зөрөхгүй.
"The Wall Street Journal”: Халдлага, онгоцны сүйрэл нь Оросыг Баруунтай холболоо
"Парист болсон аллага, Оросын онгоцыг дэлбэлсэн хэрэг зэрэг нь Орос улс Барууны холбоотон болох замыг нээлээ. Гэхдээ ойртохын тулд ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Барууны олон улстөрч Крымийг өөртөө нэгтгэсэн, Украины салан тусгаарлагчдыг дэмжиж байгаа ОХУ-ыг буруутгадаг. Сирийн асуудлаар ч дипломат зөрчилдөөн байсаар байна. Талууд харилцан буулт хийх шаардлагатай гэж Европын дипломатууд үзэх болжээ. Сирийн хямрал Оросын байр суурийг бэхжүүлсэн. Гэсэн ч Парисын аллагын дараа "Исламын улс”-ын эсрэг ямар ч улстай хамтрах бодол Парист бий болжээ”
"Bloomberg”: Обама Оростой хамтрах гэж яарахгүй
"Bloomberg” агентлаг онцлохдоо "АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Исламын улс”-тай тэмцэх өргөн эвслийг Оростой байгуулахыг яарахгүй байна. Орос Сирийн асуудлаар стратегийн шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж Обама мэдэгдсэн. Одоо Путин Ассадын дэглэмийг дэмжихгүй гэдгээ харуулах ёстой болж байна. Харин Олланд хэт даврагчид онгоцыг нь сүйрүүлсэнд бухимдаж байгаа Оросыг дургүйцлийг ашиглан "Исламын улс”-ын эсрэг хүчтэй эвсэл байгуулахын төлөө хөдөлж эхэллээ” гэсэн байв.
Figaro: Парисын халдлагын дараа жинхэнэ дайн эхэллээ
"Исламын улс” бүлэглэлийн эсрэг жинхэнэ дэлхийн дайн эхэлж байна. Францад болсон террорист ажиллагааны цочролын үр дүнд Франц, Орос, АНУ Сири дэх агаарын довтолгоогоо идэвхжүүлж байна. Гэхдээ тэд тус бүртээ хийж байгаа цохилтыг хангалтгүй гэж үзэж байгаа юм. Дэвид Кемэрон, Барак Обама, Владимир Путин, Ангела Меркель нартай хэлэлцээр явуулах ажил Олландад тулж ирээд байна. Бүтэн долоо хоног үргэлжлэх зөвшилцөөнөөр үл итгэлцэх байдлыг даван туулна гэж найдаж байна. Ойрх Дорнодыг тарчлааж, Баруунд терроризмын айдсыг авчирсан энэ бүдүүлэг бүлэглэлийг устгахад нэгдмэл байр сууринд хүрэх ёстой. Франц улс энэ тэмцэлд үлгэр үзүүлж Орос болон Ассадын дэглэмд хандах хандлагаа өөрчилж байна. Хэн нь дайсан бэ гэдгийг тогтоох нь одоо чухал”
"Le Monde”: Сирийн дайны буруутныг Ассад гэж үзэхээ больсон
Сирийн иргэний дайны гол буруутан нь тус улсын Ерөнхийлөгч Башар Ассад гэсэн яриа байхгүй болсон гэж "Le Monde”-гийн тоймчид үзэж байна. Дэлхийн зарим удирдагч Башар Ассадыг буруутгаж байлаа ч энэ нь "Исламын улс”-ын эсрэг үр дүнтэй тэмцэл явуулахад саад болохгүй гэж тус хэвлэл онцолжээ. Парист болсон цуст халдлага Франсуа Олландыг бодлогодоо хүчтэй эргэлт хийхэд хүргэлээ.
Эх сурвалж:zaluu.com