Хаа сайгүй популистууд. Тэр ч поп, энэ ч поп. Монголд попууд гэж хэнийг ойлгох хийгээд хэн хэнийг нэрлэж болох тухай бүхэл бүтэн шинжлэх ухаан бий болсон. Попууд гэдэг нь популистууд. Тэднийг босоо, батаар, бетон, бенз, шүгэл, чацга, сайн ах, оймсны хүүхэд, алх, хадаас, хутга, шөвөг, дэнзэн, дэмбэрэл (нэрс нь өөрөө хоч болцон), талх, мах гэх зэргээр янз бүрээр л дууддаг юм гэнэ.
Хамгийн гол тулгамдаж буй асуудал нь тэдний тоо толгой хурдацтайгаар нэмэгдэж, хүрээгээ тэлж, улс доторх улс болон өргөжиж байгаа байдал юм. Тэд өөрийн нутаг дэвсгэр, хил хязгаартай, түүгээр ч зогсохгүй, өөрсдийгөө хамгаалдаг бэлтгэгдсэн армитай, санхүү мөнгөний бодлоготой, олон нам дамжин нутагшсан тогтолцоотой, маш ноцтой нь өөрийн гэсэн хамаарах ард түмэнтэй болж чадсан гэнэ. Попууд анх гудамжнаас төрсөн гэж үздэг. Тэднээс өмнөх үеийн попуудыг арай өөрөөр дууддаг байсан. Партизанууд гэж. Боошиг нүдэж, улаан лооль шидэж эхэлсэн өнөө үеийн попуудын түүх бол бадрангуйн жишээ л дээ. Мандан бадарч чадсаны бэлээхэн нотолгоо нь одоо тэдний ихэнх нь төрийн ордонд заларч чадсан.
Тиймээс ч болсон уу, төрийн бүх л гэм бурууг тэдэнд тохох оролдлого, сонирхол илэрхий гаарлаа. Муу л бол хойд хар овоохой гэгчээр буруу л бол муусайн популистуудаас боллоо гэлцэх болов. Тэгвэл популист гэж яг хэнийг хэлдэг юм бэ. Манайхны нийтлэг ойлголтоор худлаа хэлдэг, хууран мэхэлдэг, ард олонд л таалагдаж байвал амандаа орсныг бурдаг улстөрчдийг л оноож нэрлээд байх шиг. Гацаадаг, шантаажилдаг, сүржигнэдэг, шатаадаг, шүүмжилдэг хүн бүрийг хэлээд байх шиг. 1930 он хүртэл "Аа, муу феодал”, 1990 он хүртэл "Аа, муу эсэргүү”, 2012 он хүртэл "Аа, муу олигархи” гэдэг байсан. Одоо "Аа, муу популист” гэдэг болж. Популизм гэдэг нь тийм муу муухай зүйл юм уу гээд тайлбар уншлаа. Популизм (populus – ард түмэн гэсэн утгатай латин үгнээс гаралтай) хэмээх нэр томъёог анх АНУ-д XIX зууны эцсээр хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуунаас улс төрийн хэллэгт нэлээд том байр суурь эзлэх болсон аж. Үүнээс хойш улс төрийн тэмцлийн арга гэдэг утгаар байнга хэрэглэх болсон байна. Популист гэх нэр хочийг хамгийн их зүүдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар популизмыг тайлбарлахдаа "Америкт 1960-аад онд популист нам гэж байсан. Тэр нь юу гэсэн үг гэхээр нийт ард түмний төлөө, тэдний нийтлэг эрх ашгийг дээдэлдэг нам гэсэн үг. Түүнээс биш хүмүүст таалагдахын тулд худлаа ярьдаг, итгэл үнэмшлээр нь тоглодог ойлголт гэсэн үг биш. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалдаг хүнийг хэлдэг бол би популист мөн” гэж хэлжээ. Түүний яриад буй нам нь АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт эмх замбараагүй байдал дээд цэгтээ хүрсэн цаг үед оршин байсан улс төрийн нам юм. Оросын большевик нам, А.Гитлер, А.Муссолини нарын хувьсгалыг ч популизмын сонгодог жишээ гэж үзэх нь бий. Тэд хямралаас гарах яаралтай, хамгийн хялбар арга замыг амлан, эгэл ардуудын чихний чимэг болсон баялгийг тэгш хуваарилах, язгууртны эрх ямбыг хасах, өвөрмөц онцгой хувь тавилан авчрах, нийгмийн шударга ёсыг тогтоох зэрэг алдарт уриа лоозонгоо дэвшүүлж гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, популист хөдөлгөөн улс орнуудын түүхэн эргэлтийн үед илүүтэй идэвхждэгийг дэлхийн түүх нотолж байна. Хуучин нийгмийн үндэс суурь эвдэрч, шинэ нь хараахан нарийн тогтолцоогоо олж чадаагүй байгаа үед л популист зүтгэлтнүүд гарч ирдэг. Тэд асуудлыг хамгийн хялбар, дөхмөөр шийдэх гарцыг ард түмэнд уриалж, тэдэнд таалагдахын тулд хожим үүсэх үр дагаврыг харгалзан үзэхгүйгээр үймээн самууны арга замыг ч сонгодог. Жинхэнэ популист удирдагч "Ард түмний хүсэл зориг бол дээд хууль” гэсэн үг өгүүлбэрийг их хэрэглэдэг гэнэ. Францын улс төрийн зүтгэлтэн Алекс Москович популизм гэдэг нь чухамдаа "Дэлхий дахинаа хүмүүсийн сэтгэл дурыг байлдан дагуулагч урлаг” хэмээн тодорхойлсон байдаг. Хэрвээ популистуудад ямар нэг үзэл санаа байдаг бол тэр нь төрд үл итгэх үзэл санаа, хүнд суртал, авлигыг шүүмжлэх зэрэгт төвлөрдөг аж.
Тэгвэл энэхүү хэв шинжээр хөөж дүгнэвэл манай улс төрийн зүтгэлтнүүдэд популист маягийн нөхдүүд нэжгээд бий бололтой. Хэв шинжийг улам тодотгоё.
Популист улстөрчдийн дүр төрх юун түрүүнд олон түмэнд "зулгуйдаж”, зөвхөн сонсохыг хүссэн тэр зүйлийг нь ярьдаг. Ийм жишээ Монголын бараг л бүх улстөрчид илэрдэг. Ард олонд таалагдахааргүй ч гэсэн үнэнийг ярьдаг улстөрч харин маш цөөн байх шүү. Хамгийн тод жишээ нь сонгуулиар АН хүн бүрт нэг сая төгрөг тараах амлалт өгсний дараа МАН-ын тухайн үеийн дарга С.Баяр бодох ч үгүйгээр 1.5 саяыг хүн бүрт эх орны хишиг болгон бэлнээр тараах амлалтыг өгсөн байдаг. Одоо тэр мэт бэлэн зэлэн амлалтуудын балгаар улс орны эдийн засаг хүндэрчихээд байгаа нь бодитой баримт.
Удаах хэв шинж нь "Ард түмний боол, зарц” гэх жүжиглэлт. Энэ тал дээр хамгийн түрүүнд төрийн тэргүүн хийгээд С.Ганбаатарын жишээ санаанд бууж байна. С.Ганбаатар "Боол намайг өршөө” гэж лекц хүртэл уншсан тул энэ тухайд илүүг нурших нь илүүц биз. Мөн популистууд ард түмний хүү гэх имиж бүрдүүлж, эх оронч, үндсэрхэг сэтгэл зүйг ихээр ашигладаг аж. Үүний дүр Монголд хог нэгээрээ бий л дээ. Гэхдээ үндэсний эрх ашиг, эх орон гэж ярьсан бүхнийг үгүйсгэж, популистаар нь дуудах нь ч бас утгагүй.
Хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан хямралаас гарах хялбар, хөнгөн, хурдан шуурхай арга замыг итгүүлэн ятгах нь бас популистуудад байдаг зан чанар гэнэ. Энэ тал дээр Б.Жаргалсайханы жишээ яг тохирно. Тэрээр орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгохтой холбоотойгоор өөрийн гарц, хөтөлбөрийг танилцуулж, олны санааг татахыг оролдож байгаа билээ. Түүнийхээр бол орон сууцны зээлийг ард түмэндээ хүүгүйгээр 30 жилийн хугацаатай олгох боломжтой гэж мэдэгдсэн.
Энгийн боловч алдартай уриа лоозон, сүсэг бишрэлд олон түмэн автдагийг ашиглах, олон нийтийн "горьдлого, найдлага” дээр тоглох бол популистуудад байдаг хамгийн гол мөн чанар. Үүнд мэдээж Л.Гүндалай хийгээд Фортуна Н.Батбаяр нарыг жишээ татаж болно. Л.Гүндалай "Би айлын найм дахь хүүхэд. Хятадууд наймын тоог баяждаг гэдэг. Тиймд намайг сонговол Далай ламыг сонгосон мэт баяжих болно” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэлээ манай галактик есөн гаригтай, хүн таван хуруутай гэхчлэн учир холбогдлоор тайлбарлан олны нүдийг орой дээр нь гаргасан билээ.
Элит болон засаглалын эсрэг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг хандуулах зорилгоор нь популистуудыг мөн таньж болдог байна. Ард түмэн хэзээд хүч буурай талд зогсдог учраас эрх мэдэлтнүүдийн эсрэг үргэлж сөргөж буйг нь дэмждэг бичигдээгүй хууль байдаг аж. "Шатах ёстой бол шатъя” гэж хэлээд өөрийгөө шатаасан С.Эрдэнэ, Чингисийн хөшөөний өмнө хөхөө тайрна гэж мэдэгдсэн Л.Өнөрчимэг, Ч.Сайханбилэгийн аавд захиа бичсэн Г.Уянга нарын үйлдэл аргаа барсан гэж харагдахын төлөөх агуу поп санаанууд.
Попуудын хэрэглэдэг түгээмэл мэхнүүдийн нэг нь нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан чухал асуудлын шийдвэрлэгдээгүй байдлыг ашиглах юм. Монголоор бол өнөөх гацаадаг, шантаажилдаг аргыг хэлж байна. Энэ ч яахав, угаас бүх л улстөрчид байдаг хэв шинж. Эцэст нь популистуудыг ялгах хамгийн сүүлчийн таних тэмдэг нь тэд ямар нэгэн урлагийн од мэт аашилдаг гэнэ шүү. Энэ хэв шинжийг олж уншихтай зэрэгцээд, бүжиглэдэг, дуулдаг, порно хэлдэг, бүр "хийдэг” хэдэн улстөрч маань нүдэнд харагдаад, сэтгэлд төсөөлөгдөөд ирж байна. Хэн хэн гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.
Популист улстөрчид өөрийн үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй байна. Тэдний хувьд хамгийн олон санал авах явдал л чухал. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улстөрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь харагддаг. Ингээд үзэхээр нэг нэгийгээ цоллож, нэр хоч өгч суудаг улстөрчид дунд маань популист биш зүтгэлтэн байна уу. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хэн нь хэнийгээ хэлэх вэ гэлтэй. Тэгж ярих юм бол Ч.Сайханбилэг ч популист. Ерөнхий сайд болмогцоо "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гурвантаа мэгзэм уншсан. Нэмэр болсонгүй. Өнгөрсөн 2015 онд хүн бүрт 100 мянган төгрөг олгоно гэж бурсан. Хэн ч тийм мөнгөний бараа харсангүй. Баяр наадмаар гадаадын алдартай од авчирч, залуучуудаа цэнгүүлнэ гэсэн. Хэн ч ирээгүй. Популист байж болох бүх л араншинг тэр гаргасан. Тэгсэн атлаа Г.Уянгыг "Популизмаа одоо зогсоо” гэж зандарч байх.
Гэвч попуудын сонгодог бүлэгт харьяалагдах сачий Ч.Сайханбилэгт арай дутна. Яагаад гэвэл, популизмыг жинхэнэ утгаар нь хийхийн тулд тэр ганцаарчилсан тоглогч байх шаардлагатай. Яг л Г.Уянга шиг. Г.Уянга хэдийгээр МҮАН-д хамаардаг ч түүнд тус нам хийгээд "Шударга ёс” эвсэл огтхон ч хамаагүй. ХҮН намд элсэж магадгүй гэх шуум байсан ч тэрээр үүнийг эрс үгүйсгэсэн. Цаанаа том санхүүжилттэй, эрх ашиг нуугдсан бүлэглэл гэж тэр харж буйгаа "Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр зарласан. Энэ нь түүний ганцаардмал байдлын бус, харин ганцаараа бол илүү хүчтэй гэдэг зарчмын илэрхийлэл юм. Популизм бол ард түмний л хүсэл эрмэлзэл, дуу хоолойг хөтөлбөр болгосон, ямар нэг тогтсон мөрийн хөтөлбөргүй хүчтэй бие хүн, харизм бүхий лидер удирдагчид илүү зохидог. Г.Уянга, С.Ганбаатар нарын рейтинг өнөөдрийг хүртэл бүх улстөрчийг тэргүүлсээр ирсэн нь ийм учиртай.
Хэн нэгнийг популист, эсвэл жинхэнэ популист гэж цоллохдоо гол нь биш. Популистуудын эрин үе, эс бөгөөс хаанчлал гэж хэлж болох ийм цаг үед бид амьдарч байгаа нь баттай боллоо.
Д.Дамдинжав
Эх сурвалж: "Ардын эрх” сонин