Өнөөдрийн Орос Улс нь “хатуу гарын диктатур” шиг харагдахгүй байна.
Andrew Higgins / The New York Times
Орёл хот, ОХУ – “Экстремизм”-ын зүйл ангиар буруутгагдан Оросын шоронд 19 сар шүүх хурлаа хүлээн суух, Иеховагийн гэрч шашны урсгалыг дагагч, Дани улсын иргэн Деннис Кристенсен нь өнгөрсөн жилийн сүүлээр В.Путины зүгээс гэнэтийн дэмжлэг хүлээн авав.
Ерөнхийлөгч арванхоёрдугаар сард Кремльд хийсэн мэдэгдэлдээ хүмүүсийг шашны итгэл үнэмшлийнх нь төлөө яллах нь “утгагүй зүйл”, ийм явдал зогсох ёстойг сануулав.
Гэсэн ч В.Путиныг уг мэдэгдлийн дараагаар Орос даяар Иеховагийн гэрчүүдийн эсрэг үйл ажиллагаа зогсоогүйгээр үл барам олон тооны баривчилгаа болж, Д.Кристенсенд 6 жилийн ял оноосон билээ. Өнгөрсөн сард Сибирт хоригдож буй сүсэгтнүүдийг нь тамлан зовоосон тухай мэдээ дэлгэгдсэн нь уг сэдвийн хүрээнд шинээр тогтоосон "амжилт" байв.
B.Путины хэлсэн үг, Орос оронд болж буй үйл явдлын ялгаа нь авторитари дэглэмт төрийн оргилд 18 жил болсны дараа эрх мэдлийнх нь суурь ганхаж, асуулт асуухад хүргээд байна. Үнэн хэрэгтээ В.Путин дэмжигчдийнх нь сурталчилж, шүүмжлэгчдийн дүрсэлдэг шиг бүхнийг чаддаг лидер мөн үү? Эсвэл тэр Кремлийн заавар гэхээсээ тогтворгүй, шунахай тооцооллоор хөтлөгдөх захиргааны болон ашиг сонирхлын бүлгээс бүрдэх ялзарсан системийн дээр сууж байна уу?
Америкийн Ерөнхийлөгч Д.Трампыг Цагаан ордон хүрэх замдаа оросуудтай хуйвалдсан гэх шүүмжлэгчдийн дунд түгсэн үнэмшил В.Путины чадвар, эрх мэдлийн хүрээний тухай дээр дурдсан үзэлд үндэслэжээ. Хэрэв хэзээ нэгэн цагт прокурор Роберт Мюллерын тайлан гарч ирвэл Америкийн олон нийтэд Орос улс үнэндээ хэрхэн ажилладаг эсвэл хэрхэн ажилладаггүй вэ гэдгийг ойлгоход тус болж магад.
Харин Оросын зарим иргэний хувьд Ерөнхийлөгчийнх нь эрх мэдэл хэдийнэ нийтийн төсөөллөөс сул харагдаад эхэлжээ.
Москвад суугаа улс төр судлаач Екатерина Шульман иргэний нийгэм, хүний эрхийн хорооны гишүүний хувиар өнгөрсөн арванхоёрдугаар сард Кремльд болсон уулзалтын үеэр Иеховагийн гэрчүүдийн эрхийг зөрчиж буй талаар ерөнхийлөгчид асуулга тавьжээ. Түүний хэлж буйгаар "Путины эрх мэдлийг дэмжигчид болоод эсэргүүцэгчдийн аль аль нь хэт дэвэргэн төсөөлдөг" гэжээ.
Тэрбээр “Орос нэг хүний шийдвэрийг дагадаг эзэнт гүрэн гэхээсээ өөрийн дотоод дүрэм журам бүхий, удирдан зохион байгуулахад түвэгтэй захиргааны машин. Ерөнхийлөгч ямар зүйл хэллээ ч түүний үгээр өөрчлөгдөх юу ч үгүй, бүр эсрэгээрээ өрнөх нь ч олонтоо” гэжээ.
Захиргаа, улс төрийн хүчнүүд ерөнхийлөгчийн эрх мэдлийг үргэлж дэмжиж, бас сульдуулж байна. Эдгээр олон бүлэглэл нь хүчний байгууллага, үнэн алдартны сүм, тэрбумтан олигархиуд, орон нутгийн албан тушаалтнаас бүрдэх бөгөөд өөр өөрсдийн зарим үед огтлолцсон ашиг сонирхолтой байна. Путин харин эдгээр бүлгийг чадах чинээгээрээ удирдах ёстой ч тус бүрийн үйл хөдлөлийг хянаж чадахгүй хэвээр.
Путины тэргүүлж буй системийн талаар Москва дахь Их Британийн Элчин сайд асан, өдгөө Хатан хааны Олон улсын харилцааны хүрээлэнд хамаарах судлаач Эндрю Вүүд “Уг доголдсон системийг нэг хүн хянах боломжгүй” хэмээн дүгнэжээ.
Телевизийн камерын таахалзан, хурууны үзүүрээр бүхнийг удирдах мэт В.Путиныг харж дассан барууныханд энэ нь итгэмээргүй санагдаж магад. Төрийн хувьд нэр хүндийн хэрэг болсон Олимпийн наадам, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Крымийн хойгт хүрэх гүүр зэрэг асуудлууд дээр Путин системийг өөрийн хүслийн дагуу ажиллуулж дөнгөсөн. Яг үүний адил дуулгаваргүй олигархиуд, улс төрийн өрсөлдөгчдөө дарах зэргээр өөрийнхөө эрх мэдлийг баталгаажуулсан байна.
1999 онд төрийн эрх мэдэлд хүрснийхээ дараа өмнөх ерөнхийлөгч Борис Ельцины үлдээсэн амь тавьж буй Орос орныг сэхээж, олны нүдэн дээр өрнөх эмх замбараагүй байдал, дотоод тэмцлийг үндсэндээ зогсоосон гэхэд болно.
Үүний сацуу өөрийн дэмжиж ирсэн олон төсөл, тэр дундаа ОХУ, БНХАУ хоёрыг Амар мөрний гүүр эсвэл Москва, Санкт-Петербург хотыг холбох хурдны зам зэрэг нь зогсонги байдалд байна.
Хээл хахуульд баригдсан, чадваргүй албан тушаалтнууд, гэрээт гүйцэтгэгчдийг дэмжин, түлхэц өгөхөд В.Путины зүгээс зарцуулж болох хөрөнгө мөнгө, цаг хугацааны хэм хэмжээ гэж бий.
“Орчин үеийн Орос орны хамгийн томоохон, зоригтой төслүүдийн нэг” хэмээн нэрлэгдсэн Оросын алс дорнодод баригдаж буй сансрын хөлөг хөөргөх төвийн ажил төлөвлөгөөнөөс хэдэн жилээр хоцорч байгаад авилгал, цалингаа авч чадахгүй байгаа ажилчдын ажил хаялт зэрэг шалтгаанууд нөлөөлжээ. Ерөнхий прокурорын газраас уг төслөөс 150 гаруй сая ам.доллар завшиж, төсөл хэрэгжих хугацаанд 1000 гаруй хүн нийт 17 мянган удаагийн зөрчил гаргажээ.
Путины үг, системийн үйлдэл хоёрын ялгаа өнгөрсөн сард дахин нэгэнтээ яруу тод харагдсан нь Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын томоохон сангийн Америк үүсгэн байгуулагч Майкл Калвиг Оросын арилжааны банкны хамтран эзэмшигчтэйгээ хувь эзэмшлийн маргаанд орсны дараа цагдаагийн байгууллага баривчилсан явдал болов.
Ноён Калвиг 10 хүртэлх жилээр хорих ялд унаж болзошгүй зүйл ангиар баривчилсан нь Путины гадаадын хөрөнгө оруулагчдыг Орос орон өөртөө татах ёстой, бизнесийн харилцааны маргаанд хууль хяналтын байгууллагууд оролцох ёсгүй тухай удаа дараа сануулсан явдлаас тэс зөрж байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр ерөнхийлөгч ноён Калвиг баривчлах гэж буй тухай урьдчилан мэдээгүй гэсэн ч түүний хамгийн ойрын хүрээллийн хүмүүс л үүнийг юун түрүүнд баттай мэдэж байв.
Сангийн сайд асан, либерал үзэл баримтлалттай, В.Путинтай нэг хотоос гаралтай, эртний анд Алексей Кудрин уг баривчилгааг “Ерөнхийлөгчийн зааврыг үл тоомсорлосон явдал нь эдийн засагт онц байдал бий болголоо” хэмээн гомдоллов.
Кудрины дээрх мэдэгдэл олон хүний дургүйг хүргэж, Путиныг шүүмжлэгчид сангийн сайд асан эрхмийг ерөнхийлөгч ноён Калвид тохиолдсон болоод Оросын хууль хяналтын байгууллагууд дураараа аашилсан тоо томшгүй явдалд хариуцлага үүрэх ёсгүй гэсэн санаагаар өөрийгөө төөрөгдүүлж байна хэмээжээ.
Зарим нь 1930-аад онуудын хэлмэгдүүлэлтийн үеэр Сталины шүтэн бишрэгчид Зөвлөлтийн дарангуйлагчийг улс оронд нь юу болж байгаа талаар мэдэж байгаа гэдэгт итгэхийг үл хүсэн, түүний доор ажилладаг хүмүүсийг буруутгаж байсныг сануулаад амжсан. Тэр үед Сталин цаазаар авах хүмүүсийн жагсаалтад өөрийн биеэр гарын үсэг зурдаг байсан тул мэдээж уг үйл явдлын талаар мэдэж байсан нь гарцаагүй.
Гэвч, Екатерина Шульманы хэлж буйгаар өнөөгийн Орос орон Сталины хатуу гар доорхтой гэхээсээ XIX зууны эхэн үеийн ялзарч буй эзэнт гүрний дүр төрхтэй төстэй харагдаж байна гэжээ. Тухайн үед I Николайн хаанчлал дор авилгалжсан цэрэг иргэний захиргаа өргөжин тэлж буй улс орныг Крымийн дайнд татан оруулж, эдийн засгийн уналтад оруулсан байдаг. Николай хаан өөрийн эрх мэдлийн хүрээг мэдэж, “Оросыг би захирдаггүй, харин 30 мянган захиргааны албан хаагч захирдаг” хэмээн гомдоллож байсан удаатай. Хатагтай Шульманы үгээр бол өнөөдрийн цорын ганц ялгаа нь эдгээр захиргааны албан хаагчдын тоо 1.5 сая болсон явдал.
“Их удирдагчийн чихэнд үг хүргээд л бүх зүйл өөрчлөгдөнө хэмээн итгэх нь маш том төөрөгдөл” хэмээн тэрээр онцлов.
Энэ төөрөгдөл харин эрх мэдлийн “босоо тэнхлэгийн” оргилд суух ноёнтны тухай Кремлийн явуулсан суртал ухуулгын үр дүн юм.
Жил бүр уламжлал болсон шууд нэвтрүүлгийн үеэр В.Путин хэдэн цагийн турш асуултанд хариулж, олон нийтээс гомдол хүлээн авдаг. Энэхүү заншлыг үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах мэдээнүүд дагалдаж, Путины даалгавраар шинэчилсэн сургууль, халаалтын систем, замын нүх хийгээд гомдол мэдүүлэгсдийн асуудлыг шийдсэнийг гаргана.
2017 оны тавдугаар сараас хойш хорионд байгаа Данийн иргэн ноён Кристенсен хэлэхдээ В.Путин өөрийн арванхоёрдугаар сард хийсэн христийн шашны нэг урсгал Иеховагийн гэрчүүдэд “бид илүү чөлөөтэй хандаж чадна, тэгэх ч ёстой” гэсэн мэдэгдлийн хариуг нэхнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа нуусангүй.
Өнгөрсөн сард Москвагаас өмнө зүгт 230 милийн зайтай орших Орёл хотын шүүх танхимын өрөөн дэх төмөр торны цаанаас ярилцлага өгсөн 47 настай Кристенсен “Би түүний мэдэгдлээс их урам зориг авсан. Оросын ерөнхийлөгч үнэн зүйл хэлж, шударга байсан гэдэгт найдаж байна” хэмээжээ.
Путин өөрийн зүгээс “ XXI зуунд ийм үйл болох ёсгүй, бид дундад зуунд амьдраагүй” гэдгийг тод сануулсан гэжээ.
Хуучин мужаан асан ноён Кристенсен өнгөрсөн хоёрдугаар сард Библи судрын уншлага мөргөлд оролцсоныхоо төлөө “үндсэн хуулийн суурь, улс орны аюулгүй байдлын эсрэг урьдчилан төлөвлөсөн гэмт хэрэг” үйлдсэн хэмээн ял сонссон юм.
Түүний гэргий Ирина Оросын иргэн бөгөөд шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүх хурал болтол нөхрийг нь гэрийн хорионд шилжүүлэх хүсэлт гаргасан билээ. Тэрбээр Путин уг мэдэгдлүүдээ олон нийтийн “ПиАр” болгож хийсэн эсвэл нөхөрт нь хатуу шийтгэл ногдуулахыг хүссэн ашиг сонирхолтой хэсэгт бууж өгсөн эсэхийг мэдэхгүй байна гэжээ.
Оросын үнэн алдартны сүм Иеховагийн гэрчүүдийг буруу номтны урсгал хэмээн үзэж, олон жилийн турш түүний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдний энэ дайсагнасан байдал Зөвлөлтийн үеээс эхлэн гишүүд бие биенээ мэдээлэхээс эрс татгалздаг, Америкт төвтэй уг шашны урсгалыг тэрслүү үзэлт хэмээн үзэх хүчний байгууллагуудын ашиг сонирхолтой яв цав давхацжээ.
Ноён Кристенсений гэрийн хорионд шилжих хүсэлтийг дэмжихийн тулд өмгөөлөгч Ирина Красникова уг хэрэгт хамаарах шүүгч нар “ерөнхийлөгчийн хэлсэн үгийг уншаагүй” байсан тухай сануулсан ч уг хүсэлтийг үл харгалзан Данийн иргэнийг шоронд хорихоор шийдсэн байна.
“Путины тухай ярих нь: Барууны нийгэм түүнийг хэрхэн буруу ойлгодог вэ” номын зохиогч, Британийн Орос судлаач Марк Галеоттигийн хэлж байгаагаар “Эрх мэдлийн босоо тэнхлэгийн оргилд орших бүхнийг чадагч Путины дүр зураг худал, тийм зүйл огт байхгүй” гэв. Түүний оронд Путин бидэнд “Өөрийн хүссэн Путиныг бий болгох боломж олгож буй саарал биет." Энэхүү төсөөлөл бүхнийг чадагч, харгис хэрцгий эсвэл үндсээрээ ужгирсан системийг барих хүний аль нь ч байж болох аж.
Энэхүү эмх замбараагүй дүр зураг Оросын хүчний байгууллага, тэр дундаа Зөвлөлтийн үеийн КГБ-ийн улс орон доторх үйл ажиллагааг хариуцсан алба ФСБ-д туйлын ашигтай туссан байна. КГБ-ийн офицер асан В.Путин өөрөө ФСБ-д улсын үйл ажиллагаатай зөрчилдөж байсан ч хамаагүй бүрэн эрхийг олгосон байдаг.
Путин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач холбогдлыг олонтоо ярьж онцолж байсан ч мафитай жишихүйц рекетийн үйлдэл гаргадаг ФСБ-д дураараа аашлах боломж олгосон.
Өнгөрсөн сард Холбооны зөвлөлд хийсэн илтгэлдээ хувийн хэвшилд эрх чөлөөтэйгөөр бизнес эрхлэх бололцоо олгох шаардлагатай тухай дахин онцолжээ. Урьд өмнө нь ижил шаардлага хүргүүлснээ тэрбээр сануулж “харамсалтай нь нөхцөл байдал дээрдсэнгүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ноён Кристенсен харин өөрт учирсан явдлын бурууг Үнэн алдартны сүм болон ФСБ хоёрт тохсон. Путин ноён Кристенсен шиг хүмүүс одоогоор шоронд сууж байх нь “утгагүй зүйл” хэмээн бодож болох ч бодит нөхцөл байдал ийм л байна. Саяхан мөн л ижил “экстремизм”-ын зүйл ангиар яллагдаж буй Орёл хотын сүсэгтэн Сергей Скрынников түүнтэй шоронгийн "хань" болжээ.
Марк Галеоттигийн хэлснээр “Хатуу гарын диктатур үүнээс тэс өөр харагддаг”.
Орчуулсан Б.Мөнхнаран
Эх сурвалж: http://www.ub.life