Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн дүү Б.Мөнхтуяа нутаг гарвал нэгтнээсээ их
хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэ дагуу Өмнөговь аймгийн харьяат, БНХАУ-ын иргэн Г.Дээдбилэгтэй уулзаж ярилцлаа.
Та хаана төрсөн хүн бэ. Хэзээнээс монголд орж ирсэн юм?.
- Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хүн. Хятад руу 10 насандаа гараад Хятад улсын иргэн болсон. Хувийн бизнес эрхэлдэг Г.Дээдбилэг гэж хүн байна.
Та Монголд ямар бизнес эрхэлдэг юм бэ?
- Монголд бизнес эрхлэхээр 2000 онд орж ирээд "Мандах Өглөө” ХХК-ийг байгуулсан. Энэ компаниараа дамжуулан Хятад руу жонш, нүүрс гаргадаг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд Өмнөговь аймагт очиж Хятад руу нүүрс гаргах боломжийг судалж эхэлсэн. Энэ ажлынхаа хүрээнд Б.Мөнхтуяа, н.Намсрайжав гэдэг нэг гэр бүлийн хүмүүстэй танилцаж нүүрс гаргах боломжийн талаар ярилцаж эхэлсэн юм.
Тэр хоёр хүнээс нүүрс авахаар болсон юм уу? Эсвэл тэр хоёр хүн танд нүүрс авахад зуучилж өгөхөөр болсон юм уу?
- Б.Мөнхтуяагийн хувьд "Нүүрс гаргаж болно. Манай гэр бүлийн хүн Таван толгой компанийн тээврийн дарга. Манай ах ч гэсэн Өмнөговь аймгийн засаг дарга болно. Чамд нүүрс олж өгч чадна” гээд бид 2 хувиараа гэрээ хийсэн. Төд удалгүй би Б.Мөнхтуяа, н.Намсрайжав хоёрыг дагуулан Өвөр монголын өөртөө засах оронд очсон. Тэгсэн Б.Мөнхтуяа "Хоёулаа гэрээ хийе. Урьдчилгаа 100.000.000 сая төгрөг шилжүүл” гэсэн. Би ч тэр мөнгийг "Хаан банк”-аар дамжуулан хийсэн. Гэрээ хийсэн хуулбар болон "Хаан банк”-ны гүйлгээ хийсэн хуулбар байгаа. Энэ явдалаас хойш жил гарангийн хугацаа өнгөрсөн ч Б.Мөнхтуяа надад юу ч өгөөгүй. Тэгсэн мөртлөө миний зуучилж өгсөн Хятадын компанид нүүрс өгөөд байсан. Энэ чинь 2008 оны 9 билүү 10 сард болсон үйл явдал.
Тэр үед Б.Бадраа Өмнөговь аймгийн засаг дарга болоогүй байсан юм уу?
- Сонгогдоогүй байсан. Тэгэхдээ "Сонгогдох гээд байна аа” гэж Б.Мөнхтуяа надад хэлсэн. 2009 онд Б.Бадрааг хайж Өмнөговьд очсон. Тэгэхдээ би ганцаараа очоогүй. Хоёр ч гэрчтэй очсон. Уулзаад "Танай дүү чинь надад их хэмжээний нүүрс өгнө гээд надаас мөнгө авсан. Нүүрс өгөхгүй байна. Одоо би яах ёстой вэ?. Та өгч чадах юм уу?” гэж асуусан. Тэгсэн "Манай дүү нүүрс өгөх байх. Би дэмжинэ. Та хүлээгээд л байж бай” гэсэн. Тэгээд одоо хүртэл нүүрс өгөхгүй удаад байхаар нь Б.Мөнхтуяатай холбоотой материалуудыг цагдаад өгч, шалгуулж эхэлсэн юм.
Хэдэн оноос хойш зарга үүсгэсэн юм бэ?
- 2009 оноос хойш. 2010 онд улсын мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүнийг барьж хорихоор болсон. Тэгсэн Прокурорын газар энэ хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Прокурор дээр очоод "Миний хэрэг яагаад хэрэгсэхгүй болчихсон юм бэ?” гэж асуусан. Тэгсэн "Танаас авсан мөнгийг чинь Б.Мөнхтуяа өөр хүнд өгсөн байна. Тэр хүн нь нас барсан байна. Тэгээд энэ хэрэг явахгүй байна” гэдэг хариулт өгсөн. Улсын мөрдөн байцаах газрын байцаагч нь "Прокуророос хэрэгсэхгүй болгочихлоо. Яах ч арга байхгүй” гэж хэлсэн.
Байцаагч нь яллах дүгнэлт үйлдээд Прокурор руу явуулсан юм уу?
- Тэгсэн.
Прокурорын тогтоолтой танилцсан уу?
- Танилцсан. Би амьд хүнтэй гэрээ байгуулснаас биш үхсэн хүнтэй гэрээ байгуулаагүй. Энэ дээр их гомдолтой байгаа. Өмгөөлөгч аваад дахиад Монголд ирж шүүхээр явсан. Иргэний журмаар шүүхэд өгсөн юм. Анхан шатны шүүх хурлаар би ялсан. Хяналтын шатны шүүх дээр ахдаа бэлэглэсэн, бэлэглэлийн гэрээтэй байр гарч ирсэн. Тэр байр нь одоо хүүхдийнх нь нэр дээр байдаг гэсэн. Энэ хугацаанд би Монгол, Хятадын хооронд явсаар байтал мөнгөгүй болоод, хүнээс 20 сая төгрөг зээлсэн. Буцааж өгч чадалгүй жил гаран болсон. Тэгсэн мөнгө зээлдүүлсэн хүн маань намайг цагдаад өгсөн. "Би энэ хүнээс мөнгө авна" гээд Б.Мөнхтуяаг гэрчээр дуудсан. Тэгсэн надад мөнгө өгөх ёстой Б.Мөнхтуяа мэдүүлгэндээ "Энэ хүн бол Монголд их хүн хулхиддаг, миний мөнгийг авсан, энэ хүнийг Монголд хорих хэрэгтэй” гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэрний дараа би Б.Мөнхтуяатай уулзсан. "Чи яагаад миний мөнгийг авчихаад яагаад ингэж байгаа юм бэ?” гэж асуусан. Тэгсэн "Чиний тэр хэргийг чинь манай ах ганц утсаар яриад л хэрэгсэхгүй болгочихсон. Одоо чи шоронд сууна. Чи харин амьд явж байгаадаа баярла” гэж намайг сүрдүүлсэн.
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн дүү Б.Мөнхтуяа
Таны өрөнд орсон хэрэг хэзээ болсон юм бэ?
- 2012 онд болсон. Миний зээлсэн мөнгөний хэрэг даамжраад би "Ганц худаг”-т хоёр сар хоригдсон. Тэгээд манай хүн Хятадаас мөнгө зээлээд намайг гаргаж авсан. Энэ хэрэг дээр дандаа Б.Мөнхтуяа гэрч болоод байсан. Үргэлж миний эсрэг худлаа мэдүүлэг өгөөд байсан. Би мөнгийг нь аваад зугтаасан болгож мэдүүлэг өгсөн байсан.
Тэгээд та иргэний журмаар шүүхэд өгсөн юм уу?
- Тэгсэн. 2010 онд энэ хэрэг шүүх рүү шилжээд гурван шатны шүүхээр би ялсан. Уг нь Монгол улс чинь хуультай орон биз дээ. Тэгтэл үл ойшоогоод миний мөнгийг гаргаж өгөхгүй байгаа юм.
Одоо та Б.Мөнхтуяагаас яг хэдэн төгрөг гаргуулж авах ёстой юм бэ?
- 73 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.
Танд өнөөдрийн байдлаар Б.Мөнхтуяа мөнгө өгсөн үү?
- Ямар ч мөнгө өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш н.Намсрайжав миний данс руу гурван сарын турш 200.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 600.000 төгрөг өгсөн. Б.Мөнхтуяа бол надад ямар ч мөнгө өгөөгүй байгаа.
Шүүхийн шийдвэр хэнийг мөнгө өг гэж гарсан юм.
- Б.Мөнхтуяа, н.Намсрайжав нарын нэр дээр гарсан. Би Намсрайжавын данс руу мөнгө хийсэн. Би мөнгөө 3 хувааж хийсэн. 120.000.000 сая нь явсаар байгаал 73 сая болчихсон.
Хамгийн сүүлд Б.Мөнхтуяатай хэзээ уулзсан бэ?
- Хамгийн сүүлд энэ оны 1-р сарын 8нд Өмнөговьд уулзсан. Тэрнээс өмнө утсаар ярьсан. Тэгсэн "Тэр Монгол улсын шүүхийн шийдвэр чинь худлаа. Би чамд мөнгө өгөхгүй. Чи юу ч олж долоохгүй” гэж хэлээд л тасалчихсан. Гурван шатны шүүхээр би уг нь мөнгө авна гэж тогтоолгосон юм шүү дээ.
Тэрнээс хойш Б. Мөнхтуяагийн ахтай уулзсан уу?
- Уулзах гэж очсон. Өмнөговьд байгаагүй, хотод байна гэж байсан.
Одоо та яах бодолтой байна.
- Бүр аргаа барсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Үргэлжлүүлэн шалгуулах хүсэлтэй байгаа. Тэмцлээ ингээд зогсоохгүй. Заавал хариуцлага тооцуулах болно.
Ярилцсанд баярлалаа
- Баярлалаа
Д.Өөдөө