
АН-ын ҮЗХ хороо хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа
АН-ын ҮЗХ өчигдөр нэлээд хүлээлгэсний эцэс хуралдаж хуулийн хугацаандаа багтаж ирэх сонгууль нэр дэвших эрхмүүдээ тодрууллаа.
ҮЗХ-ны хурал тун ширүүн уур амьсгалд өрнөсөн бөгөөд тойргийн хорооноос урдчилсан байдлаар тодруулаад байсан зарим нэр дэвшигчдийг танхимаас өөрчилсөн. Тухайлбал, Сэлэнгийн намын хорооноос гурваар сонгогдож нэр дэвшихээр болоод байсан Л.Цандэлэгийг болиулж оронд нь дуучин Г.Эрдэнэтунгалаг нэр дэвшихээр болсон.
Мөн АН-ын лидерүүдийн нэг Р.Амаржаргал гишүүн нэр дэвшихээс татгалзаж эмэгтэйчүүддээ боломж болгосон юм. Түүний оронд Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн М.Батчимэг нэр дэвшихээр болсон. Өнөөдөр дээрх нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ хүргүүлнэ.
МАН-ын Бага чуулган сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав
АН-ын ҮЗХ-ноос гадна өчигдөр болсон бас нэгэн том хурал бол МАН-ын Бага хурал байлаа. Удирдах Зөвлөлөөс гаргасан нэр дэвшигчдийн нэрсийг Бага хурлаараа батламжилсан.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэрээ татаж Булган аймагтаа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм. Мөн УЗ-өөс сонгогдоод байсан Ж.Цолмон Хөвсгөлөөс нэр дэвших эрхээ алдсан. Ийнхүү МАН-ынхан өчигдөр хуулийн хугацаандаа багтаж нэр дэвшигчдийн нэрсээ тодруулж дууслаа.
Чуулганыг ирэх сарын 23 хүртэл хойшлууллаа
УИХ-ын тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнгөрсөн мягмар гарагт чуулган хуралдах хуваарьтай байсан. Гэвч үдээс өмнө АН-ын бүлэг шуурхай хуралдсанаас болоо чуулган хуралдаагүй юм. АН-ын бүлгээр МАХН-ын сайд нарыг засгаас гаргах Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцсэн бөгөөд дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Тэгвэл үдээс хойш хуралдах ёстой байсан хуралдаан мөн л ирц бүрдэхгүй байсан юм. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд даргын захирамжаар Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар болсон. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганыг 5 дугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулах шийдвэр гаргалаа.
Хоёр эвсэл, дөрвөн бие даагчид боломж олгохоор шийджээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг нийслэлийн Сонгуулийн хороо нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан. Мөн бие даан нэрээ дэвшүүлсэн 19 иргэнийг бүртгэхээс татгалзсан юм. Тэгвэл нийслэлийн Сонгуулийн хороо иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу гаргасан шийдвэрээ эргэн харж хоёр эвсэл, дөрвөн бие даагчид боломж олгохоор шийджээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт энэ сарын 19-ний өдөр Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч улмаар нийслэлийн Сонгуулийн хороо хуралдан Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж НИТХ-ын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг гаргасан байна.
Ерөнхий сайд МАХН-ын гурван сайдыг засгаас гаргах шийдвэр гаргав
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан өнгөрсөн даваа гарагт албан тоот илгээсэн. Уг албан тоотоороо Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай мэдэгдсэн юм.
МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар Шийдлийн Засгийн газарт ажиллаж буй. Ерөнхий сайд тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ дурджээ. Гэвч чуулган хойшилсон тул уг асуудлыг одоо болтол хэлэлцэж чадаагүй юм. Мөн АН-ын бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Ерөнхийлөгч "Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны нээлтийн ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр "Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.
Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дарга хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе нар, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.
Энэ удаагийн хээрийн сургалтад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцов. Тодруулбал Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.
Г.Лхагваа /ZALUU.COM/