Аймаг үүсэн байгуулагдсaны 90 жилийн ойн их баярын энэ жил нутгийнхаа
сонин содон гайхамшгуудын талаар уншигч түмэнтэйгээ хуваалцахын ялдамд
яагаад энэ нутгийг уул усны диваажин, Увсын цэнхэр хязгаар хэмээхийн
учрыг тайлахыг оролдом уу.
Улаангомд онгоцоор ирэх бүрт тэртээ доор Ханхөхийн их нуруу хөхөрч,
Хяргас, Увс нуур цэнхэртэж цэлэлзэн, Алтан элс шаргалтаж, Хархираан
их уулс тун сүрлэгээр өмнөөс угтдагсан. Улсын хойд хилээс Хар ус нуур
хүртэл үргэлжлэх их нууруудын хотгорын баруун талаар Хархираа, Түргэний
уулс сүндэрлэнэ. Их уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн
түвшнээс дээш 4245метр өргөгдсөн, мөнх цас, мөсөн гол бүхий зүрхэн
хэлбэртэй сүрлэг хайрхан.
Түргэний уулс хойшоогоо Байрамын нуруу болж, Тагнын нурууны өмнөд хэсэг
Мөнгөн тайгад тулна. Хархираа Түргэнээс өмнө зүгт Ёл, Харгайт, Бураат
зэрэг бэсрэг уулс үргэлжилсээр Ховд голын зүүн хойт талд сүндэрлэх
домогт Алтанхөхийн нуруунд хүрдэг юм.
Хангайн нурууны төгсгөл Ханхөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга
далайн түвшнээс дээш 2923 метр. Уулын арын хөвч ой нь битүү шинэс,
хуштай, улаан номонд орсон ховор, нэн ховор эмийн ургамлууд, буга, бор
гөрөөс, бодон гахай элбэгтэй, хөвч тайгын хэв шинжийг агуулсан өвөрмөц
тогтоцтой сүрлэг хайрхан бөлгөө. Хөхийн их уулсын өврөөр Хос,
Далантүрүүний говь, баруун талаар нь Айраг, Хяргас нуур хүрээлдэг бөгөөд
хойшоогоо Тогтохын шил хэмээн нэрээ өөрчилж, 200-гаад км үргэлжилсээр
Хархираан их уулсад дөхөж очдог.
1905 оны зун Ханхөхий, Булнайн нурууг хамарсан асар хүчтэй газар
хөдлөлт болж, 400 гаруй км урт цууралт үүссэн ба газар хөдлөлтийн үеэр
ойролцоох нууруудын ус маш өндөр цацагдан ойж байхыг олон хүн харсан
байдаг. Хөхийн ард зусаж байсан малчин Дүүрэн гэдэг айлын арван хэдтэй
хүүгийн хариулж явсан хонь, дагуулж явсан нохой нь хүртэл газрын их
ангал руу орон, хоттой хонины шуугих дуу хэд хоног тасрахгүй байсан
тухай газарзүйч, эрдэмтэн Намнансүрэн гуайн тэмдэглэлд буй. Ханхөхийн
нурууны ар өврөөр нутагладаг илжгэн халхууд XVII зууны үед Хөвсгөл,
Архангайн зааг орчмоос нүүдэллэн ирж суурьшсан ба баяд ястнууд Тогтохын
шилээ даган Баян нуур, Тэсийн голоо шүтэж амьдарцгаадаг. Харин дөрвөдүүд
Улаангомоос хойш Хархираа, Түргэний уулс, Мөнгөн тайгын өвөр хэсгээр
нутагладаг юм. Ханхөхий, Хархираан их нуруудыг уулсын диваажин гэхээс
өөр аргагүй.
Хүүхэд ахуй цагаасаа очих дуртай байсан "Хархираа” амралтнаас доошоо
харахад алган дээр тавьсан мэт хөхрөн цэлэлзэх Увс нуур зах хязгаар нь
үл харагдан үргэлжилдэг ба Хархираан ноён оргилоос 30 гаруйхан км орших
энэ нуур 3500 метрээр нам доор гэхэд үнэмшмээргүй санагддаг байлаа.
Манай орны хамгийн том энэ нуур нь далайн түвшнээс 760 метрт орших
бөгөөд 3350 кв.км талбайг эзлэн тогтоно. ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн
өвд бүртгэлтэй үзэсгэлэнт Увс нуур маань 200 гаруй сая жилийн настай.
Нуурт Тэс, Нарийн, Хархираа, Боршоо, Сагиль, Хөндлөн, Хандгайт,
Торхилог гээд их бага нийлсэн дөчөөд гол горхи цутгадаг ч загас,
жараахай байдаггүйн учир нь давс маш ихтэй, шорвог. Гэсэн ч ногтруу,
галуу, нугас, цахлай зэрэг нүүдлийн шувууд олноор цугласан үед нь дэргэд
нь очиж умбаж шумбах юм бол усны диваажин гэж ийм байдаг болов уу
гэлтэй сэтгэгдэл төрдөг юм.
Биднийг дунд сургуульд сурч байх үед Увс нутгийнхны сүлд дуу болж байсан:
Далан хэлийн жигүүртэн шувууд
Далавч мэдэн зугаалан цэнгэсэн
Тунгалаг Увсын цэнхэр мандалд
Тольдон байдаг Улаангом гэсэн мөртүүд одоо хүртэл сэтгэл зүрхэнд шингэн үлджээ.
Тэс гол Булнайн нуруунаас эх авч, 700 гаруй километр туулсаар
Бөөрөгдэлийн элсийг хаяалж, Тувагийн хил даван Тагнын нурууны өмнөд
уулсыг сүлжин хэсэг гүйснийхээ эцэст эргэн хил давж ирээд Увс нууртаа
цутгадаг "Эх оронч гол” бөлгөө. Нуурт цутгахдаа зэгс, намаг бүхий таван
том салаа үүсгэдэг учир таван Тэс гэдэг хэллэг үүсчээ. Тэсийн голыг
даган зэрлэг чацаргана их ургадаг тэр нь амт чанараараа Монголд бүү хэл
дэлхийд хосгүй. Зундаа зах дээр зарагдаж байгаа савтай айраг бүр Булганы
"Сайхных” болчихдог шиг намартаа ууталсан чацаргана бүр "Увсынх” хэмээн
цоллуулдаг гэмтэй.
Бөхмөрөний тунгалаг гол нь Мөнгөн тайгаас эх авч Ачит нуурт цутгана.
Тэндээсээ Ховд гол болон гарч, хотол олныг ундаалж урссаар 500 гаруй км
туулан Хар ус нуурыг тэжээн тэтгэнэ.
Москвагийн улсын их сургуульд сурч байсан 40-өөд жилийн тэртээ шалгалт
шүүлгийнхээ чамгүй давааг давчихаад төрсөн нутаг аав ээжийгээ зорин
Ярославын галт тэрэгний буудлаас хөдлөх тэр мөч хамгийн сэтгэл хөдлөм
үе байдаг байж билээ. Галт тэргээр тав хоног түжигнүүлсээр Улаанбаатарт
ирнэ, унаа олж Увс руу хөдлөх хүртэл нойр бараг хүрэхгүй дээ. Замын
зардал болох 188 төгрөгийг барж дийлэхгүйгээс нагац ахынхаа чиргүүлтэй
"ЗИЛ-130” машины барааны брезентэн доогуур шургаж нуугдсаар "22-ын
товчооны” шалгалтыг өнгөрөөд санаа жаахан уужрана, ачаандаа түүртсэн
моторын яраглах дуунд нойр хагаслан өдөр шөнөгүй явсаар гурав дахь
хоногийн үүрээр төрөлх нутаг Турууныхаа барааг хардаг байлаа. Тэр үед үе
тэнгийн нөхөд маань биднийг:
Дөрвөд хүн хүн биш
Дөрвөн шийр мах биш хэмээн даапалахад нь өмнөөс нь:
Дөрвөд хүн төрийн толгой
Дөрвөн шийр малын тулгуур гэх юм уу эсвэл:
Төв хороог Цэдэнбал
Төв театрыг Түмэндэмбэрэл
Төв цэнгэлдэхийг Баянмөнх эзэгнэж байгаа шүү хэмээн онгирдог байж билээ.
"Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анираар ган ган дуугардагсан” хэмээн дуулж явсан ардын
жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн уянгалаг хоолой бидний үеийнхний сэтгэл
зүрхэнд хоногшин үлдсэн билээ.
Ханхөхийн их нуруу давхар уулстай. Ар, Өвөр хоёр нурууны завсраас
Хангилцагийн гол эхээ аван урсана. Өвөр нурууных нь ноён оргил "Хөхийн
зоо” дээрээс өмнө зүгийг дурандваас Их Монгол элс шаргалтаж, баруун
хойшоо харваас Айраг Хяргас нуур хослон цэнхэртэнэ. Ар нурууны ноён
оргил "Алтан дуулгын” оройгоос чанх хойшоо дурандвал Хархираан их уулс
тэртээ алсад дуниартан цэнхэртдэг бөгөөд хойшоогоо Увс нуур хүртэл
үргэлжлэх дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойт цэгт орших их манхан
Бөөрөгдэл, өмнө захаар нь Алтан элс шаргалтаж, түүний хойхнуур
цэнхэртэх зэрэглээн дунд Тагнын нуруу хөхрөн хөвөлздөг болой. Хагас
зууны өмнө энэ их хөх уулс, Саяаны нуруу бүхэлдээ манай нутаг байсан даа
гэж бодохоос самсаа шархирдаг байлаа. "Хэнтий, Хэнгай, Саяаны... гэж
гэж эхэлдэг алдарт шүлгэндээ их зохиолч Нацагдорж гуай эх орныхоо хилийг
дурайтал зурсан байдаг даа.
Баруун хойшоо дурандваас ХХ зууны манлай бөх, их аварга
Х.Баянмөнхийн унасан газар, угаасан ус Борхайрхан уул налайж,
Хангилцагийн гол мяралзана. Зүүн хойшоогоо саравчилваас Монгол улсын
залуу аварга Мөнхбат, арслан Ганбат, начин Эрдэнэбилэг нарын төрсөн
нутаг Харцагаан усны уулс хүглийн, Өлөнгийн их талд тариан түрүү
шаргалтдаг юм. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Уйлган голын
хөндийгөөс Цэвээнравдан, Дамдин, Батсуурь гээд халхын нэртэй аваргууд
мэндэлж байсан бол зургаан сумын нутаг дамнан үргэлжлэх Ханхөхийн
нурууны ар, өвөрт Баянмөнх, Балжинням, Мөнхбат гээд Увсын гурван "хар”
аварга төрсөн бөлгөө.
Улсын тусгай хамгаалалтанд орсон Алтан элсэн дунд "Нисэхийн” хадан уулс
хүрэнтэж, нүд гүйцэж хардагсан бол цаахан дор нь Тэсийн гол мяралздаг.
Баруун, Зүүн Турууны голууд Ханхөхийн нуруунаас эх авч, Алтан элс рүү
уралдаж очин шургаснаа гэнэт хоёулаа дэлбэрэн гарч, Баруун, Зүүн Нарийны
голууд болон урсаж Увс нуураа тэтгэнэ. Эндхийн баян бүрдүүдэд хэн
нэгэн нь цуглуулга болгоод тарьчихсан мэт Монгол оронд ургадаг бүх л
зүйлийн ховор ургамлууд ургадаг. Увс нутаг бол үнэхээр ертөнцийн гоо
үзэсгэлэн төгс бүрдсэн газар юм шүү.
Тэмээнээс өөр мал уудаггүй зөөлөн давсархаг Хяргас нуур, цэнгэг устай
Айраг нууртай 200м өргөн, таван км урттай нарийхан хоолойгоор холбогддог
нь их сонин. Яг л Газар дундын тэнгисийг Энэтхэгийн далайтай холбодог
Суэцийн сувгийг санагдуулдаг. Суэцийн сувгийг Египетийн сая сая боолчууд
хэдэн зууны турш нүцгэн гараараа малтаж гаргасан бол Хяргас-Айраг
нуурын энэ хүйн холбоог Байгаль Бурхан хэдэн сая жилээр урлан бүтээснийг
бүү мэд.
Ийм сайхан нутгийг чинь уул усны диваажин гэхээс өөр яах билээ. Яруу
найрагч О.Дашбалбар асан 90-ээд оны дундуур манай нутгаар зочлохдоо:
Далай шиг их устай
Хангай шиг сайхан уулстай
Говь шиг шаргал элстэй
Яасан сайхан өлгий вэ хэмээн шүлэглэсэн байдаг.
Хар тэнгисд жилд нэг удаа үнэгүй явж амрах эрхтэй байсан тэр үеийн
МАХН-ын том боссуудын нэг Майдар гуай гэр бүлтэйгээ ийшээ жил бүр ирж,
тухалдаг байснаас үзэхэд "Хар тэрмэсийн” аршаан, Хяргас нуурын давсархаг
ус эрхэм даргад их зохидог байсан бололтой. Харин тэрээр нэг удаа өөрөө
бүү хэл өрөөлийн хүмүүсийг багагүй тэвдүүлсэн дөчөөд жилийн өмнөх
түүхийг энэ ташрамд уншигч түмэндээ хүргэвэл сонин байх болов уу.
Тэр жил Майдар дарга энд гэр бүлтэйгээ ирчихээд нэг өдөр нууранд
зугаалж, загасчлахаар гарч өгчээ. Хаанаасаа ч олж ирсэн юм бүү мэд
гурван хүний багтаамжтай мотортой жижигхэн завинд бие
хамгаалагч-комиссар болох НАХЯамны настай хурандаа мөн манай аймгийн
цагдаагийн даргын жолооч залуутай сууж аваад нуурын мандлаар хурдалж
явтал гэнэт завины мотор нь унтарч дашийн шоо болох нь тэр. Гар утас энэ
тэр гэж тэр үед байсан биш ядаж сэлүүр ч байхгүй тэр хэд яахаа мэдэхгүй
сууж байтал нар орж, харанхуй болон нуурын эрэг дээр амралтанд байсан
хүмүүс дээр дооргүй бужигналдаж гэнэ. Ойролцоо сум аймгийн төв рүү
давхилдаж сандарсан дарга нар Төв хороо руу хүртэл утас цохьсон юм байх.
Уртаашаа 80, өргөөшөө 40 шахам км үргэлжлэх хөлгүй их нууран дунд нугас
болчихсон хөвж яваа тэр гурвыг харанхуй шөнө Ханхөхийн савдаг харсан
уу яасан хойноосоо зөөлөн салхилж эхэлтэл нуурын давалгаа нөгөө муу
модон завьны оронцгийг нь завсар зайгүй нүдэн завь усаар дүүрч эхэлжээ.
Азаар даргын айраг ууж байсан том тагш авралын од болсон юм байх. Дарга
өөрөө барайгаад суучихаж, хөгшин комиссар хэд хүчтэй ажиллангаа хоёр
гар нь таг хөшөөд даргынхаа хажуугаар унаад өгч гэнэ. Харин нөгөө жолооч
залуу шөнөжин давстай усыг завсар чөлөөгүй шавхаад байж. Зуны богино
шөнө дуусч, үүр хаяарахын алдад нөгөө залуугийн "бензин” дуусч, завь нь
усаар дүүрч эхэлсэн юм байх. Тэгсэн Майдар дарга ухаан зарж, "Энэ цагийг
надад Цэдэнбал дарга бэлэглэсэн юм” гээд бугуйн дахь цагаа тайлаад гарт
нь зүүгээд өгчихсөн чинь нөгөөхийн хүч тамир допинг хэрэглэчихсэн
аятай сэргэж, нуурын урьд эрэг хүртэл ядарч цуцалгүй ус шавхсан шүү гэж
ярьсан байдаг. Аргагүй юм, тэр үед Увсынхан бүү хэл Монголчууд бидний
хувьд Бал дарга маань амьд Бурхан байсан юм чинь ..
Улс аймгийн цолтой бөхчүүд болон эрдэмтэдийн тоогоороо Увс аймаг улсдаа
хол тасархай тэргүүлдгийг хүн болгон мэднэ дээ. Энэ нутгаас төрөн
гарсан эрдэмтэдийн тоо өнөөдөр гурван зуу хол давжээ. Монгол улсад
амьддаа хөшөөгөө босгуулсан хүн хоёрхон бий. Нэг нь Бал дарга, нөгөөх нь
одоо Баянаа аварга маань болж байна. Нутгийн олон маань их аваргадаа
зориулж, домогт бөх Иван Ярыгины Красноярск хотноо сүндэрлэх хөшөөтэй эн
зэрэгцэхүйц сайхан цогцолбор босгожээ.
Дархан хот дахь УГТЭШХ-гийн захирал асан доктор Хүчит гуай нэг удаа
надад "Би Увсынханд яснаасаа дургүй. Тэд их сэргэлэн, зальжин улсууд
шиг санагддаг байлаа. Тэр үед миний гаргаж авсан "Дархан” сортын
улаанбуудайн үрийг Төвийн бүсэд туршихад дээд тал нь гурав буталж,
га-гаас 14-15 ц ургац өгдөг байсан юм. Харин Улаангомын ЭШС-ын талбай
Хархираа уулын бэлд аваачаад тарьчихсан чинь 4-5 буталж, усалгаагүй
нөхцөлд 20 ц ургац өгөхийг үзсэнээс хойш танай нутаг чинь үнэхээр
өвөрмөц болохыг ойлгож, тэндээс ухаантнууд, хүчтэнүүд олноор төрөн
гардгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон” хэмээн ярьж байж билээ.
Хархираа уулын оройгоос зах хязгааргүй үргэлжлэх далай мэт энэ нуурыг
харах юм бол яагаад энэ нутгийг "Увсын цэнхэр хязгаар” гэж нэрлэдгийн
учир утгыг та мэдэх болно.
Ханхөхийн домогт хөх нуруу
Хархираан сүрлэг их уулс
Алсын алсаас цэнхэртэх
Айраг, Хяргас, Увс, Үүрэг
Бөмбөрцгийн хойд бүсд шаргалтах
Бөөрөгдэлийн элсэн манхнууд
Тэртээ холоос ийшээ тэмүүлэх
Тэсийн таван гол бол
Уул усны диваажин
Увсын цэнхэр хязгаар бөлгөө
Ш.Пүрэвсүрэн "Хорвоогоор аялахуй” номноос