УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг шүүхийн багц хуулийн шинэчлэлээр бүрдүүлэх зорилго дэвшүүлж төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт үзэл санаа, зорилгынхоо дагуу хэрэгжих нөхцөл бүрдэж, шүүх буюу шүүгч зөвхөн хэрэг, маргааныг шүүн таслах ажлаа хийх, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгынхоо хүрээнд шүүхийн үйл ажиллагаа явуулах нөхцөл, төсөв санхүү, хүний нөөц, сургалт, судалгаа зэрэг захиргаа, аж ахуйн ажлыг бүрэн хариуцах, албан үүрэгтээ хайнга хандсан, аливаа нөлөөлөлд автсан, шударга бус, ёс зүйгүй авир, үйлдэл гаргасан шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хорооны үр дүнтэй тогтолцоо бий болох, шүүгчийг хуульчдаас шилж олох, хараат бус байдлыг нь хангах, хариуцлага тооцох үйл ажиллагаанд мэргэжлийн холбооны болон олон нийтийн хяналт, оролцоо хангагдах зэрэг эерэг үр дүн гарна хэмээн үзсэн байна.
Түүнчлэн шүүхийг тойргийн зарчмаар байгуулах үндэслэл, журам, шалгуур тодорхой болох, Улсын дээд шүүх Үндсэн хуульд заасан хууль тайлбарлах бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох, шүүхийн төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлснээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал хамгаалагдах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцооны үр дүн дээшлэх, улмаар иргэний шүүх эрх мэдэлд итгэх итгэл сэргэж, шударга шүүхээр шүүлгэх Монгол Улсын иргэний үндсэн эрх хангагдана гэж үзсэн гэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арвандүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн 6 дахь хэсгийг нэмсэнээр шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тогтолцоонд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ.
Иймд шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулж буй хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчийн мэдлэг, чадварт эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хөндлөнгийн үнэлгээ хийж, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих тогтолцоо бүрдүүлэх, шүүгчийн мэргэжлийн алдаа, зөрчлийг ёс зүйн болон сахилгын зөрчлөөс ялгах, ёс зүйн болон сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бүх гишүүд нь орон тооны зарчмаар ажилладаг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулах зорилгын хүрээнд мөрдөгдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сахилгын хорооны эрх зүйн байдлыг анхдагч хууль хэлбэрээр боловсруулахаар заасан Улсын Их Хурлын тогтоолын шаардлагатай нэгтгэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт Нийтлэг үндэслэл буюу нэр томьёоны тодорхойлолт болон бусад асуудлыг дэлгэрүүлж тусгажээ. Хоёрдугаар бүлэгт шүүгчид тавих болзол, шаардлага, Гуравдугаар бүлэгт шүүгчийг сонгон шалгаруулах, томилох болон шүүгчийг мэргэшүүлэх, Дөрөвдүгээр бүлэгт шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл журам, Тавдугаар бүлэгт шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, Зургадугаар бүлэгт шүүгчид хориглох зүйл, иргэний эрхэд тавих хязгаарлалт, ашиг сонирхлын зохицуулалт, хариуцлага, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд баримтлах зарчмын асуудлыг тус тус тусгасан байна. Долдугаар бүлэгт Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, хорооны дарга, гишүүдийн эрх, үүрэг, үйл ажиллагааны ерөнхий нөхцөл, Наймдугаар бүлэгт Шүүхийн сахилгын хороонд гомдол, мэдээлэл гаргах, бүртгэх, шилжүүлэх, Есдүгээр бүлэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, тэдгээрийн эрх, үүрэг, Аравдугаар бүлэгт сахилгын хэрэг үүсгэсэн хорооны гишүүний явуулах ажиллагаа, сахилын хэргийг хянан шийдвэрлэх хугацаа, Арван нэгдүгээр бүлэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны нийтлэг журам, Арван хоёрдугаар бүлэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны дэг, шийдвэр, Арван гуравдугаар бүлэгт давж заалдах гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх ажиллагаа, Арван дөрөвдүгээр бүлэгт сахилгын хорооны нийт гишүүдийн хуралдаантай холбоотой асуудлыг тус тус тусгасан болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт үзэл санаа, зорилгынхоо дагуу хэрэгжих нөхцөл бүрдэж, шүүгч хараат бусаар хариуцлагатай ажиллах эрх зүйн орчин улам боловсронгуй болно. Түүнчлэн шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэж, шүүх эрх мэдлийн бие даасан байдлын баталгаа бэхжин, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийн хууль зүйн баталгаа бүрэн гүйцэд хангагдана гэж төсөл санаачлагч үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн санал өгсөн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Нэгдүгээр бүлэгт хуулийн нэр томьёоны тодорхойлолт, үйлчлэх хүрээ, Хуульчийн эрхэмлэх зүйл, ерөнхий үүрэг, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тусгасан байна. Хоёрдугаар бүлэгт мэргэжлийн дадлага болон хуульчийн мэргэжлийн шалгалт авах журамтай холбогдсон бусад асуудлыг дэлгэрэнгүй тусгажээ. Түүнчлэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам болон тухайн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон бусад асуудлыг дэлгэрэнгүй тусгасан гэлээ. Дөрөвдүгээр бүлэгт хуульчийн эрхлэх мэргэжлийн үйл ажиллагаа түүний дүрэм, хуульчийн тангараг, эрх, үүрэг, хориглох зүйл, үйл ажиллагааны нууцтай холбоотой асуудлыг тусгажээ. Тавдугаар бүлэгт Хуульчдын холбоо, түүний гишүүнчлэл, чиг үүрэг, Хуульчдын их хурал, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Хуульчдын холбооны зөвлөл, Хуульчдын холбооны хороод, Тамгын газар, Хяналтын зөвлөлийн эрх хэмжээ болон Хуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон асуудлыг тусгана. Мөн энэ бүлэгт Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн мэргэшлийн хороонд нэр дэвшүүлэх, санал болгохтой холбогдсон харилцааг Үндсэн хууль болон шүүхийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн нарийвчлан зохицуулсан болохыг Ө.Шижир дарга танилцуулсан.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүй, хариуцлагын асуудал эрхэлсэн хороо, түүний бүрэн эрх, хуульчид холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, дүгнэлт гаргах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг мэдэгдэх, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг төслийн зургадугаар бүлэгт нарийвчлан тусгасан байна. Долдугаар бүлэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих болон хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг тусгажээ.
Хуульчийн эрх зүйн байдалтай холбогдсон хууль боловсронгуй болж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үйл ажиллагаанд олон нийтийн буюу хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн хяналт, оролцоо бүрэн хангагдаж, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нэг мөр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.