Монгол Ардын намын Удирдах зөвлөл, Улсын Их хурал дахь Монгол ардын намын
бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдэлийг сонсох, ахуй амьдралтай
танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит
мэдээллээр хангах, тэдний санал бодлыг
сонсож, үйл ажиллагаандаа тусгах зорилго
бүхий "Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ
дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараар ахлуулсан ажлын хэсэг аймаг,
нийслэл дүүрэгт очиж ажиллах юм.
Аяны үйл ажиллагаа 10 сарын 13-нд Дорноговь аймгаас
эхэлж, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгуудад үргэлжилжээ. 10 сарын 27-ны өдөр
Сүхбаатар дүүрэгт "Иргэдийн цаг” аян үргэлжлэн явагдлаа. УИХ-ын гишүүн
Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 15,16,17,18,19,20
дугаар хороодод ажиллалаа.
Уулзалт 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 130-р
цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахаас эхэллээ.
16-р хорооны иргэн Батцэцэг:
Тус
цэцэрлэг нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөрөнгө
оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай
канад технологиор шинэ байр баригдаж дууссан боловч улсын комисс хүлээж аваагүй
шалтгаанаар ашиглалтанд ороогүй өнөөдрийг хүрсэн. 100 хүүхэд бүртгэж авсан.
Эцэг эхчүүд бид хонон өнжин, зодолдон нүдэлдэн байж сарын өмнө хүүхдээ
бүртгүүлсэн боловч хүүхдээ аваагүй, бидний жаргалант ирээдүй болсон үр хүүхдүүд
маань гадаа гудамжинд шороо ухаад л сууж байна. Гэртээ цоожтой. Энэ хороонд 0-5
насны 2560 хүүхэд амьдардаг, хорооны хэмжээнд ганцхан энэ цэцэрлэг байдаг,
сургууль ер байдаггүй, манай хүүхэд ирэх жил сургуульд орно, цэцэрлэг
дамжаагүй, ямарч бэлтгэлд суугаагүй энэ хүүхдийн ирээдүй их бүрхэг байна.Яагаад
ийм байдалд хүрснийг та бүхэн одоо шийдэж бидэнд гарцыг гаргаж өгнө үү.
Цэцэрлэг нээгдвэл эцэг эхчүүд ажилтай болно, орлоготой болно, залуучууд
гэрээрээ хүүхдээ хараад сууж байна. Уул нь цэцэрлэг нээхэд бэлэн ажилтан, албан
хаагчид нь бэлтгэгдсэн байгаа боловч энэ хорооноос УИХ-д сууж байгаа БСШУЯ-ны
сайд Л.Гантөмөр байгаа мөртлөө ирж уулздаггүй, энэ асуудлыг шийдэж өгөхгүй
байна. Энэ асуудлыг хороондоо тавихад уурладаг, сүүлдээ хүлээж авахаа больсон,
та нар ингээд байвал гацаад байна, дуугай бай гэдэг хариуг өгдөг болсон. Гэр
цэцэрлэгийг нээх зөвшөөрөл өгөөч гэхэд элдэв шаардлага нэхээд гарын үсгээ зурж
өгдөггүй, зөвшөөрөл олгодоггүй гэлээ.
Бидний явах дараагийн чиглэл гэр хорооллын дахин
төлөвлөлтийн асуудлыг хөндлөө. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагчийн 2013 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн 15-р
хороо Дамбадаржаа орчмын 13,0 га газар дахин төлөвлөлтөд орохоор тусгагджээ. Дахин
төлөвлөлтөд орсон айлууд ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийллээ.
15-р хорооны иргэн Жигжиджав:
Намайг жилийн өмнө байшингаа нураа гэсэн, би зээгийнхээ
хашаанд 6*8 байшинд амьдардаг, дахин төлөвлөлтөнд оруулна гээд "Цэлмэг Ази” ХХК
хөрөнгөө зайлуул гэсэн, би хүн амьтан гуйж арай ядан зайлуулсан, зээ өөрийн нэр
дээрээ гэрээгээ хийсэн боловч одоо болтол ажил нь эхлээгүй 2 жил болж байна.
Харин би орох оронгүй боллоо, би яах вэ гэхэд та хүний газар дээр байшин
барьсан, таньтай гэрээ хийхгүй гэсэн, нэг хашаанд хамт амьдардаг байсан
хүмүүсийг золиосоллоо, ингэж болдог юм уу. Анх гэрээ хийсэн "Цэлмэг Ази” ХХК
солигдсон сураг гарсан. Би монгол хүн, эх орондоо хаана амьдрах миний эрх зөрчигдөж байна.
Дараа нь бид дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн
Даваанямынхаар орлоо.
15-р хорооны иргэн Давааням:
Би өрх толгойлсон эмэгтэй, манай хашаанд 4 өрх амьдардаг,
2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бид боломжийн хирээр тохижуулсан, жимсний
мод, бут, ногоо тарьсан байгааг та нар
харж байна. Тэгэхэд Бат-үүл үүгээр цэвэр, бохир шугам татаад дахин төлөвлөлтөнд
оруулна гээд "Цэлмэг ази” ХХК гэрээ хийнэ гарын үсгээ зур гэсэн бид зураагүй,
үндсэндээ тохиролцоогүй, яагаад гэвэл бид хүүхдүүдэд 2 өрөө байр, надад 1 өрөө
байр өг гэсэн тэд үгүй гэсэн бид зөвшөөрөөгүй. Гэрээн дээр гарын үсэг зуруулах
гээд яваад л байгаа. Газар бол хувийн өмч тэгэхэд Бат-үүл бидний өмч рүү дайрч
байна. Дурын компанид тендер өгч газрыг булааж авч байна, биднийг өмчгүй
болгохоор мэрийж байна, тэрний оронд байгаа байр, байршлыг тохижуулж, засаж
янзалж өнгө будгийг нь сэргээж өмчтэй нь үлдээх тал дээр анхаарч болдоггүй юм
уу, хувийн өмчийг хуулиар хамгаалдаг ёстой баймаар юм.
Уулзалтын үйл ажиллагаа Бэлх зах дээр иргэдтэй уулзсанаар
үргэлжиллээ. Бэлх захын автобусны буудал түм түжигнэж бум бужигнасан газар
байлаа. Түлээ нүүрс жижиглэн борлуулдаг
иргэдээс эхлүүлээд автобуснаас бууж, сууж байгаа иргэд, Бэлх захаас худалдаа
наймаа хийхээр ирсэн иргэд, зуслангийн чиглэлдтаксинд явдаг иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг ирсэн сургаар бүчин
ирж, асуудлаа ам уралдан ярьцгаалаа.Нийслэл хотын хаа сайгүй байх архидалт ядуурлыг тэндээс бас л олж харах.
Хөдөлмөрийн насны залуучууд эх орныхоо төлөө, өөрийнхөө амьдралын төлөө ихийг
бүтээхийн төлөө бус гагцхүү шил архи ёроолдон бөөгнөрөн суух нь үнэхээр
эмгэнэлтэй.
18-р хорооны иргэн Ё.Лувсанням:
Улс орны байдлыг ард түмний амьдралаар нь дүгнэдэг гэдэг,
тэгэхэд ард түмэн сөхөрч байна, бүгд өртэй зээлтэй байгаа, зам барилга ярихаас
иргэдийн амьдралыг ярихгүй байна, манай нам сөрөг хүчний зүгээс муу дуугарч
байна, Ардчилсан нам, энэ засгийн газар олонхоороо түрүү барьж байгааг ойлгож
байна. Сая гал унтраах маягаар тэтгэвэр, тэтгэмжийг 20,000 төгрөгөөр нэмлээ,
дэндүү доромжилж байгаа юм биш үү, бүгд өртэй боллоо, шинэ төрсөн хүүхэд ч
өртэй төрж байна, энэ бол гамшиг.
Иргэн Н.Эрэндэрэг: Ард түмэн элгээрээ хэвтлээ, улсын төсөв, хөрөнгийг үр
ашиггүй цацаж байна. Бат-үүл хэмжээгүй эрхт хаан болсон юмуу, шүүрэн шанагаар
асгаж байна. Жишээ нь хогны уут, рейбус, хотоор тарьсан цэцэг, энэ тулгамдсан
асуудал мөн үү. Нийгэмд, нийслэлд ард түмний амьдрал доройтож ядарч байхад
татварын мөнгийг дэндүү үрэлгэн зарж байна.
Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын болоод
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн оновчгүй, буруу, алдаатай бодлогын хор уршгаар
иргэдийн аж амьдрал доройтож, дотоодын үйлдвэрлэгчид,
улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж, иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож
байгаа тухай бухимдалтай буйгаа илэрхийлж өөрсдийнхөө үгийг төр засагт дамжуулж
өгөхийг хүсч байлаа.