Хэвлэлүүд оны хамгийн шилдгийн шилдгийг шалгаруулж байх мөчид манай редакц 2015 онд хамгийн дуулиант сөргөлдөөн, үл ойлголцол, хэвлэлээр дамжуулан дайтсан тохиолдлуудыг Монголын улс төрийн амьдралд гарсан хонь болон чонон сүрэг хэмээн нэрлэж байна.
Хэн нь хонь, хэн нь чоно болохыг бид нэрлээгүй боловч монголчууд ойлголцлыг огт хүсдэггүй, эвлэршгүй дайсан болж муудалцахыг ийн зүйрлэдэг тул нэрийдсэн болно. Улстөрчид хэдийгээр камерын өмнө "цусаа гартал зодолдоод” бусад газарт тосоо гартал тэврэлддэг гэдэг ч доорхи тохиолдлуудад жинхэнэ эвлэршгүй өрсөлдөгчид болж хувирчээ.
Ө.Энхтүвшин vs С.Эрдэнэ
2016 оны төсвийг хэлэлцэх шат дамжлага болгонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин С.Эрдэнэ сайдаар жишээ татан засгийн завхралыг шүүмжилж байлаа.
Тэрээр "С.Эрдэнэ сайд 2016 онд нийгмийн даатгалын сангаас өөрөөр хэлбэл тэтгэвэр, тэтгэмжийн сангаас 30 тэрбум төгрөг зарцуулж хашаа, хайс, хаалга барих юм гэнэ. Эрхэм сайд эрх мэдлээ ашиглаж, төсөвт ингэж бусармагаар гараа "шургуулах”-аа болих хэрэгтэй. Энэ их эрх мэдлээ болих хэрэгтэй шүү дээ.
С.Эрдэнэ сайдад намын дарга нь их хайртай юм гэсэн. Ямар хайр гэхээрээ нэг суманд хоёр ордон нийгмийн даатгалын мөнгөөр бариулахыг зөвшөөрдөг хайр вэ” гэсэн юм. Мөн З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд л байшин бариад байх юм, нэг суманд 1.6 тэрбумаар байшин барина гэж юу гэсэн үг вэ хэмээн хуулийн төслийг хэлэлцэх бүрт шүүмжилж байлаа. Улстөрд чамгүй их дайсантай гэгдэх С.Эрдэнэ савны хариуг хоосон буцаасангүй тухай бүрт нь өөдөөс нь сөргөлдөн хэрэлдэж харагдана лээ.
Э.Бат-Үүл VS Х.Баттулга
АН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг, тус бүртээ олон дагалдагч, хөгжөөн дэмжигчидтэй тоглогчдид бол Э.Бат-Үүл, Х.Баттулга нар. МоАХ-оос болоод хэрүүлийн сав хоосонгүй явдаг улстөрчид оны сүүлэн дээр хэвлэлээр дамжуулан нэгнээ эсэргүүцээд авсан. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-аас гаргасан 10 мянган цэргээр төмөр зам бариулах шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлснийг та санах байх.
Э.Бат-Үүл журмын нөхөр, "Женко” Х.Баттулга андынхаа тухай "Цочирдмоор зүйл харлаа. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ гэж би яаж мэдэх вэ дээ? Ийм ардчилсан үзэлтэн, ийм цэргийн коммунист гэж би яаж мэдэх вэ дээ? Энэ хүн юу ярьж байгаагаа ойлгохгүй байна” хэмээн Ардчилсан холбооны партизануудынхаа үсийг бостол хэлнэ лээ. Женког сүнс босгодог байсныг Үүл баатар мэдсэн нь ч сонин биш, АН бүх засаглалыг гартаа атгаж байгаа, дээр нь нийслэл хүртэл тэдний мэдэлд байхад энэ намынхны хоорондын сөргөлдөөн хэвлэлээр дамжин олон нийтийн өмнө ил цацагдаж байгаа нь илүү сонирхолтой жишээ болж байна.
Ч.Сайханбилэг VS З.Энхболд
Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүний суудлаа намын тамгатайгаа алдаж, "шонхордуулсаны” дараа Ч.Сайханбилэг Алтан гадасаас Ерөнхий сайд болсон юм. Түүнтэй зэрэгцэн намын даргын тамгыг атгасан УИХ-ын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгийгээ дарж явах хэрэгтэй гэж үзсэн бололтой. Оны турш Ч.Сайханбилэгийн томоогүй, бодлогогүй гэмээр мэдэгдэл, үг үйлдлийн ард далаар нь цэвэр тавих УИХ-ын даргын нүүдлүүдийг бид харсан.
"Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөхөөр боллоо” хэмээн мэдэгдсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн хариуд намын дарга нь Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, А.Гансүх нарын багийг сөргүүлэн тавьж УИХ дээр Тавантолгойг лав гацаасан нь туйлын үнэн. Харин Оюутолгойг Ч.Сайханбилэг, З.Энхболд нарын чамгүй их тохиролцооны үндсэн дээр арайхийж хөдөлгөж эхэлсэн. Нэг бол засгаа ав, эсхүл би намын даргаа авна гэх Ерөнхий сайдын гоморхол одоо лав намжсан бололтой.
Ц.Элбэгдорж VS Н.Энхбаяр
Өнгөрсөн жилүүдэд олны нүдэнд сураггүй байсан Монгол Улсын гарув дахь болон одоогийн Ерөнхийлөгч нарын хоорондын улс төрийн сөргөлдөөн өнөө жил жинхэнэ утгаараа өрнөв. Ялагч нь одоохондоо Ц.Элбэгдорж болсон гэхэд буруудахгүй. Учир нь Ц.Элбэгдоржийн ихээхэн хүчин чармайлтын үр дүнд Өршөөлийн хуульд тавьсан хориг хэрэгжиж чадсан юм. Ингэснээр Н.Энхбаяр өршөөл эдлэлгүй уучлалтайгаа л үлдэв. Уучлаад байхад давраад байгаа өрсөлдөгчөө Ерөнхийлөгч маань тэвчилгүй twitter-ээрээ хүртэл дамжуулан зүхэж байлаа. Тухайлбал "Өршөөл надад хамаагүй гэх. Гэтэл хоригийг авбал 1.Төсвийг батлуулахгүй, 2.Засгаас гарна, 3.Их Хурлыг тараана гэх.Энэ Монголын төлөө ажил уу?” хэмээн жиргэсэн бөгөөд хэдийгээр нэр дурдаагүй ч энэ нь Н.Энхбаярыг хэлсэн гэдэг ойлгомжтой байв.
Өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад Н.Энхбаяр Засгаас гарна гэхээр үл барам, төсвийг батлуулахгүй, улмаар Их хурлыг тараана хэмээн айлгаж байсан зэргээр хоёр "их хүмүүний” сөргөлдөөн ийнхүү олны өмнө хэдэнтээ ил гарч байв. Ийнхүү 2015 оны улстөрчдийн хамгийн дуулиант өрсөлдөөний нэг нь яах аргагүй Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын эртний сөргөлдөөний үргэлжлэл байлаа.
Г.Уянга VS Ч.Сайханбилэг
УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн гэрээг Дубайд үзэглэсэн нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдэж байсан. Тэрбээр хэлж байснаа ажил хэрэг болгон тогтоолын төсөл боловсруулжээ. Улмаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан үйл хэрэг нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа гэхэд болно.
Түүнээс гадна УИХ-ын чyулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга "Эр хүн байсан ч болоосой гэж би олон удаа бодож байсан. Хэрвээ тэгсэн бол Сайханбилэг сайдыг хамгаалагчгүй үед нь шанаа өгөх байлаа. Үг хэлээр биш өөр хэлээр ярилцах шаардлагатай хүмүүс Монголын төрд дэндүү олон байгаа учраас. Улс дампуурахдаа тулаад байна. Зэсийн үйлдвэр ашигтай гэдэг нь эргэлзээгүй үнэн. Харин энэ хүмүүс ийм үйлдвэрийг Монголд биш хувьдаа л 100 хувь ашигтайгаар шийднэ гэдэгт ч бас би бүрэн итгэлтэй байна!!! хэмээсэн юм.
З.Баянсэлэнгэ VS Ё.Отгонбаяр
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Ё.Отгонбаяр гишүүнд хандан "Өнөөдөр Гончигдорж гишүүн та хоёрын хэн нь авлигач вэ гэвэл та авлигач шүү. Жинхэнэ бөгс долоож явчихаад өнөөдөр ямар чанга дуугарч байна вэ. Миний хэрэг болж байвал бусад нь хамаагүй гэж битгий бод. Энэ Өршөөлийн хууль 8000 хүнд хамааралтай болохоос биш тан шиг хүнд хамааралтай биш” хэмээн хатуухан үг чулуудав. Өршөөлийн хуулийн төсөл хэлэлцэх үеэр МАХН-ын гишүүд бүгд л бухимдалтай, догшин байсан нь тодорхой. Эзнийхээ захиасыг биелүүлж амжилгүй бүх зүйл өнгөрчих гээлд байсан тул ийн догшрох нь ч аргагүй биз. Үүнийг нь харсан зарим улстөрчид З.Баянсэлэнгэ ч төрөлх зангаа хаяхгүй нь дээ хэмээж байсныг жиргээчид сануулж байв.
С.Эрдэнэ VS Баабар
Цагийн сайханд нэг намын журмын нөхөд байсан сайд С.Эрдэнэ, нийтлэлч Баабар хоёрын дунд тэмцэл өрнөж байна. С.Эрдэнэ сайд сар шахмын өмнө нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "…Баабар гэдэг хүн удаа дараа намайг доромжилсон. Би нэг ч удаа эр хүний хувьд янз бүрийн хэл ам хийгээгүй. Гомдол санал гаргаагүй. Харин өнөөдөр энэ хүн ямар өчүүхэн хүн бэ гэдгийг олон түмэнд ил тод хэлье гэж бодсон хэмээгээд нийтлэлч Баабар өөрийн ажилласан жилийг нэмсэн хуурамч баримтыг бүрдүүлж тэтгэвэр авсныг илчилсэн улсын байцаагчийн дүгнэлтийг харуулсан юм.
Харин Баабар үүнд хариулт өгсөн. Тэрээр "Бид нар яагаад ийм улсуудаасаа салж болдоггүй юм бэ? Улс эх орноо бодооч. Бид үр хүүхэддээ ямар улс орон үлдээх юм бэ? Тоноод дууслаа. Энэ улс онхолдлоо, сүйрлээ. Хараад сууж байх уу. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаа байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Би бол хуулийн нэг ч заалт зөрчихгүй. Ард түмний өмнө шударга харагдах гээд байгаа юм биш. Би нэр цэвэр, нэр төртэй үхмээр байна. Тийм болохоор хууль зөрчсөн өчүүхэн асуудал байсан ч түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Хэрвээ би Эрдэнээг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээж байв.
Х.Тэмүүжин VS Д.Дорлигжав
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, сайд асан Х.Тэмүүжин хоёр АН-ын нэгнээ үздэггүй улстөрчдийн бас нэг хослол. Энэ хослол 2015 онд ч бас зүгээр суусангүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн сайд асан, гишүүн Х.Тэмүүжин нар хоорондоо ширүүхэн маргалдаж байв.
Нэг нэгэндээ хатуу үг шидсэн маргаан ажил хэргийн хүрээнээс хальсан бөгөөд сайд Д.Дорлигжав УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг бүр энд бичихийн аргагүй үгсээр дуудаж Х.Тэмүүжин ч савны хариу хоосонгүй сууж байв. "Дорлигжавын ярьдаг үг, хийдэг үйлдэл нь зөрөөд байна. Тэр хүн 25 жил бялуу идчихээд одоо ч бас цадаагүй л байна” хэмээн ярилцлага өгч байв.
Эдгээр бие биенээ үздэггүй хонь чоно болж хувирсан улстөрчдийн жишээг цааш нь үргэлжлүүлбэл залхмаар олон хуудас гарч ирэх тул ингээд зогсоов.
politik.mn