Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр онцоллоо.
Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг 24 зүйлтэй юм байна.
Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг боловсруулжээ.
Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Энэхүү хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан байна.
Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан "3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж" хөтөлбөр, "Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ" гэж заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд, нийт 531,1 мянган хүүхэдтэй өрх байна. Нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, нийт хүүхэдтэй өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг Франц, Белги, Австри зэрэг өндөр хөгжилтэй орнууд хэрэгжүүлдэг, ОХУ, АНУ-д татварын хөнгөлөлтийг хүүхдийн тооноос хамааран нэмэгдүүлж олгодог байна.
Хүүхдийн өсөлт, хөгжилтөд 0-2 хүртэлх насанд шимт хоол тэжээл, сайн асаргаатай байх нь хүүхдийн тархины болоод цаашдын биеийн хөгжилд хамгийн их буюу эерэгээр нөлөөлдөг. Гэтэл манайд 0-2 хүртэлх насны хүүхдийг асран халамжлах байгууллага дутагдалтай байгаагаас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ асарч гэртээ байгаад, тэр хугацаанд нь тухайн өрх нэг хүний цалингаар амьдрах нь түгээмэл бөгөөд хүүхэддээ шим тэжээлтэй хоол өгч, хөгжлийг нь хангаж чаддаггүй байна.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгажээ:
-4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох;
-эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох;
-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг сар бүр олгох;
-3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох.
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдах тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он болгосон болно.
Уг хууль батлагдсанаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн, эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих, хүүхдийн цаашдын хөгжлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
3 бүлэг, 10 зүйлтэй энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан юм байна.
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг ч мөн тусгасан тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр онцоллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.