1990 он хүртэл манай улсын зүүн болоод өмнөд нутаг, мөн томоохон
хотуудад Оросын цэргийн анги олноороо байрлаж асныг бид сайн мэднэ.
Эдгээр ангийн балгас болсон туурь одоо ч хаа сайгүй. Орос цэргүүдийн
талаар сайн муу дурсамж ч монголчуудын дунд элбэг. Тэгвэл энэ удаа
даяаршиж буй дэлхийн хөтөч болсон цахим ертөнцийн дэмээр Монголд алба
хааж байсан орос цэргүүдийнзарим нэгийн нь дурсамжтай танилцах боломж
олддог боллоо. Энд 1982 онд ахлах дэслэгч цолтойгоор Монголд алба хааж
байсан Виктор Столбевын дурсамжийг сонирхуулъя.
Хөлдүү цоожинд уруулаа наачихаад...
Миний
бие цэргийн сургуулиа дүүргээд Байгалийн чинад дахь цэргийн тойргийн
бүрэлдэхүүнд ордог Ерөнхий цэргийн 39 дүгээр армид хуваарилагдлаа. Энэ
арми Монголд байрлаж байсан. Их бууны батарейн даргын орлогч гэсэн албан
тушаалтайгаар таван жилийг энэ оронд үдсэн юм. Ингээд өөрийн сайн мэдэх
маш олон инээдэмтэй тохиолдлуудаас хуучилья.
Манай батарейны
Жагсаалын дарга прапоршик Симагин хороондоо л хамгийн хашир бас
тооцоотой нэгэн гэгддэг байлаа. Тэрбээр цэргийн байрны хажууд газар
ухуулан зоорь маягийн юм бариулаад түүндээ элдэв долоон зүйл цуглуулан
хураана. Монголд барилгын материалууд ховор байсан тул мань эрийн энэ
зоорь үнэндээ баахан мод, будгаар дүүрсэн агуулах л харагддаг байлаа.
Зоорь руу нь шат болгон тавьсан их бууны сумны 10 хайрцгийг дамжин орох
үед нүсэр зузаан төмөр хаалга угтах бөгөөд түүнийг агуулахын
зориулалттай маш том цоожоор дангинатал нь түгжсэн байдагсан.
Өвлийн
нэг орой амрах команд өгсний дараа Симагинтай уулзахаар хөрш батарейн
нь Жагсаалын дарга иржээ. Тэрбээр өмнө нь авсан будагныхаа тооцоог хийж,
мөн зочилж ирсэн найзыгаа нэг шил спирт найруулан дайлаад хоёр тийш
салцгаасан байдаг юм. Ингээд гэр рүүгээ явах гэж байтал гэнэтхэн түүний
толгойд зоориндоо нуусан монгол нэрмэл санаанд нь оржээ. Нэгэнт халсан
нөхөр "халуурахаар" шийдээд тэр зүг гараад шидчихсэн байна. Гэтэл өвлийн
хүйтэнд цантаж мөстсөн цоож нь огт онгойдоггүй гэнэ. Түлхүүр нь эргэж
өгөхгүй байж л дээ. "Тэс хөлджээ муу новш" хэмээн хараамар аядаад
шүдэнзээ хайтал өрөөндөө орхичихсон байна гэнэ. Буцах гэснээ дарга
нартай таарчихвал төвөг гэж бодоод уруулаа цорвойлгон халуун
амьсгаагаараа гэсгээхээр үлээж гарчээ. Гэвч халамцуухан байсан тэрбээр
хөл дээрээ цэх зогсч чадалгүй найгаснаас уруулаа хөлдүү цоожинд нааж,
нөгөөх нь салж өгөхгүй жинхэнэ там гэдгийг амсч эхэлсэн байдаг Яаж ч
оролдоод салдаггүй гэнэ дээ.
Жагсаалын даргыг өрөөнөөсөө гараад
хоёр цаг шахам болсны дараа штабын жижүүрийн туслах байлдагч Хурхэев
тамхи татахаар гарчээ. Гэтэл нэлээд алсад бололтой,"Оооооооооо...
Уууууслаааалаааайййй" хэмээн уянгалуулан дуугарах чимээ гарч, мань эр ч
ийм тэргэл сартай шөнө чоно улих муу ёртой доо гэсэн шүү юм бодоод айж
зогссон байгаа юм. Гэтэл дахиад л нөгөө улих мэт чимээ гарч, "Ооооууу.
Үн аааиина уу. Наааа илэээ гэх шиг дуулджээ.
Мань байлдагч ч "За
энэ ч ёстой нөгөө тэргэл сартай шөнийн чөтгөр шулам нь дуугарч байна"
гэж бодоод байр руугаа ухасхийн оржээ. Ингээд хувцас хатаалгын өрөөнд
унтаж байсан Штабын жижуур ахмад Злобиныг сэрээж, 'Тэнд! Тэнд!
Тэнд!.,.шулам" хэмээн үглэн гадагшаа заагаад байх юм гэнэ. Ахмад ч
ухасхийн босоод чимээ гарсан зүг харайж очвол зоорины цоожийг нэг нөхөр
оролдож байгаа бололтой дүр шөнийн сарны гэрэлд бүдэг бадаг харагджээ.
Муусайн юмнууд зоорь ухах нь гэсэн бодол ахмадын толгойд гялсхийн орж
ирээд хашраахаар шийдэн нөгөө нөхрийн зүг томоохон чулуу аваад нүүлгэтэл
нэг л танил хоолойгоор, "Аааааааааауууууу" хэмээн хашгирах сонсогдсон
байна. "Хөөе, нөхөр прапоршик! Та байсан юм уу" гэтэл, "Ийййн Иййн" гэх
дуулдав гэнэ.
Ингээд байрнаасаа халуун бүлээн ус авчирч байж,
ахлагчийнхаа уруулыг хөлдүү цоожноос салгахад, "Нөхөр Злобин! Чамайг
чулуугаар цохиход чинь цоожин дээр золтой л уруулаа үлдээчихсэнгүй,
Хэрвээ уруулгүй болчихвол юун алба хаах манатай" хэмээн цус хуран
пэмбийж хавдсан уруулаа хуруугаараа илэн үглэж суусан гэдэг юм. Түүнээс
хойш бид Монголын тэнгэрт тэргэл сар бүтэн мандсан шөнө ахлагчийг
хурдхан гэртээ харь, зоорь руугаа орж болохгүй шүү хэмээн "явуулдаг"
болсон билээ.
Тохируулсан эмчилгээ
Манай
батарейд байлдагч Усманов гэж жигтэйхэн залхуу бас зальтай нэг нөхөр
байлаа. Дундад Азийн л нэг орноос татагдаж ирсэн цэрэг. Бид ч түүнийг юм
л бол задгай тавьсан техникүүдийн харуулд томилно. Монголын тал
нутгийн жавар гэдэг ямар ч улиралд хэцүу шүү дээ. Гэтэл нэг өглөө
"Босоод" гэсэн командын дараа байлдагч Усманов тун зовиуртай байгаа
шинжтэй өндийж харагдлаа. Тэгээд бөгтийж суучихаад, "Эмнэлэг л явъя
дэслэгч ээ, нуруу тэнийхээ байчихлаа. Хөдлөхөөр л хатгаж өвдөөд байна"
гэв. Бид ч түүнийг ээлжит заль мэхээ хэрэглэж байна даа гэдгийг
мэдэлгүй яахав. Хоолондоо орж чадах уу, гэтэл үгүй гэж байна. Уг нь тэр
хоол гэвэл нүдээ ухаад өгөхөөс сийхгүй эр л дээ. Тэгэхээр нь юу ч
болсон эмнэлэгт үзүүлэх цэргүүдийн жагсаалтад нэрийг нь оруулчихлаа.
Батарейн захирагч ахмад Прохоров түүнийг Хорооны эмнэлэгт хүргэж өг
гээд, Эмнэлгийн албаны дарга хошууч Ромашин руу утасдан, ийм нэг
зальтай нөхрийг бид яаж ч чадахгүй байгаа юм, чи нэг оролдоод үзэх үү
гэлээ. Нөгөөх нь явуулчих би сайхан эмчлээд өгнө л гэж байна.
Хошууч Ромашин байлдагч Усмановыг өөрөө хүлээж аван үзэж эхэллээ.
-За эрхэм байлдагч! Ямар зовиур байна?
-Нуруугаар хатгачихаад хөдөлж болдоггүй.
-Хэзээнээс ингэж өвддөг болоод байна даа?
-Хааяа хатгадаг байсан юм. Гэтэл өнөөдрөөс бүүр тэнийхээ болилоо.
Хошууч
түүний нурууг баахан илж байгаад, "Аа яа яа. Тун муу байна.
Эмчлүүлэхгүй бол ёстой болохгүй. Тун муухай өвчин. Латинаар "нуруунус
өвчинус" гэдэг юм. Чиний нурууны яснууд чинь хоорондоо наалдчихсан байна
шүү дээ. Гэхдээ бид чамайг цоо эрүүл болгоно оо" гээд, "Ороод ир"
хэмээн жижүүрийн сувилагчаа дуудлаа.
Хошууч, "За сувилагч аа,
хурдан яваад "Шлангельсоны аппарат" аваад ир. Энэ цэрэг үхэх гэж байна.
Түргэлээрэй!" гэв. Сувилагч ч годхийн гараад зэвэнд идэгдсэн нарийхөн
төмөр труба, нэг юүлүүрийн хамт бариад ороод ирлээ. Хошууч ч, "За нөхөр
Усманов! Чиний нурууны наалдсан яснуудыг одоо салгана. Уг нь
хоолойгоор чинь энэ трубаг оруулах ёстой юм. Гэтэл чиний нуруу
тэнийхгүй байгаа болохоор яах ч арга алга. Тиймээс бид хошногоор чинь
оруулна. Дөрвөн хөллөөд тонгойн сууж чадна биз дээ. Энэ трубагаар
дамжуулан төмөр дэгээ оруулаад яснуудыг чинь салгана даа. За алив өмдөө
тайл" гэлээ. Гэтэл зэвэнд идэгдсэн дэлэм хэрийн труба гартаа бариад
дөхөх сувилагчийг харсан Усмановын нүд бараг орой дээрээ гарах шахаж, "
Хошууч аа! Хошууч аа! Нуруу маань гэв гэнэтхэн зүв зүгээр болчихлоо шүү
дээ. Ямар сонин юм бэ. Та хар даа. Одоо ямар ч эмчилгээ хэрэггүй.
Зүгээр болчихлоо шүү дээ" хэмээн үглэж гарах нь тэр. Энэ явдлаас хойш
Усманов өвдлөө, хавдлаа гэсэн үг огтхон ч хэлэхээ больсон бөгөөд албаа
тун үлгэр жишээ хаагаад халагдсан билээ.
Нэрэндээ таарсан Дуров
Манай
батарейд Дуров гэж нэрэндээ таарсан дуракдуу байрын цэрэг алба хаадаг
байлаа. Байнга л ямар нэг азгүй явдал түүнд тохиолдож байдаг бөгөөд
бүгдийг нь бичвэл тун хөгжилтэй бүхэл бүтэн роман гарах биз. Нэгэнтээ
түүнийг хорооны зарлагаар томиллоо л доо. Түгшүүр авсан үед тэрбээр
хамгийн түрүүнд буугаа аваад хороон даргыг очиж дуудах үүрэгтэй. Тэр үед
манай офицерууд бүгдээрээ зургаан орцтой таван давхар байшинд
амьдардаг байсан юм. Дуровт хороон даргынх хэддүгээр орцны хэдэн тоотод
амьдардагийг маш сайн зааж өгчээ.
Ерөнхийдөө дарга, цэрэггүй энэ
л шөнө түгшүүр авна гэдгийг урд орой нь мэдчихдэг байсан учир цэргүүд л
гэхэд хувцасаа тайлалгүй унтаж, офицерууд бэлэн байдаг учраас
холбоочинд даргыг дуудах хэрэг нэг их гардаггүй байлаа. Тэгээд ч хороон
даргын жолооч нь бараг түрүүлээд оччихсон байдаг юм л даа.
Гэтэл
Дуровыг зарлагаар томилсон шөнө хэн хэн нь огт мэдээгүй байтап түгшүүр
авлаа шүү. Бид ч тэр талаар өмнө нь мэдээгүй байв. Дуров ч хороон
даргыг дуудахаар гүйж очтол хэдэн тоотот амьдардгийг нь мартчихжээ.
Ингээд тэр орцны бүх айлын хаалгыг бууныхаа бөгсөөр нүдэж, "Түгшүүр!,
Түгшүүр!" гээд л орилоод байж. Хамгийн инээдтэй нь доогуураа өмд,
дээгүүрээ дан цагаан цамцтай, хөл нүцгэн түүнийг хаалганыхаа шагайвчаар
харсан манай нэг офицерийн гэргий маш их сандарч халамцуухан хэвтэж
байсан нөхрөө сэрээн, "Цаана чинь нүцгэн цэрэг буугаараа хаалга балбаад
байна. Одоо яг эвдэж орж ирэх гээд байна. Тэр лав галзуурсан байх. Эсвэл
дайн эхэлсэн" гээд л орилж гарсан байгаа юм. Энэ бүхний дараа Дуровоос
яагаад чи хөл нүцгэн цамцтай явсан юм бэ гэж асуутал, "Зэвсгийн өрөөний
өмнө олон хүн овоорчихоос урьтаад буугаа авсан юм. Даргынх ойрхон юм
чинь сэрээчихээд ирж хувцсаа өмсөнө дөө гэж бодсон" гэж билээ. Дүн
өвлийн хүйтэн ид тачигнаж байсан цаг шүү дээ.
Энэ мэтээр түүний
паян үргэлжилсээр халагдах боллоо. Цэргүүдээ машинд суулган аймгийн төв
рүү оруулан галт тэргэнд суулгахаар хөдлөөд жаахан явж байтал байлдагч
Дуров, "Зогсоорой дарга аа! Чемоданаа авахаа мартжээ гэх нь тэр. Таван
минутын хугацаа өгье, хурдхан гүйгээд ир гэтэл таг. Арга ядаад араас нь
хоёр бага дарга гүйлгэтэл нөгөөхийг сугадачихсан ирж явна. Яасан ийснийг
нь сонирхтол мань эр нэлээд өндөр тавцан дээр тавьсан чемоданаа авах
гээд таттал толгой дээр нь унаснаас ухаан алдчихсан хэвтэж байсан гэдэг
юм.
Хожим тайлагдсан нууц
Манай хорооны
Шатах тослох материал хадгалдаг газар дүүрэн спирттэй цистерн байх.
Түүнийг хариуцдаг нэгэн прапоршик байнга халамцуу явна. Баярын үеэр бүр ч
их наргисан шинжтэй харагддаг байлаа. Түүний найзууд ч үргэлж л
"хөгжилтэй" бопчихсон явж таарах. Түүнийг архи уухаас гадна ихээхэн
хүүхэмсэг гээд л манай эмийн сангийн эрхлэгч бүсгүй ярьдаг байв. Яагаад
гэхээр байсхийгээд 20-30-аар нь бэлгэвч авдаг, түүнийгээ хүн амьтанд
битгий хэлээрэй хэмээн захидаг гэлээ. Дарга нар түүнийг улсын өмч
хулгайлж монголчуудад заран оронд нь архи аваад байна уу даа гэж
хардана. Гэвч олигтой баримт олддоггүй байв. Ингээд шатах тослох
материал ангийн байрлалаас аваад гарах боломжгүй тул спирт л хулгайлаад
байна гэж үзэн байсхийгээд л шалгалт оруулна. Гэтэл цистернд байх ёстой
спиртийн түвшин орлого, зарлагын дэвтэр дээрх тайлангаас огтхон ч
зөрдөггүй байв. Тэгэхээр нь энэ нөхөр ус холиод байна гэдэгт бат итгэсэн
дарга нар Улаанбаатараас тусгай шинжээч авчран спиртийн градусыг
хэмжлээ. Бас л зөрчил гарсангүй.
Энэ мэтээр нэг жилийн дотор
олон удаа шалгасан ч ямар нэг зөрчил илрээгүй тул дарга нар ёстой
гайхшаа барж байв. Прапоршик ч нэг өдөр өргөдлөө өгөн бүрмөсөн халагдаад
эх орныхоо зүг найз нөхдөөрөө үдүүлэн одлоо. Энэ үеэс хойш бараг хагас
жилийн дараа нөгөө прапоршикийн нууц тайлагддаг юм. Тэрбээр энэ
цистернээс авсан спиртийнхээ хэмжээгээр бэлгэвчнүүдэд ус дүүргэн амыг нь
зангидаад хийчихдэг байсан нь илэрч билээ.
Гурван давхрын цонхоор
Манай
нэг офицер хорооны улстөрийн орлогчтой тун таарамж муутай байсан юм.
Орлогч ч түүнийг нэг нүдээр үзэхгүй. Тиймээс шахсаар байгаад нөгөө
офицерийг өөр хороо руу шилжүүлэхээр боллоо. Ингээд мань эр тойрох
хуудсаа зуруулах ажилд орно биз дээ. Эхлээд гар буугаа өгөв гэнэ. Тэгээд
гэрийг нь өөр хүнд тушаадаг тул зүүгээстэйгээр дарга нарын өрөөгөөр
орон гарын үсгийг нь зуруулсаар явжээ. Тойрох хуудсаа ч бууныхаа гэрэнд
хийчихэж. Ингээд хамгийн сүүлд нөгөө "заналт дайсан" улстөрийн
орлогчоороо зуруулахаар өрөөнд нь ороод, гар бууныхаа гэрнээс тойрох
хуудсаа авахаар товчийг нь онгойлгох зуураа, "Одоо чиний ээлж дээ"
хэмээн хэлтэл ухаан алдталаа айсан орлогч маань агшин зуур гурван
давхрын цонхоор үсэрч, улмаар хөлеө хугалсан байдаг юм. Улстөрийн
орлогч маань эмнэлгээс гарсныхаа дараа бид бүгдийг шоолоод байхаар тэсч
чадалгүй өөр хороо руу шилжсэн л дээ.
Шон мөргөсөн зээрийн элэг
Монголын
тал нутагт зээр гэдэг амьтан ёстой шороон түм байдаг юм. Манайхан ч
хааяа том дарга нарыг ирэхээр зугааг нь гарган агнуулна. Танкийн их
буугаар зээр агнасан тохиолдлын тухай ч манай зарим архагууд хуучилдаг
байлаа. Монголчууд ч өөрсдөө зохион байгуулалттайгаар агнана. Нэгэнтээ
бид хөрш анги руугаа очихоор явж байтал холбооны шон засварлахаар явсан
хоёр цэрэг нэг зээр унагаачихсан сууж байна. Яасан гэтэл харанхуй шөнө
шон мөргөөд үхчихсэн байна хэмээгээд цус болсон алхаа нууж байхыг
харлаа.
Гэтэл үнэн хэрэгтээ хээр хаягдсан төмөр торонд
орооцолдоод сүргээсээ хоцорчихсон байсан зээрийг мань хоёр алхаараа
духанд нь ганц цохиод нам болгосон байгаа юм. Би ч машины ард хийчих
гэлээ. Ингээд ангидаа ирснийхээ дараа тогоочоо дуудаж, уг зээрийн элгийг
маш сайхан шараад ир гээд явуулдаг юм. Гэтэл баахан мах шарчихсан
ирлээ. Элэг нь хаана байна гэсэн чинь элэггүй амьтан байна гэх нь тэр.
Бид ч, "Битгий солиороод бай, энэ дэлхий дээр элэггүй өвсөн тэжээлтэн
гэж бараг байдаггүй юм. Яасан ийснээ хэл" гэтэл, "Би арьс энэ тэрийг
өвчиж янзлаад өг гээд уурын зуухны гапч цэргүүдэд өгчихсөн юм. Тэд
элгийг нь аваад хүрзэн дээрээ шараад идчихсэн" гэж билээ
Хоёр найзын ховорхон паян
Энэ
явдал манай хажуугийн нисэхийн ангид болсон гэдэг юм. Энэ ангийг
шалгахаар Москвагаас нэгэн генерал ирсэн аж. Тэрбээр энэ ангйд залуудаа
алба хааж байсан учир дарга нар нь түүнд зориулан зугаалга маягийн юм
зохиожээ. Ингээд голын нэгэн сайхан тохойд нисдэг тэргээр очсон байна.
Мөн энэ арга хэмжээнд генералыг дэслэгч байх үед хамт алба хааж байсан
прапоршик Матвеевыг урьжээ. Тэд ч ярих дурсах юм ихтэй байж. Генерал
өнгөрсөн хугацаанд хаана хаана алба хаасан зэргээ ярьж гэнэ. Харин
прапошик алдар цол хүртэж, албан тушаал дэвшээгүй ч эхнэр авч гурван
хүүхэдтэй болсон. тухайгаа хуучилжээ.
Найр нэлээд хавтгайрч, нас
нь нэлээд дээр гарсан прапоршик ч тасраад уначихаж. Тиймээс нөхөд нь
түүгээр жаахан даажигнахаар шийдэж, нисдэг тэргэнд өргөж оруулан
генералын дэргэд суулгаад хаалгыг нь хаажээ. Ингээд сүйрэн унаж яваа
маягтай болгон нисдэг тэргээ тал талаас нь түлхэн ганхуулж эхэлсэн
байна. Энэ үеэр генерал түүнийг татаж сэрээгээд, "Хөөе болохоо байлаа.
Бид сүйрч байна. Чи бид хоёрт ганцхан шүхэр үлдсэн байна. За найз минь
уучлаарай. Чи гурван хүүхэдтэй хүн. Харин би хүүхэдгүй. Тиймээс үүрд
баяртай" хэмээн үгээ бараг дуусгаагүй байтал нөгөө прапоршик нь хажуудаа
байсан трубагаар генералын толгой дундуур татаж унагаад шүхрийг нь
шүүрч аван, газар байсан нисдэг тэрэгний хаалгаар үсрээд гараад ирсэн
гэдэг юм. Хожим генерал тархи толгойны эдгэшгүй өвчний учир чөлөөндөө
гарч, прапоршик бараг шоронд суух шахсан ч азаар мултарсан тул шууд
халагдсан гэдэг билээ.
Д-ГАЛ /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/