Хятадын тэрбумтан, Бяцхан төмс рестораны үндэслэгч, Лю Синь 1965 онд
Ляонин мужын Шэньян хотод (Монголоор Мүгдэн хот) төржээ. 1989 онд
ажилгүй болж, хувийн бизнесээ эхэлсэн Лю Синь ногоо, загас, хувцас
худалддаг байв. Хоёр жилийн туршид тэрээр ердөө 7000 юань хуримтлуулжээ.
Түүний эхнэр нь хоол сайхан хийдэг байсан тул зоогийн газар
байгуулахаар шийдсэн боловч тэр оролдлого нь талаар болж, дампуурч юу ч
үгүй хоосорсон юм.
Лю аргагүйн эрхэнд дахин худалдаа хийж эхэлсэн байна. Түүний худалдан
авагч нар ихэвчлэн гуанз рестораны эзэд байлаа. "Яагаад эд нар хийж
болоод байгаа бизнесийг би хийж чаддаггүй билээ" гэсэн бодол Лю
хөвгүүнийг эзэмдэн шаналгаж байлаа.
Нэгэн өдөр тэднийд хадам аав нь хөдөөнөөс зочлон ирээд, хүргэнтэйгээ
оройжин хууч дэлгэж гэнэ. Хөдөө нутгийн хэгжүүн өвгөний хэлсэн үг
"Хожмын тэрбумтан" болох санааг Лю Синд төрүүлсэн билээ. Тэрээр
-Та нар бусадтай адил ногоо хуураад байвал хэн ч та нарын хоолыг
идэхгүй. Бусдын мөнгөний бурхадыг гэртээ зална (Бусдын үйлчлүүлэгчдийг
татна гэсэн үг) гэдэг тийм ч амар зүйл биш дээ гэж хэлээд охиндоо хандан
-Чи эмээгийнхээ бяцхан төмсний шөлийг санаж байна уу. Өнөөдөр бяцхан төмсний шөл хийж өг гэж зарлиг буулгав.
Охин нь аавынхаа зарлигийг дагаж зах дээрээс хамгийн жижиг
төмснүүдийг цуглуулан худалдаж аваад сайхан шөл хийжээ. Лю бяцхан
төмсний шөлний амтыг бишрэн эхнэртээ шинэ бизнесийн санаа төрснөө хэлжээ
Хадам эцгийн айлчлал "Бусдаас ялгарч чадвал чи амжилтанд хүрнэ" гэсэн
сургамжыг Лю Синьд хатуу ойлгуулсан юм. Ингээд 1993 онд Лю "Бяцхан
төмс" нэртэй зоогийн газраа Мүгдэн хотод нээхэд ердөө 3000 юаны хөрөнгө
оруулалт хийв.
Нэг порц төмстэй хоолыг 10 юанаар үнэлээд, дээр нь 1 юаны үнэтэй бин
урамшуулал болгон дагуулж өгөхөөр тэр тооцоолсон байна. Нэг порц хоолыг
нэг хүн идэхэд хангалттай цаддаг бөгөөд үлдсэнийг нь савлаж өгдөг байв.
Үйлчлүүлэгч үлдсэн төмсийг гэртээ болон ажил дээрээ авчран дахин
иднэ. Тэр нь "Бяцхан төмс" зоогийн газрын амьд сурталчилгаа болно
гэдгийг Лю урьдчилан тооцоолсон байжээ.
Түүний хоолны цэсэнд шарсан төмс, чанасан төмс, жигнэсэн төмс,
буурцагтай төмс, махтай төмс, ногоотой төмс гээд л 150 гаруй төрлийн
төмсний хоол байдаг байлаа.
Удалгүй Мүгдэн хотод "Бяцхан төмс" гэдэг зоогийн газрын хоол нь
амттай, порц нь их юм байна гэсэн яриа ам дамжин яригдсаар нэг мэдэхэд 2
жил өнгөрлөө. Энэ хугацаанд Лю Синь 2 сая юаны ашиг олсон байлаа.
1995 онд түүний зоогийн газрын түүхий эдийн нөөц хүрэлцэхээ байж
эхлэв. Учир нь үйлчлүүлэгч ихсэхийн хирээр төмсний эрэлт хэрэгцээ
нэмэгдсэн байна.
Гэтэл тариачид энэ сортын төмсийг тариалах сонирхол тэр болгон
байхгүй тул цөөхөн хэдэн нийлүүлэгч нарынх нь тариалсан төмс зоогийн
газрынх нь хэрэгцээг хангах боломжгүй байлаа. Иймд Лю Синь өөрөө энэхүү
төмсийг тариалахаар шийджээ. Анхны жил тэрээр 1,5 сая юань зарлагдав.
Төмс гэдэг бол ихээхэн олз ашигтай бизнес гэж үзэж байсан болохоор Люу Синь хайр найргүй мөнгийг зарлагдаж эхлэв.
ХАА-н эрдэм шинжилгээний институтэд хандаж дахин нэг сая юань
оруулав. Хамгийн гол нь түүнд төмсний эрэлт хэрэгцээг бат найдвартай
хангаж чадах бааз суурь хэрэгтэй байлаа.
Мөн өөрийн зоогийн газрыг шинээр өөрчлөн байгуулах шаардлага өмнө нь
тулгарч байв. Иймд 1996 онд зээл авч, Мүгдэн хотод 6 сая юанаар 4 давхар
байшин худалдан авч түүндээ 4 сая юанаар капитал засвар хийв. Тэрээр
Xiao tudou буюу Бяцхан төмс нэртэй фирмийн ресторан нээжээ. 1997 онд
Бяцхан төмс "Xiao tudou" барааны тэмдэгтийг бүртгүүлэв.
Дараагийн жил нь хөрш зэргэлдээ мужын нийслэл Жинань хотод байлдан
дагууллаа эхлэв. Найз нөхөд нь түүнд "Шандунд төмсийг их хэрэглэдэггүй
шүү дээ" гэж зөвлөсөн боловч тэрээр өөрийн шийдвэрийг "Зөв" гэдэгтээ бат
итгэлтэй байлаа. Нээлтээ хийсний дараа эхний 3 өдөр тэрээр
үйлчлүүлэхээр ирсэн хүн бүхнийг үнэ төлбөргүйгээр дайлж байлаа. 4 дэх
өдрөөс "Бяцхан төмс" зоогийн газарт маш их хүн ирж үйлчлүүлэв.
1999 онд Бээжин, Тианжин, Шенжень хот болон Өвөр монгол, Хенань,
Жиансу, Хэбей муж, оронд салбараа нээж, Хятадын Макдональдс болж чадсан
байна.
Эдүгээ 130 гаруй "Бяцхан төмс" нэртэй салбар ресторантай болсон
бөгөөд Хятад улсын нийтийн хоолны аварга сүлжээ ресторан боллоо. 2008
оны байдлаар түүний хөрөнгийн хэмжээ 130 сая доллор болоод байна.