Идэр есийн хүйтэн ид тачигнаж, өвлийг
бие сэтгэлээрээ мэдэрсэн энэ өдрүүдэд хүйтэн жавар, хайруу салхийг үл
ажран Монгол Улсын Ерөнхийлөгч, Шадар сайд тэргүүтэй нөхөд орон нутгаар
явж байна.
Харин УИХ-ын дарга
М.Энхболд дулаахан Вьетнамд айлчлал хийгээд ирсэн бол Д.Цогтбаатар,
Д.Сумъяабазар тэргүүтэй сайд нар цасан хунгар тогтсон Швейцарын Давосыг
зорьж, Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн билээ.
Тэд
өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд хаагуур явсан, юу амжуулсан
хийгээд явсан газрын сонин сайхан юутай вэ гэдгийг тоймлон хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗҮҮН АЙМГУУДААР ЯВААД ИРЖЭЭ
Монгол
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-28-ны өдрүүдэд зүүн болон
говийн бүсийн зарим аймгаар явж, иргэд малчидтай уулзсан. Тэрбээр энэ
сарын 24-нд Хэнтий аймагт, 25-нд Дорнод, 26-нд Сүхбаатар аймгийн
иргэдтэй уулзсан. Дорнод аймагт зөвхөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн
ажилгүй иргэдийн тоо 1,720 хүрсэн нь ажилгүйдэл өндөр байгааг илтгэж
байгаа бол Хэнтий аймагт ажилгүй иргэдийнх нь дийлэнх нь буюу 54.4 хувь
нь 15-34 насны залуучууд байгаа гэв.
Харин Сүхбаатар аймаг өнгөрсөн онд 3.5 сая толгой мал тоолуулжээ.
Дорноговьд
иргэдтэй уулзахаасаа өмнө Өргөн сумын Их-Уул багийн малчин айлынхаар
зочилсон. Говь нутагт цас багатай, өвөлжилт хэвийн байгаа хэдий ч хадлан
тэжээл бага, ургац муутай байна. Дорноговь аймаг 70 мянга орчим хүн
амтай ч иргэдийн 30 орчим хувь нь зээлтэй байгаа зэрэг асуудлаа хэлж
байв.
Түүнчлэн Монгол Улсын
Ерөнхийлөгч Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзаж, "Шивээ Овоо” нүүрсний
уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхийдөө Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулгын очсон аймгуудад иргэд зээл, ажилгүйдэл зэрэг асуудлаа төрийн
тэргүүндээ дайж, офшор бүс, Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр,
аж үйлдвэр, түүхий эд, татвар, тэтгэвэр, төрийн одон медаль, орон
нутгийн хөгжил зэрэг олон сэдвээр яриа өрнүүлсэн байна.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧЛАB
БНСВУ-ын
Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол
Улсын Их Хурлын дарга М.Энхболд нэгдүгээр сарын 21-23-нд тус улсад
албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр парламентын тэргүүн нар албан
ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей
хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Айлчлалын
үеэр УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д
бараалхаж, ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65
жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа
тогтоох саналыг дэмжиж, Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал
жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө
оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг
олон талт арга хэмжээ авах талаар ярилцав.
Мөн
тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж
байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Харин Хөдөө аж ахуй,
хөдөөгийн хөгжлийн сайд Нгуөн Суан Гыөнг-тэй уулзах үеэр тэрбээр ясны
гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан
бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн
асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАЖ БАЙНА
Улсын
онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч
генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг
баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл
ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг,
орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гамшгаас
хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл
өгөхөөр орон нутагт ажиллаж байна.
Шуурхай
бүлэг энэ сарын 25-нд Өвөрхангай аймагт ажилласан. Тус аймагт 16,087
малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 2017 оны
аравдугаар сараас 2018 оны нэгдүгээр cap хүртэл нийт нутгийг хамарсан
цас 20-24 удаа орж, арваннэгдүгээр сарын 4-нд нутгийн хойд болон зүүн
зүгийн нутгаар бороо орж, 5-6-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас
бэлчээр мөстөж, цасанд битүү дарагдан мал бэлчихэд хүндрэл үүссэн байна.
Одоогийн
байдлаар хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай, говийн бүсийн
5 сумын нутгаар оторчид малтайгаа олноор нүүдэллэснээр туурайн зуд
болох эрсдэл үүсэж, 13 сумын 12.1 мянган мал хорогджээ. Нийт нутгийн 95
орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45 см, хунгарласан
газар, гуу жалгандаа 90-150 см байна. Шуурхай бүлэг 26-нд Баянхонгор
аймагт очсон. Тус аймагт 2017 онд зуншлага тааруу байсан тул малчид
хангалттай хэмжээний өвс тэжээл бэлтгэж чадаагүй гэнэ.
Энэ
өвөл өнтэй эхэлсэн боловч энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарчээ.
Аймгийн хэмжээнд нийт 4,587.7 мянган мал тоологдсон бол өвөл эхэлснээс
хойш 21 мянган мал хорогджээ. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн
найман суманд өвс, есөн суманд тэжээлийн нөөц дууссан мэдээтэй байна.
Тэгвэл
Шуурхай бүлэг энэ сарын 27-нд Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралд
оролцсон. Тус аймаг нийт 12,919 малчинтай, 7,183 малчин өрхтэй, 2017
оны жилийн эцсийн дүнгээр нийт 3.8 сая мал тоологджээ. Одоогийн байдлаар
отроор нүүдэллэж байгаа нийт 1,083 хүн байгаагийн дотор 5 хүртэлх насны
92 хүүхэд, жирэмсэн эх 11, хөгжлийн бэрхшээлтэй 17, өндөр настан 10
байгаа бөгөөд тэднийг эмнэлгийн үзлэг, хяналтад хамруулжээ.
Цаг
агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны хоёрдугаар сард илүү хүйтрэх,
хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Мөн 27-нд Ховд аймгийн Онцгой комиссыг
хуралдуулсан. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга
Д.Галсандондогийн мэдээлснээр, тус аймаг 15,125 малчинтай, 6,863 малчин
өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,6 сая малтай. Тус аймагт
1,2 сая төл хүлээж авчээ. Бүх төл малыг вакцинжуулж амжсан байна.
Сүүлийн
өдрүүдэд өдөртөө 22-30 градус, шөнөдөө 40 градус давж хүрч цочир
хүйтэрч, 28 мянга шахам мал хорогджээ. Тэгвэл 28-нд Баян-Өлгий аймагт
ажиллажээ. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, тус
аймагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд
үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн
хурлыг хуралдуулсан. Тус аймаг нь 13 сум 90 багтай. 2018 он гарсаар
3,719 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Уулархаг газарт 30-40 см
хүртэл цас орж ан амьтны бэлчээрлэлт хүндэрч улаан номонд орсон аргаль,
янгир,халиун буга зэрэг амьтад уулнаас бууж, малтай хамт бэлчиж идээшлэх
байдал ажиглагдаж байна
Улсын Онцгой
комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Шуурхай бүлэг
өчигдөр Увс аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан. Тус аймаг 17,173
малчинтай, 8,950 малчин өрхтэй, 12,909 малтай өрхтэй. Өнөөдрийн байдлаар
аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр
айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317,
хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна.
Аймгийн
хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,1 сая малтай. Өнгөрсөн 7
хоногт агаартаа -35 хэмээс -47 хэм, хөрсөндөө -40.9 хэмээс -52 хэмийн
хүйтэн хоносон. Нийт 18 суманд 1 см – 31 см цастай байна. Өнөөдрийн
байдлаар тус аймагт 5,900 толгой мал хорогдоод байна гэжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин очсон аймаг бүртээ асуудлыг шуурхай шийдвэрлэж, өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоо амлаж байлаа.
Давосын
чуулганыг зоригсод Гадаад харилцааны сайд Д .Цогтбаатар Швейцарын
Холбооны Улсын Давос хотноо зохиогдсон Дэлхийн эдийн засгийн 48 дугаар
чуулга уулзалтад оролцлоо. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид тус чуулганд оролцжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Даяаршлын
шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн доор зохион
байгуулж буй "Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, "Солонгосын
хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь", "Талцсан дэлхий
ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь" сэдэвт хуралдаануудын
хэлэлцүүлгийн оролцогчоор оролцохын зэрэгцээ гадаадын төр, засгийн
төлөөлөгч нартай хоёр талын уулзалтууд хийсэн бол Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Уул уурхай, металлургийн салбарын
удирдагчдын бодлогын уулзалт”, "Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий
болгох нь” сэдэвт хуралдаанд оролцож, "Роснефть" компанийн
удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзан хэлэлцээр
хийхээр тохиролцжээ.
Э.МӨНХЗАЯА