Шүүх эрх мэдлийн засаглал шинэтгэлээр "амьсгалж” байна. Монголын нийт 78 шүүхийн үйл ажиллагаа олон нийтийн хараа хяналт дор ил тод, нээлттэй явагддаг болоод даруй 2 жилийг үдлээ. Мэдээллийн технологиор хүч түрсэн дуу болон дүрс бичлэгийн камерууд ирийсэн шүүх хуралдааны танхимд шүүгчид шүүн таслах ажиллагаагаа явуулж байна. Иргэд заавал шүүхийг зорьж очилгүйгээр гар утаснаасаа шүүх хурлын зар, шүүхүүдийн байршил, шүүхийн шийдвэртэй танилцаад зогсохгүй улсын тэмдэгтийн хураамжид хичнээн төгрөг төлөхөө хүртэл олоод харчих боломж бүрдсэн нь шинэ зүйл байхаа хэдийнээ больсон. Шүүгчийн хараат бус байдал шүүхийн 90 жилийн түүхэнд байгаагүйгээр багц хуулиар хамгаалагдахын зэрэгцээ тэдний хариуцлага, ёс зүй, ур чадвар өндөрт тавигдаж байна. Шүүхийн мэдээлэл хүртээмжтэй түгээгдэж, иргэд шинэтгэлийг мэдэрсэн талаархи санал сэтгэгдлээ илэрхийлдэг боллоо.
Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд хийгдсэн дээрх шинэтгэлийн ажлууд дардан замаар бий болчихоогүй. Мэдээж асар олон хүний оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөөр бий болсон байж таарна. Шинэтгэл өөрийн түүхээ бүтээж, саад бартааг туулсаар яваа. Шүүхийн "эд эс” бүхэн шинэтгэлтэй хэрхэн нүүр тулж, хүлээн авч, дасч зохицож байгаа тухай бодит үнэний эрэл биднийг хөдөө орон нутгийн шүүх тийш хөтөлсөн юм. Энэ удаад Хэнтий, Дорнод аймгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцах боломж олдлоо. Хот хөдөөгийн шүүх бүр өөрсдийн өнгө төрхтэй. Иргэдийг угтах үүд хаалга, харуул хамгаалалт, хана туурганаасаа л ялгагдах нь бага гэлтгүй санаачлагаасаа анзаарагдаж харагддаг. Шинэтгэлийн бас нэг том алхам нь шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас тусгаарласан бөгөөд тухайн шүүхийн эмх цэгц, харилцаа хандлага, зохион байгуулалт, ажиллах орчин нь Тамгын газрынхаа нэр нүүрийг илтгэх нэрийн хуудас нь гэсэн үг. Шүүхийг сурвалжилж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотор руу өнгийж, дотоод уур амьсгалыг нь хөндөн, тэдний зогсолтгүй үргэлжлэх ажлын хүндрэл бэрхшээлийг мэдэрч,ил далд тулгамдлыг нь ухаж гаргаж ирэхэд бидний саатсан хугацаа мэдээж учир дутагдалтай. Учир нь шүүх зөвхөн хуулиар ярьдаг, тэнд сахилга хариуцлага бүхий чанд школ ажилтнуудаа хүмүүжүүлэн дадлагажуулж, хүний нөөцөө бэлтгэж байдаг гэж болно. Ур чадвараас гадна ачаалал дааж сурах нь шүүхийн захиргааны ажилтнуудын бичигдээгүй хууль.Тиймээс Дорнодын шүүхийн нарийн бичгийн дарга залуу шөнийн 22 цагт гэрээсээ буцаж ирж, ажлаа дуусгахаар бидэнтэй яаравчлан зөрөх нь тэдний хувьд хэвийн үзэгдэл байв. Аль ч шүүхийн шүүгчдийн туслахууд цалин багатай ч тушаал авсан цэрэг мэт ажил үүрэгтээ махруу,түүгээрээ ч шүүн таслах ажиллагааны зохих хувийг үүрэлцэж байдаг чадварлаг албан хаагчид байх юм билээ. Шүүхэд шинээр орсон ажилтнууд буцаж няцалгүй туршлагажаад шүүгчдээсээ чадлынхаа хэрээр мэддэг чаддагийг нь сурч авахын хажуугаар шүүхийн дэг ёсонд ч мөн суралцаж байгаагаа ярьж байв.
Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Сум дундын 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Тамгын газартайгаа нийлээд 2 давхар давчуухан байранд чихэлдэж ажилладаг. Хаяггүй бол гаднаасаа яавч шүүх гэж харагдахааргүй ядруухан саарал тус барилга хуучин 10 жилийн сургуулийн дотуур байр байжээ. Бүхэл бүтэн дөрвөн шүүх шоргоолжны үүр мэт нүхэлсэн тус байранд Монголын нийт шүүхүүдээс ачааллаараа 3-т жагсах нүсэр шүүн таслах ажиллагаа явагдаж байна.
Биднийг дээрх дөрвөн шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нар хүлээн авч ажил байдлаа танилцуулж, шүүхийн шинэтгэлийн талаар санал бодлоо илэрхийлэв.Ц.Мөнхсайхан дарга тус албанд томилогдоод удаагүй ч шүүхдээ 8 жил ажилласан туршлага бүхий ажил хэрэгч нэгэн аж. Тэрбээр "Дорнод аймаг 75000 хүн амтай. Манай шүүхүүд 14 сумдын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан шүүн таслах ажиллагаагаа явуулдаг. Дорнод аймгийн хувьд дэд бүтэц хөгжсөн, үйлдвэр аж ахуйн нэгж олонтой, ОХУ болон БНХАУ-тай боомтоор холбогдсон онцлог аймаг учир гарч буй хэрэг маргааны төрөл олон. Энэ ч утгаараа ажлын ачаалал өндөр” хэмээн тодотголоо.Дорнод аймгийн иргэд шүүхдээ гойд чих тавьдаг хандлагыг өмнө нь сонсож байв. Тиймээс ч гурван сарын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн тус аймгийн иргэдтэй хийсэн уулзалтанд хагас мянгуулаа цуглаж, шүүхийн шинэтгэлийн талаар илэн далангүй ярилцсан нь "амьд” арга хэмжээ болжээ.
Сум дундын 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг "Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Дорнод аймаг дахь Сум дундын болон Хэрлэн сумын шүүхүүд нь нэгдэн Сум дундын 10 дугаар шүүх болон 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн шүүн таслах ажиллагаагаа явуулж байна. Манай шүүх 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах ёстойгоос одоогоор 9 шүүгч, 9 шүүгчийн туслах, 4 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 1 эвлэрүүлэн зуучлагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байгаа.
Өнөөдрийн байдлаар /2015.06.07/, Эрүүгийн 221 хүнд холбогдох 146 хэрэг шинээр хүлээн авч, 114 эрүүгийн хэрэг, иргэний 361 хэрэг шийдвэрлэсэн. Мөн 327 хүнд захиргааны шийтгэл ногдуулаад байна. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, эрчимжүүлэх үйлсэд шүүгч бидний сэтгэл зүтгэл, үүрэг их нь ойлгомжтой.
Илүү хариуцлагатай ажиллах, иргэдийн санаа бодлыг сонсох, хэргийн оролцогчдийн эрх ашгийг хуульд заасны дагуу хангаж буй эсэхдээ дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Энэ зорилгоор бид Дорнод аймгийн 11 сумын 399 хүнийг хамруулсан "Шүүхийн талаарх олон нийтийн санал бодол”, мөн аймгийн төвийн 150 хүнийг хамруулсан "Хохирогчийн эрх хэрхэн хамгаалагдаж байгаа талаарх” судалгаануудыг тус тус хийж, үр дүнд нь үндэслэн "Хохирогчийн эрхийг хамгаалах нь” сэдвээр аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөлгөөнөөр судалгаанд хамрагдсан асуудлуудын хүрээнд шүүхийн үйл ажиллагааны ил тод, хүртээмжтэй, шуурхай байдал, шүүгч ажилтнуудын зан харьцаа, ёс зүйн асуудал, шүүх аливаа хэрэг маргааныг хуулийн хүрээнд шударга шийдвэрлэдэг эсэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаааны аль шатанд төлөгддөг, хохирлыг барагдуулах түргэн шуурхай шийдвэрлэхэд саад учруулж буй шалтгаан нөхцөл, хохирогчийн эрхийг хамгаалахад хуулийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах шаардлагатай зэрэг асуудлуудаар ярилцсан.
Шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүхийн тухай багц хуулийг олон нийтэд сурталчлах "Шүүхийн танхимаас” сар бүрийн мэдээллийн өдөртэй болсон.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шүүх хуралдааны үр нөлөөг дээшлүүлэх, иргэдийн эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор нээлттэй шүүх хуралдааныг сумдад зохион байгуулж ирсэн. Мөн тус аймгийн хуулийн байгууллагууд хамтран сумдад нүүдэллэн ажиллаж шүүхийн шинэтгэл, Шүүхийн тухай багц хууль болон ажлын тайлан мэдээг иргэдэд хүргэн, тэдний санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна” хэмээн ярилаа.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч А.Энхбаатаршүүхийн шийдвэрийн бичилт, арга техникийг шинээр батлагдсан хуулийн шаардлага, цаг үеийн хандлагад нийцүүлэн боловсронгүй болгох зорилгоор шүүгчдийн дунд "Шилдэг шийдвэр” шалгаруулах уралдаан зохион байгуулснаа болон дотоод сургалт, хэлэлцүүлгүүдийг дараалан явуулснаа дурьдав.Тус шүүх шүүн таслах ажлын чанарыг нарийвчилсан тоон үзүүлэлтээр, 2014 онд гэхэд 200 хэрэг хүлээн авч 185 хэргийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, 5 хэрэгт гомдлоос татгалзаж, 10 хэргийн үлдэгдэлтэй ба хугацаа хэтэрсэн үлдэгдэл хэрэг байхгүй гэх баримт сөхөв.Зэргэлдээх Сум дундын 10, 19, 28, 29-р шүүхүүдтэй хамтран ажиллаж ирсний гадна хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжинд эсэргүүцэл бичсэн хэргийг 15 хоногт багтаан хянан шийдвэрлэж байхаар шийдвэрлэж, хэрэгжилтийг хангаж ажилласан гэх нь шүүхийн ажил бүгд цаг хугацаатай уралдсан чанд хөдөлмөр гэдгийг эрхгүй илтгэнэ. Хэргийн хөдөлгөөн, архив бичиг хэрэг, эд мөрийн баримтыг хадгалах өрөө, шүүх хуралдааны танхимууд гээд давхар бүрээр явж үзвэл шүүх зөвхөн хэрэг шийдвэрлэдгээс гадна түүнийг дагасан олон ажил ундарсаар. Тиймээс иргэдэд ойлгомжтой гарын авлага, хуулийн танилцуулга,зөвлөмжүүдийг тус шүүхүүд дор бүрнээ бэлтгэж, шинэчилсэн нь дээрх онцлогийг баталгаажуулах аж.
Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны ажилтан Б.Туяамандах олон нийттэй харилцах ажлаа давхар хариуцдаг нь хоёр тийш зэрэг анхаарал хандуулахад амаргүйг учирлаад "Хэвлэл мэдээллийн ажил анхаарал төвлөрөл их шаарддаг хариуцлагатай ажил.Хэдийгээр орон нутгийн хэвлэлүүдтэй идэвхтэй харилцаатай ч мэдээллийн ажилтны орон тоог анхаарч өгөхийг хүсч байна” гэж үг дайв. Тэдний шүүхэд цугласан сэтгүүлчдийн ярианаас тус шүүхийн мэдээлэл цэгцэрсэн нь илт. Хэвлэл мэдээллийнхэн шүүхийн талаархи мэдлэг мэдээллээ ахиулахын чухлыг онцлоод Шүүхийн ерөнхий зөвлөлийн ХМОНХХ-ийн дарга Л.Бямбаагаас "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг сонирхон лавлаж, "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтанд хамруулж өгөхийг хүслээ.
Шүүхээр үйлчлүүлж буй иргэд шүүх хуралдааныг дэлгэцээр үзэнгээ үүдний давчуу зайнд байрлуулсан интернэтийг ашиглах боломжоо шүүхээс сүрдэх сэтгэл зүйг бага боловч тайвшруулж байна гээд шүүгчдийн туслахуудын хүлээцтэй зан харьцаанд талархаж буйгаа нэр цохож байв.
Шүүхийн ажил, хүн хүч, төсөв санхүү, байр сав, цалин хангамжаас эхлээд олон цогц хэсгээс бүрдэж амжилттай урагшилдаг. Байгаа байрандаа ажил үүргээ гүйцэтгэж, шүүх засаглалд хүч нэмж, шинэтгэлийг урагшлуулж байгаа тус шүүхийн шүүгчид тэр бүр хүндрэл бэрхшээл тоочсонгүй. Байсан ч магадгүй ард хүлээж буй ажилдаа яаравчилсан биз. Дөрвөн шүүх хоорондоо зөвшилцөж хуралдааны танхимынхаа хуваарийг гаргадаг Дорнодын шүүхэд байрны бэрхшээл тулгамдаж байна. Гэвч тэд үүнийгээ тоочихоос илүү шүүн таслах ажиллагааны чанарыг түрүүнд тавилаа. Үүнээс улбаалаад мэдлэг чадвараа ахиулах нөхцлийг ч тэд уйгагүй эрэлхийлж, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиунаас боломжит гадаад сургалтуудыг лавлаж ярилцсан юм. Шүүгчдийн дотоод сэтгэлд гэрэл гийж, ажил үүрэгтээ хандах сэтгэл зүтгэл нь улам дээшилсэн гэдэг дэгс үг биш аж. Нэг зүйл сонирхуулахад Дорнодын шүүх өөрсдийн гэсэн уриа дуутай. Шүүхийнхээ 80 жилийн ойгоор сүлд дуутай болж, түүнийгээ клипжүүлсэн нь шүүхүүд дундаа анхдагч нь болжээ. Шүлгийг нь 30 гаруй жил шүүгчээр, тэр дундаа аймгийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр хамгийн удаан томилогдон ажилласан шүүгч Т.Энхтуяа бичсэн гэх дуугаараа тэд бахархах нь аргагүй.
Дотуур байранд төвхнөсөн Дорнодын шүүх завгүй… гэх бодлоор хаалгыг нь хаав. Эргээд очтол ихийг амжуулах шинэтгэлд нь эргэлзэхгүй байна.
Ш.Отгонцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих