"Чөтгөр шулмас” адил бүжиглэгчид
Тэдний бүжиглэх нь үнэхээр гайхалтай. Бүжигчид тайзан дээгүүр хуй салхи
шиг довтлон гарч ирэн, заримдаа дээш үсрэн эргэлдэхэд, тэднийг дайчин
эрсийн уухайн түрлэгээр улам хөгжөөнө. Тэдний цоглог бүжгэнд Африк
түмний буцалсан халуун цус, эрч хүч, оргилуун хүсэл тэмүүлэл нэвт
шингэсэн гэлтэй. Бүжигчдийг хурдан цоглог хэмнэлтэй бүжиглэхийг үзсэн
гадаадын сурвалжлагч "чөтгөр шулам” адил бүжиглэдэг хэмээн бичжээ.
Тэдний бүжиг нь маш нарийн дэг, хэм хэмнэлтэй, удаан түргэн, уян хатан ,
огцом эрс янз бүрийн аяс хөдөлгөөнтэй, утга төгөлдөр аж. Бүжгүүд нь
ямар нэгэн тодорхой үйл явдал, утга санааг илэрхийлэхийн ялдамд элдэв ан
амьтны төрх байдал, зан араншинг ч дүрсэлдэг. Эмэгтэйчүүд нь өөрийн
үндэсний эрээн мяраан урт хувцастай заримдаа дун хорхойн яс, явуу
төдийхнөөр чимэглэсэн сүрлэн сүлжмэл хормогчтой, эрэгтэйчүүд нь болохоор
өд сөдөөр чимсэн шовгор малгайтай бүждэг. Бүжиг "Уможа”-гийн урын
сангийн нэгэн өвөрмөц үзүүлбэр юм. Тус хамтлаг Өмнөд Африкийн Бүгд
Найрамдах Улсын Йоханнесбурга хотын ядуусын Суэто/ гэмт хэрэг их гардаг
болохоор нь өмнөд Африкийн Чикаго гэдэг байж/ дүүрэгт сайн дурын уран
сайханчдын хичээл зүтгэлээр өнгөрсөн зууны 1950- иад оны сүүлээр анх
үүссэн гэдэг. Уран
сайханчид заримдаа гудамжинд, хааяа жижиг клубт боломжийнхоо хэрээр
дуулж бүжиглэдэг байжээ. Харин мэргэжлийн бүжигчин Тодд Твала бүжгийн
багш Темби Ньяндени нар "Уможа”-г мэргэжлийн төвшинд хүргэж, дэлхийн
хэмжээнд алдаршуулхад гол үүрэг гүйцэтгэжээ. Бүжгийн багш Темби Ньяндени
1990-ээд оны үед энэ хамтлагийг шинэчлэн зохион байгуулсан байна. "
Залуучууд түүхээ сайн мэддэггүй болохоор тэдэнд Африкийн намтар цадиг,
уламжлал, манай угсаатны зүйн өв соёлыг таниулахыг гол зорилгоо болгосон
юм” гэж Темби Ньяндени ярьжээ. Бүжигчин Тодд Твала "Манайхан чинь их
бүжиглэх дуртай хүмүүс шүү дээ. Тийм болохоор бид юуны өмнө гудамжинд
бүжиглэж буй залуус дундаас ядуу айлын боловсролгүй хүмүүсийг хамтлагтаа
сонгож авдаг байлаа” хэмээн дурсдаг. Тодд, Темби хоёр ийнхүү авьяастай
залуусыг нийгэмд эзлэх байр сууриа олоход нь туслах, тэдэнд тодорхой нэг
зорилгод зангидан тайзан дээр өөрийгөө илэрхийлэх боломж олгохыг
зорьсон байна.
"Сахиусан тэнгэр” шиг дуулдаг
Тодд, Темби нарын сонголт зөв байсныг цаг хугацаа харуулжээ. Залуус
тогтоон барихын аргагүй мэт их эрч хүчтэй, маш сэтгэлийн хөдлөлгөөнтэй
байсан нь амжилтад хүрэхэд нөлөөлжээ. Үүний зэрэгцээ сайхан дуулдаг
бүсгүйчүүдийг хамтлагтаа авдаг байв. Хамтлагийн дуучдыг "сахиусан тэнгэр
шиг” дуулдаг хэмээдэг. Тэд Африкийн ардын дуунуудыг уянгалаг сайхан
дуулдгаас гадна орчин үеийн түргэн хэмнэлтэй дууг урын сандаа сонгон
авдаг. Дуу нь амьдралын баяр баясгалан хүсэл тэмүүлэлийнх нь илэрхийлэл
болдог. "Уможа”-гийн дуучдыг орчин үеийн дуу дуулхад танхимд хуран
цугларагсад өөрийн эрхгүй алга ташин хашгирч хөгжөөн дэмжих нь олонтаа
тохиолддог. Уможа хамтлаг тоглолтоо ихэвчлэн "квайто” буюу Африкийн хип
хопоор төгсгөдөг байна. Тэдний нэг дуунд Африк ертөнцийн нэгэн
тайлагдашгүй нууц бол хүний оргилуун хүсэл мөрөөдөл гэж дуулдаг. Энэ нь
дуучдын өөрсдийнх нь тухай өгүүлэх шиг болдог. Эдүгээ тус хамтлаг 18-аас
25 хүртэлх насны 40 гишүүнтэй. Тэдний дэлхийг тойрон хийсэн аялан
тоглолтыг нь шидэт шоу ч хэмээдэг. "Уможа”-гийн тоглолт үндсэн хоёр
хэсгээс бүрддэг. Эхлээд тэд үзэгчдийг африкийн тосгон, ширэнгэ ой, алмаз
эрдэнийн уурхайгаар "аялуулдаг”. Дараа нь орчин үеийн гудамж талбай,
шуугиантай зоогийн газар аваачдаг. Мөн сүмийн найрал дууг ч сонсгож
амждаг. Энэ бүхэн барууны хэв маягт ихэд нийцдэг нь тэднийг амжилт
олоход нөлөөлдөг байна.
"Бөө удган” мэт бөмбөр дэлддэг
"Уможа” хамтлагийг бөмбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Африкчууд зол
жаргал, баяр баясгалантай үедээ ч, зовлон зүдгүүр уйтгар гунигтай цагтаа
ч бөмбөртэйгээ явж иржээ. Бөмбөр тэдний эрх чөлөөт дуу хууртай
амьдралын бэлгэдэл юм. Бөмбөрчид "бөө удган” мэт бөмбөрөө дэлдсээр
тайзан дээр гарахад хуран цугласан олны алга ташилт бөмбөрийн чимээтэй
сүлэлдэн танхимд үгээр илэрхийлэхийн аргагүй баясгалант сайхан уур
амьсгал бий болдог. Том жижиг олон янзын бөмбөрийн дуу "Уможа”-гийн шоуг
улам хөгжөөн, содон өнгө нэмдэг байна. Бөмбөрийн нижигнэх сүртэй чимээ
залуусын бүжиг, дуу хөгжмийн аялгуутай ер бусын зохицож, үзэгчдийн
сэтгэлийг хөглөдөг. Тэд дэлхийн 11 орны хэлээр дуулдаг. Тус хамтлагийн
гадаад оронд хийх анхны тоглолт 2001 онд Лондон хотоос эхэлсэн гэдэг.
Үүний дараа АНУ-д Бродвейн театрт хийсэн тоглолт нь шуугиан тарьж,
дэлхийд алдарших үүдийг нээжээ. Британи, Швед, Финланд, Литва, Солонгос,
Итали, АНУ, ОХУ гээд очсон газар бүрт нь тэдний тоглолтыг халуун дотно
хүлээж авч иржээ. " Бөмбөрийн нижигнэх чимээ, хайрын тухай ардын дуу,
амьд жааз хөгжмийн аялгуу, уран яруу бүжиг бүгд нэгдэн хүний сэтгэлийг
гижигдэх юм. ХХ зуунаас ирсэн "Уможа” эдүгээ цагт ч олны сэтгэлийг
эзэмдэж байна.” гэж "Дейли Телеграф” сонинд бичжээ. Тодд Твала, Темби
Ньяндени хоёр ч, хамтлагийн гишүүд ч нэгэн цагт ядуу зүдүү явснаа
мартаагүй . Тэд шоуны орлогынхоо ихэнх хувийг өвчин зовлонд нэрвэгдсэн,
ядууст зориулдаг байна.
Бэлтгэсэн П.Соёлдэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих