Дэлхий нийтээр даяаршихын хирээр тэртээх уулнаас цааш айлгүй гэж, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэдэг цаг аль эрт өнгөрсөн билээ. Талын Mонголын малчин ардын хүүхэд ч хэл усаа сурч, хичээл номондоо шамдвал хойд урд 2 их гүрэн энүүхэнд, арлын япон, англи, америк гээд бөмбөрцгийн хаа ч хүрч дэлхийн хүн ардаас дутахгүй өндөр боловсрол эзэмшиж, мөн сэтгэл зүтгэл байвал эх орноо хөгжүүлэх боломж бүрдсэн.
Харин энэ цаг үед гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуус өдрөөс өдөрт олширч байхад тэдэнд чөдөр тушаа болсон "ESP Center” гэх байгууллага боловсролын салбарт том толгойлон "Бизнес” хийж байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4 давхар улаан тоосгон байшинд байрладаг тус төвийг хүмүүс төдийлөн мэдэхгүй ч, англи хэлний IELTS-ын шалгалтанд оролцсон хүмүүс харин андахгүй. IELTS-ын шалгалт авахаас гадна англи хэлний сургалт дамжаа ч хичээллүүлдэг бизнесийн байгууллага юм.
Гадаадын шилдэг их дээд сургуульд суралцахын тулд мэдлэг чадвар хичээл зүтгэл хөрөнгө мөнгө багагүй шаардагддаг тул дундаж болон түүнээс доош орлоготой айлийн хүүхэд гадаадад сурна гэдэг мөрөөдлөөс цаашгүй байсан үе саяхан. Харин сургалтын "Төрийн сан”-гийн санхүүжилт бий болсны буянаар тухайн сургуулийнхаа шаардлагыг хангаж, урилгаа авсан хүүхдүүд тэтгэлгээр сурах боломжтой болсон. Мөн тухайн орны засгийн газруудын тэтгэлэг, сургууль, муж орны тэтгэлгүүд ч элбэгшээд буй.
Дэлхийд нэр хүндтэй их дээд сургуулиудын томоохон шаардлага нь гадаад хэлний оноотой байх хэрэгтэй .
Англи хэлний TOEFL-ийн шалгалт авдаг газар монголд 6 байдаг ба өрсөлдөөн ихтэйн улмаас шалгалтын явцад шударга бус үйлдэл, алдаа мадаг гаргавал хаагдах хүртэл арга хэмжээ авах боломжтой бөгөөд шалгалтын давтамж, үнэ өртгийн хувьд ч боломжийн байдаг байна. Харин IELTS -ийн шалгалтыг ганхан ESP Төвд авдаг нь тус төвийнхний хамраа сөхөж, хариуцлагагүй, бүдүүлэг аашлах шалтгаан нь бололтой.
Үүдний жижүүрээсээ эхлээд мэргэжилтэн ажилтнууд нь харилцааны соёлгүй, хүнд суртлын үүр болсон тус төвд хүнтэй эелдэг дотно боловсон харилцаж сурсан хүн бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй гэнэ.
Өнгөрөгч 4 дүгээр сард л гэхэд IELTS-ын шалгалтанд орсон оролцогч өөрийн авсан оноотойгоо санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн нягтлан шалгуулахаар очтол ажилтан нь ихэд дурамжхан: "-180 доллар төлөөд материалаа шалгуулж болно. Хариу нь 8-10-н 7 хоногийн дараа ирнэ. Английн консулруу хүсэлтийг чинь явуулна. Их удна.” гэсэн хариуг өгчээ. Техник технологи өдрөөс өдөрт хөгжиж буй өнөө үед Англируу морин тэргээр явуулахгүй нь лавтай. Ахин шалгуулах дургүй байсны шалтгаан нь сүүлдээ ил болсон байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх англи хэлний шалгалт авах эрхийг авч дан ганцаар ноёрхсон тус төв нь шалгуулагчдын материалыг эндээ засч, өөрсдөө оноо тавьдаг нь төдийлөн ил биш ажээ. Үүнийгээ шалгуулагчдад англируу явуулдаг гэж эхэндээ худал хэлж байсан бөгөөд гомдол гаргасан үйлчлүүлэгчтэй соёлгүй харьцаж, уур бухимдлаар дүүрсэн нэг ажилтан нь санамсаргүй үнэнээ хэлчихсэн гэнэ. Тэд сонсгол, уншлагын тестийн шалгалтыг машинаар засдаг ч яриа, бичлэгийн төрлүүдэд өөрсдөө оноо өгдөг ба английн талаас зөвхөн тэдний гаргасан үнэлгээг баталгаажуулдаг төдий ажээ. Тухайбал ярилцлагын үед "олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэх аль нэг гадаад орны багштай оролцогч өгөгдсөн сэдвийн дагуу ярилцаж асуултад нь хариулна. Тухайн хүний өнгө үзэмж, хувь хүний үзэл, харах өнцгөөр дүгнэж болохуйц. Мөн бичлэгийн төрөл дээр оролцогчийн бичсэн Эсээг мөн л эндээ засна. Ингэхдээ өөрсдийн үнэлгээ өгөх боломж бүхий аль нэг төрөл дээр бага оноо тавьдаг байх магадлал өндөр гэнэ. Жишээ нь Австралийн засгийн газрын тэтгэлэг гэхэд шалгалтын нийлбэр оноо нь 6.5 -аас багагүй байх ёстой ба төрөл тус бүрийн оноо нь бүгд 6.0-с дээш байхыг шаарддаг. Гэтэл оролцогч бусад төрөл дээрээ өндөр оноо аваад яриа, бичвэр 2-ын аль нэг дээр 6 онооноос бага авахад тус тэтгэлэгт хамрагдах эрхгүй болно. Ингэснээр ахиад л 185 ам доллар буюу 400-гаад мянган төгрөгөө төлж ахин шалгалт өгөхөөс аргагүй болно. Энэ тоолонд ESP төвийн ашиг орлого нэмэгддэг.
Сар бүр болдог тус шалгалтанд нэг удаа 100-120 хүн оролцдог нь анзаарагдсан ба бүртгэл нь 1 сарын өмнөөс хаагдаж цаана нь бүртгүүлж амжаагүй өчнөөн хүн хоцордог байна. Зарим сард 2 удаа шалгалт авах нь ч бий.Энэ нь тэд сард 100 хүн шалгалт өгөхөд дор хаяж 34 сая төгрөгийн орлоготой буюу тогтмол ашигтай ажилладаг гэсэн үг.
Хамгийн сонирхолтой нь ахин шалгалт өгөе гэсэн хүнд "бүртгэл дууссан, чиний өмнө 50 хүн нөөцөнд бүртгэгдсэн байна” гэчихээд өмнөх шалгалтын дүнтэй санал нийлэхгүй байгаа тул цааш нь шалгуулна гэхэд "50 биш 10 гаруй хүн л байгаа л даа” гэснээ дараачийн шалгалт эхлэхээс 3 өдрийн өмнө "-Та шалгантанд оролцохуу? 1 хүн оролцохгүй болчихлоо” гэж утасдсан байгаа юм. Нөгөө 10, 50 н хүн байсаар байхад яагаад гомдолтой гэж байгаа хүнийг гомдлын мөрөөр шалгуулж өгөх сонирхолгүйгээр дахин шалгалтанд оролцуулах болов. Мөн шалгалтын бэлтгэл зогссон, цаг нь тулсан 3 хан хоногийн өмнө дуулгадаг нь ахин шалгалтанд амжилтгүй оролцвол "чи угаасаа л муу юм” гэж хэлэхэд гайхах зүйлгүй.
Хүнд сурталтай тус төвийнхний хариуцлагагүй байдлыг гэрчлэх томоохон хэрэг мандсан нь оролцогчийн шалгалтын материал дээр үндсэн хэл гэсэн хэсэгт "Сээрби” хэлтэй гээд биччихсэн байв. Ингээд тус оролцогч Сээрби улсын үндсэн хэлтэй, Монголд амьдардаг, Америкруу гарах гээд байгаа нэгэн болж хувирсан байна. Америкийн болон бусад орны визенд орох үндсэн шаардлагуудын нэг болсон гадаад хэлний шалгалтын материал нь ийм том алдаатай болсон нь юун гадаадад сурахтай манатай болгож үүнийхээ учрыг олохоор нааш цааш явж олон талын төвөг удсан нь мэдээж. Үймээн самуунтай Сээрби улсын хэлтэй болчихсон хүнийг тийм амархан хилээр нэвтрүүлэх виз гаргаж өгөх улс хаа байх билээ дээ.
Ийм том хариуцлага алдсан тус төв дээр сэтгүүлч дагуулаад очиход нь бүдүүлэг дээрэнгүй хэдэн ажилтан нь уурлаж уцаарлан "энийг хүн л бичсэн юм чинь алдаж болно ш дээ засаад өгчихнө” гэчихээд уучлаарай гэх нь байтугай албатай юм шиг өөрсдийгээ өмөөрөн түнтгэнэж та нар явдаг газраараа яв, юм олж долоохгүй гэсэн шиг Английн Консулын нэрээр түрий барин ундууцсан байна.
Удирдлага гэх хүн нь ч байхгүй, хэдэн ууртай ихэмсэг, ярвагар ажилтнууд нь иймэрхүү янзтай тус төв ганцхан хоногийн дотор мөнөөх алдаатай материалаа өрсдөө засаад өгчихсөн нь бүр ч гайхалтай. Гомдолтой гээд шалгуулах гэхээр "англируу явуулна 8-10-н долоо хоног болно” гэчихээд өөрсдийнх нь алдаатай үйлдэл илэрмэгц тэр дор нь засчихаж болдог ийм амархан, ийм хямдхан шийдэх асуудал байсан нь өөрсдийн дураар дүгнэн шалгуулагчдын оноон дээр "ажиллаж”, ахин дахин шалгалтанд оруулж "бизнес хийдэг” байх гэсэн сэжиг, таамгийг улам нэмэгдүүлж байна.
Энэ мэтчилэн хичнээн олон хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг нь чөдөрлөж, хариуцлагагүй бүдүүлэг, загнасан бол гэдэг нь таашгүй.Томчуудын хүүхдүүдэд гадаад дотоодын сургуульд орох асуудал биш байж болох ч шалгалт шүүлэгээ өгч оноогоо авч тэтгэлэгт хамрагдах зорилготой хүмүүс нь ихэвчлэн бор зүрхээрээ өөрийн чадлаараа яваа эгэд ардын хүүхдүүд байдаг нь үнэн. Гадаадын их дээд сургуульд нэгэнт тэнцсэн хүүхдүүд очоод орчинд нь амьдарч, хэлний бэлтгэлд сууж аяндаа хэлний бэрхшээлгүй болчихдог тул манайх шиг жижиг буурай орны хувьд хүүхэд залуусаа аль болох дэмжээд өгөх хэрэгтэй баймаар. Дэмжиж, өндөр оноо тавьдаггүй юмаа гэхэд шударга, нээлттэй хандах хэрэгтэй.
Хамгийн харамсалтай нь энэ байгууллагын үйл ажиллагааг хянадаг, хариуцлага тооцдог байгууллага одоогоор алга. БСШУЯ-наас тодруулахад "Манайд ямар ч хамаагүй, өөрсдөө зөвшөөрлөө Английн талаас аваад шалгалт авдаг газар” гэсэн хариулт өгсөн юм.
Дэлхийн шилдэг сургуульд суралцах, эх орныхоо нэрийг гадаадад гаргах, эргээд боловсон хүчнээр бэлтгэгдэн ирэх хүмүүсийг шалгаруулах хэлний шалгалтыг Боловсролын яам яагаад хариуцан зохион байгуулж чаддаггүй, шударгаар шүүн дүгнэж болдоггүй юм бэ?
ESP мэтийн хувийн байгууллага компаниудыг өөгшүүлэн давраалгүй, хэрхэн үйл ажиллагаа явуулж буйг нь хянах зохицуулах газар байна уу? Нөгөө ШӨХТГ гэх мэт нь хаачсан бэ?
www.Newsline.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих