Засгийн газар ажиллаж байна: Засгийн газрын "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн. Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөхболомж бүрдэхээр Засгийн газар ажиллаж байгаа.
Олон талаас нь судалж, боломжтой хувилбарыг олно: Ерөнхий сайд
яамны зүгээс тавьж буй саналуудыг дэмжиж, Хүн амын хөгжил нийгэм
хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот
байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт чиглэл өгчээ. Ипотекийн зээлийн
урьдчилгаа төлбөрийг бууруулж, төрөөс баталгаа гаргах, ам.метрийн
хэмжээг нэмэгдүүлэх гээд бүх чиглэлд, олон талаас нь судалж, боломжтой
хувилбарыг олж ажиллахыг зөвлөжээ. Энэ дагуу Ипотекийн зээл журмаа
шинэчилж боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Банкуудын урьдчилгаа 30 хувийн төлбөр хэвээрээ байна: Хэдийгээр Засгийн газраас урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор ярилцаж байгаа ч арилжааны банкууд дээр ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөр хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл зээлийн 30 хувийн урьдчилгааг төр иргэн гэсэн хоёр этгээд хувааж аваад төлөх юм. Иргэн худалдаж авах гэж байгаа байрныхаа нийт өртөгийн 10 хувийг банкинд төлж, төр 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад хуваарилах аж.
Зээл олгоход тавьдаг бүх шалгуурыг иргэдэд тавина: 20 хувь дээр нь төрөөс баталгаа гаргах нь эх үүсвэрийн хувьд банкуудад ашигтай хувилбар. Гэхдээ арилжааны банкууд зээлийнхээ эрсдэлээ тооцно. Тэгэхээр ипотекийн зээл олгохдоо өндөр хариуцлагатай ханддаг. Тиймээс зээл олгоход тавьдаг бүх шалгуурыг иргэдэд тавина. Тэр шалгуурыг нь бид өөрчлөх эрхгүй. Шалгуурыг нь өөрчилнө, урьдчилгаа байхгүй болгоно, хөнгөлнө гэвэл зах зээл дээр том эрсдэл бий болно.
150 ам.метр гэх хязгаарыг тогтоох санал гаргасан: Яамны зүгээс ипотекийн зээлэнд хамрагдах байрны хэмжээг 150 ам.метр гэх хязгаарыг тогтоох санал гаргасан. 80 ам.метрээс дээш талбайтай байрнаас сонголт хийж, зээл авах бололцоотой олон иргэн байгаа. Тиймээс тэдгээр иргэнд мөн боломж олгох юм. Харин үүнээс түүнээс дээш байрууд тансаг зэрэглэлтэй, ам.метрийн үнэ өндөр болоод ирэх магадлал өндөр байдаг.
Орон сууцны үнэ өсөхгүй: Иргэдийн төлөх урьдчилгаа буурснаар орон сууцны үнэ өсөхгүй гэдгийг яам нь хэлж байна. Тэд журамдаа үнэ өсөхгүй байх боломжуудыг давхар тооцож байгаа аж. Тухайн орон сууцны ам.метрийн үнэ тэдэн төгрөг байна гэдгийг нарийн тусгана. Ингэснээр хиймэл үнийн хөөсрөл бий болгохгүй.
2014 онд Засгийн газрын зүгээс Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, Улаанбаатар хотод "Буянт-Ухаа I” хороолол, "Буянт-Ухаа II” хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Харин энэ онд "Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар хэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд "Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Орон сууцны үнэ буурсаар байна: Он гарсаар орон сууцны үнэ бага хэмжээгээр буурсаар байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 4, 5 дугаар сард байршил, шинэ хуучнаасаа шалтгаалаад орон сууцны үнэ буурчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зах зээлд борлогдоогүй 30 гаруй мянган айлын орон сууц байгаа аж.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт өндөр байна: Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалт буурсан энэ үед орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн чадавхи муу байгаа энэ үед чанаргүй зээл ихсэж, буцаан төлөлт буурдаг. Гэвч манайд ипотекийн зээлийн эргэн төлөлт 97.7 хувьтай өндөр байгаа аж. Энэ нь ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байдаг гэсэн судалгааг баталж байгаа явдал хэмээн салбарынхан нь ярьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих