Өнгөрсөн онд "Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул сумын төвийг тохижуулахаар 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, өнгөрдөг 9 сарын сүүлээр зам засварын ажлыг эхэлсэн. Өнгөрөгч тавдугаар сард болсон аймгийн Барилгачдын зөвлөгөөн дээр Газрын харилцаа Барилга хот байгуулалтын Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Аръяазул "дээрх ажлын гүйцэтгэлийг 70 хувьтай явж байна” гэж мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр тодруулах гэж очсон боловч Үүрэг гүйцэтгэгч мэдээлэл өгөхөөс татгалзсан учир Аймгийн ерөнхий архитектур Д.Доржсүрэнтэй уулзлаа. Тэрээр "Хоёр км орчим авто зам болон хажуугийн явган зам тавигдсан. Гэвч одоогоор чанарын тал дээр асуудал гараад байна. Гэрэлтүүлгийг хараахан тавьж чадаагүй байгаа” гэснээс өөр тоймтой юм ярьсангүй. Уг ажлын гүйцэтгэгчээр "Монгол Дайван” ХХК ажиллаж, өнгөрөгч оны 9 дүгээр сарын 20 –оос 11 дүгээр сарын 24 –нийг хүртэлх хугацаанд авто болон явган зам, бохир, дулааны шугамын угсралт зэрэг ажлыг хийсэн гэх. Гэтэл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэхчлэн мэргэжлийн байгууллагууд ажлын явцад таван удаа очиж хянаж шалгаж хүлээж авсан дээрх ажлууд өнөөдрийн байдлаар эвдэрч хэмхэрч, шороо нь ил гарчихсан, явган хүний замын тоосгууд нь тарж бутраад сумын иргэдийн бухимдлыг төрүүлэх боллоо. Угтаа авто замд хоёр, явган замд гурван жилийн баталгаат хугацаа олгодог гэнэ.
Гэтэл хэдэн жилийн байтугай хэдхэн сарын настай ажлыг хийсэн дээрх компани өмнөхөө нөхөн засварлах нь бүү хэл үлдсэн ажлаа ч хийж чадахгүй санхүүгийн хүндрэл тоочоод сууж байдаг гэнэ. Ондоо багтаж өөрөөр хэлбэл өнгөрөгч онд тавигдахаар төлөвлөсөн цахилгаанаар бус нарны энергиэр ажиллах гэрэлтүүлэг явган замын эвдрэлийн улмаас суурьлуулах боломжгүй болжээ. Гэрээнд заасны дагуу тавдугаар сарын 20 -ноос цэвэрлэх байгууламж, насосны станц, дулаан түгээх төв \уурын зуух\, гэрэлтүүлэг суурьлуулах ажил эхэлсэн байх ёстой. Гэтэл дээрх ажлууд эхлэх нь бүү хэл эхнээсээ хийсэн явган хүний замын тоосгыг сугалаад дуусах нь. Энэ тухай асуудлаар "Монгол Дайван” ХХК-ийн удирдлагатай холбогдох гэсэн боловч чадсангүй. Хариуцагч мэргэжилтэн болох Д. Доржсүрэнгийн хэлж байгаагаар эхний ээлжинд төсвийн байгууллагуудыг дулаанд холбож, цэвэр, бохир усны шугам байрлуулах, цаашлаад 1МВ –ийн хоёр зуух ашиглалтад оруудлах, сумын төвийн айл өрхийг дулаанд холбох гээд сонсоход сайхан ажлууд төлөвлөгдсөн юм байна.Таван тэрбумын ажил гээд бодохоор сумын төвийг "үлгэрийн хотхон” болгочихож болмоор санагдана. Гэтэл энэ бүх ажил цаасан дээр л үлдэх нь. Ингээд бодохоор 70 хувийн гүйцэтгэл болох 3,5 тэрбум зүгээр л салхинд хийсээд өнгөрчээ гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
Дорнод сонин.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10108
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих