Ерөнхий сайдын ОХУ-д хийж байгаа албан томилолт хардлага бас асуулт дагуулж байна. Дубайгаас ирсэн эерэг мэдээ хуучраагүй байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хойд хөршийг зорилоо. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор зорьсон нь энэ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцох ажил Ч.Сайханбилэг сайдын албан томилолтын төлөвлөгөөнд багтжээ.
Өчигдөр эхэлсэн түүний томилолтын хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комиссын хамтын ажиллагааны Ажлын хэсэг байгуулж, улс хоорондын харилцаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах юм. Мөн худалдаа ба гаалийн дүрэм, журмыг хялбарчлах, үр ашиггай, найдвартай, тогтвортой тээврийн чиглэл болон үйлчилгээ бий болгох, худалдааны тэнцвэртэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг хангах зэрэг Монгол Улс болон гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх аж.
Нөгөө талаас тасарсан төсвөө нөхөх, валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор хойд хөршид цугласан хөрөнгө оруулагчдад чимээ өгөх нь Ерөнхий сайдын ОХУ-ыг зорьсон нэг шалтгаан болов уу. АНЭУ-д хийсэн айлчлалын хүрээнд жил дамнан маргаан дунд бүдгэрсэн Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдвэрлэсэн нь олон улсад тэр дундаа хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн. Харин ОХУ-д болох эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ энэхүү дохиог дахин өгөхөө Ерөнхий сайд төлөвлөсөн л байх. Өрийн тааз тулснаас гаднаас зээл авч чадахгүйд хүрээд байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг татаж, хямарсан эдийн засгаа босгох нь Ерөнхий сайд БАЙНГЫН ХОРОО Ч. Сайханбилэгийн Засгийн газрын гол зорилго гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Сайдын цаг”-т оролцохдоо онцолж байсан удаатай. Харин тэрхүү зорилгыг гүйцэтгэх засаглалын тэргүүн ийнхүү туг нь болж хэрэгжүүлж явна. Гэхдээ Ерөнхий сайдын ОХУ-д хийж байгаа албан томилолт хардлага бас асуулт дагуулсан хэд хэдэн асуудлын зангилааг тайлж болох талтай. Учир нь, албан томилолтын тов гарсны дараахан "Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин ярилцлага өгчээ. Тэрбээр, Монголын төмөр зам, Тавантолгойн дахь Оросын сонирхлын тухай ярьсан аж. Мөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй Москвад хийх уулзалтаар эдгээр асуудлыг авч хэлэлцэх тухай дурджээ.
Хамгийн сонирхолтой нь, Монголын талыг хэлсэн, ярьснаасаа буцдаг, цаг үргэлж чулуу хөөлгөж ирсэн тухай В.Якунины шүүмжлэлийн үгс бүдгэрээгүй байхтай Ерөнхий сайдын албан томилолт зэрэгцэж таарав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн баруун гар гэгддэг тэрбээр энэ шүүмжлэлийг зүгээр ч нэг дайгаагүй байх. Харин төмөр зам, Тавантолгой дахь оросуудын сонирхол ямар байгааг тойруу утгаар нь хэлсэн болов уу. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мосвкад хийж байгаа томилолтынхоо хүрээнд төмөр зам, Тавантолгойн асуудлаар В.Путинтэй саналсолилцож, нэгдсэн ойлголтод хүрч магадгүй юм. Гагцхүү Ерөнхий сайд В.Путинтэй хэрхэн тохиролцож алга хавсрахаас энэ бүхэн тодорхой болох биз ээ. Ерөнхий сайдын гадаадад хийх албан томилолт ОХУ-аар дуусахгүй.
ОХУ-аас ирснийхээ дараа үргэлжлүүлэн АНУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсыг зорино. Бүгдээрээ Монгол Улсын эдийн засагтай холбоотой асуудлыг хөндөхөөрөө онцлог. Мянганы сорилтын сангаас хоёр дахь удаагаа тусламж үзүүлэхээ илэрхийлсэн энэ үед Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалыг чухалчилж болох юм. Өнгөрсөн сард тус корпорацийн ерөнхийлөгч Дана Хайд тэргүүтэй төлөөлөгчид ирээд буцсан. Харин энэ удаад Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангаас Монголд оруулах хөрөнгө оруулалтыг хэлэлцэж, ярилцах нь дамжиггүй. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хувьд ч ялгаагүй хөрөнгө оруулалт татах зорилготой юм билээ. Хамгийн гол нь, Ерөнхий сайдын дараалсан айчлалуудын хүрээнд эдийн засагтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр болсон нь сайн хэрэг. Үр дүнг нь үзэхэд хугацаа шаардлагатай ч дараалсан айлчлалын хүрээнд Дубайгаас ирсэн эерэг мэдээ илүү олон болж үржих нь эдийн засагг ч, улс орны үүссэн нөхцбайдлыг засахад ч хэрэгтэй.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих