Дэлхийн олон оронд бөдний аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд бөдний өндөг нь хамгийн их хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад аль хэдийнэ орох болсон байна. Бөднө шувууны өндөг нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхижүүлдэг, эмчилгээний чанартай. Тодруулбал, эрүүл мэндийн уурхай бөгөөд тус өндөг нь аминдэм, аминхүчил болон органик гаралтай бичил элементээр баялаг, ходоод гэдэс ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хүний биеэс хүнд металлыг гадагшлуулдаг байна. Лецитин ихээр агуулдаг болохоор хүнсэнд түүхийгээр нь хэрэглэхэд бие махбодод хуримтлагдсан холестерины түвшинг бууруулдаг биологийн бодисын цуглуулга болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн тэрбээр шувууныхаа өндөгний онцлогийг бидэнд хэлж байлаа. Мөн энэ өндөгний "ид шид” үүгээр зогсохгүй гэсээр яриагаа үргэлжлүүллээ.
"Бөдний өндөг хүүхэд, багачуудад нэн тустай гэгддэг. Идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д амин дэм нь хүүхдийг рахит өвчнөөс сэргийлдэг. Мөн атеросклероз буюу цусны ханын хатууралт, даралт ихсэх, гэдэс ходоод, чихрийн шижин өвчин, харшил болон хүүхдийн диатез өвчинг бөдний өндгөөр амжилттай эмчилдэг.
Бөднө барагтай л бол өвчин тусдаггүй. Элдэв өвчинд нэн тэсвэртэй буюу дархлаатай учир хүнд өвчин халдаахгүйн тулд урьдчилан сэргийлэх тарилга хийлгүй үржүүлж болдог цорын ганц шувуу тул мах, өндгөнд нь ямар нэг эмийн бодис хуримтлагддаггүй. Бөдний өндгийг хүүхэд хоногтоо 2-6 ширхэг, томчуул 4-6 ширхгийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Тэгэхдээ өглөө өлөн байхдаа түүхийгээр нь, бас бүлээн усаар даруулж, тогтмол буюу 3-4 сарын турш хэрэглэвэл үр дүн сайтай гэв. Энэ өндгийг тахианы өндөгтэй харьцуулбал А аминдэм 1.5 дахин, В аминдэм 2.8 дахин, B2 аминдэм 2.2 дахин их, фосфор, кали тав дахин, төмөр, кальци дөрөв дахин, зэс, кобальт хоёр дахин их агуулагддаг аж.
Бид эмийг сайн мэднэ. Гэхдээ энэ эм биш өндөг. Өндөгний хальс нь өндөгнөөсөө дутахгүй ач тустай. Хятадууд цуунд дүрж иддэг бол оросууд нунтаглаад талхан дээр тавьж иддэг гэж дуулдсан. Би эхлээд ганц нэг хальстай нь иддэг байсан. Сураагүй болохоороо ч тэр үү эвгүй юм билээ. Тэгээд явандаа сурсан даа. Бөдний өндгийг хэрэглэж эхэлснээс хойш ядрах гэдэг зүйл бараг мартагдаад байна гэж Буяа эгч хэлсэн.
Сонирхуулахад, Дэлхийн хоёрдугаар дайны үед Японд атомын бөмбөг хаяхад япончууд биеэ эмчлэх гэж олон төрлийн зүйлс хэрэглэж байхдаа бөднө шувууны өндөг чухал ач тустайг олж мэджээ. Улмаар мах, өндгийг нь нэлээд хугацаанд хэрэглэснээр тэр их хорт цацрагийн нөлөөг сааруулж чадсан гэх юм билээ. Мөн япончууд бөдний өндөг хэрэглэснээр биеийн дундаж өндөр нь хоёр см-ээр өссөн гэсэн судалгааны үзүүлэлт гаргасан байна. Дэлхий ертөнц устаад, сансарт амьдрахаар болбол ямар амьтан авч явах вэ гэхэд япончууд бөднө гэж хариулдаг гэсэн хэмээн хуучилснаар бидний яриа өндөрлөв.
Монголд байхгүй олон төрлийн шувуу тэжээдэг Д.Гансүхтэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулаач. Яагаад шувуу сонирхох болов?
-Би автын механикч мэргэжилтэй ч шувууны хоббитой л доо. Тэгээд л дуртайдаа оруулж ирсэн юм. Намайг бүр багад манайх шувууны аж ахуйтай байсан. 1990-ээд онд хүн бүхэн урагшаа хойшоо явж, ганзагаар бараа зөөж байсан даа. Би ч бас тэгж явсан. Украйн, Орос, Чех, Герман зэрэг олон орноор явж байхдаа Монголдоо байхгүй амьтан аваачиж тэжээх юмсан гэж бодох болсон. Аль нь манайд амьдрах боломжтой, чадвартай байна гэж судалж явсаар хоёр жилийн өмнө таван төрлийн шувуу оруулж ирсэн. Манайд одоо ужи буюу хар тахиа, хаки кэмбпэлл нугас, бээжин нугас, плимутрок буюу цоохор тахиа, бөднө, гургуул зэрэг шувууд байгаа.
-Эдгээр шувуудыг хаанаас оруулж ирсэн бэ. Манайд хэр дасан зохицож байна?
-Би өмнө нь матар, канар бялзуухай, тоть, яст мэлхий оруулж ирж байсан ч амжилт олоогүй сайн гаршуулж чадаагүй. Харин эдгээр шувуудаа хоёр жилийн өмнө Орос, Хятадаас оруулж ирсэн. Тэжээхэд гургуул л жаахан хэцүү байсан. Хоолонд дургүй. 1300-гаад гургуулын өндөг оруулж ирснээс 200 гаруйг нь гаргаж авсан. Хамгийн боломжийн шувуу бол бөднө. Нэг метр талбайд 200-250 бөднө тэжээдэг. Нэг бөднийг жилийн хугацаанд тэжээхэд 265 кг мах авах боломжтой гэсэн тооцоо байдаг. Гаргасан өндөг бүрийг нь дэгдээхэй болгож тэжээвэл ийм хэмжээний мах авна гэсэн үг л дээ. Бөднийн өндөг гэхэд элэгний А, В вирусийг устгах чадвартай.
-Элэгний вирус устгадаг гэнэ ээ?
-Зөвхөн элэгний вирус гэлтгүй олон төрлийн өвчин эмгэгт тустай. Жишээ нь 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны үед Японд атомын бөмбөг хаяхад япончууд биеэ эмчлэх гэж олон төрлийн зүйлс хэрэглэж байхдаа бөднө шувууны өндөг чухал ач тустай гэдгийг мэдэж л дээ. Тэгээд мах, өндгийг нь нэлээд хугацаанд хэрэглэсэн байдаг. Бөднийн өндөг тэр их хорт цацрагийн нөлөөг сааруулахад үнэхээр тусаа өгч чадсан юм билээ. Мөн япончууд бөднийн өндөг хэрэглэснээр биеийн дундаж өндөр нь хоёр см-ээр өссөн гэсэн судалгааны үзүүлэлт байдаг. Хүн төрөлхтөн устаад сансарт амьдрахаар болбол ямар амьтан авч явах вэ гэхэд япончууд бөднө гэж хариулдаг гэсэн. Ер нь бөднө бүх төрлийн ач тустай шувуу л даа.
-Элэгний вирус устгадаг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг уу?
-Наад зах нь гэхэд л Орост зарж байгаа бөднө шувууны өндөгний тайлбар дээр энэ талаар бичсэн байдаг. Бөднө шувууны өндөг элэгний А, В вирусийг устгадаг талаарх судалгааг Орос, Японд түлхүү хийсэн байдаг юм билээ.
-Цаашид ямар амьтан оруулж ирэх төлөвлөгөөтэй байна?
-Ирэх жилээс тогос, тэмээн хяруул, сувдан гургуул, оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр шувууд Монголд амьдрах боломжтой. Тэмээн хяруул Новосибирскт амьдарч чадаж байгаа юм чинь манайд чадна гэсэн үг.
-Эдгээр шувуудынхаа эрүүл мэндийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Одоо бүх зүйл сайхан болсон. Мал эмнэлэг дуудаад л үзлэг, вакцин хийлгэчихдэг. Бөднөд шувууны ханиад, салминилёз өвчнөөс өөрийгөө хамгаалах дархлаа тогтсон байдаг. Өөрийнх нь биеийн халуун 42 градус байдаг болохоор ямар нэгэн өвчлөлд өртдөггүй гэж хэлж болно. Ямар нэгэн өвчлөлд өртдөггүй юм чинь өндгийг нь түүхийгээр нь шууд хэрэглэх боломжтой. Эмчилгээний зорилгоор өлөн элгэн дээрээ 2-3 ширхэг бөднийн өндөг хэрэглээд байхад өвдөж зовох зүйлгүй 100 наслах боломжтой гэж үздэг юм билээ.
-Эдгээр шувуудын монгол шувуунаас ялгарах онцлог юу вэ?
-Эдгээр шувууд бүгд эмчилгээний чанартай, мах, өндөгний чиглэлийн шувууд байгаа. Гургуул, бөднө хоёр тахианы төрлийнх. Энэ төрлийн нисэж чаддаг ганц шувуу бол бөднө байдаг. Нугас галууны төрлийнх. Ер нь шувуу тэжээхэд арчилгаа ч гайгүй. Торны маягаар, хагас торны орчинд гэсэн хоёр янзын орчинд тэжээдэг. Ужи буюу хар тахианы арьс нь хар ноолуур шиг цагаан сөдөөр бүрхэгдсэн, өдгүй. Энгийн тахиа дөрвөн хуруутай байдаг бол ужи нэг сарвуундаа л 5-7 хуруутай байдаг зэргээр ялгарах онцлог бий л дээ.
-Юугаар хооллодог вэ. Өдөрт хэдэн удаа хооллох вэ?
-Бөднийг л өдөрт хоёр удаа хооллодог. Бусад шувууг өглөө л хооллочихдог. Бүх шувууг эхний долоо хоног өндгөөр тэжээдэг бол гургуулыг нэг сар өндгөөр хооллодог. Түүнээс цааш тээрэмдсэн будаа, яс, мах холиод өгчихдөг. Ер нь л бүх төрлийн хоол иднэ дээ. Бас савласан зориулалтын хоол бий. Түүнийг аваад өгсөн ч болно. Малыг бодвол шувуу зардал багатай. Боломжийн үр өгөөжтэй. Малтай харьцуулаад яривал үхэрт нэг кг мах нэмэгдүүлэхийн тулд 10-13 кг тэжээл өгдөг бол шувуунд хоёр кг тэжээл л хэрэгтэй байдаг.
-Өндгөөр нь оруулж ирдэг юм байна. Өндөгний дэгдээхэй болох эсэхийг нь яаж мэдэх вэ?
-Энэ их амархан. Гаднаас нь хараад танихгүй бол усанд хийж үзэх хэрэгтэй. Усанд живж байвал шинэхэн өндөг, хөвж байвал 10-аас дээш хоносон өндөг гэсэн үг. 10-аас дээш хоносон өндөг бараг амьдрах боломжгүй байдаг.
-Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг өндөг бас ижилхэн үү?
-Шалгах арга нь ижилхэн. Гэрийн тахианы өндөг, үйлдвэрийн өндөг хоёр шал өөр амттай. Гэрийн өндөг тосонд хийгээд шарахад урсахгүй өтгөн, үйлдвэрийнх шингэн тосонд хийхэд шууд шор хийгээд л урсдаг биз дээ. Үржлийн хувьд өөр байдаг учраас тэр.
-Эдгээр амьтдыг хил гаалиар оруулж ирэхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Орос, Хятадад болохоор харьцангуй гайгүй байдаг. Шувууг нь шинжлээд эмнэлгийн бичгийг нь өгөөд л гаргадаг. Гэхдээ Хятадад шувууны томуу тараасан бол шууд цаазаар авах хуультай байдаг. Харин манайд нэлээд ажиллагаатай юм билээ. Нийслэлийн мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэргэжилтэн авч явж тухайн амьтандаа хяналт хийлгээд боломжтой бол оруулж ирдэг гэсэн. Ер нь Монголд байгаа ховор төрлийн ихэнх шувууг би оруулж ирсэн дээ. Тэгээд ч нэг их ашиг олох зорилготой биш болохоор хүмүүст зүгээр өгөхийг нь өгөөд, зарахыг нь зарчихдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих