Тамсагийн талд газрын тос олборлогч Хятадын "Петро чайна дачин тамсаг” компани Баянхошуу боомт руу 210 км хүнд даацын асфальтан зам, Бичигтийн боомт руу 139 км сайжруулсан зам тавихаар гэрээ байгуулаад байсан юм. Эдгээр автозамууд 2013 оны 9-р сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн ч тодорхой бус шалтгаанаар хойшлуулж, эцсийн хугацааг 2014 оны 10-р сарын 31 гэж товлосон байна. Гэвч замын ажил эхлэл төдий байсаар гэрээний хугацаа дуусчээ. Хятадуудын хэлж байгаагаар гүйцэтгэгч компаниа сонгож чадаагүй, замын зарим хэсгийг нь Монгол компани барих байсан ч зохих хугацаанд нь бариагүй аж.
"Петро чайна дачин тамсаг” компанийнхан асфальтан зам тавихаас илүү нефть дамжуулах хоолой барих сонирхолтой байгаа. Хил дамнасан нефтийн хоолой барьснаар тээврийн зардал хэмнэгдэнэ гэж тэд үзжээ. Урьдчилсан байдлаар 46 сая ам долларын хөрөнгө оруулалтаар дамжуулах хоолойг барьж дууссаны дараа жил бүр 12.9 сая ам долларын өртөг зардлыг хэмнэнэ гэж тэд тооцоолсон байна.
Газрын баялгаа өмнөд хөрш рүү шууд урсгах хоолой барьснаас сайн чанарын авто замтай болох нь Монгол улсад ашигтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Хилийн ойролцоох авто зам нь стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог. Зам тавигдсанаар газрын хөрс талхлагдахаас сэргийлэх төдийгүй Халхгол, Буйр нуур орчмын аялал жуулчлалын хөгжилд ч бодит нөлөө үзүүлнэ. Иймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооныхон тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр замын ажлыг түргэвчлэх хугацаатай үүрэг өгөөд буцсан. Хятадын тал Зам тээврийн яамтай 7-р сарын 8-ны дотор зөвшилцөж, дахин гэрээ хийх ёстой. Энэ хугацаанд замын ажлаа эрчимжүүлж эхлэхгүй бол тээвэрлэлтийг үйл ажиллагааг таслан зогсооно хэмээн Хятадуудад анхааруулжээ. Өмнө нь манайхан Хятадын талын өгсөн гэрээний төсөл дээр өөрсдийн саналыг тусгаад гэрээ хийдэг байсан аж. Тэгвэл энэ удаагийн гэрээг Монгол улсын Зам тээврийн яам боловсруулахаар болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих