Орос, Америкийн хооронд болж байгаа үйл явдлыг "хорсол хорслоо төрүүлнэ” гэж монголоор илэрхийлбэл онох уу. Эсвэл төрд хандаж Кантын хэлсэн "Эрх мэдэл бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” хэмээн эшлэвэл мөн чанарт нь ойртох уу. Ямар ч болов гол шалтгаан нь Украины асуудал.
Америкийн засаг захиргаа Олон улсын хөлбөмбөгийн холбоо(ФИФА)-ны дотоод хэрэгт хил давж алхаж байгааг дэлхий даяар харж байгаа. Тавьсан зорилго нь ОХУ-д 2018 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг цуцлах. Оросын төлөө санал өгсөн тус холбооны гишүүдийг авлига авсан гэдгийг нотлох, үгүй ядахдаа олон нийтэд ойлгуулах. Бүр цаашлаад хэдэн зуун тэрбум доллар эргэлдэж байгаа хөлбөмбөгийн спортын бизнест ноёрхол тогтоох.
Америкийн хууль хяналтын прокурорууд өөрсдийгөө хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн том шүүгчид гэж эндүүрээд байна уу хэмээн бодогдохоор аашилж буйг бүгд харж байна. Гэтэл Оросын тал саяхнаас хөлбөмбөгийн асуудалтай арцалдуулж 1969-1972 онд сарнаас авчирсан 400 кг-аар хэмжигдэх шороо, чулууг америкчууд хэрхсэнийг олон улсын хэмжээнд шалгуулах санал тавьж эхэллээ.
Тухайлбал, ОХУ-ын Мөрдөн байцаах газрын дээд тушаалын ажилтан Владимир Маркинаас америкчуудын саран дээрх байлдан дагуулалд олон улсын мөрдөн байцаалт явуулахыг өдөр тутмын "Известия” сониноор дамжуулан уриаллаа.
Оросын төдийгүй дэлхийн эрдэмтэн судлаачид 1969 оны долоодугаар сарын 20-ны орой Америкийн сансрын "Аполлон-11” хөлгийн нисэгч Армстронг, Олдрин нарыг саран дээр бууж хоёр цаг гаруй байсан гэдэгт хэзээ ч эргэлздэггүй. Урьд нь нэг мөр ийм ойлголттой байсан, одоо ч ялгаагүй.
Сарны гадаргуу дээр хатгасан Америкийн далбаа салхины аясаар хөдөлж байсан, ингэх боломжгүй, нисэгчдийн өмссөн скафандр тэгж цагаан харагдах ёсгүй гэх мэтийн дуулиан шуугиан дэгдээгчид үе үед л байсан. Манай монголчуудад тохиосон цуурхалтай жишвэл 1968 онд дэлхий Икар гаригтай мөргөлдөнө, хамтдаа байж байгаад хорвоог орхиё гээд хөдөө суманд зунжингаа хундага тулгалгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж найрласантай жишиж болно. Бас 2012 оны өвөл "Орифлейм”-ийн Г.Оюунгэрэлийн нар унтарна гэсэн төлбөртэй лекц, цуурхал ярианд маш олноор хууртагдсантай ижил.
Тэгвэл олон улсын мөрдөн байцаах тусгай комисс байгуулж шалгуулна гэж оросуудын сүрдүүлээд буй "саран дээрх байлдан дагуулал”-ын хэрэг гэж юу вэ.
Америкийн сансрын нисэгчдийг саран дээр буухад тохиолдсон хачирхалтай баримтуудыг хүн төрөлхтнөөс нуусан гэж тэднийг буруутгадаг. Ингэснээр ирээдүйд хүн төрөлхтөнд тохиолдож болзошгүй аюулаас сэргийлэх нөхцөлийг бүрхэгдүүлж, шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах боломж олгохгүй байна гэж үздэг. Сэжиглэх баримтын нэгдүгээрт НАСА саран дээр сансрын нисэгчдийн нууц камераар авсан бүрэн бичлэгийг 2009 онд устгасныг нэрлэдэг. Хоёрдугаарт сарнаас авчирсан 400 кг шороо, чулууны зарим хэсэг нь хаана байгаа нь тодорхой бус. Энэ талаар НАСА-д асуулга тавьж хариу шаардахаар "Сарны чулуу Техас мужийн сансрын нислэгийн үндэсний төвд хадгалагдаж байна, сарны шорооны дээж дэлхий даяар газар газрын музейн үзмэрийн шилэн хоргонд буй. Армстронг, Олдрин нарыг саран дээр газардахад зурагтаар шууд дамжуулсан учраас тэрхүү бичлэг бүрэн эхээрээ байгаа. Хаанаас ч авч үзэж болно” гэж хариулдаг. Гэхдээ сарнаас авсан 400 кг дээжийн нарийвчилсан бүртгэл, жагсаалтыг албан ёсоор гаргаж өгдөггүй, дүйвүүлсээр байна.
Түүнчлэн 1969 оны нууц камерын бичлэгээ үзүүлдэггүй, 2009 оноос эхлэн устгасан гэх ганцхан хариу өгдөг болжээ. Олон улсын геополитикийн шинжээчид болж буй үйл явдлыг "Америкчууд хөлбөмбөгийг гүүр болгож Оросыг буруутгах нэг алхам хийлээ. Харин Орос сараар барьцаалж сөрөг алхам хийлээ” гзж маш товчхон тайлбарлажээ.
Сонирхуулахад, саран дээр анх хөл тавихдаа сансрын нисэгчийн хэлэх афоризмын уралдааныг 1969 онд АНУ даяар зохион байгуулсан юм билээ. Уншигч та бүхэн Армстронг саран дээр нэг алхаад "That is one small step for/a/ man, one giant leap for mankind” гэж хэлснийг санаж байгаа болов уу.
Энэ үйл явдал бол хомо сапиенс дэлхийгээс өөр одон орны анхны биет дээр хөл тавьсан жинхэнэ гайхамшиг байлаа.
Б.ДОРЖСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих