Курдуудээс бүрдсэн цэргийн хүчин "Исламын улс” бүлэглэлийн эсрэг амжилттай тулалдаж байна. Курдын цэргийн хүчний командлагчийн мэдээлснээр Сирийн Ракка мужид орших цэргийн баазыг "Исламын улс” бүлэглэлээс чөлөөлсөн байна. Курд цэргүүд долоо хоногийн өмнө тус мужийн стратегийн түшиц газар болох хилийн боомтыг эргүүлэн авсан аж.
АНУ тэргүүтэй гадаадын цэргийн хүчний агаарын дэмжлэг болон жижиг бүлэглэлүүдийн тусламжтайгаар курдын хүчнүүд Ракка руу амжилттай довтолж байна. "Исламын улс” бүлэглэлийн гол түшиц газар болох Ракка хотын орчмын Айн-Исса тосгоноос зургаан км-ын зайд курдууд урагшаа довтолж эхэлсэн аж. Цэргийн баазыг өнгөрсөн онд алан хядагчид Сирийн цэргүүдээс булааж авч байв. "Сүүлийн үед "Исламын улс” бүлэглэл удаа дараа ялагдал хүлээж байгаа нь тус байгууллага дотроосоо сүйрч буйн илрэл” хэмээн Сири дэх хүний эрхийг хамгаалах "Syrian Observatory for Human Rights”-ын тэргүүн Рами Абдулрахман хэлэв.
Курдын цэргийн хүчнүүд Ракка руу хурдан давшиж байгаа нь алан хядагчдад том цохилт болов. Өмнө нь курдууд хилийн Кобани хотыг дөрвөн сарын турш тулалдаж байж өнгөрсөн нэгдүгээр сард буцааж авсан юм. Сирийн хойд хэсэгт өрнөж буй тулалдаан "Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийж буй олон улсын цэргийн хүчнийхний хувьд хамгийн амжилттай нь болж байна.
Пентагоны мэдээлснээр алан хядагчид хилийн ойролцоох Тель-Абьяд хотоос ухарч байгаа гэнэ. Уг хотыг курдын цэргийнхэн хоёр өдрийн хугацаанд эзлэн авсан билээ. Тель-Абьяд хотыг алан хядагчдаас эргүүлж авснаар "Исламын улс” бүлэглэл Туркээс ирэх маш чухал тээврийн замаасаа салсан байна.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих