Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 29-нд боллоо. Энэ удаагийн хурлаар 6 сумын 67,470 мянган га атар газрыг тариалангийн талбайд шилжүүлэх асуудал байв. Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Хоёр мэлхийтэд 3000, Булган сумын 4 дүгээр багийн нутаг Шанагад 1500, Дашбалбар сумын Харзат багийн нутаг Дөч голын зүүн биед 8000, Матад сумын Буян-Өндөр багийн нутаг Эрээн дэрсний хоолой орчмын 15000 , Халхгол сумын 3 дугаар багийн нутаг Шилийн шорвогт 30000, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг Баянцагааны талын зүүн хойно 3800, Уушгийн улаан нуурын баруун урд 1500 га, Чулуунхороот сумын нутаг Дөрөөтөд 4000, нийт 66800 га атар газрыг тариалангийн газар болгохоор баталсан. Дээрх газруудыг тариалангийн талбай болгох асуудлыг төлөөлөгчид бараг зуун хувь дэмжиж гар өргөлөө. Зарим нэг төлөөлөгч газрын хэмжээ том байна гэсэн асуудлыг сөхөж байсан ч ямар нэгэн өөрчлөлт оруулах саналыг нэг ч төлөөлөгч гаргасангүй.
Монгол улс хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх бодлого барьж 500 мянган га газрыг газар тариалангийн чөлөөт бүс болгох асуудлыг Засгийн газар дээр ярьж Улсын Их Хурлын чуулганаар дэмжсэн. Халхголын чөлөөт бүсийг байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд хүрээнд Дорнод аймгаас дээрх газруудыг тариалангийн бүс нутаг болгох гэнэ. Харин байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа. Эдгээр газрыг чөлөөт бүсэд хамруулахаар нэгд татвараас чөлөөлөгдөнө. Дээр нь байгаль орчинд асар их их нөлөөлөл үзүүлнэ гэдгийг хэлдэг. Энэ нь үнэний ортой. Дэлхийн байгаль судлаачид хөрсний цөлжилтийн гол эх үүсвэр нь газар тариалан гэж үздэг. Олон наст ургамлыг үндсээр нь хагалснаас болж хөрс зөөлөрч цөлжилт явагддаг гэх юм билээ. Харин манай ИТХ-ын төлөөлөгч нар үүнд тэгтлээ анхаарал хандуулахгүй байгаа нь хурлаас харагдсан.
Одоогийн байдлаар Халхголын сав газарт нэлээд хэдэн компани тариалангийн талбай эзэмшиж байгаа. Мөн нэлээд их хэмжээний газарт рапс буюу тосны ургамал тарьдаг. Хуулиараа бол 3-4 жилийн зайтайгаар рапс тарих ёстой ч энэ хууль хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй. Тариалангийн зориулалтаар ашиглана гэдэг угтаа экспортод гаргах ногоо, тосны ургамал тарих нь тодорхой. Тун удахгүй Халхголын газар нутаг харийнхны хоолыг бэлддэг "тогоо” болох бололтой. Арав хорин жилийн дараа ан амьтад нь дайжиж нэгэн цөл бий болох аюул тун ойрхон ирж. Монгол улс Дорноговийн Сайншанд хэмээх дэд бүтэц сайн хөгжсөн нутагт чөлөөт бүс байгуулсан. Гэвч өдийг хүртэл Монгл улсад үр өгөөжөө өгсөн нь үгүй. Дэд бүтэц сайтай газраа хөгжүүлж чадаагүй атал дэд бүтэцгүй /зам харгуй, цахилгаангүй/ Халхголын сав газрыг хөгжүүлнэ гэдэг юу л бол. Мөн уг хурлаар Отрын бэлчээр, хадлангийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Матад сумын "Цондон уул”-ын тусгай хэрэгцээний 156895.746 га газраас 670 га газрыг хассан. Уг газар нь отор нүүдэл хийхэд тохиромжгүй, өвс бэлчээр муутай гэж үзээд Түгээмэл тархацтай орд газрын зориулалтаар ашиглах бодлого барина гэж тайлбарлаж байсан. Энэасуудлаар төлөөлөгч С.Итгэл, Г.Болдбаатар нар "Сум орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийхэд холоос түүхий эдээ татахгүй, зардал бага тусах ашигтай. Ганц Матад биш бүх сумдад ийм зориулалтаар газар олгох хэрэгтэй” мэтээр ярьж байсан. Ийнхүү энэ удаагийн хурал 67,470 га газрын асуудлыг шийдлээ.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих