-Аймгийн ИТХ газар тариалангийн зориулалтаар 67470 га талбай шинээр нэмж эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.-
Дорнодод газар хагалж, тариалан эрхлэе гэсэн бизнес эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Яг одоогийн байдлаар манай аймагт 17 компани тариалан эрхэлж буйн 11 нь Улаанбаатарт бүртгэлтэй. Эдгээр компаниуд орон нутагтаа татвар төлдөггүй. Үүний зэргэцээ ашиглаад хаяж явсан газартаа нөхөн сэргээлт хийсэн гэх бодитой жишээ туршлага нэг ч байдаггүй ажээ.
Манай аймагт жилд дунджаар 30-аад мянган га-д улаанбуудай, тосны болон тэжээлийн ургамал тариалж байна. Тэгвэл даваа гарагт хуралдсан аймгийн ИТХ-ын 12-р хуралдаанаар үүнээс хоёр дахин их буюу 67.4 мянган га талбайг шинээр нэмж, газар тариалангийн зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргажээ. Эдгээр газрыг Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутагт олгох гэнэ. Олон арван жилийн турш тариалан эрхэлж ирсэн ч зах зээл эхэлснээс хойш бүрэн ашиглаж чадалгүй атаршуулж орхисон, хөрсний болон байгаль экологийн судалгаа шинжилгээ нь хийгдчихсэн хэдэн арван мянган га газар байсаар байтал дахиад нэмж 67.4 мянган га-г зарж үрэхээр шийддэг нь ямар учиртай вэ?
Тал нутгийн хөрс бусад газруудтай харьцуулахад үржил шим сайн, ургамлын гарц өндөртөй. Гэвч Дорнодод хаа сайгүй тариалан эрхлэх боломжтой юу гэвэл үгүй гэнэ. Тариаланчдын төвлөрөл үүсээд буй Халхголын районд л гэхэд үр тариа сайн ургах боломжтой хэсэг нь ердөө 30 мянган га талбайг хамардаг аж. Харин бусад хэсэг нь нимгэн хүрэн хөрс бүхий хэт эмзэг давхаргатай тул тариалан эрхлэхэд эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Үүний бодит жишээг хэдхэн жилийн өмнө Халхголд тариа тарих гээд бүтэлгүйтсэн "Бодь” группийн гашуун туршлага бэлхнээ харуулна.
Хөрсөө сайтар судлаагүй тэд 2500 га талбайд гурван жилийн турш усалгаатай тариалан эрхэлсэн юм. Ингээд олигтой ургац авч чадалгүй орхиж явсан бөгөөд энэ талбай нь өдгөө шарилж, зэрлэгээр дүүрч, мал амьтан идэшлэх боломжгүй, элдэв өвчний үүр уурхай болчихоод байгаа билээ. Нэгэнт хөрсийг нь хагалаад эвдчихвэл тухайн газар эргэж сэргэтлээ 50-60 жилийг элээдэг байна. Харамсалтай нь "Дорнодод, тэр тусмаа Халхголд л бол хаа ч хамаагүй тариа ургана” гэх өрөөсгөл ойлголт газар авсны уршгаар туршлагагүй газар тариалан эрхлэгчдийн бүтэлгүйтэл бүрийд тал нутгийн хөрс сүйдэж, доройтсоор байгаа юм.
Социализмын үед Матад сумаас бусад бүхий л сумдын нутагт газар тариалан эрхэлж байсан түүх бий. Гэхдээ тухайн суманд газар ашиглахдаа байгаль орчин, газрын гадарга, хөрсний бүтэц, үржил шимт байдлыг нарийн судалсны үндсэн дээр тодорхой хэсэгт нь тариа тарьдаг байж. Эдгээр газруудын ихэнх нь атаршсан бөгөөд 30 мянга гаруй га талбай бий. Үүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа атал дахин нэмж газар эзэмшүүлнэ гэж буй нь яавч ухаалаг бодлого биш. Тэр тусмаа урьд өмнө нь газар тариалан огт эрхэлж байгаагүй Матад сумын нутагт тариалангийн газар шинээр олгоно гэж байгаа нь манай аймгийн удирдлагууд тариа тарих бус газар наймаалцах гээд байгаа нэгэн төрлийн арга заль гэлтэй.
"Тариа ургах, үгүй нь хамаагүй. Зарчихвал мөнгө болно шүү дээ” гэх яриа аймгийн удирдлагуудын дунд нэлээд яригдсаны эцэст ИТХ-аар батлагдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. 2000-аад оны дунд үеэс ид цэцэглэсэн аймаг орон нутгийн удирдлагуудын газрын наймаа Чойбалсан хот, сумдын төвөөс хальж, хөдөө хээр тал, малын бэлчээр зарж худалдах хүртлээ өргөжиж буйг энэ явдал харууллаа. ИТХ-ын дээрх шийдвэрийг Засгийн газар судалж үзсэний дараа албан ёсоор баталгаажуулах учиртай. Гэвч газар тариалангийн бизнест улстөр-эдийн засгийн бүлэглэл дамнасан эрх ашгийн нэгдлүүд аль хэдийнэ хутгалдаад эхэлчихсэн тул дээгүүрээ нөлөөлөл үзүүлэх ч магадлалтай юм. Учир нь Дорнодод шинээр газар эзэмшүүлэх тухай асуудлыг дээрээс ирсэн зааварчилгаар ИТХ-д оруулсан гэх мэдээлэл байна.
Нарийн нягт судалгаа тооцоо хийлгүйгээр нэрлэсэн энэ олон мянган га газрыг ашиглаад эхэлбэл Дорнодын тал нутаг тариалан эрхэлж хөрөнгө мөнгөө зузаатгая гэсэн хүмүүсийн гэнэн бөгөөд хорлонтой тоглоомын золиос болж, хөрсний доройтол үүсэхийн зэргэцээ эко системд ноцтой хохирол учруулах, улмаар цөлжилт гэгч аюул аажмаар нүүрлэх бодит эрсдэл биднийг хүлээж байна. Үүнийг Дорнодчууд бид хэрхэвч дэмжихгүй. Энэ асуудлыг зүтгүүлж, ИТХ-аар батлуулаад буй Аймгийн хурлын дарга Р.Зоригтбаатар, Засаг дарга М.Бадамсүрэн нарт байгаль орчин бол эрх мэдэлтнүүдийн дураар тоглодог тоглоом биш гэдгийг сануулъя.
С.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих