Үндэсний даатгалын корпораци байгуулахыг эрс эсэргүүцэх тухай
Монгол Улсын Засгийн газар 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаараа "Үндэсний даатгалын корпораци” ХХК байгуулах шийдвэр гаргажээ. Үүнийхээ үндэслэлийг Засгийн газрын төлөөлөл "...Экспортын даатгалыг дотоодын даатгагчид хийж чадахгүй учраас...” гэж зөвтгөн тайлбарлаж байна.
Үнэн хэрэгтээ дотоодын даатгалын компаниуд экспортын даатгалыг олон улсын "АА” хүртэл зэрэглэлтэй давхар даатгагч нартай хамтран хийх бүрэн боломжтой бөгөөд энэхүү даатгал нь Санхүүгийн зохицуулах хорооноос ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан даатгалын компаниудын эрхлэх ажил юм.
Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн Яам болон Монголын Даатгагчдын холбоо нь Дэлхийн банкны зөвлөх багтай хамтран "Давхар даатгалын корпораци” байгуулах төсөл дээр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Монголын даатгагчдын холбоо нь "Давхар даатгалын корпораци” байгуулах саналыг бүрэн дэмжиж ирсэн ба энэ нь ердийн даатгал эрхлэх төрийн оролцоотой компаниас зарчмын ялгаатай ойлголт болно.
"Үндэсний даатгалын корпораци” нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэй байгуулагдаж буй тохиолдолд 23 жилийн турш даатгалын зах зээлийг хөгжүүлэх гэж хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж ирсэн хувийн хэвшлийг дэмжихийн эсрэг бодлого гэж үзэж байна. Цаашлаад Төр ердийн даатгалын зах зээлд хутгалдан орж ирснээр бас нэгэн үр ашиггүй, хүнд сурталтай, Төрийн монополь эрх бий болж, Монгол улсын даатгалын зах зээлийн хөгжилд том ухралт болоод зогсохгүй эдийн засгийн хөгжлөөс нэг алхам ухрах зохисгүй үйлдэл гэдгийг хатуу анхааруулж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.
Энэхүү төрийн оролцоотой корпорацийн хийхээр төлөвлөж буй гэх экспортын даатгалыг одоо оршин тогтнож буй хувийн хэвшлийн даатгалын компаниуд бие даан хийх бүрэн чадвартай гэдгийг даатгалын зах зээлийн эрх ашгийг хамгаалах чадвартай, чиг үүргийг тодорхойлох зорилготой мэргэжлийн холбооны хувьд Монголын Даатгагчдын Холбооны удирдлагууд, гишүүн байгууллагуудаа төлөөлөн цохон тэмдэглэе.
МОНГОЛЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО
Монголын Даатгагчдын Холбоо нь Монгол улсад даатгал, даатгалын брокерийн үйл ажиллагаа явуулдаг 17 компаниас бүрдсэн гишүүнчлэлтэй, даатгалын зах зээлийн эрх ашгийг хамгаалах зорилготой мэргэжлийн байгууллага билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих