Монгол хүн болгоны хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам дөхөж хүчит бөхчүүд "гал” болон бэлтгэлд гарч, цэц мэргэн харваачид маань нумаа эвшээлгэн сумаа тавьж , эрдэм төгс уяачид маань хурц ухаанаараа хурдан хүлэг морьдоо сойн, хүүхдийн гийнгоо тал дүүрэн хадааж байгаа энэ мөчид нүүдэлчин түмний үндэсний их өв соёлоо дээдлэгч уяачид, хурдан морь сонирхогч Та бүхэнтэйгээ морины хууч дэлгэхээр шийдлээ.
Аймгийн Морин спорт, Уяачдын холбооны уламжлалт дээд 3 насны хаврын уралдаанаар эхэлсэн манай аймгийн хурдан морины уралдаалга Гурванзагал суманд хойд бүсийн, Баян -Уул, Хэрлэн сумын МСУХ-ны нэрэмжит доод 3 насны сумдын бүсийн уралдаануудаар үргэлжилж, зургадугаар сарын эхээр хорио тавигдсанаар шил шилээ дарсан олон уралдаалга боллоо.
Их нас: Өнгөрсөн жилийн Зүүн бүсийн даншиг наадмын түрүү Хөлөнбуйр сумын Т.Энхцогтын хар саарал, аман хүзүүнд хурдалсан Хэрлэн сумын Б.Мөнх-Одын ембүү хул морьд баруун тийш зарагджээ. Тэгэхээр энэ жилийн улсын наадамд чих тавин суух болох нь. Аймгийн МСУХ-ны хаврын уралдааны их насанд түрүүлсэн Хэрлэн сумын ААУ Э.Доржрагчаагийн Саран хонгор морь дахин уралдалгүй улс, бүсийн наадамд сойгдож байгаа бол дээрх уралдаанд 3-т айрагдаж, Сүхбаатар аймгийн МСУХ-ны уралдаанд аман хүзүүдсэн Тогмидын уясан хар морь дахин уралдсангүй. Энэ 2 данжаад морь аймгийн наадамд уралдахгүй л болов уу. Мөн дээрх уралдаанд айрагдсан Хөлөнбуйр сумын Н.Ганзоригийн Шарга морь сумынхаа ойг хүлээж байна. Тэгэхээр аймгийн наадамд ямар морьд өнгөлөх болоо?
Өнгөрсөн жил сумынхаа 90 жилд түрүүлж суудлын япон тэрэг эзэндээ авчирсан Матадын Т.Нямсүрэнгийн саарал морь их л хурдан байна. Матад хан уулын тахилгад түрүүлж, Адуунчулууны уурхайн 60 жилд аман хүзүүнд ирж, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилд түрүүлж одоогийн байдлаар 3 уралдаад байна.
Хавар аймгийн МСУХ-ны уралдаанд 9-д хурдалж, Маршалын ойд дээрх саарал морьтой ана мана уралдаж аман хүзүүдсэн Аймгийн 2012 оны шилдэг уяач, Матад сумын САУ М.Мөнхсайханы уясан бор морь өнгөтэй харагдана лээ.
Аймгийн 80 жилийн ойн түрүү Хэрлэн сумын Ж.Идэрмөнхийн Түмэн эх хар морь нартай шиг өдөр таарч уяа нь эвлэвэл айраг авахаар дархан морио.
Адуунчулууны уурхайн 60 жилд айрагдсан хэдэн хүрэн зээрд голдуу морьд, Матадын Намдаагийн Зүүн бүсэд айрагдаж байсан хээр морь, Хөөтийн уурхайн Цогоогийн Хатагины наадамд айрагдсан сартай хээр морь , аймгийн 2013 оны шилдэг уяач, Чойбалсан сумын ААУ Б.Бэххуягийн Маршалын ойдоо айрагдсан хул морь, Халхгол сумын ААУ Ц.Энхжаргалын хээр, бор морьд гээд олон сайн морьд Аймгийн баяр наадамд тоосоо өргөх нь ээ.
Азарга: Гурванзагал сумын Түмэн адууны баяр, хойд бүсийн уралдаанд түрүүлсэн Булган сумын С.Итгэлийн зээрд азарга мөн баруун тийш зарагджээ. Хавар аймгийн МСУХ-ны уралдаанд айрагдсан Дашбалбар сумын ААУ Иван буриад агсны унаган, Б.Батбилэгийн уясан хонгор халзан азарга дахин уралдаагүйг бодоход Дашбалбар сумынхаа 90 жилд сойгдож байгаа бололтой. Тэгэхээр Цагаан-овоо сумын ААУ Ц.Цэрэнтогтох буюу Тоодой хүү нь 10 жилийн өмнөх амжилтаа давтаж аймгийн наадам, сумынхаа тэгш ойд дахин унаган 2 азаргаа түрүүлж, айрагдуулан нэгэн содон амжилтын эзэн болохыг хэн байг гэх вэ.
Аймгийн МСУХ-ны хаврын уралдаанд түрүүлсэн Хэрлэн сумын ААУ Ц.Эрдэнэцогтын зээрд азарга аймгийн баяр наадмаа хүлээж байна, зуны давхар уяагаар эзнийхээ уугуул нутгийн 90 жилийн ойд Асгат сумыг зорих биз ээ. Мөн уралдаанд аман хүзүүдсэн Чойбалсан сумын уяач Д.Бямбасүрэнгийн хүрэн азаргыг цэц нь таарвал аймагт айрагдах хурдан буян гэж уяачид шинжиж сууна.
Харин хавар МСУХ-ны наадамд 2 азаргаа дараалан айрагдуулсан Булган сумын Д.Бат-Эрдэнийн аймгийн 80 жилд хязааландаа түрүүлсэн хар саарал азарга, хонгор азарга бас байна аа.
Соёолон: Аймгийн 2014 оны шилдэг уяач З.Хилийнхүүгийн, 21-р зуун гарсаар Дорнод нутагт маань, тэр тусмаа эрдэнийн наран эхэлж манддаг Халхгол сум, Буйр далай ээжийн хөвөөнд Халхын хэцүү То вангийн өлгийд босоо тэнцсэн, энэ цагт тодорсон Онц хурдан хүлэг Загалт хул соёолон маань Улсын наадмыг зорих нь ээ. Хүй долоон дэвжээнд соёолонд эрлийз олонтой гээд азарганд уралдвал нас өгссөн гээд хасчихгүй бол ч бас л дотроо залбирч хүлээх ажнай юм. Аймгийн наадамд даагандаа айргийн 4, шүдлэндээ сумынхаа МСУХ-ны Улсын шилдэг холбоо болсныг мялааж түрүүлсэн, хязааландаа Зүүн бүсийн даншигт Улсад түрүүлсэн МУАУ Т.Батзоригийн хээрийн ард ойрхон аман хүзүүдсэн, соёолондоо аймгийн МСУХ-ны хаврын уралдаан, мөн Адуунчулууны уурхайн 60 жилийн баяр наадамд хол тасархай түрүүлээд, Маршаллын 120 жилд айрагдаад байгаа билээ. Харин Хэрлэн сумын ААУ Ц.Эрдэнэцогтын өнгөрсөн жилийн Зүүн бүсийн даншигт 7, аймгийн МСУХ-ны хаврын уралдаанд айрагдаж, Маршалын 120 жилд түрүүлсэн хээр соёолонг хурдан морь сонирхогчид айргаас хасахгүй болов уу.
"Баянтүмэнгийн хурд”-д түрүүлж, Адуунчулууны уурхайн 60 жилд айрагдсан Булган сумын ААУ Д.Ядамсүрэнгийн хонгор соёолон, газрын хол, морины олноос ажрахгүй гэж яригддаг аймгийн МСУХ-ны хаврын уралдаанд 6, Түмэнцогт сумын "Түмэнгийн хурд”-д айргийн 5-д хурдалсан Хөлөнбуйр сумын С.Ганбатын бор соёолон зуны уралдаанд нэг юм дуулгах вий. Энэ мэтчилэн ханамал уяатай, хатмал морин соёолонгууд байнаа, байна.
Цагаан-Овоо, Баяндун, Хөлөнбуйр, Дашбалбар сумын тэгш ой, Маршалын 120 жил, бусад сумдын баяр наадам хэт ойрхон болоогүй бол ч хэний ч хүүгийн морь түрүүлж айрагдахаар хурд тархсан сайхан Дорнод нутаг аа .
Аймгийн МСУХ-ны Нарийн бичгийн дарга Б.БАТСАЙХАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих